Лукийн бичсэн сайн мэдээ
1 Бат нот гэж бидний итгэдэг үйл явдлын талаар бичиж тэмдэглэхийг олон хүн оролдсон бөгөөд 2 тэдний бичиж тэмдэглэсэн нь нүдээр харсан гэрчүүд болон Бурхны үгийг тунхаглагчдаас сонссонтой маань таардаг. 3 Би ч бас энэ бүхнийг эхнээс нь нямбай судлаад эрхэм хүндэт Теофил танд дэс дараатай бичихээр шийдлээ. 4 Энэ нь сурч мэдсэн зүйлээ үнэн гэдэгт итгээсэй гэснийх юм.
5 Иудейн хаан Херодын* үед Абиагийн бүлгийн* Зехариа гэдэг тахилч байсан бөгөөд эхнэр нь Аароны удмын Елизабет гэдэг эмэгтэй ажээ. 6 Тэд Еховагийн* бүх хууль тушаалыг биелүүлдэг, Бурханд үнэнч үйлчилдэг хүмүүс байлаа. 7 Елизабет хүүсэр учир хүүхэдгүй байв. Тэгээд ч хоёулаа өтөлсөн байлаа.
8 Бүлгийнх нь ээлж болоход Зехариа Бурхны өмнө тахилчаар үйлчилж байв. 9 Ээлж нь болоход тахилчдын заншлын дагуу утлага уугиулахаар Еховагийн* сүмд орлоо. 10 Тэр үед олон хүн гадаа нь залбирч байв. 11 Тэгтэл утлага уугиулдаг тахилын ширээний баруун талд Еховагийн* тэнгэрийн элч үзэгдэхэд 12 Зехариа түүнийг хараад сандарч, ихэд айжээ. 13 Харин тэнгэрийн элч: «Зехариа, бүү ай. Яагаад гэвэл Бурхан таны гуйлтыг сонссон бөгөөд танай эхнэр Елизабет хүү төрүүлнэ. Хүүг Ёохан гэж нэрлээрэй. 14 Хүүг төрөхөд та ч их баярлана, хүмүүс ч баярлана. 15 Учир нь Ехова* танай хүүд онцгой даалгавар өгнө. Тэрээр дарс гэх зэргийн ямар ч согтоох ундаа уух ёсгүй бөгөөд эхийн хэвлийд байхаас нь Бурхан агуу хүчээ өгнө. 16 Олон израйл хүнийг Ехова* Бурхан руу нь хандуулна. 17 Эцгүүдийг хүүхэд шиг зүрх сэтгэлтэй, дуулгаваргүй хүмүүсийг зөв юм хийдэг, мэргэн ухаантай болгохын тулд Бурхны өмнө Елиа шиг хүч чадалтай явна. Ийнхүү ард түмнийг Еховагийн* төлөө бэлтгэнэ» гэж хэлэв.
18 Зехариа тэнгэрийн элчид «Таны үгэнд яаж итгэх юм бэ? Учир нь би хөгшин, эхнэр минь өтөлсөн» гэхэд 19 тэнгэрийн элч: «Би бол Бурхны дэргэд үргэлж байдаг Габриел байна. Бурхан энэ сайн мэдээг танд хэлүүлэхээр намайг илгээсэн юм. 20 Гэтэл та товлосон цагт биелэх учиртай миний үгэнд итгэсэнгүй. Тиймээс хэлсэн үг минь биелтэл та хэлгүй болно» гэж өгүүлжээ. 21 Зехариаг сүм дотор удахад хүмүүс гайхан хүлээж байлаа. 22 Тэрээр гарч ирээд ярьж чадахгүй байв. Хүмүүс түүнийг сүм дотор ер бусын үзэгдэл үзжээ гэж боджээ. Зехариа дохиж зангаж байсан ч үг хэлсэнгүй. 23 Сүмд үйлчлэх өдрөө гүйцээгээд гэртээ харьжээ.
24 Хэд хоногийн дараа эхнэр Елизабет нь жирэмсэлж, 5 сар гэрээсээ гарсангүй. 25 Тэрээр: «Ехова* намайг хойшид олны шившиг бүү болоосой гэж үүнийг миний төлөө хийжээ» гэж хэлэв.
26 Елизабетыг жирэмслээд зургаан сар болоход Бурхан тэнгэрийн элч Габриелыг Галилын Назар хот руу 27 Давидын удмын Иосеф гэдэг хүнтэй сүй тавьсан Мариа гэдэг онгон бүсгүй рүү илгээжээ. 28 Тэнгэрийн элч орж ирээд Мариад «Бурхны таалалд нийцдэг бүсгүй минь, амар байна уу? Ехова* чамтай хамт байна» гэж хэллээ. 29 Харин Мариа энэ үгийг сонсоод түгшиж, тийн мэндэлснийх нь учрыг олохыг оролдов. 30 Тиймээс тэнгэрийн элч: «Мариа, айх хэрэггүй. Яагаад гэвэл чи Бурхны таалалд нийцжээ. 31 Чи жирэмсэлж, хүү төрүүлнэ. Хүүгээ Есүс гэж нэрлээрэй. 32 Тэр агуу хүн болж, Хамгийн дээд Бурхны Хүү гэгдэнэ. Ехова* Бурхан өвөг* Давидынх нь хаан ширээг түүнд өгнө. 33 Тэрээр Хаан болж Иаковын үр удмыг үүрд захирах бөгөөд Хаант төр нь мөнхийнх юм» гэж хэлэв.
34 Харин Мариа тэнгэрийн элчид «Би эр хүнтэй хавьтаагүй учир яаж хүүхэдтэй болох юм бэ?» гэлээ. 35 Тэгэхэд тэнгэрийн элч: «Бурхны агуу хүч чам дээр бууж, Хамгийн дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх нэгэн нь ариун гэгдэнэ, Бурхны Хүү гэгдэнэ. 36 Чиний хамаатан Елизабет хүүсэр гэгдэж байсан ч хөгширсөн хойноо жирэмсэлж, хэвлийдээ хүүтэй болоод зургаан сар болж байна. 37 Яагаад гэвэл Бурхан айлдсан л бол биелүүлдэг» гэжээ. 38 Тэгэхэд Мариа: «Би бол Еховагийн* зарц охин билээ! Таны хэлснээр болог» гэхэд тэнгэрийн элч түүнийг орхин одов.
39 Тэгээд Мариа уулархаг нутгийг зорин Иудагийн нэгэн хот руу яаран явж 40 Зехариагийн гэрт орж, Елизабеттай мэндлэв. 41 Мариагийн мэндлэхийг Елизабет сонсмогц хэвлий дэх хүүхэд нь хөдөлсөн бөгөөд Елизабет Бурхны агуу хүчээр удирдуулан 42 чанга дуугаар «Чи бол хамгийн их ивээл хүртсэн эмэгтэй еэ! Төрүүлэх хүүхэд чинь ивээлтэй еэ! 43 Би хэн болоод Эзний минь эх намайг зорьж ирнэ вэ! 44 Мэндлэхийг чинь сонсмогц хэвлий дэх үр минь баярлан хөдөллөө. 45 Хэлсэн үгэнд нь итгэсэн эмэгтэй жаргалтай. Учир нь Ехова* түүнд хэлсэн бүхнээ бүрэн биелүүлнэ» гэлээ.
46 Мариа: «Би Еховаг* магтан алдаршуулна. 47 Аврагч Бурхандаа баярлахгүй байхын аргагүй. 48 Зарц охин, дорд намайг харжээ. Үүнээс хойш бүх хүн намайг ивээл хүртсэн гэх болно. 49 Учир нь Хүчит Нэгэн миний төлөө агуу үйлсийг хийв. Түүний нэр ариун билээ. 50 Өөрөөс нь эмээдэг хүмүүсийг тэрээр үеийн үед өршөөдөг. 51 Хүчит мутраараа энэ бүхнийг хийдэг. Бардам хүмүүсийг хөөдөг. 52 Эрх мэдэлтнүүдийг сэнтийнээс буулгаж, дорд хүмүүсийг өргөмжилдөг. 53 Өлссөн хүмүүсийг сайхан юмаар цатгаж, баячуудыг гар хоосон буцаадаг. 54 Амлалтаа санадгаа батлан зарц Израйлдаа тусалсан. 55 Өвөг дээдэст маань амласнаараа Абрахам болон үр удмыг нь үүрд мөнхөд энэрдэг» хэмээв. 56 Мариа Елизабеттай хамт 3 орчим сар байгаад гэртээ харилаа.
57 Елизабетын амаржих цаг болж хүү төрүүлэв. 58 Ехова* Елизабетыг ингэж их энэрснийг хөршүүд болон хамаатнууд нь дуулаад түүнтэй хамт баяр хөөр болцгоов. 59 Найм дахь өдөр нь тэд бяцхан хүүгийн хөвчийг таслахаар ирж эцгийнх нь нэрээр Зехариа гэж нэрлэх гэхэд 60 эх нь «Үгүй ээ, Ёохан гэж нэрлэнэ» гэв. 61 Тэд: «Танай хамаатнуудын дунд ийм нэртэй хүн байхгүй шүү дээ» гээд 62 хүүдээ хэн гэж нэр өгмөөр байгааг эцгээс нь дохиж занган асуув. 63 Тэгэхэд Зехариа модон самбар аваад «Ёохан гэж нэрлэнэ» хэмээн бичихэд бүгдээрээ гайхжээ. 64 Зехариа тэр даруй ярьдаг болж Бурхныг алдаршуулж эхлэв. 65 Ойр хавийнх нь бүх хүн айдаст автаж, энэ явдлын талаар Иудейн уулархаг нутаг даяар ярих болжээ. 66 Энэ тухай сонссон бүх хүн «Энэ хүүхэд ямар хүн болох бол?» гэж дотроо бодож байлаа. Учир нь Ехова* түүнтэй хамт байв.
67 Эцэг Зехариа нь Бурхны агуу хүчээр удирдуулан ийн зөгнөв. 68 «Израйлын Бурхан Ехова* магтагдах болтугай. Учир нь ард түмнээ анхаарч тэднийг аварсан. 69 Зарц Давидынхаа удмаас хүчирхэг аврагчийг* гаргаж бидэнд өгсөн. 70 Энэ тухайгаа эртний ариун зөнчдөөрөө дамжуулан айлдаж, 71 биднийг дайснуудаас, үзэн ядагчдын савраас аврахаа, 72 өвөг дээдэст маань амласнаараа биднийг энэрэхээ, ариун гэрээгээ санахаа хэлсэн. 73 Энэ бол өвөг Абрахамд маань өгсөн тангараг бөгөөд 74 энэ тангараг ёсоороо Бурхан биднийг дайсны савраас аврахад бид айж түгшилгүй, 75 үнэнч явж, насан туршдаа зөв юм хийж түүнийг шүтэх завшаан эдэлнэ. 76 Харин хүү минь чи Хамгийн дээд Бурхны зөнч гэгдэнэ. Учир нь чи Еховагийн* өмнө явж, замыг нь бэлдэнэ. 77 Бурхан ард түмнийхээ нүглийг уучилж аврах тухай мэдээ тунхаглана. 78 Учир нь бидний Бурхан өрөвч билээ. Өрөвч сэтгэл нь өглөө нар мандахтай адил бөгөөд 79 харанхуйд ба үхлийн сүүдэрт суугчдыг гэрэлтүүлж, биднийг амар тайвны замаар хөтлөх юм».
80 Хүүхэд өсөж торнин, ухаан сууж төлөвшсөөр, израйлчуудад Бурхны мэдээг тунхаглах хүртлээ цөлд амьдрав.