Элчүүдийн үйлс
1 Эрхэм хүндэт Теофил оо, би эхний номдоо Есүс юу хийж, юу зааж эхэлснээс авахуулаад 2 Бурхны агуу хүчээр удирдуулан, сонгож авсан элчүүддээ заавар өгөөд дээш гарсан тэр өдрийг хүртэл юу болсныг бичсэн билээ. 3 Зовж тарчилж үхсэн Есүс амилснаа олон баримтаар баталсан. 40 өдрийн хугацаанд олон удаа үзэгдэж, Бурхны Хаант төрийн талаар ярьж байсан. 4 Элчүүдтэйгээ уулзаад «Иерусалимаас бүү яв. Эцэг юу амласныг та нар надаас сонссон. Тэр амлалт биелтэл хүлээгтүн. 5 Ёохан усаар баптисм хүртээдэг байсан. Харин та нар хэдхэн хоногийн дараа Бурхны агуу хүчээр баптисм хүртэнэ» хэмээн тушаажээ.
6 Шавь нар нь Есүстэй дахин уулзаад «Эзэн, та одоо Бурхны Хаант төрийг Израйлд сэргээх үү?» гэж асуухад 7 Есүс: «Хэзээ юу болохыг тэнгэр дэх Эцэг л шийдэх эрхтэй. Та нар энэ талаар мэдэх хэрэггүй. 8 Гэхдээ Бурхан агуу хүчээрээ дэмжихэд та нар намайг Иерусалим, Иудей болон Самари, тэгээд дэлхий даяар гэрчилнэ» гэж хэлжээ. 9 Тэр ийн хэлээд тэднийг харсаар байтал тэнгэр өөд өргөгдөн одоход үүл бүрхэж авлаа. 10 Түүний одохыг харж тэнгэр ширтэж байсан тэдний хажууд цагаан хувцастай хоёр хүн гэнэт гарч ирээд 11 «Галилын эрчүүд ээ, та нар яагаад тэнгэр ширтэн зогсоно вэ? Есүс тэнгэр өөд өргөгдөж, та нарын нүдний өмнө одсонтойгоо адил тийнхүү ирнэ» гэжээ.
12 Тэр үед тэд Чидун уулан дээр байв. Тэндээс хөдөлж, амралтын өдөр явж болох зайд* оршдог Иерусалим хот руу буцаж ирээд 13 буудаллаж байсан дээд давхрын өрөөндөө оров. Тэд бол Петр, Ёохан, Яаков, Андрей, Филип, Томас, Бартоломай, Матай, Алфайн хүү Яаков, идэвх зүтгэлт Симон, Яаковын хүү Юудас нар юм. 14 Нэгэн зорилготой тэд бүгдээрээ шаргуу залбирдаг байлаа. Мөн тэдэнтэй хамт хэсэг эмэгтэй, Есүсийн эх Мариа болон дүү нар нь байсан юм.
15 Нэгэн удаа 120 орчим хүн залбирахаар цугласан байв. Петр босож 16 «Ах дүү нар аа, Есүсийг баривчилсан хүмүүсийг газарчилж ирсэн Юудасын талаар Бурхнаар удирдуулан Давидын хэлсэн зөгнөл биелэх ёстой байжээ. 17 Юу гэвэл, тэр хүн бидний дунд явж, бидэнтэй адил үйлчилж байсан. 18 (Энэ хүн хорон үйлийнхээ хөлсөөр талбай худалдаж авсан бөгөөд толгойгоороо унахад хэвлий нь ярагдаж, гэдэс дотор нь цувжээ. 19 Энэ хэрэг явдлыг Иерусалимын бүх оршин суугч мэдэх болсон бөгөөд тэр талбайг өөрсдийнхөө хэлээр Хакелдамах буюу «Цуст талбай» гэх болжээ.) 20 Дуулал номонд “Түүний орон байр эзгүйрэг. Тэнд нэг ч суугч бүү байг”, “Харгалзах үүргийг нь өөр хүн биелүүлэг” гэж бичсэн байдаг. 21 Тиймээс, Ёохан Эзэн Есүст баптисм хүртээсэн тэр үеэс эхлэн Есүс биднээс салж тэнгэрт одсон өдрийг хүртэл үйлдсэн бүхнийг нь үзэж бидний дунд явсан хүмүүсийн нэг нь 22 гэрч болж, Есүсийн амилсныг бидэнтэй цуг гэрчлэх шаардлагатай байна» гэж ярив.
23 Ингээд тэд Барсаб ч гэгддэг, Юүст ч гэгддэг Иосеф болон Матиа хоёрыг сонгоод 24 «Бүх хүний зүрх сэтгэлийг мэддэг Ехова* та энэ хоёр хүний хэнийг сонгож, 25 төөрч одсон Юудасын оронд элч болгон үйлчлүүлэхээ мэдүүлнэ үү» гэж залбирчээ. 26 Тэд шавга хаясанд Матиа дээр буув. Ийнхүү Матиа 12 элчийн нэг болжээ.