Дуулал
Давидын дуу.
א [алэф]
25 Ехова минь ээ, би танд хандана.
ב [бэт]
2 Бурхан минь ээ, би танд найддаг.
Намайг бүү шившиг болгооч.
Дайснууд намайг бүү тавлаасай.
ג [гимэл]
3 Танд найддаг хэн боловч шившиг болохгүй.
Харин шалтгаангүйгээр урвагчид шившиг болно.
ד [далэт]
4 Ямар замаар явахыг минь зааж өгөөч, Ехова.
Яаж амьдрахыг минь хэлж өгөөч.
ה [хэ]
5 Үнэний дагуу явахад минь тусалж, намайг сургаач.
Учир нь та бол намайг авардаг Бурхан юм.
ו [вав]
Танд би цаг ямагт найддаг.
ז [заин]
6 Өршөөл нигүүлсэл, үнэнч хайраа санаач, Ехова.
Өнө эртнээс та ийм л байсан шүү дээ.
ח [хэт]
7 Залуу насны минь гэм нүгэл, алдаа дутагдлыг бүү санаач.
Үнэнч хайрынхаа сэтгэлээр намайг санаач.
Учир нь та сайхан сэтгэлтэй шүү дээ, Ехова.
ט [тэт]
8 Ехова бол сайн бөгөөд шулуун шударга.
Тийм ч учраас нүгэлтнүүдэд яаж амьдрахыг нь заадаг.
י [еөд]
9 Тэрбээр дөлгөөн хүмүүсийг зөв замаар удирдан дагуулна.
Яаж амьдрахыг нь тэдэнд зааж өгнө.
כ [каф]
10 Гэрээг нь сахиж, зааврыг нь дагадаг хүмүүсийг
Ехова дандаа хайрлаж, үнэнчээ харуулдаг.
ל [ламэд]
11 Алдаа дутагдал минь их ч гэсэн,
Нэрийнхээ төлөө намайг уучлаач, Ехова.
מ [мэм]
12 Хэн Еховагаас эмээдэг вэ?
Бурхан түүнд явах ёстой замыг нь зааж өгнө.
נ [нүн]
13 Тэрбээр сайн сайхныг үзэж,
Үр хүүхэд* нь дэлхийг эзэмшинэ.
ס [самэх]
14 Еховагаас эмээдэг хүмүүс түүнтэй дотно байдаг.
Тэрбээр тэдэнд гэрээгээ мэдүүлдэг.
ע [аин]
15 Ехова хөлийг минь торноос чөлөөлөх учир
Би түүнд үргэлж найдна*.
פ [пэ]
16 Би ганцаардаж, арга мухардсан тул
Намайг анхаарч, таалалдаа багтаагаач.
צ [цади]
17 Сэтгэлийн минь шаналал ихэслээ.
Зовлонгоос намайг ангижруулаач.
ר [рэш]
18 Гай зовлонд унаж, хүнд байдалд орсныг минь хараад
Бүх нүглийг минь уучлаач.
19 Надад хэчнээн олон дайсан байдгийг хараач.
Намайг ямар их үзэн яддагийг нь анхаараач.
ש [шин]
20 Амийг минь хамгаалж, намайг авраач.
Би танд хоргодсон тул намайг бүү шившиг болгооч.
ת [тав]
21 Би танд найддаг тул
Үнэнч, шулуун шударга зан минь намайг хамгаалаг.
22 Бурхан минь ээ, Израйлыг бүх зовлонгоос нь авраач.