Ёоханы бичсэн сайн мэдээ
18 Ийн залбирсныхаа дараа Есүс шавь нартайгаа хамт Кидрон гууг* гатлаад тэнд байдаг цэцэрлэгт очлоо. 2 Есүсийг барьж өгсөн Юудас энэ газрыг бас мэддэг байжээ. Учир нь Есүс шавь нартайгаа тэнд байнга уулздаг байв. 3 Тэгтэл Юудас ахлах тахилчид болон фарисайчуудын явуулсан цэргүүд, харуулуудыг дагуулж ирлээ. Тэд бамбар, дэн барьж, зэвсэг агссан байв. 4 Өөрт нь тохиолдох бүхнийг мэдэж байсан Есүс урагш гарч ирээд «Та нар хэнийг хайж явна вэ?» гэхэд 5 тэд: «Назарын Есүсийг» гэж хариулав. Есүс: «Тэр чинь би байна» гэлээ. Урвагч Юудас тэдэнтэй хамт зогсож байв.
6 «Тэр чинь би байна» гэж Есүсийг өчихөд тэд ухарч, газар унажээ. 7 Тэгэхэд нь Есүс: «Та нар хэнийг хайгаа вэ?» гэж дахин асуухад тэд: «Назарын Есүсийг» гэж хариулав. 8 Есүс: «Тэр чинь би байна гэж хэлсэн шүү дээ. Та нар намайг хайж байгаа юм бол энэ хүмүүсийг явуул» гэж хэллээ. 9 Энэ нь «Таны надад өгсөн хүмүүсээс нэгийг нь ч алдаагүй» гэсэн үг биелэх учиртайнх ажээ.
10 Тэгтэл Петр гэгддэг Симон илдээ сугалаад буулгатал тэргүүн тахилчийн боолын баруун чихийг тас цавччихав. Тэр боолыг Малх гэдэг ажээ. 11 Харин Есүс Петрт «Илдээ хуйнд нь хий. Эцгийн надад өгсөн аяганаас би уухгүй байх гэж үү?» гэж хэлэв.
12 Иудейчүүдийн удирдагчдын явуулсан цэргүүд, цэргийн дарга, харуулууд Есүсийг барьж аваад хүллээ. 13 Эхлээд Анасынд хүргэв. Учир нь Анас бол тэр жилийн тэргүүн тахилч Каяафын хадам эцэг ажээ. 14 Каяаф бол олны төлөө нэг хүн үхэх нь дээр гэж иудейчүүдэд зөвлөсөн тэр хүн юм.
15 Петр гэгддэг Симон өөр нэг шавьтай хамт Есүсийг дагаж явав. Тэр шавь тэргүүн тахилчийг таньдаг байсан бөгөөд Есүсийн орсон хашаа руу оржээ. 16 Харин Петр хашааны гадна үлдэв. Тиймээс тэргүүн тахилчийг таньдаг нөгөө шавь гадагш гарч, хаалга сахиж байсан шивэгчинтэй ярилцаад Петрийг оруулжээ. 17 Өнөөх шивэгчин Петрээс «Та энэ хүний шавь мөн биз дээ?» гэж асуухад Петр: «Биш ээ» гэв. 18 Хүйтэн байсан учир боолууд, харуулууд гал түлээд дулаацаж байлаа. Петр ч бас тэдэнтэй хамт зогсоод галд ээж байв.
19 Ахлах тахилч Есүсийг байцааж шавь нарынх нь талаар, сургаалынх нь талаар асуужээ. 20 Тэгэхэд Есүс: «Би хүмүүст ил тод ярьж байсан. Бүх иудейчүүдийн цугладаг синагог болон сүмд очиж сургаал айлддаг байсан. Нууцаар юу ч яриагүй. 21 Та яагаад намайг байцаана вэ? Яриаг минь сонссон хүмүүсээс асуу л даа. Миний юу ярьсныг тэд мэднэ» гэж хариулав. 22 Тэгтэл Есүсийн дэргэд зогсож байсан харуулуудын нэг хацрыг нь алгадаж «Ахлах тахилчид ингэж хариулдаг юм уу?» гэхэд 23 Есүс: «Хэрэв би буруу юм ярьсан бол бурууг минь батал. Харин миний хэлсэн зөв бол яагаад намайг цохиж байгаа юм бэ?» гэж хэлэв. 24 Тэгээд Анас Есүсийг хүлээстэй чигээр нь тэргүүн тахилч Каяаф руу явууллаа.
25 Петр гэгддэг Симон галд ээн зогсож байтал хүмүүс: «Чи тэр хүний шавь нарынх нь нэг мөн дөө?» гэхэд тэр үүнийг үгүйсгэж «Би биш ээ» гэв. 26 Тэргүүн тахилчийн боол, Петрт чихээ цавчуулсан хүний хамаатан: «Би чамайг тэр хүнтэй хамт цэцэрлэгт байхыг чинь хараагүй бил үү?» гэж хэллээ. 27 Гэвч Петр үүнийг дахиад л үгүйсгэв. Тэр даруй азарган тахиа донгоджээ.
28 Тэд Есүсийг Каяафынхаас захирагчийн ордон руу хүргэв. Өглөө болж байлаа. Тэд захирагчийн ордонд орсонгүй. Учир нь өөрсдийгөө бузарлахгүй байж байгаад Дээгүүр өнгөрөх баярын зоог барихыг хүсэж байжээ. 29 Тиймээс Пилат гарч ирээд тэдэнтэй уулзаж «Та нар энэ хүнийг юу гэж буруутгаж байгаа юм бэ?» гэхэд 30 тэд: «Энэ хүн буруу юм хийгээгүй бол танд тушаахгүй байх байсан» гэцгээв. 31 Тэгэхэд нь Пилат: «Авч яваад хуулийнхаа дагуу өөрсдөө шүү» гэхэд иудейн удирдагчид: «Бид хүн хөнөөх эрхгүй» хэмээжээ. 32 Есүс яаж үхэхээ хэлсэн нь биелэх ёстой учраас энэ бүхэн болсон юм.
33 Тэгээд Пилат ордондоо орж Есүсийг дуудуулж авчраад «Та иудейчүүдийн Хаан юм уу?» хэмээхэд 34 Есүс: «Та өөрөө ингэж бодоо юу, эсвэл хүмүүс танд миний тухай хэлэв үү?» гэлээ. 35 Пилат: «Би иудей хүн биш биз дээ? Танай иудейчүүд, ахлах тахилчид таныг надад тушаасан. Та юу хийсэн хүн бэ?» гэж асуулаа. 36 Есүс: «Миний Хаант төр энэ ертөнцийнх биш. Энэ ертөнцийнх байсан бол дагалдагчид минь намайг иудейчүүдийн гараас аврахын тулд тэмцэх байсан. Харин миний Хаант төр энэ ертөнцийнх биш» гэж хариу өчив. 37 Тэгэхэд Пилат: «Тэгвэл та хаан юм уу?» гэж асуулаа. Есүс: «Та өөрөө намайг хаан гэж байна шүү дээ. Үнэний тухай гэрчлэхийн тулд би төрсөн. Үүний тулд ертөнцөд ирсэн. Үнэний талд байдаг хүн бүр миний дууг сонсдог» хэмээн хариулав. 38 Пилат: «Үнэн гэж юу вэ?» гэж асуув.
Ийн ярилцаад Пилат дахин гарч иудейчүүдийн удирдагчдад «Энэ хүн буруугүй юм байна. 39 Түүнээс гадна, танай заншлаар бол би Дээгүүр өнгөрөх баяраар нэг хүнийг суллах ёстой байдаг. Та нар Хаанаа суллуулмаар байна уу?» гэжээ. 40 Тэд: «Наад хүнээ биш, Барабыг сулла» гэж дахин хашхирлаа. Бараб дээрэмчин ажээ.