Дуулал
Хүмүүст сануулга болгохын тулд зохиосон Давидын дуу.
38 Ехова! Уурлан бүү зэмлээч.
Хилэгнэн бүү шийтгээч.
2 Учир нь та намайг сумаараа нэвт сүлбэж,
Мутраараа бяц дарсан.
3 Таны зэвүүцлээс болж хамаг бие минь өвдөж байна.
Үйлдсэн нүглээсээ болоод би амар заяа үзэхгүй байна*.
4 Учир нь миний үйлдсэн нүгэл толгойноос минь давжээ.
Хүнд ачаа мэт даагдахгүй байна.
5 Миний мунхгаас болж
Шарх минь хувилан үнэр оржээ.
6 Би ихэд шаналж, туйлын их гутарч байна.
Би өдөржин гунигтай явдаг.
7 Дотор минь шатаж байна.
Хамаг бие минь өвдөж байна.
8 Би бүрмөсөн бяцарч, юу ч мэдрэхээ больжээ.
Зүрх минь өвдсөнөөс болж би ёолон хашхирч байна.
9 Ехова, та миний бүх хүслийг мэддэг.
Санаа алдах дуу минь танаас нууцлагдаагүй.
10 Зүрх минь хүчтэй цохилно.
Хүч чадал минь барагдаж, нүдний минь гал бөхжээ.
11 Миний зовлонгоос болж найз нөхөд, танилууд минь надаас зугтдаг.
Дотнын хүмүүс минь ч надаас дөлдөг.
12 Намайг алахыг санаархагчид* урхи тавьдаг.
Хорлохыг хүсэгчид яаж сүйрүүлэхээ ярьдаг.
Хэрхэн мэхлэхээ өдөржин төлөвлөдөг.
13 Харин би дүлий хүн шиг юу ч сонсдоггүй.
Хэлгүй хүн шиг амаа нээдэггүй.
14 Өөрийгөө өмөөрөн ярьж чадахгүй,
Юу ч сонсдоггүй хүнтэй би адилхан болсон.
15 Учир нь Ехова минь ээ, би таныг хүлээсэн.
Миний Бурхан Ехова! Та надад хариулсан билээ.
16 «Тэд надаар бахаа бүү хангаг.
Халтирахад минь намайг дорд бүү үзэг» гэж би хэлсэн.
17 Би унах шахсан.
Үргэлж зовж шаналж байлаа.
18 Би гэм нүглээ илчилсэн.
Нүглээсээ болж зовсон.
19 Гэхдээ миний дайснууд эрч хүчтэй, бяр чадалтай.
Намайг шалтгаангүйгээр үзэн ядагчид олширчээ.
20 Сайн юм хийсний минь хариуд тэд надад муу юм хийсэн.
Сайн юмны төлөө явдгаас минь болж тэд намайг эсэргүүцсэн.
21 Намайг бүү орхиоч, Ехова.
Надаас бүү хол байгаач, Бурхан минь.
22 Миний аврагч Ехова!
Надад туслахаар яараач.