Левит
24 Тэгээд Ехова Мосед 2 «Дэнг бөхөөхгүйн тулд хамгийн сайн чанарын чидуны тосыг авчрахыг израйлчуудад тушаа. 3 Цугларалтын асар доторх гэрчлэлийн урдах хөшигний гадна буй дэнг Аарон оройноос өглөө хүртэл Еховагийн өмнө асаалттай байлгах ёстой. Энэ нь та нарын үр удмын үргэлжид сахих ёстой зарлиг юм. 4 Еховагийн өмнө байдаг энэхүү шижир алтан дэнгийн суурин дээрх дэнгүүдийг Аарон байнга хариуцна.
5 Тэгээд нарийн ширхэгтэй гурил авч, 12 цагариган боов хийгтүн. Боов тус бүрд ефагийн аравны хоёр* гурил орох ёстой. 6 Тэдгээрийг Еховагийн өмнө шижир алтан ширээн дээр зургаа зургаагаар нь давхарлаж, хоёр эгнээ болгон тавь. 7 Эгнээ бүр дээр анхилуун үнэрт цэвэр давирхай тавигтун. Давирхайг талхыг төлөөлүүлэн Еховад зориулж шатаан уугиулна. 8 Тэрбээр Амралтын өдөр бүр талхнуудыг Еховагийн өмнө тавих ёстой. Энэ нь израйлчуудын үргэлж дагаж мөрдөх ёстой гэрээ юм. 9 Тэдгээр талх Аарон болон хөвгүүдийнх нь болох бөгөөд тэд түүнийг ариун газарт идэх ёстой. Учир нь тэдгээр талх нь үргэлж сахих ёстой хуулийн дагуу Еховад шатаан өргөх өргөлүүдээс тахилчийн хувьд маш ариун нь байх юм» гэлээ.
10 Израйлчуудын дунд израйл эмэгтэй болон египет эрэгтэйн дундаас төрсөн хүү байв. Тэр хүү хуаранд нэг израйл эрэгтэйтэй нударга зөрүүлжээ. 11 Тэгтэл израйл эмэгтэйн хүү Бурхны нэрийг доромжлон, харааж гарав. Тиймээс тэд түүнийг Мосе руу аваачлаа. Эх нь Дан овгийн Дибригийн охин Шеломит байлаа. 12 Тэд Еховагийн шийдвэрийг тодорхой мэдэх хүртлээ тэр эрэгтэйг хорионд байлгав.
13 Тэгэхэд Ехова Мосед 14 «Хараасан хүнийг хуарангийн гадна аваачигтун. Хараахыг нь сонссон хүмүүс бүгдээрээ толгой дээр нь гараа тавь. Тэгээд хамаг чуулган түүн рүү чулуу шидэх ёстой. 15 Мөн чи израйлчуудад ингэж хэл. “Хэрэв хүн Бурхнаа хараавал нүглийнхээ хариуцлагыг үүрнэ. 16 Тиймээс Еховагийн нэрийг доромжилсон хүнийг харж үзэлгүй хөнөө. Хамаг чуулган түүн рүү заавал чулуу шидэх ёстой. Бурхны нэрийг доромжилсон гадаад хүнийг ч израйл хүний нэгэн адил хөнөөгтүн.
17 Хүний аминд хүрсэн хүнийг заавал хөнөө. 18 Амьтныг цохиж алсан хүн нөхөн төлбөр өгнө. Учир нь амийг амиар төлөх ёстой. 19 Хүн гэмтээсэн хүнийг өөрийг нь ч бас гэмтээх ёстой. 20 Хугаралтыг хугаралтаар, нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гэмтлийг гэмтлээр төлнө. 21 Амьтныг цохиж алсан хүнээс нөхөн төлбөр авах ёстой. Харин хүний аминд хүрсэн хүнийг хөнөөгтүн.
22 Би бол та нарын Бурхан Ехова учраас гаднын хүнд ч, израйл хүнд ч нэг л хууль үйлчлэх ёстой”» гэв.
23 Тэгээд Мосе израйлчуудад үүнийг хэлэхэд тэд Бурхныг хараасан хүнийг хуарангийн гадна аваачин чулуу шидлэв. Ийнхүү израйлчууд Еховагийн Мосед тушаасныг яг ёсоор нь гүйцэтгэжээ.