БҮЛЭГ 3
Дэлхийн талаарх Бурхны санаа зорилго
Хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилго юу вэ?
Бурхны анхны дайсан хэрхэн бий болсон бэ?
Ирээдүйд амьдрал ямар болох вэ?
1. Дэлхийн талаар Бурхан ямар санаа зорилготой байсан бэ?
ДЭЛХИЙН талаарх Бурхны санаа зорилго үнэхээр гайхамшигтай. Тэрээр дэлхий дээр аз жаргалтай, эрүүл чийрэг хүмүүс амьдраасай гэж хүсдэг. Ехова «Еденд цэцэрлэг» буюу диваажин байгуулаад, «тэнд янз бүрийн модыг ургуулсан нь харахад үзэсгэлэнтэй, идэхэд сайхан байв» гэж Библид бичсэн байдаг. Бурхан анхны хос Адам Ева хоёрыг бүтээж, диваажинд суулгаад, тэдэнд «Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш!» хэмээн тушаажээ (Эхлэл 1:28; 2:8, 9, 15). Эндээс, Ехова Бурхан хүмүүсийг үр хүүхэд төрүүлж, ан амьтдыг арчлан маллаж, диваажин гэрээ дэлхий даяар өргөжүүлэн тэлээсэй гэж хүсэж байсан нь харагдаж байна.
2. а) Бурхан дэлхийн талаарх санаа зорилгоо биелүүлнэ гэдгийг бид хаанаас мэддэг вэ? б) Библид бичсэнээр, ямар хүмүүс мөнх амьдрах вэ?
2 Хүмүүсийг диваажинд амьдруулах Еховагийн санаа зорилго хэзээ нэгэн цагт биелнэ гэж та боддог уу? «Үнэхээр Би айлдсан. Үүнийгээ Би заавал гүйцэтгэнэ» гэж Бурхан амлажээ (Исаиа 46:9–11; 55:11). Тийм ээ, Ехова санаа зорилгоо заавал биелүүлнэ. Тэрээр «газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөд хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн» билээ (Исаиа 45:18). Тэгвэл Бурхан дэлхий дээр ямар хүмүүсийг, хэр удаан амьдраасай гэж хүсдэг вэ? Энэ асуултад Библи: «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» гэж хариулдаг (Дуулал 37:29; Илчлэл 21:3, 4).
3. Өнөөдөр дэлхийн нөхцөл байдал ямар байна вэ? Үүнээс үүдэн ямар ямар асуулт гарч байна вэ?
3 Гэхдээ Бурхны санаа зорилго хараахан биелээгүй байгаа. Хүмүүс өвдөж, үхэж, тэр бүү хэл, өөр хоорондоо дайтаж, бие биеэ хөнөөж байна. Тэгэхлээр, ямар нэг юм буруугаар эргэсэн болж таарлаа. Гэхдээ Бурхан хүмүүсийг ийм байдалтай амьдраасай гэж хүсээгүй нь ойлгомжтой! Тэгвэл юу болсон юм бол оо? Бурхны санаа зорилго яагаад биелэхгүй байна вэ? Хүний бичсэн ямар ч номноос эдгээр асуултын хариу олдохгүй. Яагаад гэвэл, энэ бүхэн тэнгэрт болсон нэг явдлаас үүдэлтэй.
ДАЙСАН БИЙ БОЛСОН НЬ
4, 5. а) Үнэн хэрэгтээ, хэн могойн цаанаас Еватай ярьсан бэ? б) Төлөв түвшин, үнэнч шударга хүн хэрхэн хулгайч болж болох вэ?
4 Еден цэцэрлэгт Бурхныг эсэргүүцэгч гарч ирсэн тухай Библийн эхний номонд бичжээ. Түүнийг «могой» гэсэн байдаг ч, үнэндээ бол, амьтан биш юм. Библийн сүүлийн номонд тэр эсэргүүцэгчийг «дэлхийн суугчдыг бүгдийг нь мэхлэгч Диавол буюу Сатан» гэж нэрлэдэг. Бас «эртний могой» гэдэг (Эхлэл 3:1; Илчлэл 12:9). Бурхны бүтээсэн хүчирхэг тэнгэрийн элч буюу үл үзэгдэх бүтээлийн нэг байсан тэрээр заль зохиож, яг л хүүхэлдэйн цаанаас ярьдаг жүжигчин шиг, могойн цаанаас Еватай ярьжээ. Тэр тэнгэрийн элч дэлхийг хүнд зориулан бүтээхээс өмнө бүтээгдсэн байв (Иов 38:4, 7).
5 Еховагийн бүтээлүүд бүгдээрээ төгс билээ. Тэгвэл Сатан Диаволыг хэн бий болгосон бэ? Товчхон хэлбэл, Бурхны тэнгэрт байдаг хүчирхэг хөвгүүдийн нэг нь өөрөө Сатан Диавол болжээ. Үүнийг ойлгохын тулд жишээ татъя. Төлөв түвшин, үнэнч шударга хүн буруу юм хүсдэг болж, түүндээ автаад хулгайч болж болох юм. Ер нь, хүн буруу юм бодоод явбал биеэ барихад хэцүү. Эцэстээ, боломж л гармагц нөгөө бодлоо ажил хэрэг болгохыг оролддог (Яаков 1:13–15-ыг уншина).
6. Бурхны тэнгэрт байдаг хөвгүүдийн нэг нь хэрхэн Сатан Диавол болсон бэ?
6 Сатан Диаволд яг л тийм юм тохиолджээ. Бурхан, Адам Ева хоёрт өнөр өтгөн айл болж, үр хүүхдээрээ дэлхийг дүүргэ гэж тушаахыг Сатан сонссон нь лавтай (Эхлэл 1:27, 28). Тэгээд, «Бүх хүн Бурхныг бус, намайг шүтдэг болбол мөн сайхан аа» гэж боддог болсноос зайлахгүй. Ийнхүү буруу юм хүсдэг болжээ. Эцэст нь, Сатан Бурхныг гүтгэн, Еваг мэхэлж, бодож явсан зүйлээ ажил хэрэг болгосон (Эхлэл 3:1–5-ыг уншина). Тийнхүү «Диавол» болжээ. Энэ бол «гүтгэгч» гэсэн утгатай грек үг юм. Бас «Сатан» болсон. Энэ нь «эсэргүүцэгч» гэсэн утгатай еврей үг ажээ.
7. а) Адам Ева хоёр яагаад үхсэн бэ? б) Адамын үр хүүхэд бүгдээрээ хөгширч, үхдэгийн учир юу вэ?
7 Сатан Еваг хууран мэхэлж, нөхрийнх нь хамт Бурханд дуулгаваргүй болгожээ (Эхлэл 2:17; 3:6). Эцэст нь, тэд Бурхны сануулж хэлснээр үхсэн (Эхлэл 3:17–19). Адам нүгэл үйлдэж, төгс бус болсон тул үр хүүхдэд нь нүгэл удамшин дамжсан (Ром 5:12-ыг уншина). Жишээ нь, хонхойж хэлбэрээ алдсан саванд барьсан талх ямар байх вэ? Савныхаа л хэлбэрийг дагах нь ойлгомжтой. Үүнтэй адилаар, хонхойж хэлбэрээ алдсан сав мэт болсон Адамын улмаас бүх хүн төгс бус болжээ. Тийм учраас, хүмүүс бүгдээрээ хөгширч, үхдэг (Ром 3:23).
8, 9. а) Сатан Бурхныг хэрхэн гүтгэсэн бэ? б) Бурхан самуун дэгдээгчдийг тэр даруйд нь яагаад устгаагүй вэ?
8 Сатан, Адам Ева хоёроор нүгэл үйлдүүлсэн нь, чухамдаа, Бурхны эсрэг самуун дэгдээсэн хэрэг байлаа. Тэрээр: «Бурхан бол муу захирагч. Хүмүүст худал хэлж, сайн сайхан юмыг тэднээс нуудаг. Хүмүүс заавал Бурханд захирагдах албагүй. Зөв бурууг өөрсдөө шийдээд явах чадвартай. Надад захирагдвал харин ч илүү сайн сайхан явна» гэсэн утгатай үг хэлж, Бурхан зөв захирдаггүй гэж гүтгэжээ. Ийм доромжлол, гүтгэлэгт Бурхан ямар хариу өгсөн бол? Самуун дэгдээсэн этгээдүүдийг шууд устгачих ёстой байсан юм гэж зарим хүн боддог. Ингэвэл Бурхан зөв захирдгаа нотолж, Сатаны хэлсэн үг худал гэдгийг баталж чадах байсан уу?
9 Ехова шударга ёсыг төгс баримталдаг тул самуун дэгдээгчдийг тэр дор нь устгаагүй юм. Сатан Диаволын худалчийг батлахын тулд цаг хугацаа хэрэгтэй байлаа. Тиймээс, Сатаны мэдэлд өөрсдийгөө захирахыг нь хүмүүст тодорхой хугацаагаар зөвшөөрсөн. Ямар учраас тэгж шийдсэн, маргаантай асуудлыг шийдвэрлэхэд яагаад тийм урт хугацаа өгснийг хожим 11-р бүлгээс үзнэ. Гэхдээ одоо, «Адам Ева хоёр өөрсдөд нь хэзээ ч сайн юм хийж байгаагүй Сатанд итгэсэн нь зөв байсан уу? Сайн сайхан бүхнийг өгсөн Еховаг арилсан дотортой худалч гэж үзэх нь зөв байсан уу? Та яах байсан бэ?» гэсэн асуултыг авч үзье.
10. Сатаныг худалч гэдгийг батлахад нь Еховад хэрхэн тусалж болох вэ?
10 Энэ явдал өнөөдөр бидэнд ч гэсэн хамаатай учраас дээрх асуултуудыг бодож үзэх нь зүйтэй. Таны хувьд Еховагийн талд орох боломж байна. Еховад захирагдвал Сатаныг худалч гэдгийг батлахад нь тусална гэсэн үг (Дуулал 73:28; Сургаалт үгс 27:11-ийг уншина). Гэтэл дэлхийн олон тэрбум хүнээс цөөхөн нь ийм шийдвэр гаргадаг нь харамсалтай. Үүнээс үүдэн «Тэгвэл ертөнц буюу хүний нийгэм Сатаны мэдэлд байдаг юм уу?» гэсэн чухал асуулт гарч ирж байна. Энэ асуултад Библи ямар хариу өгдөг вэ?
ЭНЭ ЕРТӨНЦИЙН ЗАХИРАГЧ ХЭН БЭ?
11, 12. а) Сатан Есүсийг сорьсон нь энэ ертөнцийн захирагч гэдгийг нь хэрхэн баталдаг вэ? б) Сатан энэ ертөнцийг захирдаг нь өөр ямар ямар баримтаар батлагддаг вэ?
11 Есүс Сатаныг энэ ертөнцийн захирагч гэдгийг сайн мэддэг байсан. Нэгэн удаа Диавол Есүсийг сорьжээ. Тэгэхэд Сатан Есүст гайхамшгаар «дэлхийн бүх улс гүрнийг эд баялагтай нь үзүүлж “Надад ганц удаа мөргөвөл энэ бүхнийг чамд өгье”» гэж хэлдэг (Матай 4:8, 9; Лук 4:5, 6). Хэрэв «дэлхийн бүх улс гүрэн» Сатаны мэдэлд байгаагүй бол Есүсийг тийн сорьж чадах байсан гэж үү? Улс орнуудын төр засгийн эрх мэдэл Сатаны гарт байдгийг Есүс үгүйсгээгүй. Хэрэв Сатан тийм мэдэлгүй байсан бол Есүс гарцаагүй илчлэх байсан шүү дээ.
12 Ехова бол орчлонт ертөнцийг бүтээсэн, Төгс хүчит Бурхан билээ (Илчлэл 4:11). Гэхдээ Ехова Бурхныг ч, Есүс Христийг ч энэ ертөнцийг захирдаг гэж Библид огт бичээгүй. Харин Сатаныг «ертөнцийн захирагч» гэж Есүс тодорхой хэлсэн (Ёохан 12:31; 14:30; 16:11). Түүгээр ч барахгүй, Сатан Диаволыг «өнөө үеийн бурхан» гэж Библид бичсэн байдаг (2 Коринт 4:3, 4). Христийн элч Ёохан Сатаныг «хорон муу нэгэн» хэмээгээд, «бүх ертөнц хорон муу нэгний эрхшээлд байдаг» гэж бичжээ (1 Ёохан 5:19).
САТАНЫ ЕРТӨНЦИЙГ ХЭРХЭН УСТГАХ ВЭ?
13. Өнөөгийн ертөнцийг шинэ ертөнцөөр солих хэрэгтэйн учир юу вэ?
13 Жил ирэх тусам дэлхийн нөхцөл байдал улам муудаж байна. Энд тэндгүй дайны гал дүрэлзэж, худалч улс төрчид, хоёр нүүртэй шашны удирдагчид, харгис гэмт хэрэгтнүүдээр ертөнц дүүрчээ. Энэ байдлыг хүмүүс өөрсдөө засах аргагүй болжээ. Гэхдээ Бурхан Сатаны ёс бус ертөнцийг «Хармагедон» гэдэг дайнаар устгах цаг ойрхон байгааг Библиэс мэдэж болдог. Ийнхүү Бурхан өнөөгийн ертөнцийг шинэ ертөнцөөр солих юм (Илчлэл 16:14–16).
14. Тэнгэрийн засгийн газрын тэргүүнээр Бурхан хэнийг томилсон бэ? Энэ тухай юу гэж зөгнөсөн бэ?
14 Ехова Бурхан тэнгэрийн Хаант төр буюу засгийн газрын тэргүүнээр Есүс Христийг томилжээ. Библид «Бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг... Энхийн Жонон гэж дуудна. ...Түүний хаанчлалд шударга ёс, үнэн зөвийг үеийн үед тогтооно» гэж эртнээс зөгнөсөн байв (Исаиа 9:6, 7). Энэ засгийн газрын тухайд Есүсийн шавь нар «Таны Хаант төр захираасай. Таны хүсэл таалал тэнгэрт биелж байгаа шигээ дэлхий дээр биелээсэй» гэж залбирч байх учиртай ажээ (Матай 6:10). Удахгүй Бурхны Хаант төр өнөөгийн ертөнцийн төр засгийг халаад, бүх хүн төрөлхтнийг захирч, улмаар дэлхийг диваажин болгох тухай бид дараа дараагийн бүлгээс мэдэж авна (Даниел 2:44-ийг уншина).
ШИНЭ ЕРТӨНЦ ОЙРХОН БАЙНА!
15. «Шинэ газар» гэж юу вэ?
15 «Шинэ тэнгэр, шинэ газрыг Бурхан амласан учир бид хүлээж байна. Тэнд шударга ёс үүрд ноёлно» хэмээн Библид бичжээ (2 Петр 3:13; Исаиа 65:17). Заримдаа Библид «газар», «дэлхий» гэдэг үгээр дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийг хэлдэг (Эхлэл 11:1). Тэгэхлээр, «шинэ газар» гэдэг нь Бурхны таалдаг хүмүүс юм.
16. Бурхан таалдаг хүмүүстээ ямар хосгүй бэлэг өгөх вэ? Энэ бэлгийг авахын тулд яах ёстой вэ?
16 Бурхны таалдаг хүмүүс удахгүй бий болох шинэ ертөнцөд «мөнх амьдрах» бэлэг авна гэж Есүс батлан хэлсэн (Марк 10:30). Мөнх амьдрахын тулд яах хэрэгтэйг Ёохан 3:16; 17:3-аас уншаарай. Бурхнаас тэр гайхамшигтай бэлгийг авах хүмүүс Диваажинд ямар ямар ивээл хишиг хүртэхийг одоо Библиэс үзье.
17, 18. Дэлхий даяар энх тайван, аюулгүй байна гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?
17 Муу муухай явдал, дайн дажин, гэмт хэрэг, хүчирхийлэл үгүй болно. «Хорон санаатан үгүй болно. [...] Харин даруу хүн газар нутгийг өвлөнө» (Дуулал 37:10, 11). Бурхан «дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоох» учир дэлхий даяар энх тайван тогтоно (Дуулал 46:9; Исаиа 2:4). Тэр цагт «зөв шударга хүн цэцэглэж», «сарыг үгүй болтол» буюу үүрд мөнх энх тайван «арвин ихээр байх» болно! (Дуулал 72:7).
18 Хүмүүс айх аюулгүй амьдарна. Эртний израйлчууд Бурханд дуулгавартай байх үедээ айх аюулгүй амьдардаг байсан (Левит 25:18, 19). Ирээдүйд бид ч гэсэн Диваажинд хэнээс ч, юунаас ч айхгүй амьдарна (Исаиа 32:18-ыг уншина; Мика 4:4).
19. Шинэ ертөнцөд хоол хүнс элбэг дэлбэг байх болно гэдгийг бид хаанаас мэддэг вэ?
19 Хоол хүнс элбэг дэлбэг байна. «Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байх болно» гэж Библид бичжээ (Дуулал 72:16). Ехова Бурхан хүмүүсийг ивээж, «газар ургацаа ургуулан гаргана» (Дуулал 67:6).
20. Дэлхий диваажин болно гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?
20 Дэлхий диваажин болно. Хүмүүсийн сүйтгэж байсан газар дэлхий дээр бид ирээдүйд тохилог сайхан гэр байшин барьж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна (Исаиа 65:21-ийг уншина; Илчлэл 11:18). Хүмүүс аажимдаа газар дэлхийгээ бүхэлд нь Еден цэцэрлэг шиг үзэсгэлэнтэй сайхан, үржил шимтэй диваажин болгох бөгөөд Бурхан «мутраа дэлгэн, бүх амьтны хүслийг хангана» (Дуулал 145:16).
21. Хүн, амьтан бие биедээ аюул учруулахгүй гэдгийг юу харуулдаг вэ?
21 Хүн араатан хоёр бие биедээ аюул учруулахгүй. Зэрлэг болон гэрийн тэжээмэл амьтад хамтдаа бэлчинэ. Бяцхан хүүхэд хүртэл одоогийн аюултай амьтдаас айхаа болино (Исаиа 11:6–9-ийг уншина; 65:25).
22. Өвчтэй хүмүүс яах вэ?
22 Өвчин эмгэг үгүй болно. Бурхны тэнгэрийн Хаант төрийн тэргүүн Есүс дэлхийд байхдаа олон хүнийг эдгээсэн. Харин шинэ ертөнцөд бүх хүнийг эдгээнэ (Матай 9:35; Марк 1:40–42; Ёохан 5:5–9). Тэр цагт «“Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» (Исаиа 33:24; 35:5, 6).
23. Бурхан нас барсан хүмүүсийг амилуулахад бид яагаад баярлах вэ?
23 Нас барсан хүмүүс амилж, мөнх амьдрах боломжтой болно. Бурхны ой тойнд үлдсэн, нас барсан бүх хүн амилна. Тийм ээ, «шударга, шударга бус хүний хэн хэн нь амилна» (Үйлс 24:15; Ёохан 5:28, 29-ийг уншина).
24. Диваажин дэлхийд амьдарна гэхлээр танд ямар санагдаж байна вэ?
24 Агуу Бүтээгч Ехова Бурхныг таньж мэдээд, түүнд үйлчлэхээр шийдсэн хүмүүсийг ямар сайхан ирээдүй хүлээж байна вэ! Есүс дэргэд нь үхэж байсан гэмт хэрэгтэнд «Чи надтай хамт Диваажинд байх болно» гэж хэлсэн нь ирээдүйн Диваажингийн тухай хэлсэн хэрэг байв (Лук 23:43). Есүс Христийн ачаар энэ бүх ивээл хишгийг ирээдүйд хүртэхийн тулд түүний тухай мэдэх нь амин чухал юм.