Элчүүдийн үйлс
24 Тав хоногийн дараа тэргүүн тахилч Ананиа хэдэн ахлагчийг хуульч Тертултэй хамт дагуулж ирээд Паулыг юунд буруутгаж байгаагаа захирагчид мэдэгджээ. 2 Тертул дуудагдан ирээд Паулыг буруутган ийн ярив.
«Таны ачаар бид амар тайван аж төрж, холч мэргэн ухааны тань хүчинд манай үндэстэн цэцэглэн хөгжиж байгаад 3 бид хаана ч, хэзээ ямагт гүнээ талархдаг, эрхэм захирагч Феликс ээ. 4 Таныг чилээхийг хүсэхгүй байгаа тул товчхон ярья. Сонсож болгооно уу. 5 Энэ хүн дэлхий дахинд байгаа иудейчүүдийг хутган үймүүлж явдаг тахал мэт хүн бөгөөд Назарын бүлэглэлийн толгойлогч гэдгийг бид олж мэдсэн юм. 6 Бас сүмийг бузарлахыг оролдсон болохлоор нь барьж авсан. 7 —* 8 Та өөрөө шалгаж үзнэ үү. Тэгвэл бидний зөв болохыг ойлгоно».
9 Иудейчүүд ч ийн буруутгахыг дэмжиж, хуульчийн хэлснийг үнэн гэцгээв. 10 Тэгэхэд захирагч толгой дохин үг хэлэхийг зөвшөөрөхөд Паул ийн ярьж эхэллээ.
«Энэ үндэстнийг олон жил шүүсэн тан шиг хүний өмнө би өөрийгөө өмгөөлж дуртайяа ярина. 11 Би Бурханд мөргөхөөр Иерусалимд очоод 12 л хоносон. Та хүсвэл үүнийг шалгаж тогтоох боломжтой. 12 Намайг сүмд хүнтэй маргасан уу, синагог юм уу хотод үймээн самуун дэгдээсэн үү гэдгийг энэ хүмүүс мэдэхгүй. 13 Буруутгаад байгаа юмаа ч баталж чадахгүй. 14 Гэхдээ би танд нэг юм хэлье. Хуульд заасан болон Зөнчдийн бичсэн бүгдэд итгэж, энэ хүмүүсийн бүлэглэл гэж хэлээд байгаа тэр л Замын дагуу эцэг өвгөдийнхөө Бурхныг шүтдэг минь үнэн. 15 Түүнчлэн, шударга, шударга бус хүний хэн хэн нь амилна гэж би Бурханд найддаг. Энэ хүмүүс ч бас тэгж найддаг. 16 Тийм учраас би Бурхны хуулийг ч, хүний хуулийг ч зөрчилгүй хүний мөсөөр сайн байхыг ямагт хичээж ирсэн. 17 Би элэг нэгтнүүддээ өглөг өгч, Бурханд тахил өргөхөөр олон жилийн дараа буюу саяхан Иерусалимд ирсэн юм. 18 Энэ хэргээ бүтээж, заншил ёсоор цэвэршчихээд сүмд байгааг минь Ази мужаас ирсэн иудейчүүд мэдсэн. Тэнд олон хүн байгаагүй, үймээн самуун ч гараагүй. 19 Тэд намайг үнэхээр л буруутгаж байгаа бол өөрсдөө энд ирэх ёстой байсан. 20 Эсвэл Иудейн дээд шүүхэд шүүгдэж байхад минь ямар буруу юм олж илрүүлснээ өөрсдөө хэлэг. 21 Би шүүхийнхний өмнө “Үхсэн хүн амилна гэдэгт итгэдгээс минь болж намайг шүүж байна!” гэж хашхирснаас өөр юу ч хийгээгүй».
22 Гэвч Замын талаар сайн мэддэг захирагч Феликс шийдвэр гаргахаа хойшлуулж, «Мянгатын дарга Лусиг ирэхээр та нарын хэргийг шийдье» гэв. 23 Тэгээд Паулыг хорьж, харуулын хяналтад байлгахыг тушаалаа. Гэхдээ чөлөөтэй байлгаж, ойр дотных нь хүмүүсээр хэрэгцээг нь хангуулахаар болжээ.
24 Хэд хоногийн дараа Феликс иудей хүн болох эхнэр Друзилатайгаа ирж Паулыг дуудуулаад Христ Есүст итгэх итгэлийн талаар яриулжээ. 25 Харин Паул зөв юм хийх, биеэ захирах талаар болон Бурхан хүмүүсийг шүүх талаар ярихад Феликс айж «Одоохондоо явж бай. Завтай болохоороо таныг дахиж дуудуулна» гэж хэлээд явуулжээ. 26 Гэхдээ Паулыг өөрт нь мөнгө өгөх байх гэж бодож байсан учир ойр ойрхон дуудуулж ирүүлээд ярилцдаг байв. 27 Хоёр жил өнгөрч, Порк Фестийг өөрийнх нь оронд захирагч болтол Феликс Паулыг хорионд байлгав. Энэ нь иудейчүүдэд тал засах гэснийх ажээ.