Матайн бичсэн сайн мэдээ
6 Зөв юм хийхдээ хүнд харуулах зорилго өвөрлөхөөс сэрэмжил. Эс бөгөөс тэнгэрийн Эцэг тань шагнахгүй. 2 Өглөг өгөхдөө хоёр нүүртэй хүмүүс шиг бүрээ бүү тат. Тэд магтуулах гэсэндээ синагогт байхдаа болон гудамжаар явахдаа өглөг өгдөг юм. Тэд шагналаа бүрэн авсныг би батлан хэлье. 3 Харин та нар өглөг өгөхдөө баруун гараараа юу хийж байгаагаа зүүн гартаа бүү мэдэгд. 4 Ингэвэл өглөг чинь нууц байна. Бүхнийг харж чаддаг* Эцэг тань шагнана.
5 Түүнчлэн, залбирахдаа хоёр нүүртэй хүмүүс шиг бүү бай. Учир нь тэд хүнд харагдах гэж синагог, гол гудамжинд зогсоод залбирах дуртай. Тэд шагналаа бүрэн авсныг би батлан хэлье. 6 Харин та нар залбирахдаа өрөөндөө орж, хаалгаа хаагаад хүнд харагддаггүй Эцэгтээ залбир. Тэгвэл бүхнийг харж чаддаг Эцэг тань шагнана. 7 Залбирахдаа харь үндэстнүүд шиг нэг юмаа дахин дахин бүү хэл. Тэд олон үг хэлснийх нь төлөө Бурхан сонсоно гэж боддог юм. 8 Тиймээс тэднийг бүү дуурай. Учир нь та нарын Эцэг гуйхаас тань өмнө та нарт юу хэрэгтэйг мэдэж байдаг.
9 Тиймээс ийнхүү залбир.
“Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай. 10 Таны Хаант төр захираасай. Таны хүсэл таалал тэнгэрт биелж байгаа шигээ* дэлхий дээр биелээсэй. 11 Өнөөдөр идэх талхыг бидэнд өгөөч. 12 Өөрсдийн маань эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсийг* бид уучилсны адил бидний нүглийг* уучлаач. 13 Хорхой хүргэм зүйлд дийлдэхгүй байхад туслаач. Хорон муу нэгнээс* хамгаалаач”.
14 Та нар хүмүүсийн алдаа дутагдлыг уучилбал та нарыг тэнгэрийн Эцэг тань бас уучилна. 15 Та нар хүмүүсийн алдаа дутагдлыг уучлахгүй бол та нарыг Эцэг тань бас уучлахгүй.
16 Мацаг барихдаа хоёр нүүртэй хүмүүс шиг шаналсан царай гаргадгаа боль. Тэд мацаг барьж байгаагаа олонд мэдүүлэх гэж тэгдэг юм. Тэд шагналаа бүрэн авсныг би батлан хэлье. 17 Харин та нар мацаг барих үедээ толгойгоо тосол, нүүрээ угаа. 18 Тэгвэл мацаг барьж байгааг тань хүмүүс бус, хүнд харагддаггүй Эцэг тань л мэднэ, бүхнийг харж чаддаг Эцэг тань л шагнана.
19 Газар дээр эд хөрөнгө хураадгаа боль. Учир нь хивэн эрвээхий болон зэв иддэг, хулгайч авчихдаг. 20 Харин тэнгэрт эд хөрөнгө хураа. Тэнд хивэн эрвээхий болон зэв идэхгүй, хулгайч авахгүй. 21 Хүний эд хөрөнгө хаана байна, сэтгэл нь тэнд байдаг.
22 Биеийн дэн бол нүд. Нүд чинь нэг л юмыг хардаг бол* бие чинь бүхэлдээ гэрэлтэй байна. 23 Харин нүд чинь хорон муу юмыг хардаг бол* бие чинь бүхэлдээ харанхуй байна. Хэрэв чиний дотор гэрэл бус, харанхуй байвал тэр харанхуй нь ямар их вэ!
24 Хэн ч хоёр эзний боол байж чадахгүй. Учир нь нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлана. Эсвэл нэгэнд нь үнэнч байж, нөгөөг нь үл тооно. Нэгэн зэрэг Бурхан болон эд баялгийн боол байх аргагүй.
25 Тиймээс би та нарт захья. Юу идэж уух билээ, юу өмсөх билээ гэж амийнхаа төлөө санаа зовохоо боль. Хүний амь хоол, хувцаснаас илүү чухал биш үү? 26 Шувуудыг сайн ажигла. Шувуу тариа тарьж, ургац хурааж, агуулахад хадгалдаггүй, харин тэнгэрийн Эцэг тань тэжээдэг. Та нар шувуунаас илүү үнэ цэнтэй биш гэж үү? 27 Та нараас хэн нь санаа зовсноороо насаа бага* ч гэсэн уртасгаж чадах вэ? 28 Та нар яагаад бас өмсөж зүүхэд санаа зовдог юм бэ? Сараана цэцэг хэрхэн ургадгийг бод. Сараана цэцэг ажил хийдэггүй, утас ээрдэггүй. 29 Гэхдээ сүр жавхлант Соломон хааны ганган хээнцэр хувцас ч энэ цэцгийн сайхныг гүйцээгүйг би та нарт хэлье. 30 Өнөөдөр ургаж, маргааш хагдрах* цэцэг навчийг Бурхан ингэж гоёдог юм бол та нарыг бүр ч илүү хувцаслахгүй гэж үү, итгэл багатай хүмүүс ээ? 31 Тиймээс юунд ч бүү санаа зов. “Юу идэх билээ?”, “Юу уух билээ?”, “Юу өмсөх билээ?” гэж бүү ярь. 32 Яагаад гэвэл харь үндэстнүүд эдгээрийн хойноос уйгагүй явдаг. Тэнгэрийн Эцэг тань энэ бүхэн та нарт хэрэгтэйг мэддэг.
33 Тиймээс Хаант төр болон Бурхны зөв гэж үздэг бүхнийг үргэлж эн тэргүүнд тавьж амьдрагтун. Тэгвэл Бурхан та нарт энэ бүхнийг өгнө. 34 Тиймээс маргаашийн төлөө хэзээ ч бүү санаа зов. Учир нь маргаашийн зовлонг маргааш үзнэ. Өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө хангалттай.