Лукийн бичсэн сайн мэдээ
24 Тэд бэлдсэн анхилуун үнэрт ургамлаа аваад долоо хоногийн эхний өдөр* маш эрт булш руу хүрч ирэхэд 2 хадны амыг таглаж тавьсан чулууг өнхрүүлэн холдуулсан байв. 3 Ороод хартал Эзэн Есүсийн шарил байсангүй. 4 Тэднийг гайхаж ядан байтал гэрэл цацруулсан хувцастай хоёр эрэгтэй хажууд нь зогсож байв. 5 Эмэгтэйчүүд айж толгойгоо гудайлгахад нөгөө хоёр эрэгтэй: «Та нар амьд нэгнийг яагаад үхэгсдийн дунд хайна вэ? 6 Тэрээр энд байхгүй. Харин амилсан. Галилд байхдаа хэлсэн үгийг нь сана даа. 7 Хүний Хүү нүгэлт хүмүүст баригдаж шонд хадуулаад гурав дахь өдрөө амилна гэсэн шүү дээ» гэхэд 8 тэд юу гэж хэлснийг нь санажээ. 9 Тэгээд тэндээс явж, болсон бүхнийг 11 элч болон бусад дагалдагчид ярьжээ. 10 Тэр эмэгтэйчүүд бол Магдалын Мариа, Ёона, Яаковын эх Мариа байв. Тэдэнтэй хамт явсан эмэгтэйчүүд ч энэ тухай элчүүдэд хэлжээ. 11 Гэвч эмэгтэйчүүдийн яриа санаанд багтамгүй мэт санагдсан тул тэд итгэсэнгүй.
12 Харин Петр булш руу гүйж очоод тонгойж дотогш харахад маалинган даавуунаас өөр юм байсангүй. Тиймээс юу болсон юм бол гэж гайхсаар тэндээс явав.
13 Яг тэр өдөр шавь нарын хоёр нь Иерусалимаас долоо орчим бээр* зайтай Емау хэмээх тосгон руу явж байжээ. 14 Тэд болсон бүхний талаар ярилцаж явав.
15 Ийн ярилцаж явахад нь Есүс тэдэн рүү дөхөж очоод хамт алхав. 16 Гэвч тэд түүнийг танихгүй байлаа. 17 Есүс: «Та нар юун тухай ярьж явна вэ?» гэж асуухад тэд зогсов. Тэд гунигтай байлаа. 18 Клеоп гэдэг шавь түүнд «Та гаднаас ирсэн хүн үү? Та Иерусалимд байгаа мөртлөө саяхан болсон явдлын талаар ганцаараа дуулаагүй юм уу?*» гэжээ. 19 Есүс «Ямар явдал билээ?» гэхэд тэд: «Назарын Есүст хамаатай явдал. Тэр бол Бурхны өмнө, бүх ард олны өмнө үг болон үйлсээрээ хүчтэй зөнч байсан юм. 20 Харин манай ахлах тахилчид болон захирагчид түүнийг алуулахаар барьж өгсөн. Тэгээд түүнийг шонд хадсан. 21 Харин бид түүнийг Израйлыг аврах хүн мөн гэж найдаж байлаа. Түүнээс гадна, энэ бүхэн болсноос хойш гурав дахь өдөр нь болж байна. 22 Тэгтэл манай хэдэн эмэгтэй биднийг гайхахад хүргэв. Тэд үүрээр Есүсийн булш руу очиж үзээд 23 шарилыг нь олоогүй ажээ. Гэхдээ Есүсийг амьд гэж хэлсэн тэнгэрийн элчүүдийг харсныгаа буцаж ирээд бидэнд хэлсэн юм. 24 Тэгэхээр нь зарим маань булш руу очиж харахад эмэгтэйчүүдийн хэлснээр байсан. Гэхдээ Есүсийг хараагүй» гэж ярилаа.
25 Есүс тэдэнд «Юм боддоггүй, зөнчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго хүмүүс ээ! 26 Өргөмжлөгдөхийн тулд Христ эдгээр зовлонг амсах ёсгүй байсан гэж үү?» хэмээгээд 27 өөрийнх нь талаар хэлсэн бүхнийг буюу Мосе болон бүх зөнчийн бичсэнээс эхлээд Судрын бүх зүйлийг тайлбарлаж өгөв.
28 Тэд зорьж явсан хотдоо дөхөж ирэхэд Есүс цаашаа явах гэж байгаагаа харуулав. 29 Нөгөө хоёр: «Битгий яваач, нар хэдийнээ хэвийж, орой болж байна» гэж ятгахад Есүс тэдэнтэй хамт байхаар гэрт оров. 30 Тэгээд тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж, талх аваад Бурханд залбирч, тэдэнд хуваан өгөв. 31 Тэгэхэд тэд ойлгоод түүнийг Есүс гэж таньжээ. Гэвч Есүс алга болчихжээ. 32 Тэд өөр хоорондоо «Замд бидэнтэй ярилцаж, Судрыг бүрэн ойлгуулж өгөхөд сэтгэл маань догдолж байсан бус уу?» гэжээ. 33 Тэр даруй өнөөх хоёр Иерусалим руу буцаж, 11 элч болон тэдэнтэй байсан хүмүүсийг олж очиход 34 тэд: «Эзэн гарцаагүй амилжээ. Симонд үзэгдсэн байна!» хэмээн ярилцаж байв. 35 Нөгөө хоёр ч замд явахад нь юу болсныг, талх хуваахад нь Есүсийг хэрхэн таньснаа ярьж өгчээ.
36 Тэднийг ийн ярьж байтал Есүс өөрөө тэдний дунд зогсоод «Амар амгалан байх болтугай» гэжээ. 37 Харин айж гайхсан тэд хий үзэгдэл байна гэж боджээ. 38 Тэгэхээр нь Есүс: «Та нар яагаад айв? Яагаад эргэлзэв? 39 Миний гар, хөлийг хар л даа. Би байна шүү дээ. Надад хүрээд үз, намайг хар даа. Хий үзэгдэлд яс мах байдаггүй. Харин надад байгааг та нар харж байгаа биз дээ» 40 гэж хэлэнгээ гар, хөлөө үзүүлжээ. 41 Тун их баярлаж, гайхсан тэднийг итгэж ядаад байхаар нь Есүс: «Та нарт идэх юм байна уу?» гэж асуужээ. 42 Тэд хайрсан загаснаас өгөхөд 43 Есүс аваад өөрийг нь харж байсан бүх хүний өмнө идлээ.
44 Тэгээд шавь нартаа «Би та нартай хамт байхдаа миний талаар Мосегийн хуульд бичсэн, зөнчдийн хэлсэн, Дуулал номонд байдаг бүхэн заавал биелнэ гэж хэлдэг байсан» хэмээв. 45 Тэгээд Судрыг бүрэн гүйцэд ойлгодог болоход нь туслав. 46 Есүс тэдэнд «Сударт ийн тэмдэглэсэн байсан. Христ зовж, гурав дахь өдрөө амилна. 47 Мөн нүглээ гэмшвэл уучлагдана гэдгийг Иерусалимаас эхлэн бүх үндэстэнд түүний нэрээр тунхаглана. 48 Та нар энэ бүхний гэрч болох ёстой. 49 Эцгийнхээ амласныг би та нарт өгнө. Гэхдээ та нар дээрээс ирэх хүчийг автлаа хотод бай» гэжээ.
50 Есүс шавь нараа Бетан хүртэл дагуулж яваад гараа өргөн тэднийг ерөөжээ. 51 Ерөөж байхдаа тэднээс салж, тэнгэр өөд өргөгдөв. 52 Шавь нар хүндэтгэн мэхийгээд баяр хөөр болсоор Иерусалим руу буцлаа. 53 Тэгээд өдөр бүр сүм дотор Бурхныг алдаршуулж байв.