Левит
19 Цааш нь Ехова Мосед 2 «Израйлын хамаг чуулганд ингэж хэл. “Та нарын Бурхан Ехова би ариун учраас та нар ариун байх ёстой.
3 Эцэг эхээ хүндэлж, миний Амралтын өдрүүдийг сахигтун. Би бол та нарын Бурхан Ехова. 4 Ямар ч тусгүй бурхдыг битгий шүт. Бас өөрсдөдөө цутгамал бурхад битгий хий. Би бол та нарын Бурхан Ехова.
5 Еховад эвийн тахил өргөх бол таалалд нь нийцсэн аргаар өргөх ёстой. 6 Махыг нь тахил өргөсөн өдрөө болон маргааш нь идэгтүн. Харин нөгөөдөр нь гэхэд үлдсэн байвал шатаах ёстой. 7 Нөгөөдөр нь үлдсэн махнаас идсэн бол тэр мах жигшүүрт зүйл учраас тахилыг сайшаан хүлээн авахгүй. 8 Тийм махнаас идсэн хүн Еховагийн ариун юмыг бузарласан учраас нүглийнхээ хариуцлагыг хүлээнэ. Тэр хүнийг хөнөөх ёстой.
9 Та нар газрынхаа ургацыг хураахдаа өнцөг булангүй хуу хамж болохгүй. Унагааснаа ч битгий түү. 10 Бас усан үзэм хураахдаа модон дээр үлдсэнийг нь, газар унасныг нь битгий түү. Ядуу зүдүү хүмүүс болон харийн хүмүүст үлдээ. Би бол та нарын Бурхан Ехова.
11 Та нар хулгай бүү хий, бүү хуурч мэхэл. Нэг нэгэндээ шударга бус хандаж болохгүй. 12 Миний нэрийг барьж хуурамчаар тангараглаж Бурхныхаа нэрийг гутааж болохгүй. Би бол Ехова. 13 Та нар элэг нэгтнээ залилах ёсгүй. Дээрэм бүү хий. Хөлсний ажилчныхаа цалинг өглөө болтол өөртөө байлгаж болохгүй.
14 Сонсголгүй хүнийг бүү харааж зүх, хараагүй хүний өмнө бүдрүүлэх зүйл бүү тавь. Харин Бурхнаасаа эмээх ёстой. Би бол Ехова.
15 Шударга бусаар шүүж болохгүй. Ядуу зүдүү хүнийг алаг үзэж, баян хүнд тал засаж болохгүй. Та нар элэг нэгтнээ шударгаар шүүх ёстой.
16 Бусдыг гүтгэж ард түмнийхээ дунд худал цуурхал тарааж болохгүй. Элэг нэгтнийхээ амийг хөнөөхийг бүү завд*. Би бол Ехова.
17 Та нар ах дүүгээ зүрх сэтгэлдээ бүү үзэн яд. Элэг нэгтнээ зэмлэж залруул. Тэгвэл нүглийнх нь хамсаатан болохгүй байх юм.
18 Ард олноосоо өшөө бүү ав. Хорсол бүү тээ. Өрөөл бусдыг өөрийн адил хайрла. Би бол Ехова.
19 Миний тогтоосон хуулийг сахигтун. Хоёр өөр төрлийн мал амьтныг үржилд оруулж болохгүй. Хоёр өөр төрлийн үрийг хольж талбайдаа тарьж болохгүй. Хоёр өөр төрлийн утсаар хийсэн хувцас бүү өмс.
20 Өөр хүний эхнэр болох гэж байгаа ч хараахан чөлөөлөгдөөгүй, төлөөс нь төлөгдөөгүй шивэгчинтэй хэн нэг эр хүн бэлгийн хавьталд орвол тэр хоёрыг хөнөөхгүй ч шийтгэх ёстой. Учир нь тэр шивэгчин хараахан чөлөөлөгдөөгүй байсан юм. 21 Тэр эр гэмийн төлөөх тахилд зориулж цугларалтын асрын үүдэнд Еховагийн өмнө хуц авчрах ёстой. 22 Тахилч тэр эрийн нүглийг уучлуулахын тулд Еховагийн өмнө гэмийн төлөөх тахилын хуцыг нь өргөнө. Ийнхүү нүгэл үйлдсэн тэр эр уучлагдана.
23 Та нар миний өгөх гэж байгаа нутагт ороод төрөл бүрийн жимсний мод таривал эхний гурван жилдээ жимснээс нь идэж болохгүй. Бузар, хориотой гэж үзэх ёстой. 24 Харин дөрөв дэх жилд нь бүх жимс нь ариун байна. Энэ бол Еховагийн өмнө баярлах цаг юм. 25 Тав дахь жилд нь бусад ургац дээрээ нэмээд модныхоо жимсийг хурааж, идэж болно. Би бол та нарын Бурхан Ехова.
26 Цустай юм идэж болохгүй.
Мэргэ төлгө, ид шидээр бүү хөөцөлд.
27 Санчгаа хусах* юм уу сахлынхаа үзүүрийг эвдэж болохгүй*.
28 Үхсэн хүний төлөө биеэ зүсэж болохгүй. Өөрсөд дээрээ шивээс битгий хий. Би бол Ехова.
29 Охиноо янхан болгож бүү гутаа. Эс бөгөөс янхнуудаас болж газар нутаг бузартаж, ёс суртахуунгүй явдлаар дүүрнэ.
30 Миний Амралтын өдрүүдийг сахиж, миний ариун газрыг дээдлэн хүндэл. Би бол Ехова.
31 Сүнс дуудагч, мэргэ төлөгчдөд бүү ханд. Тэдэнтэй зөвлөлдөж болохгүй. Эс бөгөөс тэднээс болж бузартана шүү. Би бол та нарын Бурхан Ехова.
32 Өтгөс буурлын өмнө босон зогсож, өндөр настанг хүндэлж Бурхнаасаа эмээ. Би бол Ехова.
33 Нутагт чинь суугаа харийн хүнд муухай хандаж болохгүй. 34 Та нар нутагт чинь суугаа харийн хүнийг израйл хүн шиг үзэх ёстой. Та нар ч бас Египетийн нутагт харийн хүмүүс байсан учир тэр хүнийг өөрсөд шигээ хайрла. Би бол та нарын Бурхан Ехова.
35 Юмны урт, хүнд, эзлэхүүнийг хэмжихдээ шударга бус байж болохгүй. 36 Та нар зөв жинлүүр, зөв туухай ашиглах ёстой. Бас хуурай болон шингэн зүйлсийг зөв хэмж*. Би бол та нарыг Египетээс гаргаж авчирсан та нарын Бурхан Ехова. 37 Миний бүх хууль тогтоол, шийдвэрийг дагаж мөрдөгтүн. Би бол Ехова”» хэмээн айлдлаа.