Лукийн бичсэн сайн мэдээ
20 Есүсийг сүм дотор сургаал айлдаж, сайн мэдээ тунхаглаж байхад ахлах тахилчид, хуулийн багш нар болон ард олны ахлагчид ирээд 2 «Та ямар эрхтэй болоод ийм юм хийдэг юм бэ? Хэн танд ийм эрх өгөв?» гэж асуулаа. 3 Есүс хариуд нь «Би нэг юм асууя. Та нар хариул даа. 4 Ёохан баптисм хүртээх эрхийг Бурхнаас авсан уу, хүнээс авсан уу?» гэхэд 5 тэд хоорондоо зөвлөж байгаад «“Бурхнаас” гэж хэлбэл “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ дээ. 6 Харин “Хүнээс” гэчихвэл Ёоханыг зөнч гэж үздэг байсан ард олон бүгдээрээ бидэн рүү чулуу нүүлгэнэ дээ» гэцгээлээ. 7 Тиймээс тэд: «Хэнээс тийм эрх авсныг мэдэхгүй» гэхэд 8 Есүс: «Тэгвэл хэн надад ийм эрх өгснийг би ч та нарт хэлэхгүй» хэмээжээ.
9 Дараа нь Есүс хүмүүст ийм жишээ ярив. «Нэгэн хүн талбайдаа усан үзэм тарьж үүнийгээ тариаланчдад түрээслүүлээд удаан хугацаагаар аянд гарчээ. 10 Ургац хураах цаг болоход усан үзэм авчруулахаар тариаланчид руу боолоо явуулжээ. Харин тариаланчид боолыг нь зодоод гар хоосон буцаав. 11 Өөр боолоо явуулахад бас л зодож, доромжлоод гар хоосон буцаалаа. 12 Гурав дахь боолыг ч мөн л зодож гэмтээгээд хөөн явуулжээ. 13 Ингэхлээр нь талбайн эзэн: “Одоо яадаг юм билээ? Хайртай хүүгээ явуулбал тэд хүндэтгэх байх” гэжээ. 14 Тариаланчид хүүг нь хараад “Энэ чинь өв залгамжлагч байна шүү дээ. Бүгдээрээ нийлж түүнийг алаад өв хөрөнгийг нь авъя” гэж ярилцав. 15 Тэгээд түүнийг талбайгаас гаргаад амийг нь хөнөөлөө. Одоо талбайн эзэн яах бол? 16 Ирээд тариаланчдыг хөнөөж талбайгаа өөр хүмүүст түрээслүүлнэ».
Үүнийг сонссон хүмүүс: «Ийм юм хэзээ ч бүү болог» гэцгээв. 17 Харин Есүс тэднийг хараад «Тэгэхээр “Барилгачдын голсон чулуу булангийн гол чулуу болов” хэмээсэн нь юу гэсэн үг вэ? 18 Энэ чулуун дээр унасан хүн бүр бяцарна. Мөн чулуу хэний дээр унана, тэр хүн няцарна» хэмээжээ.
19 Жишээ татан өөрсдийнх нь талаар ярьсныг ойлгосон хуулийн багш нар, ахлах тахилчид Есүсийг шууд барьж авах гэсэн боловч ард олноос айж байлаа. 20 Хуулийн багш нар, ахлах тахилчид Есүсийг сайтар ажигласны эцэст хэдэн хүнийг хөлсөлж авав. Тэд сайн хүн мэт харагдаж байгаад Есүсийг үгээр нь ороон барьж авах ёстой байв. Энэ нь Есүсийг захирагчид, эрх мэдэлтнүүдэд тушаах гэснийх байлаа. 21 Өнөөх хүмүүс: «Багш аа, та зөв ярьж, сургадаг, хэнийг ч ялгаварладаггүй, Бурхан юу хүсдэгийг үнэн зөв заадгийг бид мэддэг. 22 Цезарьт* татвар төлөх нь зөв үү?» гэж асуулаа. 23 Есүс тэдний зальжин аргыг мэдээд 24 «Надад денар* үзүүл дээ. Энд хэний дүрс, нэр байна вэ?» гэхэд тэд: «Цезарийнх» гэж хариулав. 25 Есүс: «Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Бурхны юмыг Бурханд өг» гэв. 26 Ингээд тэд Есүсийг олны өмнө үгээр нь ороон барьж авч чадсангүй. Харин ч хариулахыг нь сонсоод гайхаж, дуугүй боллоо.
27 Үхсэн хүн амилахгүй гэж ярьдаг садукайчууд ирээд ингэж асуужээ. 28 «Багш аа, “Хэрэв ах нь үр удмаа үлдээлгүй нас барж, эхнэр нь бэлэвсэрвэл дүү* нь бэргэнтэйгээ гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж Мосе бичсэн. 29 Ах дүү долоо байжээ. Ууган нь гэрлэсэн ч үр удмаа үлдээлгүй нас нөгчив. 30 Хоёр дахь нь бэргэнтэйгээ гэрлэсэн ч үр хүүхэдгүй байсаар нас баржээ. 31 Гурав дахь нь ч тэр эмэгтэйтэй гэрлэсэн. Энэ мэтчилэнгээр долуулаа түүнтэй гэрлэсэн ч үр удмаа үлдээж чадалгүй нас барав. 32 Эцэст нь эмэгтэй ч үхжээ. 33 Тэгвэл үхсэн хүн амилахад тэр эмэгтэй хэнийх нь эхнэр болох вэ? Долуулаа л түүнтэй гэрлэсэн шүү дээ».
34 Есүс тэдэнд «Өнөө үеийн* хүмүүс гэрлэдэг. 35 Харин ирэх үед амилах, амьдрах зохистойд тооцогдох хүмүүс гэрлэхгүй. 36 Тэд хэзээ ч үхэхгүй бөгөөд тэнгэрийн элчүүдтэй адил болно. Амилсан тэд Бурхны хүүхдүүд болно. 37 Мосе ч бутны тухай дурдахдаа Еховаг* “Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан” хэмээсэн нь үхэгсэд амилахыг хэлсэн хэрэг юм. 38 Тэр бол үхсэн хүний биш, амьд хүний Бурхан. Түүний хувьд бүх хүн амьд» хэмээн хэлжээ. 39 Үүнийг сонсоод хуулийн багш нарын зарим нь: «Багш аа, та зөв хэллээ» гэв. 40 Учир нь тэд дахиад нэг ч асуулт асууж зүрхэлсэнгүй.
41 Харин Есүс тэднээс «Хүмүүс яагаад Христийг Давидын хүү гэдэг юм бэ? 42 Давид өөрөө Дуулал номонд “Ехова* миний Эзэнд «Миний баруун талд суугаад 43 дайснуудыг чинь хөл доор чинь оруултал хүлээ» хэмээсэн” гэж байдаг. 44 Давид Христийг Эзэн гэсэн юм бол Христ яаж хүү нь байх билээ?» гэж асуув.
45 Үүний дараа бүх хүнийг сонсож байхад Есүс шавь нартаа 46 «Хуулийн багш нараас болгоомжлогтун. Тэд урт дээлтэй явах, зах дээр бол мэндлүүлэх, синагогт бол урд эгнээнд* суух, найранд бол хойморт залрах дуртай. 47 Бас бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг* цөлмөдөг, олны анхаарлыг татах гэж удаан залбирдаг. Тэднийг бүр хатуу шийтгэнэ» гэжээ.