Бүлэг 15
Бурхныг дээдлэн хүндэлдэг гэр бүлийг цогцлон бий болгох нь
1—3. Гэр бүлийн болон хүүхэд хүмүүжүүлэхтэй холбоотой бэрхшээлүүдийг зарим хүн яагаад шийдэж чаддаггүй вэ? Үүнд Библи хэрхэн тусалж чадах вэ?
ТА ӨӨРТӨӨ байшин барихаар шийдлээ гэж бодъё. Юуны түрүүнд газар худалдаж авах хэрэгтэй болно. Тэгээд тэсгэлгүйгээр шинэ байшингаа санаандаа дүрслэн бодно. Гэтэл танд байшин барих багаж хэрэгсэл болон дадлага туршлага байхгүй бол яах вэ? Тэгвэл таны хичээл зүтгэл талаар болно оо доо!
2 Олон хос, гэр бүл болоход шаардлагатай ямар ч «багаж хэрэгсэл», дадлага туршлагагүй байж аз жаргалтай сайхан айл болно гэсэн хүсэл, итгэлтэйгээр гэрлэцгээдэг. Тийм учраас, хуримлаад удаагүй байтал янз бүрийн бэрхшээл гарч ирдэг. Хэрүүл маргаан, зодоон цохион хэвийн үзэгдэл болно. Хүүхэдтэй болмогцоо тэд эцэг эх байх үүрэгт гэр бүл болохын өмнөх шигээ муу бэлтгэгдсэнээ мэдэрдэг.
3 Гэвч, аз болоход Библи тусалж чадах юм. Түүний зарчмууд нь аз жаргалтай айл гэрийг цогцлон бий болгоход хэрэгтэй багаж хэрэгсэл лүгээ адил юм (Сургаалт үгс 24:3). Библийн зарчмууд хэрхэн тусалдгийг үзэцгээе.
АЗ ЖАРГАЛТАЙ АЙЛ ГЭРИЙГ ЦОГЦЛОН БИЙ БОЛГОХОД ХЭРЭГТЭЙ «БАГАЖ ХЭРЭГСЭЛ»
4. Гэр бүлийн дотор ямар учраас бэрхшээл бий болдог вэ? Библид ямар ямар заавар байдаг вэ?
4 Эр эм хоёр хэдийгээр таарч тохирсон юм шиг байлаа ч тэдний төрөлхийн ааш араншин, өсөж хүмүүжсэн орчин ахуй нь өөр өөр байдаг. Тийм болохоор хуримын дараа зарим нэгэн бэрхшээл зайлшгүй гарч ирдэг. Тийм бэрхшээлийг яаж шийдвэрлэх вэ? Барилгачид байшин барихдаа архитекторын зааврыг мөрдөн, зураг төслийн дагуу ажиллах ёстой. Тэгвэл аз жаргалтай айл гэрийг цогцлон барихад зориулсан зааврыг Бурхан Библиэр өгчээ. Одоо тэдгээрийн заримаас авч үзье.
5. Ханийн итгэл хадгалахын чухлыг Библи хэрхэн онцлон тэмдэглэсэн байдаг вэ?
5 Итгэлээ хадгалах. «Бурхны хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг» гэж Есүс хэлсэнa (Матай 19:6). Элч Паул: «Гэрлэлт тань бүхнээр хүндэтгэлтэй байг. Ор дэр нь ч бузартаагүй байг. Учир нь Бурхан ёс бусаар эр эм бологсод ба садар самуун үйлдэгчдийг шүүнэ» гэж бичжээ (Еврей 13:4, МБОХ, 1996). Тэгэхлээр эр эм болсон хоёр Бурхны өмнө үүрэг хүлээдэг бөгөөд бие биедээ үнэнч байх ёстой (Эхлэл 39:7—9).
6. Бие биедээ үнэнч байх нь айл гэрийг хэрхэн хамгаалж, бэхжүүлдэг вэ?
6 Эр эм хоёр бие биедээ үнэнч байх нь гэр бүлийн бат бэх байдал хийгээд нэр хүндэд тустай. Итгэлт хосууд хэн нэгэнд нь ямар нэг юм тохиолдвол нөгөө нь туслан дэмжинэ гэдэгт итгэл дүүрэн байдаг (Номлогчийн үгс 4:9—12). Анхны үл ялиг бэрхшээлийг давж чадалгүй салж сарнидаг хосуудыг бодвол тэд огт өөр билээ! Итгэл султай хүмүүс юуны түрүүнд «бид амьдралын ханиа сонгохдоо алдсан байна», «бие биедээ хайргүй болжээ», энэ байдлаас гарах цорын ганц арга бол өөр сайн хань олж авах явдал гэсэн дүгнэлтэд хүрдэг. Гэтэл тийм дүгнэлт тэднийг сэтгэлийн тэнхээтэй хүн болж өсөхөд нь саад болдог. Харин ч, итгэлгүй хүмүүс шинэ ханьдаа мөн л урьдынх шигээ бэрхшээл учруулдаг. Хэрэв хэн нэгэн хүн сайхан байшинтай байтал дээвэр нь цоорч, бороо ус гоождог болчихвол түүнийгээ засаж сэлбэхээс бус өөр байшинд нүүж орохгүй нь лавтай. Түүн шиг, ханиа солино гэдэг бол гэр бүлийн бэрхшээлийг шийдэж байгаа арга огт биш юм. Хэрэв ямар нэгэн бэрхшээл тохиолдох аваас юуны түрүүнд салж сарних тухай бодохын оронд гэр бүлээ хадгалж, хамгаалах талаар хамаг хүчээрээ чармайн оролдох хэрэгтэй. Тийн, бие биедээ үнэнч байх нь айл гэрийг хамгаалж, бэхжүүлдэг.
7. Бодол санаагаа хуваалцах асуудал ямар учраас эр эм хоёрын сул тал байдаг вэ? Гэхдээ «шинэ хүнийг өмсвөл» хэрхэн өөрчлөгдөж болох вэ?
7 Бодол санаагаа хуваалцах. Библийн нэгэн сургаал үгэнд: «Зөвлөгөө [«илэн далангүй яриа», ШЕ] дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтнэ» гэж буй (Сургаалт үгс 15:22). Гэвч, зарим гэр бүлийн хувьд бодол санаагаа хуваалцах асуудал хангалтгүй байдаг. Яагаад гэвэл хүн бүр ярих талаараа харилцан адилгүй байдаг. Ийм байдал гол төлөв нилээд ноцтой үл ойлголцол хийгээд цөхрөлд хүргэдэг. Үүний буруу нь хүмүүжлийн орчин байж болох юм. Жишээ нь: Зарим хүүхэд эцэг эх нь байнга хэрүүл уруултай байдаг орчинд өсдөг. Тийм орчинд өсөж, хүмүүжсэн хүүхэд том болоод, гэрлэхээрээ хань ижилтэйгээ эелдэг зөөлнөөр аятайхан ярьж, харьцаж чаддаггүй. Тэгэвч, танай гэр «хэрүүл уруултай гэр» болон уруудан доройтож болохгүй (Сургаалт үгс 17:1). Библи «шинэ хүнийг өөртөө өмсөхийг» онцлон тэмдэглэдэг бөгөөд энэ нь уур хилэн, шуугиан ба хараал зүхэлд байр үлдээдэггүй (Ефес 4:22—24, 31).
8. Санал зөрөлдвөл юу тус болж болох вэ?
8 Санал зөрөлдвөл яах вэ? Хэрэв байдал хурцдаад ирвэл юуны түрүүнд «Сургаалт үгс» номын 17:14-т бичсэн: «Даамжрахаас нь өмнө хэрүүлийг зогсоогтун» гэсэн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Тийм ээ, хоёр биеэ тайвширтал маргаанаа түр хойшлуулж болно шүү дээ (Номлогчийн үгс 3:1, 7). Ямар ч тохиолдолд «сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэндээ хойрго байхыг» хичээх хэрэгтэй (Иаков 1:19). Маргаанд ялна гэж зүтгэхийн оронд асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэхийг хичээх нь чухал (Эхлэл 13:8, 9). Өөрийгөө болон хань ижлээ тайвшруулах үг хэллэг сонгож хэрэглэхийг хичээгээрэй (Сургаалт үгс 12:18; 15:1, 4; 29:11). Түүнээс гадна, бие биедээ уур гомдол хадгалж явахын оронд Бурхнаас тусламж эрэн, хамтдаа хүлцэнгүйгээр залбирах хэрэгтэй (Ефес 4:26, 27; 6:18).
9. Нөхөр эхнэр хоёр бодол санаагаа амжилттай хуваалцахын түлхүүр зүрх сэтгэлд байдаг гэж хэлж болохын учир юу вэ?
9 Библийн сургаал үгэнд: «Мэргэн хүний зүрх амаа сургадаг бөгөөд уруулдаа ятгалгыг нэмдэг» гэж байдаг (Сургаалт үгс 16:23). Үнэндээ, нөхөр эхнэр хоёр бодол санаагаа амжилттай хуваалцахын түлхүүр нь зүрх сэтгэлд байхаас бус аманд байдаггүй. Та ханьдаа хэрхэн ханддаг вэ? Христиануудыг «өрөвчхөн» (ШЕ) байхыг Библи зөвлөдөг (1 Петр 3:8). Хань тань ямар нэгэн юмнаас болоод маш ихээр хямарвал та түүнд өрөвдөх сэтгэлээр хандаж чадах уу? Хэрэв тийм бол та хэлэх үгээ зөв сонгож чадна (Исаиа 50:4).
10, 11. Эр нөхөр нь 1 Петр 3:7-ийн зөвлөгөөг яаж хэрэглэж болох вэ?
10 Үнэлж, хүндэтгэх. Христиан эрчүүд эхнэрээ «хэврэгхэн сав суулга мэт үнэлж, мэдлэгийн дагуу» амьдрах ёстой (1 Петр 3:7, ШЕ). Эхнэртэйгээ «мэдлэгийн дагуу» амьдардаг эр нөхөр бол эхнэрийнхээ сэтгэлийн хөдлөл, хүч чадал, оюун ухаан хийгээд сайн чанаруудыг харгалзан үздэг. Тэрчлэн, Ехова өөрөө эмэгтэйчүүдэд хэрхэн ханддаг хийгээд энэ тухайд бусдаас юу шаарддагийг эрчүүд мэдэхийг хичээх ёстой.
11 Танайх ихэд эрхэмлэн хайрладаг, хэврэгхэн ваар савтай байлаа гэж бодъё. Тэгвэл та түүнд онцгой болгоомжтой хандахгүй гэж үү? Тийм утгаар Петр «хэврэгхэн сав суулга» гэдэг үг хэллэгийг хэрэглэсэн бөгөөд энэ нь христиан нөхрүүд эхнэртээ ялдам зөөлөн, хайр халамжтай хандахад түлхэц болох ёстой.
12. Эхнэр нь нөхөртөө хүндэтгэл хэрхэн үзүүлж болох вэ?
12 Гэвч, Библи эхнэрүүдэд юу зөвлөдөг вэ? Элч Паул: «Эхнэр нь нөхрөө хүндэтгэх ёстой» гэж бичжээ (Ефес 5:33, ШГ). Эхнэрт эр нөхрийн ялдам зөөлөн хайр хүндэтгэл хэрэгтэйн адил нөхөрт эхнэрийн хүндэтгэл хэрэгтэй. Нөхрөө хүндэтгэдэг эхнэр бол нөхөр нь христиан байна уу, үгүй юү гэдгээс үл хамааран, алдаа дутагдлынх нь талаар хошуу худалддаггүй. Мөн тийм эхнэр нөхрөө нүүрэн дээр нь юм уу хүмүүсийн дунд шүүмжлэн басамжилж, сайн талыг нь үгүйсгэдэггүй (1 Тимот 3:11; 5:13).
13. Бодол санаагаа яаж тайван илэрхийлж болох вэ?
13 Энэ бол эхнэр хүн бодол санаагаа илэрхийлж болохгүй гэсэн үг биш ээ. Хэрэв ямар нэг зүйлд санаа зовж байгаа бол тэр тухайгаа аятайхнаар хэлж болно (Эхлэл 21:9—12). Нөхөртөө санаагаа хэлэх нь түүнд бөмбөг шидэж өгч байгаатай адил юм. Нөхөр нь бөмбөгийг түвэггүй бариад авчихаар зөөлхөн хаяж өгөх юм уу, эсвэл өвдөж хорстол нь хамаг хүчээрээ шидэж өгч болно. Хэрэв амраг хос бие биедээ буруу өгөхөөс зайлсхийж, өөр хоорондоо тайван намуун, нөхөрсөг дотно ярилцдаг бол юутай сайн байхсан билээ! (Матай 7:12; Колоссай 4:6; 1 Петр 3:3, 4).
14. Хэрэв хань тань Библийн зөвлөгөөг авах хүсэлгүй байвал та яах ёстой вэ?
14 Бидний үзсэнээр Библийн зарчмууд нь аз жаргалтай айл гэрийг цогцлон байгуулахад тусалдаг байна. Гэтэл, таны хань Библи юу хэлдгийг үл хайхардаг бол яах вэ? Ямар ч байлаа гэсэн Бурхны тухай мэдлэгийг та өөрөө хэрхэн хүлээж авч байгаагаас их зүйл шалтгаална. «Эхнэрүүд ээ, та нар нөхөртөө захирагд. Ингэх нь нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн, тэд үггүйгээр, эхнэрүүдийнхээ биеэ авч явах байдлаар аврагдана. Тэд та нарын журамт байдал болоод эелдэг зан байдлыг чинь ажиглана шүү дээ» гэж Петр бичжээ (1 Петр 3:1, 2). Мэдээжээр энэ нь Библид хайхрамжгүй ханддаг эхнэртэй хүмүүсийн тухайд ч адилхан хамаатай. Хань тань биеэ яаж ч авч явдаг байлаа гэсэн Библийн зарчмууд таныг сайн тал уруу өөрчилсөн байх хэрэгтэй. Тэрчлэн Бурхны тухай мэдлэг таныг сайн эцэг эх болгож чадна.
ХҮҮХДҮҮДЭЭ БУРХНЫ ТУХАЙ МЭДЛЭГИЙН ДАГУУ ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХ НЬ
15. Хүмүүжлийн зөв бус арга ямар учраас заримдаа үеэс үед дамждаг вэ? Энэ хэлхээг хэрхэн тасалж болох вэ?
15 Хүн хөрөө юм уу алхтай байснаар сайн мужаан болчихгүй. Түүн лүгээ адил хүүхэдтэй л болчихвол туршлагатай эцэг эх болчихож байгаа хэрэг биш. Гол төлөв эцэг эхчүүд өөрсдөө яаж хүмүүжсэн тэр аргаараа хүүхдүүдээ хүмүүжүүлдэг. Тийнхүү хүмүүжлийн зөв бус арга үеэс үед дамждаг аж. Эртний еврейн зүйр үгэнд: «Эцгүүд нь гашуун усан үзмийг идэж, харин хүүхдүүдийнх нь шүд мохно» гэж байдаг. Гэвч, хүн эцэг эхийнхээ явсан замаар замнах албагүй гэдгийг Ариун Судар илэрхийлэн хэлдэг. Харин тэрбээр Еховагийн хуульд тохирсон өөр зам сонгож болно (Езекиел 18:2, 14, 17).
16. Гэр бүлийнхнийгээ анхааралдаа авах нь ямар учраас чухал бэ? Үүнд юу юу ордог вэ?
16 Ехова христиан эцэг эхчүүдээс хүүхдүүдээ зөв удирдаж, тэдэнд зохих ёсны анхаарал халамж тавьж байхыг хүсдэг. «Хэрэв хэн нэг нь өөрийнхнийгөө, ялангуяа төрсөн гэр бүлийнхээ хүмүүсийг тэтгэхгүй байвал тэр хүн итгэлийг үгүйсгэсэн хэрэг болох бөгөөд итгэгч бус хүнээс ч бүр дор юм» гэж Паул бичжээ (1 Тимот 5:8). Ямар хүчтэй үг вэ! Бурхнаа дээдэлдэг хүмүүсийн хувьд үр хүүхдийнхээ сэтгэл санаа, бие махбодын болон сүнслэг хэрэгцээг анхааралдаа авна гэдэг бол асар их хариуцлагатай бөгөөд нэр төртэй хэрэг юм. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх гайхамшигтай сайхан орчин бүрдүүлэхэд нь эцэг эхчүүдэд туслах зарчмууд Библид байдаг. Тэдгээрийн заримаас авч үзье.
17. Хүүхдүүд тань Бурхны хуулийг зүрх сэтгэлээрээ хүлээн авахад юу хэрэгтэй вэ?
17 Сайн жишээ үзүүлэх. Израиль эцэг эхчүүд «Хөвгүүддээ [Бурхны үгийг] хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай» гэсэн тушаалтай байв. Эцэг эх нь хүүхдүүддээ Еховагийн хуулийг заах ёстой байлаа. Энэхүү тушаал: «Өнөөдөр Миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлга» гэсэн үгээр эхэлдэг (Дэд хууль 6:6, 7). Тийм ээ, эцэг эхчүүд өөрсдөдөө байхгүй зүйлийг хүүхдүүддээ өгч чадахгүй. Хэрэв та нар Бурхны хуулийг хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлд шингээхийг хүсэж байгаа бол юуны түрүүнд түүнийг өөрсдийнхөө зүрх сэтгэлд шингээх талаар санаа тавих хэрэгтэй (Сургаалт үгс 20:7; Лук 6:40-тэй харьцуулна уу).
18. Ехова эцэг эхчүүдэд хайраа илэрхийлэх ямар гайхамшигтай жишээ үзүүлсэн бэ?
18 Хайраа илэрхийлэх. Есүсийг баптисм хүртэх үед Ехова: «Чи Миний хайртай Хүү билээ. Чамд Миний таалал оршдог» хэмээн зарлан тунхагласан (Лук 3:22). Тийнхүү Ехова Хүүгээ хүлээн зөвшөөрч, түүний үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа ил тод хэлж, хайртай гэдгээ батлан илэрхийлсэн. Хожим Есүс Эцэгтээ хандан: «Ертөнцийн сууриас өмнө Та Намайг хайрласан» гэж хэлсэн (Иохан 17:24). Тийм учраас Бурхнаа дээдэлдэг эцэг эхийн хувьд та нар хүүхдүүддээ ичиж зоволгүйгээр хайраа илэрхийлж, таалж энхрийлэхийг хичээх хэрэгтэй бөгөөд үүнийг аль болохоор байнга хийгээрэй. «Хайр хэлбэржүүлдэг» гэдгийг цаг үргэлж санаж яваарай (1 Коринт 8:1, ШЕ).
19, 20. Хүүхдийг сахилгажуулах зөв зохистой аргад юу юу ордог вэ? Эцэг эхчүүд Еховагийн жишээнээс юуг тусган авч болох вэ?
19 Сахилгажуулах. Библид хайрын үүднээс сахилгажуулахын чухлыг онцлон тэмдэглэсэн байдаг (Сургаалт үгс 1:8). Өнөөдөр хүүхдээ сурган хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа эцэг эхчүүд маргааш гунигт үр амсах нь эргэлзээгүй. Гэхдээ эцэг эхчүүд өөр туйлшралаас болгоомжлох хэрэгтэй. «Эцгүүд ээ, хүүхдийнхээ сэтгэлийг мохоохгүйн тулд тэднийг бүү уурлуул» хэмээн Паул бичжээ (Колоссай 3:21). Эцэг эхчүүд цаг үргэлж зааж зааварлах юм уу хэтэрхий үглэж янших, эсвэл хүүхдийнхээ хүчин чармайлтыг хайхрахгүй байх зэргээс зайлсхийдэг байх ёстой.
20 Сахилгажуулах асуудлаар тэнгэрийн эцэг Ехова Бурхан маань төгс жишээ өгдөг. Тэрбээр засаж залруулахдаа хэзээ ч туйлширдаггүй. Бурхан өөрийн ард түмэнд хандан: «Би чамайг зохистойгоор засна» гэж хэлсэн (Иеремиа 46:28). Энэ асуудал дээр эцэг эхчүүд Еховаг дуурайх ёстой. Ухаалаг хэмжээ хязгаараас хэтэрч, засаж залруулах, сурган хүмүүжүүлэх зорилгоосоо гажсан сахилга батын арга хэмжээ хүүхдийн уурыг хүргэх нь мэдээж.
21. Шийтгэлийн арга хэмжээ нь үр дүнтэй байгаа эсэхийг эцэг эхчүүд хэрхэн мэдэж болох вэ?
21 Эцэг эхчүүд өөрсдийнхөө шийтгэлийн арга хэмжээний үр дүнтэй байгаа эсэхийг хэрхэн мэдэж болох вэ? «Шийтгэлийн арга хэмжээ минь ямар үр дүнд хүргэв?» гэж өөрсдөөсөө асууж болох юм. Энэ арга нь сургамж болсон байх ёстой. Таны хүүхэд юунаас болж шийтгүүлж байгаагаа ойлгох ёстой. Тэрчлэн эцэг эхүүд шийтгэлийнхээ үр дагаврыг урьдчилан харсан байх ёстой. Эхлээд, сахилга батын арга хэмжээ авахуулсан бараг бүх хүүхдийн уур хүрдэг нь мэдээж (Еврей 12:11). Гэхдээ сахилга батын арга хэмжээ нь хүүхдийг хэзээ ч аймхай болгох ёсгүй бөгөөд түүнийг үзэн ядаж байгаа юм уу, эсвэл угийн хэцүү хүүхэд гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц байж болохгүй. Өөрийн ард түмнийг засаж залруулахын өмнө Ехова: «Бүү ай... Учир нь Би чамтай хамт» гэж хэлжээ (Иеремиа 46:28). Тийм ээ, өөрсдийг нь хайрладаг бөгөөд тэдний төлөө санаа тавьж байдаг гэдгээ хүүхдүүддээ ойлгуулах зорилгоор сахилга батын арга хэмжээ авах ёстой.
«МЭРГЭН ЗӨВЛӨГӨӨГ» АВАХ НЬ
22, 23. Аз жаргалтай айл гэр цогцлон байгуулахад хэрэгтэй удирдлагыг та хэрхэн олж болох вэ?
22 Жаргалтай айл гэр цогцлон байгуулахад шаардлагатай «багаж хэрэгсэл» өгснийх нь төлөө бид Еховад талархаж болох юм. Гэвч энэ багаж хэрэгслийг зүгээр л нэг эзэмших нь хангалттай бус. Үүнийг зөв хэрэглэх ёстой. Багаж хэрэгсэлтэйгээ буруу харьцдаг буюу эсвэл түүнийг ерөөсөө хэрэглэдэггүй барилгачинг жишээ болгон авъя л даа. Тийм хүнээс сайн юм горьдсоны хэрэггүй л болов уу. Одоо та гэр бүлийнхээ дотор байдаг дутагдлыг анзаарч болох юм. Магадгүй тэдгээрийн заримаас тийм ч амархан салж чадахгүй байж болно. Тэглээ ч, «мэргэн нэгэн нь сонсож, мэдлэгээ тэлэх, ухаалаг нэгэн нь мэргэн зөвлөгөөг авах» хэрэгтэй гэсэн Библийн зөвлөгөөг мөрдөх хэрэгтэй (Сургаалт үгс 1:5).
23 Хэрэв та Бурхны тухай мэдлэгийг үргэлжлүүлэн судлах аваас мэргэн зөвлөгөөг авч болно. Гэр бүлийн амьдралтай холбоотой Библийн зарчмуудад анхаарлаа хандуулж, шаардлагатай бол өөрчлөгдөөрэй. Сайн эцэг эх, сайн нөхөр эхнэр гэдгээ харуулдаг төлөвшсөн христиануудаас жишээ аваарай. Тэдэнтэй ярилцаарай. Түүнээс гадна гэр бүлийнхээ бэрхшээлийн талаар Еховад залбирч хэлээрэй (Дуулал 55:22; Филиппой 4:6, 7). Тэрбээр өөрийг нь дээдлэн хүндэлдэг аз жаргалтай гэр бүлийг бий болгоход тань танд тусална.
[Зүүлт]
a Гэр бүлээсээ салж, дахин өөр хүнтэй гэрлэж болох Библийн үндэстэй цорын ганц нөхцөл бол «садар самуун» буюу гэр бүлийн гадуурх бэлгийн харьцаа юм (Матай 19:9).
МЭДЛЭГЭЭ ШАЛГАНА УУ
Итгэлээ хадгалах, бодол санаагаа хуваалцах, үнэлж, хүндэтгэх зэрэг нь айл гэрийг яаж аз жаргалтай болгодог вэ?
Эцэг эхчүүд хүүхдүүддээ хайраа хэрхэн илэрхийлэх вэ?
Зөв зохистой сахилга батын арга хэмжээнд юу юу ордог вэ?
[147-р хуудасны зураг]