Эхлэл
43 Тэр нутаг их өлсгөлөнд нэрвэгдсэн байлаа. 2 Тэднийг Египетээс авчирсан тариа будаагаа идэж дуусахад эцэг нь: «Дахиж яваад тариа будаа аваад ир» гэжээ. 3 Тэгэхэд нь Иуда: «Тэр хүн бидэнд “Дүүгээ авчрахгүй бол миний царайг дахин харна гэж санахын ч хэрэггүй” гэж хатуу сануулсан. 4 Та дүүг бидэнтэй явуулбал бид явж тариа будаа авчиръя. 5 Явуулахгүй бол бид явахгүй. Учир нь тэр хүн: “Дүүгээ авчрахгүй бол миний царайг дахин харна гэж санахын ч хэрэггүй” гэсэн шүү дээ» гэв. 6 Тэгэхэд нь Израйл: «Та нар яагаад тэр хүнд дүүтэй гэдгээ хэлчихсэн юм бэ? Та нар юунд намайг зовооно вэ?» гэлээ. 7 Тэд: «Тэр хүн биднээс “Танай эцэг амьд сэрүүн байгаа юу? Та нар өөр дүүтэй юү?” гэж бидний талаар, садан төрлийн маань талаар тулгаж асуугаад байсан юм. Тэгэхээр нь бид үнэнээ хэлсэн. “Дүүгээ авчир” гэж хэлнэ гэж яаж санах юм бэ?» гэж хэлэв.
8 Иуда эцэг Израйлаа ятган «Хүүг надтай явуулаач. Бид яваад ирье. Тэгвэл бид ч, та ч, хүүхдүүд маань ч өлбөрч үхэхгүй, амиа аварна шүү дээ. 9 Би Бениаминыг хариуцъя*. Та надтай хариуцлага тооцоорой. Хэрэв би түүнийг танд буцааж авчрахгүй бол бүх насаараа таны өмнө гэмтэй явъя. 10 Хойшлуулаагүй байсан бол өдийд хоёр ч удаа яваад ирэх байлаа» гэж хэлэв.
11 Иймээс эцэг Израйл нь: «Өөр аргагүй юм бол тэгэхээс дээ! Энэ нутгийн хамгийн сайн гэсэн бүхнээс шуудайндаа хийгээд тэр хүнд бэлэг болгон барь. Багахан гүгэл, жаахан зөгийн бал, бас бараан давирхай, үнэрт модны давирхай, ангаахай самар, бүйлс авч яв. 12 Мөн хоёр дахин их мөнгө авч яв. Шуудайнуудын чинь аманд буцааж хийсэн мөнгийг ч авч яв. Андуураа байлгүй. 13 Дүүгээ авч яваад нөгөө хүн дээр дахиж оч. 14 Та нарыг өршөөн нигүүлсэх сэтгэлийг Төгс хүчит Бурхан тэр хүнд төрүүлж, тэр хүн ахыг чинь ч, Бениаминыг ч та нартай буцааж явуулаасай. Хэрэв би хүүхдүүдээсээ хагацах ёстой юм бол хагацъя даа» гэжээ.
15 Хөвгүүд нь бэлэг сэлт, хоёр дахин их мөнгө авч, Бениаминыг дагуулаад Египетийг зорин замд гарав. Тэгээд Иосеф дээр дахин ирлээ. 16 Иосеф Бениаминыг тэдэнтэй хамт байгааг харангуутаа гэрийн даамалдаа «Энэ хүмүүсийг гэрт оруулаад мал төхөөрч, зоог бэлд. Тэд нар надтай хамт үдэд хоол иднэ» гэжээ. 17 Даамал тэр даруй Иосефын хэлснээр хийж тэднийг Иосефын гэрт хүргэв. 18 Тэд Иосефын гэрт очихдоо айж түгшин «Түрүүчийн удаа бидний мөнгийг шуудайнд маань буцаагаад хийчихсэн байсан. Тэгээд л биднийг энд авчирч байна. Одоо тэд бидэн рүү дайрч зарцаа болгоод илжгүүдийг маань авна даа!» гэлцэв.
19 Тэд Иосефын гэрийн даамалд дөхөж очоод гэрийн үүдэнд 20 «Өршөөгөөрэй, эзэн минь! Бид анх ирэхдээ тариа будаа авсан. 21 Харьж явахдаа буудаллах газраа ирээд шуудайнхаа амыг нээж хартал аман дээр нь хүн бүрийн мөнгө яг тэр чигээрээ байсан юм. Иймээс бид тэр мөнгийг өөрсдийн биеэр буцааж өгөх гэсэн юм. 22 Бас тариа будаа авахаар мөнгө нэмж авчирсан. Шуудайнд маань хэн мөнгө хийснийг мэдэхгүй байна» гэв. 23 Тэгэхэд нь даамал: «Битгий санаа зов. Айх хэрэггүй. Та нарын мөнгийг би анх авсан. Гэхдээ танай Бурхан, эцгийн чинь Бурхан та нарын шуудайнд эрдэнэс хийжээ» гэж хэлэв. Дараа нь Симеоныг гаргаж өглөө.
24 Даамал тэднийг Иосефын гэрт оруулаад хөл угаах ус, илжгэнд нь тэжээл өгөв. 25 Тэд тэнд хоол идэхээр болсноо дуулаад Иосефыг үдэд ирэхээр нь өгөх бэлгээ бэлдэцгээлээ. 26 Иосефыг гэртээ орж ирэхэд тэд өгөх бэлгээ гэрт оруулж ирээд сөхөрч мөргөв. 27 Иосеф амар мэндийг нь асуугаад «Та нарын ярьж байсан нас өндөр эцэг тань сайн уу? Амьд сэрүүн байгаа юу?» гэхэд 28 тэд: «Таны боол, манай эцэг сайн, амьд сэрүүн байгаа» гэж хариулав. Тэгээд Иосефт мэхийн, сөхөрч мөргөлөө.
29 Иосеф эх нэгтэй дүү Бениаминаа хараад «Та нарын надад ярьж байсан отгон дүү чинь үү?» гээд «Бурхан чамайг таалалдаа багтаах болтугай, хүү минь» гэлээ. 30 Иосеф дүүгээ хараад сэтгэл нь ихэд хөдөлж, уйлах газар хайсаар яаран гарав. Тэгээд өөр өрөөнд орж уйллаа. 31 Тэрбээр нүүрээ угааж гарч ирээд сэтгэлээ барин «Хоол авчир» гэв. 32 Ингээд Иосеф ч, ах нар нь ч, тэнд байсан египетчүүд ч тусдаа хоол идэцгээжээ. Египетчүүд еврейчүүдтэй хамт хоол идэхийг жигшдэг тул хамт хоол иддэггүй байлаа.
33 Ах дүү нарыг нь Иосефын өмнө суулгахдаа ууган хүүгийн эрхтэй ууганаас нь авхуулаад отгоныг нь хүртэл насных нь дарааллаар суулгажээ. Тэд ихэд гайхан бие биеэ харав. 34 Иосеф ширээн дээрх хоолноосоо тэдний ширээ рүү зөөлгөж байсан бөгөөд Бениаминд бусдаас нь тав дахин их хувь хүртээжээ. Тэд цадталаа идэж уув.