Ёоханд илчилсэн нь
19 Үүний дараа тэнгэрт буй олон бүтээлийнх гэмээр чанга дууг би сонслоо. Тэд: «Яаг магтан алдаршуулагтун!* Аврал, алдар суу, хүч чадал нь манай Бурхных. 2 Учир нь тэрээр зөв, шударга шүүдэг. Садар самуунаараа* дэлхийг завхруулсан агуу янхныг шүүсэн. Боолуудынх нь цусыг асгаруулсан түүнээс өшөө авсан» гэцгээв. 3 Тэр даруй тэд хоёр дахь удаагаа «Яаг магтан алдаршуулагтун!* Вавилоны утаа үүрд мөнх бургилна» гэж хэлэв.
4 Хорин дөрвөн ахлагч болон дөрвөн амьд бүтээл сөгдөж, сэнтийд залрагч Бурхныг шүтэн «Амен! Яаг магтан алдаршуулагтун!*» гэж хэллээ.
5 Бас сэнтийнээс дуу гарч «Түүнээс эмээдэг их бага хүмүүс буюу түүний боолууд аа, Бурхнаа магтан алдаршуулж бай» хэмээв.
6 Тэнгэрт буй олон бүтээлийн дуу, их усны дуу, аянга ниргэх чанга дуу гэмээр чимээ гарах нь сонсдов. Тэд: «Яаг магтан алдаршуулагтун.* Учир нь Төгс хүчит Ехова* Бурхан маань хаанчилж эхэлсэн! 7 Баярлаж, баяр хөөртэй байцгаая. Түүнийг алдаршуулцгаая. Учир нь Хурганы хуримын цаг болж, сүйт бүсгүй өөрийгөө бэлджээ. 8 Тийм ээ, гялалзсан, цэвэр, сайн чанарын маалинган хувцсыг түүнд өгчээ. Сайн чанарын маалинга нь ариун хүмүүсийн шударга сайн үйл хэрэг юм» гэж хэллээ.
9 Тэнгэрийн элч надад «Бич. Хурганы хуримын оройн зоогт уригдагсад жаргалтай» хэмээгээд «Энэ бол Бурхны үнэн үг юм» гэж бас хэлэв. 10 Тэгэхэд би түүнийг шүтэхээр хөлд нь сөхрөв. Гэтэл тэр надад «Ингэж болохгүй! Би чамтай л адил боол. Есүсийг гэрчлэх ажил хийдэг ах дүүтэй чинь адил боол шүү дээ. Бурхныг шүт! Учир нь Есүсийг гэрчлэх нь зөгнөлүүдийн зорилго юм» гэж хэлэв.
11 Тэнгэр нээгдэхийг би харлаа. Цагаан морь байв. Энэ морийг унасан нэгэн Итгэмжит, Үнэн гэдэг нэртэй бөгөөд тэрээр шударга шүүдэг, шударга дайтдаг. 12 Нүд нь галын дөл мэт, тэргүүн дээр нь олон титэм байна. Өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй нэр түүн дээр бичээстэй байв. 13 Хувцас нь цусны толботой ажээ.* Түүний нэрийг Бурхны Үг гэдэг. 14 Цагаан өнгийн, цэвэр, сайн чанарын маалинган хувцас өмссөн тэнгэрийн дайчид цагаан морь унан түүнийг дагаж байлаа. 15 Үндэстнүүдийг устгах хурц бөгөөд урт сэлэм түүний амнаас цухуйж байв. Тэр тэднийг төмөр таягаар хариулна. Түүнчлэн, Төгс хүчит Бурхны догшин уур хилэнгийн дарсны шахуургыг шахна. 16 Хувцсан дээр нь, тийм ээ, гуян дээр нь хаадын Хаан, эздийн Эзэн гэсэн нэр бичээстэй байв.
17 Нарны цацраг дунд зогсох нэг тэнгэрийн элчийг би харлаа. Тэрээр тэнгэрийн дундуур нисэж буй бүх шувуунд хандан өндөр дуугаар «Нааш ир. Бурхны оройн зоогт хүрэлцэн ирцгээ. 18 Хаад, цэргийн жанжнууд, хүчит эрс, морьд болон морьтнууд, эрх чөлөөт хүмүүс, боол, их бага бүхний махыг идэцгээ» гэлээ.
19 Араатан болон дэлхийн хаад цэргүүдтэйгээ хамт морьтон ба түүний цэргүүдтэй тулалдахаар цугласныг би харлаа. 20 Морьтон араатныг болон хуурамч зөнчийг барилаа. Хуурамч зөнч араатны өмнө үйлдсэн гайхамшгуудаараа араатны тэмдэгтэй, араатны хөргийг шүтдэг хүмүүсийг төөрөлдүүлсэн юм. Тэр хоёрыг амьдаар нь хүхэр бүхий галт нууранд хаялаа. 21 Харин бусад нь морьтны амнаас цухуйх урт илдэнд хөнөөгдөв. Бүх шувуу тэдний маханд цадав.