Элчүүдийн үйлс
9 Саул Эзний шавь нарт хорсон зэвүүцсэндээ бүгдийг нь хөнөөх бодолтой байв. Тэгээд тэргүүн тахилчтай уулзаж 2 Дамаск дахь синагогуудад үзүүлэх захидал бичүүлж аваад Замаар явдаг хэнийг ч эр эм гэлгүй баривчилж, Иерусалимд хүргэх эрхтэй болжээ.
3 Саул замд гарч Дамаскт ойртож явтал гэнэт тэнгэрээс гэрэл цацарч ойр орчныг нь гэрэлтүүлэв. 4 Саулыг газар унахад «Саул аа, Саул аа, чи яагаад намайг хавчина вэ?» гэх дуу сонсдов. 5 Саул: «Эзэнтэн, та хэн бэ?» гэж асуухад «Би бол чиний хавчиж хяхаад байгаа Есүс байна. 6 Босоод хот руу яв. Тэнд очихоор чинь яах ёстойг хэлж өгье» гэлээ. 7 Саултай явсан хүмүүс таг дуугүй зогсож байв. Тэд чимээ сонссон боловч хэнийг ч харсангүй. 8 Саул босов. Нүдээ аниагүй хэр нь юу ч харахгүй байлаа. Тиймээс хүмүүс түүнийг хөтөлж явсаар Дамаскт хүргэв. 9 Саул гурван өдөр юу ч харсангүй, юу ч идэж уусангүй.
10 Дамаскт Ананиа гэдэг шавь байжээ. Эзэн түүнд үзэгдэж «Ананиа» гэхэд тэрээр: «Эзэн, би таныг сонсож байна» гэлээ. 11 Эзэн түүнд «Босож, Шулуун гэдэг гудамжинд очоод Юудасын гэрт байгаа Тарс хотын Саул гэдэг хүнтэй уулз. Тэр яг одоо залбиран 12 Ананиа гэдэг хүн өөр дээр нь ирж, гараа тавихад хараа орохоо ер бусын аргаар үзэж байна» гэж хэлжээ. 13 Тэгэхэд Ананиа: «Эзэн, тэр хүн Иерусалимд суудаг ариун хүмүүст тань ямар их муу юм хийснийг би олон хүнээс сонссон. 14 Одоо таны нэрийг дууддаг бүх хүнийг баривчлах эрхийг ахлах тахилчдаас аваад явж байгаа шүү дээ» гэв. 15 Тэгэхэд Эзэн: «Очоод уулз! Учир нь би Харь үндэстнүүд, хаад, Израйлын хөвгүүдэд нэрээ тунхаглуулахаар түүнийг сонгосон юм. 16 Миний нэрнээс болж хэр их зовох ёстойг нь би тодорхой тайлбарлана» гэж хэллээ.
17 Ингээд Ананиа тэр айлд очоод Саул дээр гараа тавьж, «Саул аа, замд явахад чинь үзэгдсэн Эзэн Есүс чамд хараа оруулж, Бурхны агуу хүчийг өгүүлэхээр намайг илгээлээ» гэж хэлмэгц 18 Саулын нүднээс хайрс мэт юм унаж, хараа орлоо. Тэгээд Саул босож баптисм хүртээд 19 хоол идэж тэнхээ оров.
Саул Дамаскт шавь нартай хамт хэд хоног байхдаа 20 Есүс бол Бурхны Хүү хэмээн синагогуудад тунхаглаж эхлэв. 21 Гэвч түүнийг сонссон хүмүүс гайхаж «Энэ хүн чинь Иерусалимд Есүсийн дагалдагчдыг* хавчиж явсан биш билүү? Тэднийг баривчилж, ахлах тахилчдад хүргэж өгөх зорилгоор энд ирээ биз дээ?» гэж байв. 22 Харин Саул улам сайн дэлгэрүүлж, Есүс бол Христ мөн гэдгийг няцаахын аргагүйгээр батлан Дамаскийн иудейчүүдийг гайхшируулж байлаа.
23 Хэсэг хугацаа өнгөрөхөд иудейчүүд Саулыг алахаар хуйвалдав. 24 Гэвч Саул үүнийг мэджээ. Тэд түүнийг алах гэж өдөр шөнөгүй хотын хаалгыг сахиж байв. 25 Тиймээс шавь нар түүнийг сагсанд суулгаж, шөнө хотын хэрмийн цонхоор буулгажээ.
26 Саул Иерусалимд ирээд шавь нартай нийлэх гэж ихэд хичээсэн ч шавь нар бүгдээрээ түүнээс айж байлаа. Учир нь Саулыг Есүсийн шавь болсон гэдэгт итгэхгүй байв. 27 Харин Барнаб Саулд туслан элчүүдтэй уулзуулж, замд явахад нь Эзэн хэрхэн үзэгдэж, юу ярилцсаныг болон Дамаскт Есүсийн өгсөн эрх мэдлээр эр зоригтой тунхагласныг нь дэлгэрэнгүй ярьж өгчээ. 28 Саул тэдэнтэй хамт байж, Иерусалимд чөлөөтэй явж, Эзний нэрээр зоригтой ярьж байв. 29 Грек хэлтэй иудейчүүдтэй ярилцаж, тэднийг няцааж байсан учир тэд түүнийг алахыг оролджээ. 30 Үүнийг мэдсэн ах дүү нар түүнийг Цезариад авчраад Тарс руу явууллаа.
31 Иудей, Галил, Самари дахь бүх дагалдагч цаг тайван болохыг үзэж, итгэл нь бэхжиж байв. Еховагаас* эмээж, агуу хүчээр нь удирдуулж байсан тэдний тоо улам бүр өсөн нэмэгдэж байлаа.
32 Петр нутаг орноор явж байгаад Лудагийн ариун хүмүүстэй бас уулзжээ. 33 Саа өвчний улмаас найман жил хэвтэрт байгаа Айни гэдэг хүнтэй тэнд тааралдаад 34 «Айни, Есүс Христ чамайг эдгээж байна. Босоод ор дэвсгэрээ хураа» гэхэд өнөөх эр тэр даруй босжээ. 35 Луда болон Шаронд суугчид бүгдээрээ түүний эдгэснийг үзээд Эзэнд итгэдэг болжээ.
36 Табита буюу грекээр Доркас* гэдэг нэртэй шавь Иоппад байжээ. Тэр эмэгтэй их тусч, өглөгч хүн байв. 37 Петрийг Лудад байхад Доркас өвдөж нас баржээ. Шарилыг нь угаагаад дээд давхрын өрөөнд тавьсан байв. 38 Луда Иоппатай ойр оршдог бөгөөд Петрийг Лудад байгааг мэдсэн шавь нар хоёр хүн явуулж «Түргэн ирээч» гэж хэлүүлжээ. 39 Петр босож тэдэнтэй явлаа. Түүнийг ирэхэд дээд давхрын өрөөнд оруулав. Тэнд бэлэвсэн эмэгтэйчүүд уйлж байлаа. Тэд Доркасын оёж өгсөн хувцаснуудыг үзүүлжээ. 40 Петр бүх хүнийг гаргаад сөхөрч суугаад залбирав. Тэгээд шарил руу харж «Табита, бос!» гэж хэлтэл Табита нүдээ нээн Петрийг хараад өндийж суулаа. 41 Петр түүнийг түшиж босгоод ариун хүмүүс, бэлэвсэн эмэгтэйчүүдийг дуудаж оруулан амьд сэрүүн байгаа Табитаг харуулав. 42 Энэ тухай яриа Иоппа даяар сонсдож олон хүн Эзэнд итгэдэг болжээ. 43 Петр арьсчин Симоныд байж Иоппад хэд хонов.