Ёоханы бичсэн сайн мэдээ
11 Бетан тосгонд амьдардаг Лазар гэдэг хүн өвджээ. Дүү Марта Мариа хоёр нь бас тэнд аж төрдөг байв. 2 Мариа бол Эзний хөлийг анхилуун үнэрт тосоор тосолж, үсээрээ арчсан тэр хүн юм. Өвчтэй байгаа Лазар бол түүний ах. 3 Тиймээс дүү нар нь Есүст «Эзэн, таны хайрладаг хүн өвчтэй байна» гэж хэл хүргүүлэв. 4 Харин Есүс энэ мэдээг аваад «Энэ өвчин эцэстээ үхэлд хүргэхгүй, харин Бурхныг алдаршуулна. Улмаар Бурхны Хүү алдарших юм» гэжээ.
5 Марта Мариа Лазар гуравт Есүс хайртай байжээ. 6 Есүс Лазарын өвдсөнийг сонссон боловч байсан газраа хоёр хонов. 7 Дараа нь шавь нартаа «Бүгдээрээ Иудейд дахиж очъё» гэж хэлэв. 8 Тэгэхэд шавь нар: «Рабби, тэндхийн хүмүүс тан руу чулуу нүүлгэх гэж байсан нь саяхан. Гэтэл та тийшээ дахиад явах гэж үү?» гэцгээхэд 9 Есүс: «Өдөр 12 цагтай. Өдөр явж байгаа хүн ертөнцийн гэрлийг үздэг учир юунд ч бүдэрдэггүй. 10 Харин шөнө яваа хүн бүдэрдэг. Учир нь тэр хүний дотор гэрэл байхгүй» гэж хариулав.
11 Есүс яриагаа үргэлжлүүлж «Анд Лазар маань унтжээ. Харин би түүнийг сэрээхээр очно» гэхэд 12 шавь нар: «Эзэн, унтсан бол эдгэнэ шүү дээ» гэлээ. 13 Үнэндээ Лазар нас барсныг Есүс хэлсэн боловч шавь нар унтсан гэж ойлгожээ. 14 Тиймээс Есүс шуудхан «Лазар нас барсан. 15 Би тэнд байгаагүй нь та нарт сайн хэрэг боллоо. Учир нь та нарын итгэл батажна. Бүгдээрээ түүн рүү явцгаая» гэж хэлэв. 16 Тэгэхэд Ихэр гэгддэг Томас бусдадаа «Бүгдээрээ түүнтэй хамт явж үхье» гэжээ.
17 Лазарыг оршуулсны дөрөв дэх өдөр нь Есүс хүрч ирэв. 18 Бетан Иерусалимаас 2 бээр* орчим зайтай байсан бөгөөд 19 ахынхаа хойноос гашуудсан Марта Мариа хоёрыг тайтгаруулахаар олон иудей хүн иржээ. 20 Марта Есүсийн ирж байгааг дуулаад угтахаар гарав. Харин Мариа гэртээ үлдэв. 21 Марта Есүст «Эзэн, та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан. 22 Таныг юу ч гуйсан, Бурхан өгнө гэж би одоо ч итгэдэг» гэв. 23 Есүс: «Ах чинь амилна» хэмээхэд 24 Марта: «Үхсэн хүмүүс эцсийн өдөр амилахад ах минь амилна гэдгийг би мэднэ» гэж хэлэв. 25 Есүс: «Би амилуулдаг, амьдруулдаг нэгэн. Надад итгэдэг хүн үхсэн ч амилна. 26 Амьд байгаа бөгөөд надад итгэдэг хүн хэзээ ч үхэхгүй. Чи үүнд итгэдэг үү?» гэж асуухад 27 Марта: «Тийм ээ, Эзэн минь. Та бол Христ, Бурхны Хүү, ертөнцөд ирэх ёстой нэгэн мөн гэдэгт би итгэдэг» хэмээн хариуллаа. 28 Тэгээд Марта явж, дүү Мариадаа «Багш энд байна. Чамайг дуудаж байна» гэж сэмхэн хэлэв. 29 Мариа үүнийг сонсоод яаран босож явлаа.
30 Есүс тосгонд хараахан очоогүй, Мартатай уулзсан газраа байж байв. 31 Мариаг тайтгаруулж байсан иудейчүүд түүнийг яаран босоод гэрээсээ гарахыг хараад дагаж явав. Тэд түүнийг булш руу очиж уйлахаар явлаа гэж боджээ. 32 Мариа Есүсийн байсан газар очиж, түүнийг хараад өмнө нь сөхөрч суун «Эзэн, та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан юм» гэж хэлэв. 33 Есүс Мариа болон түүнтэй хамт ирсэн иудейчүүдийн уйлахыг хараад гашуудан шаналж 34 «Та нар түүнийг хаана тавьсан бэ?» гэхэд тэд: «Эзэн, ирээд хар даа» гэлээ. 35 Есүс уйлав. 36 Тэгэхэд иудейчүүд: «Лазарт ямар их хайртай байж вэ!» гэлцэв. 37 Харин зарим нь: «Сохор хүнийг хараатай болгосон энэ хүн Лазарыг үхүүлэхгүй байж чадаагүй юм байх даа?» гэжээ.
38 Есүс шаналсаар булш руу очлоо. Лазарыг агуйд оршуулж, агуйн амыг чулуугаар тагласан байжээ. 39 Есүс: «Чулууг зайлуул» гэхэд Лазарын дүү Марта: «Эзэн, одоо үнэр орчихсон байгаа. Дөрвөн өдөр болж байна шүү дээ» гэв. 40 Есүс Мартад «Хэрэв чи итгэвэл Бурхны алдрыг үзнэ гэж би чамд хэлээгүй бил үү?» гэжээ. 41 Хүмүүс чулууг зайлуулахад Есүс тэнгэр өөд харж «Эцэг минь, намайг сонссонд талархаж байна. 42 Намайг үргэлж сонсдогийг тань мэднэ. Гэхдээ та намайг илгээсэн гэдгийг энд зогсож байгаа хүмүүст итгүүлэхийн тулд залбирлаа» хэмээгээд 43 «Лазар, гараад ир!» гэж чанга дуугаар хашхирлаа. 44 Тэгтэл үхсэн хүн гарч ирэв! Гар, хөлийг нь даавуугаар, нүүрийг нь алчуураар боосон байв. Есүс хүмүүст «Боолтыг нь тайлаад явуул» гэж хэлжээ.
45 Мариагийнд ирсэн иудейчүүд Есүсийн юу хийснийг харсан юм. Олон хүн Есүст итгэж, 46 харин зарим нь фарисайчууд руу очиж, Есүсийн юу хийснийг хэлжээ. 47 Тэгэхэд ахлах тахилчид болон фарисайчууд Иудейн дээд шүүхийнхнийг* дуудаж ирүүлээд «Энэ хүн олон гайхамшиг үйлдэж байна. Бид одоо яах вэ? 48 Энэ хүнийг зүгээр орхивол хүмүүс бүгдээрээ түүнд итгэнэ. Тэгвэл ромчууд ирж, сүм* болон үндэстнийг маань эзэлнэ» гэжээ. 49 Харин тэдний нэг буюу тэр жилийн тэргүүн тахилч Каяаф: «Та нар юу ч ойлгохгүй байна. 50 Бүхэл бүтэн үндэстэн мөхсөнөөс тэдний төлөө нэг хүн үхэх нь дээр гэдгийг ухаарахгүй байна» хэмээв. 51 Гэхдээ энэ нь өөрийнх нь үг биш байв. Есүс үндэстнийхээ төлөө үхнэ гэдгийг тэр жилийн тэргүүн тахилч Каяафаар Бурхан ийн зөгнүүлжээ. 52 Есүс зөвхөн үндэстнийхээ төлөө биш, тарж бутарсан Бурхны хүүхдүүдийг нэгтгэхийн төлөө үхэх ажээ. 53 Тэр өдрөөс эхлэн тэд Есүсийг хөнөөхөөр хуйвалдав.
54 Тиймээс Есүс хүмүүсийн* дунд ил явахаа больж, цөл орчмын Ефрайм хотод очжээ. Тэнд шавь нартайгаа хэсэг байв. 55 Иудейчүүдийн Дээгүүр өнгөрөх баяр дөхөж байлаа. Хүмүүс Дээгүүр өнгөрөх баяраас өмнө заншил ёсоор ариусах гэж хөдөөнөөс Иерусалимд иржээ. 56 Есүсийг хайсан хүмүүс сүмийн ойролцоо зогсоод «Тэр хүн баяраар ирэхгүй юм байх даа?» гэлцэж байлаа. 57 Харин Есүсийн байгаа газрыг мэдсэн хүн мэдэгдэх ёстой гэж ахлах тахилчид болон фарисайчууд тушаажээ. Энэ нь Есүсийг барьж авах гэснийх ажээ.