Элчүүдийн үйлс
28 Бид аралд эсэн мэнд хүрээд Мальт гэж нэрлэдгийг нь мэдэв. 2 Нутгийн хүмүүс* бидэнд сайхан сэтгэлээр хандсан юм. Бороотой, зэврүүн байсан болохоор гал өрдөн бид бүгдийг найрсгаар хүлээн авсан. 3 Паул гишүү түүж ирээд галд нэмж байтал мөчир дундаас хорт могой гарч ирэн гараас нь зүүгджээ. 4 Паулын гараас хорт могой унжиж байхыг нутгийн хүмүүс хараад бие биедээ «Энэ хүн алуурчин байж таарлаа. Тэнгисээс эсэн мэнд гарч ирсэн ч шударга ёс* амьд явахыг нь зөвшөөрсөнгүй» гэцгээв. 5 Харин Паул могойг авч галд хаяв. Өөрөө зүв зүгээр байлаа. 6 Хүмүүс түүнийг хавагнах юм уу үхэтхийн унах байх гэж бодож байжээ. Тэгээд удаан хүлээсэн ч яах ч үгүй байгааг нь хараад бодлоо өөрчилж Паулыг бурхан юм байна гэцгээжээ.
7 Арлын захирагч Пупли гэгч хүний эзэмшил газар тэндээс холгүйхэн байлаа. Тэрээр биднийг найрсгаар угтан авч, дайлж цайлан гурван хоног байлгасан юм. 8 Тэр үед Пуплигийн эцэг цусан суулгаар өвдөөд халуунтай хэвтэж байв. Паул түүн дээр очоод залбиран гараа тавьж эдгээсэн билээ. 9 Энэ явдлын дараа арлынхнаас өвдөж шаналсан хүмүүс ирж эдгээлгэв. 10 Хүмүүс биднийг хүндлэн их бэлэг өгч, арлаас явах болоход хэрэгтэй бүхнээр хангасан юм.
11 Гурван сарын дараа бид тэр арал дээр өвөлжсөн, урдаа Зевсийн хөвгүүдийн дүрс бүхий тэмдэгтэй, Александриа хотын онгоцоор явав. 12 Бид явсаар Сиракузын боомтод хүрээд гурав хонолоо. 13 Тэндээсээ хөдөлж Регионд очив. Нэг хоногийн дараа өмнө зүгээс салхи салхилж хоёр дахь өдөр нь Путиолд хүрсэн юм. 14 Тэгээд нутгийн ах дүүгээ олж уулзахад тэд биднийг ятгаж долоо хонуулав. Дараа нь бид Ром руу явлаа. 15 Ром дахь ах дүү маань бидний очиж явааг дуулаад угтаж авахаар болж, зарим нь Гурван дэн буудал, зарим нь Аппиугийн захад иржээ. Паул тэднийг хараад Бурханд талархаж, зоригтой болов. 16 Ингээд биднийг Ромд ирэхэд хөлсний байранд харгалзагч цэрэгтэй хамт байхыг Паулд зөвшөөрсөн юм.
17 Гурав хоногийн дараа Паул иудейчүүдийн дундаас нэр нөлөө бүхий хүмүүсийг дуудаж ирүүлээд «Ах дүү нар минь ээ, би хэнд ч гэм хийгээгүй, эцэг өвгөдийнхөө уламжлалыг ч зөрчөөгүй. Гэвч Иерусалимд байхад иудейчүүд намайг ромчуудад барьж өгсөн юм. 18 Ромчууд намайг байцаасны дараа суллах бодолтой байсан. Учир нь үхлийн ял оноох ямар ч үндэс олоогүй юм. 19 Иудейчүүд үүнийг эсэргүүцэхэд би арга буюу Цезарьт давж заалдсан. Гэхдээ ард түмнээ буруутгах санаа өвөрлөөгүй. 20 Израйлчуудын найдвар болсон тэр нэгэнд найддагаасаа болж би ийм гав гинжтэй явж байна. Иймээс та нартай уулзаж ярилцахыг хүссэн юм» гэж хэллээ. 21 Тэгэхэд нь иудейчүүд: «Иудейгээс бидэнд таны талаар захидал ирээгүй, бас тэндээс ирсэн хэн ч таны талаар муу юм дуулгаагүй. 22 Энэ бүлэглэлийн талаар хаа сайгүй муу хэлдгийг бид мэднэ. Гэхдээ юу бодож явдгийг өөрөөс тань сонсох нь зүйтэй гэж бодож байна» гэж хэлэв.
23 Иудейчүүд Паултай дахиж уулзах өдрөө товлож, байсан газар нь бүр олуулаа ирэв. Тэгэхэд нь Паул тэднийг Есүст итгэдэг болгохын тулд Бурхны Хаант төрийн талаар сайтар гэрчилж, Мосегийн хууль болон Зөнчдийн бичсэнийг өглөөнөөс орой болтол тайлбарлаж байв. 24 Зарим нь Паулын ярьсан зүйлд итгэж, зарим нь итгэсэнгүй. 25 Улмаар тэдний санал зөрж, тарж эхлэхэд Паул ингэж хэлэв.
«Зөнч Исаиа Бурхны агуу хүчээр удирдуулан танай өвөг дээдэст тун оновчтой үг хэлсэн. 26 Тэрээр: “Явж, энэ ард түмэнд «Та нар сонсовч ухаарахгүй, харавч ойлгохгүй. 27 Яагаад гэвэл энэ ард түмэн нүдээрээ харж, чихээрээ сонсон ухаарч, над руу эргэж, надаар эдгээлгэхгүй гээд зүрх сэтгэлээ хатууруулж, нүдээ анин, чихээ бөглөсөн» гэж хэл” гэсэн. 28 Тэгэхээр, Бурхан хүмүүсийг хэрхэн аврах тухай мэдээг харь үндэстнүүдэд хүргэсэн бөгөөд тэд үүнийг сонсоно гэдгийг та нар мэдэгтүн» гэжээ. 29 —*
30 Ийнхүү тэрээр хөлсний байрандаа бүтэн хоёр жил амьдрахдаа өөр лүү нь ирсэн бүхнийг найрсгаар хүлээн авч 31 Бурхны Хаант төр болон Эзэн Есүс Христийн тухай ямар ч саадгүйгээр, зоригтой зааж сургаж байлаа.