Элчүүдийн үйлс
14 Тэд Иконионд ирээд иудейчүүдийн синагогт очиж гаргууд сайн ярихад маш олон иудей, грек хүн Есүст итгэдэг болов. 2 Харин Есүст итгэдэггүй иудейчүүд Паул Барнаб хоёрыг эсэргүүцэн, харь үндэстнүүдийг хутган үймүүлж, толгойг нь эргүүлэв. 3 Паул Барнаб хоёр Иконионд нэлээд удаан байж, Еховагийн* ачаар үгийг нь эр зоригтой тунхаглав. Хүмүүсийг нигүүлсэх тухай мэдээг Бурхан өөрөө ч гэрчлэн тэднээр гайхамшиг үйлдүүлж байлаа. 4 Гэсэн ч хотынхон хоёр хэсэг хуваагдаж, нэг хэсэг нь иудейчүүдийн, нөгөө нь элчүүдийн талд орсон ажээ. 5 Харь үндэстнүүд ч, иудейчүүд ч удирдагчдынхаа хамт өөрсдөд нь халдаж, чулуу шидэх гэж байгааг Паул Барнаб хоёр мэдээд 6 Лукаоны хотууд болох Лустра, Дерб болон ойр хавийнх нь нутаг руу зугтаж очоод 7 сайн мэдээ тунхаглажээ.
8 Төрөлхийн доголон, явж чаддаггүй нэг хүн Лустрад байлаа. 9 Тэр хүн Паулыг анхааралтай сонсож байв. Хүргэж байгаа мэдээнд нь итгэхийн зэрэгцээ эдгээнэ гэж найдаж байгааг нь Паул ажиглаж мэдээд 10 чанга дуугаар «Хөл дээрээ зогс» гэлээ. Өнөөх эр ухасхийн босоод явж эхлэв. 11 Паулын юу хийснийг харсан олон түмэн лукаон хэлээр «Бурхад хүний дүрээр бидэн рүү иржээ!» гэж хашхиралдлаа. 12 Тэгээд Барнабыг Зевс, Паулыг Хермес гэв. Учир нь Паул голлон ярьж байлаа. 13 Зевс бурхны сүм хотын гадна байсан бөгөөд Зевсийн тахилч навч хэлхэж хийсэн титэм болон бухыг хотын хаалганы хавьд авчирч, ард олонтой хамт тахил өргөх гэж байлаа.
14 Элч Барнаб Паул хоёр үүнийг мэдээд хувцсаа урж, цугласан хүмүүсийн дунд ороод чанга дуугаар 15 «Ах дүү нар аа, та нар юунд ингэнэ вэ? Бид та нартай л адил жирийн хүн шүү дээ. Ийм дэмий юм хийхээ больж тэнгэр газар, тэнгис хийгээд түүн доторх бүхнийг бүтээсэн амьд Бурхныг шүтээсэй гэсэндээ бид та нарт сайн мэдээ тунхаглаж байгаа юм. 16 Бурхан өмнө нь бүх үндэстэнд юу хүссэнээ хийхийг зөвшөөрч байсан ч 17 та нарыг сайн сайхан байлгахын төлөө ихийг хийж, хэн болохоо гэрчилсээр ирсэн. Тэнгэрийн хур бороо, ургац арвин улирлыг хайрлаж, та нарыг хоол ундаар элбэг дэлбэг хангаж, баяр хөөртэй байлгадаг» гэж хэлжээ. 18 Тэд ийн ярьж, тахил өргөх гэж байсан хүмүүсийг арай ядан хорьж байлаа.
19 Харин Антиох болон Иконионоос ирсэн иудейчүүд олон түмнийг ятгаж байгаад Паул руу чулуу шидэцгээв. Тэгээд үхсэн гэж бодоод хотоос гарган хаяжээ. 20 Шавь нар түүнийг олоод тойрон зогсоход Паул босож хот руу оров. Маргааш нь Барнабтай хамт Дерб рүү явжээ. 21 Очсон хотдоо сайн мэдээ тунхаглаж, шавь болоход нь олон хүнд туслаад Лустра, Иконион болон Антиохт дахин очив. 22 Тэндхийн дагалдагчдыг зоригжуулж, бат итгэлтэй байхыг чухалчлан захиад «Бид их зовлон үзэж байж Бурхны Хаант төрд орох учиртай» гэжээ. 23 Түүнчлэн, хурал бүрд ахлагчдыг томилж, мацаг барин залбирч, тэднийг өөрсдийнх нь итгэж найддаг Еховад* даатгажээ.
24 Тэгээд тэд Писидээр дайран Памфулд ирээд 25 Пергт сайн мэдээг тунхагласныхаа дараа Атал руу явжээ. 26 Тэндээс усан онгоцоор Антиох руу буцлаа. Барнаб Паул хоёр энэ хотод Бурхнаас анх даалгавар авч, ах дүү нар тэдний төлөө залбирч* байсан бөгөөд даалгавраа биелүүлээд буцаж ирсэн нь энэ ажээ.
27 Тэд Антиохт ирж, хурлынхныг цуглуулаад Бурхан өөрсдийг нь удирдан юу хийснийг, өөрт нь итгэх боломжийг харь үндэстнүүдэд олгосныг* ярьжээ. 28 Тэгээд тэндхийн дагалдагчидтай хамт нэг хэсэг байв.