Дуулал
Удирдаачид зориулав. Еховагийн үйлчлэгч Давидын дуу. Ехова бүх дайснаас нь болон Саулын гараас аварсан тэр өдөр Давид Еховад зориулан ийн дуулжээ.
18 Би тандаа хайртай, миний хүч чадал болсон Ехова минь.
2 Ехова бол хад, цайз, Аврагч минь билээ.
Миний Бурхан бол хоргоддог хад минь билээ.
Бамбай, авралын эвэр*, найдвартай хоргодох газар минь билээ.
3 Магтуулах зохистой Еховаг би дуудаад
Өстөн дайснуудаас аврагдана.
4 Үхлийн олс намайг ороов.
Өөдгүй хүмүүс намайг үерийн ус мэт айлгав.
5 Булшны* олс намайг хэрэв.
Үхлийн урхи надтай тулгарав.
6 Зовж шаналахдаа би Еховаг дуудав.
Бурхнаасаа тусламж гуйн хашхирсаар байв.
Тэрбээр сүмээсээ дууг минь сонсов.
Тусламж гуйн хашхирах дуу минь түүний сонорт хүрэв.
7 Тэгэхэд газар дэлхий хөдлөн дайвалзав.
Түүнийг уурлан хилэгнэхэд уулсын суурь доргин чичирч,
Ганхан савлав.
8 Утаа униар хамраас нь савсаж,
Дүрэлзэх гал амнаас нь цоргиж,
Улайссан нүүрс түүнээс гарав.
9 Тэрбээр тэнгэрийг бөхийлгөн,
Түнэр харанхуйг хөлдөө дэвсэн бууж ирэв.
10 Херуб хөлөглөөд нисэн ирэв.
Салхиар жигүүрлээд* шунган ирэв.
11 Тэрбээр харанхуйгаар өөрийгөө хучсан.
Түүнийг хар ус, өтгөн үүл
Халхавч адил хүрээлсэн.
12 Түүний өмнөх гялбаанаас
Мөндөр, галтай нүүрс үүлсийг нэвтлэн буув.
13 Ехова тэнгэрт аянга ниргүүлэв.
Хамгийн дээд Нэгэн дуу хоолойгоо сонсгов.
Тэрбээр мөндөр, галтай нүүрсийг буулгав.
14 Сум тавьж дайснуудыг тараан бутаргав.
Аянга буулган тэднийг самууруулав.
15 Ехова минь ээ, зэмлэхэд тань,
Хамраараа хүчтэй амьсгалахад тань
Голын ёроол* харагдаж дэлхийн суурь ил гарсан.
16 Тэрбээр өндрөөс мутраа сунган
Намайг гүн уснаас татаж гаргав.
17 Тэрбээр намайг хүчтэй дайснуудаас,
Хүчээр давуу үзэн ядагчдаас аврав.
18 Зовж явахад минь тэд над руу дайрсан.
Гэвч Ехова өмөг түшиг минь болсон.
19 Тэрбээр намайг аюулгүй* газар авчирсан.
Намайг таалан соёрхсон тул авран хамгаалсан.
20 Ехова зөв шударгын минь төлөө намайг шагнадаг.
Гараа бузарлаагүйн минь төлөө надад нөхөн төлдөг.
21 Учир нь би Еховагийн замаас гараагүй.
Өөрийн Бурхныг орхиогүй. Бурхнаа орхино гэдэг чинь бузар хэрэг шүү дээ.
22 Би түүний бүх тушаалыг санана.
Хууль тогтоолыг нь уландаа гишгэхгүй.
23 Би түүний өмнө үргэлж гэм зэмгүй байж,
Алдаа эндэгдлээс ямагт хол явна.
24 Зөв шударгын минь төлөө, гараа бузарлаагүйн минь төлөө
Ехова намайг шагнах болтугай.
25 Та үнэнч хүнд үнэнч байдаг.
Гэмгүй хүнд гэмгүйгээ баталдаг.
26 Цэвэр ариун хүнд цэвэр ариунаа харуулдаг.
Ов мэхтэй хүнд нарийн ухаанаар ханддаг.
28 Ехова минь ээ, та дэнлүүг минь асаадаг.
Бурхан минь ээ, намайг нөмөрсөн харанхуйг та гийгүүлдэг.
29 Таны дэмээр би зэвсэгт дээрэмчидтэй халз тулна.
Бурхны хүчээр би хана хэрэм давна.
30 Жинхэнэ Бурхны зам төгс.
Еховагийн үг цэвэршүүлэгдсэн.
Тэрбээр өөрт нь хоргоддог хүн бүрийн бамбай юм.
31 Еховагаас өөр Бурхан байна уу?
Манай Бурхнаас өөр хад байна уу?
32 Жинхэнэ Бурхан бол надад хүч чадлыг хувцас мэт өмсгөдөг нэгэн юм.
Тэрбээр замыг минь дардан болгоно.
33 Хөлийг минь бугынх мэт хурдан болгож,
Намайг өндөр газар зогсоодог.
34 Тэрбээр намайг дайн тулаанд сургадаг.
Би гараараа зэс нумыг хөвчилж чадна.
35 Та надад авралын бамбайг өгч,
Баруун мутраараа тусалдаг.
Таны даруу зан намайг агуу болгодог.
36 Та явах замыг минь өргөсгөдөг учир
Хөл* минь халтирахгүй.
37 Би дайснуудыг элдэн хөөгөөд барьж авна.
Тэднийг устгахаас нааш буцаж ирэхгүй.
38 Би тэднийг дахин босохгүй болтол нь нухчин дарна.
Тэд хөл доор минь унана.
39 Та надад тулалдах хүч өгнө.
Өстнүүдийг өмнө минь унагаана.
40 Таны ачаар дайснууд надаас зугтана.
Намайг үзэн ядагчдыг би зүйл дуусгана.
41 Тусламж гуйн хашхирахад нь хэн ч тэднийг аврахгүй.
Ехова руу хашхирсан ч тэрбээр хариулахгүй.
42 Би тэднийг салхинд хийсэх тоос шиг нунтаглаж,
Гудамжны шавхай шиг хөсөр хаяна.
43 Өө сэв эрдэг ард түмнээс та намайг аварна.
Үндэстнүүдийн тэргүүнээр та намайг томилно.
Миний мэддэггүй байсан ард түмэн надад үйлчилнэ.
44 Тэд сураг сонсоод л надад захирагдана.
Харийн хүмүүс миний өмнө далдичин ирнэ.
45 Тэд зүрх алдан,
Айн чичирсээр цайзуудаасаа гарч ирнэ.
46 Ехова та бол амьд Бурхан. Миний Хад магтагдах болтугай!
Намайг авардаг Бурхан та өргөмжлөгдөх болтугай!
47 Жинхэнэ Бурхан та миний өшөөг авч,
Ард түмнүүдийг миний эрхшээлд оруулдаг.
48 Та намайг догшин дайснуудаас авардаг.
Довтлогчдын хүрэхгүй өндөрт намайг өргөж,
Харгис нэгнээс авардаг билээ.
49 Тиймээс Ехова минь ээ, би таныг үндэстнүүдийн дунд алдаршуулж
Нэрийг тань магтан дуулна*.
50 Тэрбээр өөрийн томилсон хаанд агуу ялалтыг* өгдөг.