Зөгнөлийн ном
Хүмүүс ирээдүйг сонирхдог. Цаг агаарын мэдээнээс өгсүүлээд эдийн засгийн үзүүлэлт гээд олон юмны талаар үнэн зөв мэдээлэл урьдчилж авахыг эрмэлздэг. Гэхдээ олж авсан тэр мэдээлэлдээ тулгуурлан үйл ажиллагаа явуулаад урам хугарах нь олонтаа. Библид урьдчилсан мэдээ буюу зөгнөл олон бий. Тэр зөгнөлүүд хэр нарийн зөв байдаг бол? Үйл явдлыг болохоос нь өмнө бичсэн мэдээ мөн үү? Эсвэл болоод өнгөрсөн түүхийг зөгнөл хэмээн нэрийдэв үү?
РОМЫН улс төрийн зүтгэлтэн Катон (МЭӨ 234—149): «Нэг үзмэрч нөгөөгөө хараад яаж инээдээ барьж чаддаг юм бол гэж би их гайхдаг» гэсэн гэдэг.1 Үнэндээ, өнөөдөр ч гэсэн мэргэ төлөгч, зурхайч, үзмэрчдэд эргэлздэг хүн олон. Тэдний урьдчилан хэлсэн зүйл их бүрхэг бөгөөд олон янзын тайлбартай байдаг.
Тэгвэл Библийн зөгнөлийн тухайд юу хэлж болох вэ? Эргэлзэх шалтгаан бий юү? Эсвэл итгэх үндэс байна уу?
Баримтад тулгуурласан таамаглал төдий биш
Эрдэмтэн мэргэд илт мэдэгдэж буй чиг хандлагад үндэслэн ирээдүйн талаар ортой таамаглал дэвшүүлэхийг оролддог байж болох юм. Гэвч тэр бүр таараад байдаггүй. Нэгэн номд: «Аль ч нийгэм ирээдүйд болж болзошгүй төдийгүй, бас болж мэдэх өөр асар олон үйл явдлын хийгээд болоосой гэж хүсдэг үйл явдлуудын зөрчилтэй тулгардаг» хэмээн тэмдэглэсэн байна («Future shock»). Тэгээд цааш нь: «Мэдээж, ирээдүйг хэн ч бүрэн төгс „мэдэж“ чадахгүй. Бид зөвхөн таамаглалаа цэгцэлж, лавшруулж, хэр зэрэг үнэн магадтайг тодорхойлохыг оролдож л чадна» гэжээ.2
Гэвч Библийг бичигчид ирээдүйн тухай «таамаглал» «хэр зэрэг үнэн магадтайг» зүгээр нэг «тодорхойлоогүй». Түүнчлэн, тэдний урьдчилан хэлсэн мэдээг олон янзын тайлбартай бүрхэг зүйл мэтээр үл тоомсорлож болохгүй. Харин ч тэд олонх зөгнөлийг гайхалтай тодорхой, ер бусын нарийн зөв хэлсэн бөгөөд санаснаас тэс ондоо зүйлийг зөгнөсөн байх нь олонтаа. Библи эртний Вавилон хотын тухай юу гэж урьдчилан хэлсэн байдгийг жишээ болгон авъя.
«Устгагч шүүрээр цэвэрлэгдэнэ»
Эртний Вавилон «хаанчлалуудын чимэг» болсон байв (Исаиа 13:19). Өргөн уудам хөндийд байдаг энэ хот Өрнө Дорныг холбосон эх газар, далайн худалдааны бааз болж, Персийн булангаас Газрын дундад тэнгис хүртэлх худалдааны зам дээр стратегийн ашигтай байрлал эзлэн оршдог байжээ.
МЭӨ VII зууны үед Вавилоны эзэнт гүрний нийслэл Вавилон хот юунд ч дийлдэшгүй мэт санагдахаар байв. Евфрат мөрөн хотын дундуур урсдаг агаад вавилончууд мөрний усыг өргөн, гүн шуудуу болон сувгийн сүлжээнд ашигладаг байжээ. Түүнээс гадна, хот олон тооны хамгаалалтын цамхаг бүхий давхар хэрмэн бэхлэлттэй байв. Тийм болохоор, хотын оршин суугчдад бүрэн аюулгүй мэт санагддаг байсанд гайхах явдалгүй юм.
Гэвч Вавилоныг алдрынхаа оргилд хүрэхээс өмнө, МЭӨ VIII зуунд зөнч Исаиа Вавилоныг «устгагч шүүрээр цэвэрлэгдэнэ» гэж зөгнөсөн (Исаиа 13:19; 14:22, 23). Яг ямар байдалтай сүйрэхийг нь ч бас хэлжээ. Булаан эзлэгчид довтлоход саадгүй болгохын тулд Вавилоны шуудуун хамгаалалтын эх үүсвэр болж байсан мөрний усыг «ширгээх» байв. Түүгээр ч барахгүй, Исаиа «дааман хаалганууд нь үл хаагдахын тулд өмнө нь хаалганууд дэлгэгдсэн» тэрхүү булаан эзлэгчийн нэрийг Персийн их хаан «Кореш» (түүхэнд Кир нэрээр алдаршсан) гэж урьдчилан хэлсэн (Исаиа 44:27—45:2).
Ийнхүү зөгнөсөн нь ихээхэн зүрх зориг гаргасан хэрэг байв. Харин энэ зөгнөл үнэхээр биелсэн болов уу? Үүнд түүх хариулдаг.
«Тулалдалгүйгээр»
Исаиаг зөгнөлөө бичсэнээс хойш хоёр зууны дараа, МЭӨ 539 оны аравдугаар сарын 5-ны шөнө Миди болон Персийн цэрэг Их Кирийн удирдлага дор Вавилоны дэргэд буудаллажээ. Харин вавилончууд өөртөө итгэлтэй байв. Грекийн түүхч Геродотын (МЭӨ V зуун) хэлснээр тэд олон жилийн хүнсний нөөцтэй байжээ.3 Мөн Евфрат мөрөн болон Вавилоны хүчирхэг хэрэм хамгаалалт болж байлаа. Гэсэн хэдий ч Набонидын он дарааллын бичигт тэмдэглэснээр, яг тэр шөнө «Кирийн цэрэг тулалдалгүйгээр Вавилон уруу оржээ».4 Яаж ингэж чадсан бэ?
Хотын дотор хүмүүс «баяр тэмдэглэн бүжиглэж, наргиж цэнгэж байсан» гэж Геродот тайлбарлажээ.5 Харин хотын гадна талд Кир Евфрат мөрний урсгалыг өөрчилж байв. Усны түвшин доошилмогц түүний цэргүүд голын голдрил даган, ташаагаар татсан ус туулан гараад, асар өндөр хэрмийн хажуугаар цувран өнгөрч, анхааралгүй орхисон хаалга буюу, Геродотын хэлснээр, «гол дээр нээгдсэн хаалгаар» орсон байна.6 (Даниел 5:1—4; Иеремиа 50:24; 51:31, 32-той харьцуулна уу.) Кирийн удирдлага дор Вавилон гэнэт эзлэгдсэнийг Ксенофонт (ойр. МЭӨ 431—352) зэрэг бусад түүхчид болон археологичдын олсон шаантаг бичигтэй хавтангууд баталдаг.7
Вавилоны тухай Исаиагийн зөгнөл ийнхүү биелжээ. Эсвэл энэ нь зөгнөл биш байсан уу? Уг үйл явдлыг урьдчилж хэлсэн бус, харин болсных нь дараа бичсэн юм биш үү? Чухамдаа Библийн бусад зөгнөлийн талаар ч яг ийм асуулт тавьж болохоор байдаг.
Түүхийг зөгнөл хэмээн нэрийдсэн үү?
Хэрэв Исаиа мэтийн Библийн зөнчид түүхийг зүгээр л зөгнөл хэлбэртэй болгоод биччихсэн бол тэднийг уран мэхлэгчид гэхээс өөр яах вэ. Гэтэл тэд юуны учир ийн мэхэлсэн байж таарах вэ? Жинхэнэ зөнчид ямар ч хээл хахуульд автахгүй гэдгээ мэдэгдэж байсан шүү дээ (1 Самуел 12:3; Даниел 5:17). Мөн бид өмнө нь Библийг бичигчид (олон хүн зөнч байсан) өөрсдийнхөө хийсэн, ичиж зовмоор алдаа дутагдлыг хүртэл илчлэхэд бэлэн, найдвартай хүмүүс байсан тухай баттай баримтуудыг авч үзсэн билээ. Тийм хүмүүс түүхийг зөгнөл болгон хувиргаж, санаатайгаар хууран мэхэлсэн гэхэд итгэмгүй.
Бас өөр нэг зүйлийг анхаарууштай. Библийн зөнчид олон зөгнөлдөө ард түмнээ, тэр дундаа шашны болон улс төрийн удирдагчдаа эрс буруушаасан байдаг. Жишээлбэл, Исаиа тухайн үеийнхээ Израилийн эрх баригчдыг ч, ард түмнийг ч ёс суртахууны завхралд орсныг зэмлэн буруушаасан (Исаиа 1:2—10). Шашны удирдагчдын үйлдсэн нүглийг зоригтой илчилсэн зөнчид ч бас бий (Зефаниа 3:4; Малахи 2:1—9). Тэд яах гэж элэг нэгтнүүдээ хатуу зэмлэсэн зөгнөл санаанаасаа зохиох болов, шашны удирдагчид яагаад тэдэнтэй хуйвалдаж, ард түмнийг залилах болов гэдгийг ойлгоход бэрх.
Түүнээс гадна, тэд ердөө л зальт этгээдүүд байсан юм бол яаж бүх хүнийг хуурч чадав аа? Израильд бичиг үсэг мэдэх явдлыг хөхүүлэн дэмждэг байжээ. Хүүхдүүд нь бүр багаасаа уншиж, бичихийг заалгадаг байсан (Дэд хууль 6:6—9). Хүн бүрийг бие даан Библи уншихыг уриалдаг байв (Дуулал 1:2). Синагогт амралтын өдөр бүр олон нийтэд Библиэс уншиж өгдөг байжээ (Үйлс 15:21). Библийг маш сайн мэддэг, бичиг үсэгтэй хүмүүс ийм тоглоомд хууртсан гэхэд нэг л итгэмээргүй.
Үүний хажуугаар, Вавилоны уналтын тухай Исаиагийн зөгнөлд бас өөр юм байна. Энд зөгнөл биелснээс хойш бичиж авах боломжгүй нарийн ширийн зүйл бий.
«Хэзээ ч тэнд хүн оршин сууж, амьдрахгүй»
Вавилоныг мөхсөний дараа тэнд юу болох байсан бэ? Исаиа: «Үеийн үед хэзээ ч тэнд хүн оршин сууж, амьдрахгүй. Тэнд арабууд майхнаа барихгүй, хоньчид сүргээ хотлуулахгүй» хэмээн зөгнөжээ (Исаиа 13:20). Тийм таатай байрлалтай хотыг үүрд эзгүйрнэ гэж зөгнөхлөөр, ядаж л хачин жигтэй санагдмаар. Исаиа Вавилоны сүйрлийг үзчихээд, дараа нь энэ үгээ бичсэн байж болох уу?
Вавилоныг Кирт эзлэгдсэнээс хойш нэлээд хэдэн зууны турш цөөн ч атугай хүн тэнд оршин суусаар байсан. Сөнөсөн тэнгисийн орчмоос олдсон хуйлмал бичиг дотор МЭӨ II зууны үед хамаарах «Исаиа» номын хуулбар бүтнээрээ байсныг эргэн саная. Уг хуулбарыг хийсэн тэр үеийн орчим парфянууд Вавилоныг гартаа оруулсан аж. МЭ I зуунд Вавилонд иудейчүүдийн суурин байсан бөгөөд Библийг бичигч Петр тэнд очиж байжээ (1 Петр 5:13). Сөнөсөн тэнгисийн орчмоос олдсон «Исаиа» номын хуулбар тэр үед бараг хоёр зууныг элээчихсэн байв. Тийнхүү МЭ I зуунд Вавилон бүрэн эзгүйрээгүй хэвээр байх үед «Исаиа» номын эх хамаагүй өмнө бичигдчихсэн байжээ.a
Урьдчилан зөгнөсөн ёсоор, Вавилон эцэстээ чулуун «овоо» л болж хоцорсон (Иеремиа 51:37). Еврей эрдэмтэн Иеронимын (МЭ IV зуун) хэлсэнчлэн, түүний үед Вавилон нь «зүйл бүрийн араатан амьтан» хэрсэн ангийн нутаг байжээ.9 Тэнд одоо ч эзгүй зэлүүд хэвээрээ байна.
Вавилоныг эзгүйрэх үед Исаиа хэдийнээ нас барсан байлаа. Цагтаа хүчирхэг байсан энэ хотын балгас өнөөгийн Ирак улсын нийслэл Багдад хотоос урагш 80 орчим километрт байдаг бөгөөд «хэзээ ч тэнд хүн оршин сууж, амьдрахгүй» хэмээн хэлсэн Исаиагийн үгийн биелж буйг чимээгүйхэн гэрчилсээр байна. Жуулчдыг татах зорилгоор Вавилоныг сэргээн босгож болох боловч Вавилоны «үр удам ба хойч үе» үүрд үгүй болсон (Исаиа 13:20; 14:22, 23).
Тийнхүү зөнч Исаиа ирээдүйн ямар ч үйл явдалд таарч болох бүрхэг зүйлийг урьдчилан хэлээгүй юм. Түүнчлэн, түүхийг зөгнөл болгон бичээгүй билээ. Тэгэхлээр, мэхлэгч этгээд яах гэж хүчирхэг Вавилонд дахин хэзээ ч хүн амьтан амьдрахгүй хэмээн өөрөөс нь огт хамаарахгүй зүйлийг «зөгнөж», азаа үзсэн байж болохыг бодоод үз дээ.
Вавилоны уналтын тухай зөгнөл бол Библийн ганц л жишээ юм.b Библи хүнээс дээд эх сурвалжаас гаралтайн нотолгоог олон хүн зөгнөл нь хэрхэн биелснээс хардаг. Та зөгнөлийн энэ номыг, ядаж л, судалж үзэх хэрэгтэй гэдэгтэй санал нийлэх болов уу. Нэг зүйл тодорхой байна. Энэ нь юу вэ гэвэл, орчин үеийн үзмэрчдийн хэлсэн бүрхэг хэрнээ дуулиантай таамаглал хийгээд Библийн тодорхой, үнэмшилтэй, нарийн зөв зөгнөл хоорондоо асар том ялгаатай.
[Зүүлт]
a Еврей Судрын номууд, тэр дундаа «Исаиа» ном МЭ I зуунаас хавьгүй урьд бичигдсэн тухай баттай нотолгоо байдаг. Түүхч Иосеф (МЭ I зуун) Еврей Судрыг өөрийнх нь амьдарч байсан цаг үеэс бүр өмнө бичигдсэнийг тэмдэглэжээ.8 Түүнчлэн, Еврей Судрын грек орчуулга болох «Септуагинт»-ыг МЭӨ III зуунд орчуулж эхлээд МЭӨ II зуун гэхэд дуусгажээ.
b Библийн зөгнөлүүд болон тэдгээрийн биелснийг батлах түүхийн баримтуудын талаарх нэмэлт мэдээллийг Еховагийн Гэрчүүдийн хэвлэсэн «Библи Бурхны үг үү, хүний үг үү?» номын 117—133-р хуудаснаас үзнэ үү (англи).
[28-р хуудасны товчлол]
Библи бичигчид алдаа мадаггүй зөгнөдөг зөнчид байсан уу эсвэл уран мэхлэгчид байсан уу?
[29-р хуудасны зураг]
Эртний Вавилоны балгас