Элчүүдийн үйлс
2 Тавь дахь өдрийн баяраар* шавь нар нэг өрөөнд байж байтал 2 гэнэт тэнгэрээс хүчтэй салхи мэт чимээ гарч, байшин дотор байсан бүх хүнд сонсдов. 3 Тэгтэл хэл шиг хэлбэртэй галын дөлнүүд үзэгдсэнээ тархаж хүн бүрийн толгой дээр тогтов. 4 Ийнхүү Бурхны агуу хүч бүгдийнх нь дээр бууж, тэд бүгдээрээ Бурхны агуу хүчээр удирдуулан өөр өөр хэлээр ярьж эхлэв.
5 Тэр үед Иерусалимд өөр өөр улс орноос ирсэн иудейчүүд цугласан байжээ. 6 Өнөөх чимээнээр цугласан хүмүүс өөрсдийнх нь хэлээр шавь нарын ярихыг сонсоод ихэд гайхав. 7 Тэгээд «Та минь ээ, энэ хүмүүс чинь галилчууд биз дээ? 8 Яаж манай хэлээр ярьж чадав аа? 9 Парт, Меде, Елам Месопотам, Иудей, Кападок, Понт, Ази муж, 10 Фриг, Памфул, Египетээс ирэгсэд, Күренд ойрхон суудаг Ливийн оршин суугчид, Ромоос ирсэн иудейчүүд болон иудейн шашинтан болсон хүмүүс, 11 критчүүд, арабчууд бид бүхэнд энэ хүмүүс Бурхны хүчирхэг үйлсийн талаар эх хэлээр маань ярьж байна шүү дээ» гэцгээв. 12 Гайхаж алмайрсан хүмүүс: «Энэ ер нь ямар учиртай юм болоод байна аа?» гэхэд 13 зарим нь: «Эд чинь согтуу хүмүүс л байна шүү дээ» гэж тохуурхав.
14 Харин Петр бусад 11 элчтэй хамт босоод чанга дуугаар «Иудейчүүд, Иерусалимын оршин суугч та бүхэн миний хэлэхийг анхааралтай сонсогтун. 15 Одоо өдрийн гуравдугаар цаг* л болж байна. Энэ хүмүүс та нарын бодсон шиг согтуу биш. 16 Харин зөнч Иоелийн хэлсэн нь биелж байгаа хэрэг. 17 “Бурхан: «Эцсийн өдрүүдэд би агуу хүчнээсээ янз бүрийн хүнд илгээхэд танай хөвгүүд, охид зөгнөнө. Танай залуус ер бусын үзэгдэл үзэж, хөгшид зүүд зүүдэлнэ. 18 Бас тэр өдрүүдэд би боол, шивэгчдэдээ ч агуу хүчнээсээ өгөхөд тэд зөгнөнө. 19 Би дээр тэнгэрт гайхамшиг үйлдэнэ. Доор газарт цус, гал, өтгөн утаа үзүүлнэ. 20 Еховагийн* агуу, ер бусын өдөр болохоос өмнө нар гэрэлтэхээ больж, сар цус мэт болно. 21 Еховагийн* нэрээр дууддаг хүн бүр аврагдана» хэмээж байна” гэж Иоел хэлсэн.
22 Израйлчууд аа, энэ үгийг сонсогтун. Бурхан Назарын Есүсийг та нар луу илгээж, агуу үйлс, гайхамшиг үйлдүүлснийг та нар өөрсдөө мэднэ. 23 Бурхан урьдаас мэдэж, санаж зорьсны дагуу та нар түүнийг эрхэндээ оруулж аваад хорон муу хүмүүсийн гараар шонд хадуулж хөнөөлгөсөн. 24 Харин Есүс үхлийн эрхшээлд байх ёсгүй тул Бурхан түүнийг үхлээс чөлөөлж амилуулсан. 25 Давид түүний талаар “Намайг хэзээ ч бүү айж түгшээсэй гэсэндээ тэр баруун талд минь байдаг. Тиймээс миний өмнө байдаг Еховаг* би үргэлж хардаг. 26 Иймээс зүрх сэтгэл минь баясаж, би баяртайгаар хэлсэн. Тэгээд найдвар өвөрлөн амьдарна. 27 Яагаад гэвэл та намайг Булшинд* орхихгүй, өөрт тань үнэнч нэгнийг ялзруулахгүй. 28 Та надад амийн замыг мэдүүлсэн бөгөөд намайг өмнөө байлгаж баярлуулдаг” гэж хэлсэн байдаг.
29 Ах дүү нар аа, миний хэлэхийг сонсогтун. Бидний өвөг Давид нас барж оршуулагдсан бөгөөд булш нь өнөөг хүртэл энд байгаа билээ. 30 Давид зөнч байсан бөгөөд өөрийнх нь удмын нэг хүнийг хаан ширээнд суулгана гэж Бурхан тангарагласныг мэдэж байсан учраас 31 Христ Булшинд үлдэхгүй, ялзрахгүй буюу амилна гэдгийг урьдаас мэдээд хэлсэн. 32 Үнэхээр ч энэ Есүсийг Бурхан амилуулсан бөгөөд бид энэ явдлын гэрч юм. 33 Бурхны баруун талд Есүс өргөмжлөгдөөд, амласан ёсоор нь агуу хүчийг авсан учир та нарын харж, сонсож буй бүхнийг үйлдсэн. 34 Давид тэнгэрт гараагүй шүү дээ. Харин Давид өөрөө “Ехова* миний Эзэнд «Миний баруун талд суугаад 35 дайснуудыг чинь хөл дор чинь оруултал хүлээ» хэмээсэн” гэж хэлсэн байдаг. 36 Тиймээс, Бурхан та нарын алсан, шонд хадаж алсан тэр л Есүсийг Эзэн ба Христ болгосныг Израйлын айл бүхэн баттай мэдэг» гэж хэллээ.
37 Хүмүүс үүнийг сонсоод ихэд харамсаж, Петр болон бусад элчээс «Ах дүү нар аа, бид яах нь зүйтэй вэ?» гэж асуув. 38 Петр: «Нүглээ уучлуулъя гэвэл гэмшиж, Есүс Христийн нэрээр* баптисм хүртэгтүн. Тэгвэл Бурхан та нарт агуу хүчээ өгнө. 39 Яагаад гэвэл бидний Бурхан Ехова* та нарт, та нарын үр хүүхдэд, алс холын хүмүүст болон сонгох хүмүүстээ агуу хүчээ өгөхөө амласан юм» хэмээлээ. 40 Тэгээд өөр олон зүйлийг тайлбарлаж сайтар гэрчилсэн бөгөөд «Энэ хорон муу үеийнхнээс тусгаар байж аврагдагтун» гэж уриалж байв. 41 Үгийг нь дуртайяа хүлээн авсан хүмүүс баптисм хүртэв. Тэр өдөр 3 000 орчим хүн шавь нартай нэгджээ. 42 Тэд элчүүдийн сургаалыг шимтэн сонсож, хамт цуглаж, хамт хооллож, байнга залбирч байлаа.
43 Элчүүдийн үйлдсэн олон янзын гайхамшгийг үзсэн хүн бүр Бурхнаас эмээдэг болов. 44 Шинээр шавь болсон хүмүүс цуг байж, байгаа бүхнээ хуваалцаж, 45 эд хөрөнгөө зараад олсон мөнгөө хүн бүрийн хэрэгцээгээр хуваарилдаг байлаа. 46 Тэд өдөр бүр сүмд нэгэн зорилготой цуглаж, бие биеийнхээрээ очиж, идэх юмаа харамгүй хуваалцаж, баяр хөөр болж байв. 47 Бурхныг алдаршуулж, ард олны хүндэтгэлийг хүлээж байв. Мөн Еховагийн* ачаар шавь нарын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байлаа.