ХИЧЭЭЛ 15
Есүс гэж хэн бэ?
Есүс бол түүхэн дэх хамгийн алдартай хүмүүсийн нэг билээ. Гэхдээ олон хүн Есүсийн нэрийг л мэднэ үү гэхээс чухам ямар хүн байсныг нь мэддэггүй. Хүмүүс Есүсийн талаар янз бүрийн ойлголттой байдаг. Тэгвэл Библид юу гэж байдаг вэ?
1. Есүс гэж хэн бэ?
Есүс бол тэнгэрт оршдог хүчирхэг, үл үзэгдэх нэгэн. Ехова Бурхан бүхнийг бүтээхээсээ өмнө түүнийг бүтээсэн юм. Ийм учраас Есүсийг «бүх бүтээлийн анхных нь» гэдэг (Колосай 1:15). Бас Бурхны «цорын ганц Хүү» гэж Библид бичсэн байдаг. Яагаад гэвэл Ехова Есүсийг ганцаархнаа бүтээсэн юм (Ёохан 3:16). Есүс Эцэг Еховатайгаа гар нийлэн бусад бүх юмыг бүтээлцсэн (Сургаалт үгс 8:30-ийг уншина уу). Тэрбээр Еховатай одоо ч дотно хэвээрээ байгаа. Есүс Бурхны үгийг дамжуулдаг учраас түүнийг «Үг» гэх нь ч бий. Тэрбээр энэ үүргээ үнэнчээр биелүүлж ирсэн (Ёохан 1:14).
2. Есүс яагаад дэлхийд ирсэн бэ?
2 000-аад жилийн өмнө Ехова агуу хүчээ ашиглан ер бусын аргаар Есүсийн амийг Мариа гэдэг онгон бүсгүйн хэвлийд шилжүүлжээ. Ийнхүү Есүс хүн болж төрсөн юм (Лук 1:34, 35-ыг уншина уу). Есүс амласан Мессиа буюу Христ болж хүн төрөлхтнийг аврахын тулд дэлхийд ирсэн.a Библид бичсэн Мессиагийн талаарх бүх зөгнөл Есүс дээр биелсэн нь түүнийг «Христ, амьд Бурхны Хүү» гэдгийг баталдаг (Матай 16:16).
3. Есүс одоо хаана байгаа вэ?
Есүсийг нас барсны дараа Бурхан үл үзэгдэх биетэй болгон амилуулсан. Тэгээд Есүс тэнгэр лүү буцжээ. Тэнд «Бурхан түүнд өмнөхөөс нь илүү их эрх мэдэл» өгсөн (Филиппой 2:9). Иймээс Есүс асар их эрх мэдэлтэй болсон гэсэн үг. Эрх мэдлээрээ Еховагийн дараа ордог.
УХАЖ ОЙЛГОЁ
Есүс гэж чухам хэн болохыг, Есүсийн тухай сурч мэдэх нь яагаад маш чухал болохыг дэлгэрэнгүй мэдэж аваарай.
4. Есүс Төгс хүчит Бурхан биш
Есүсийг тэнгэрт оршдог, үл үзэгдэх хүчирхэг бүтээл гэж Библид бичсэн байдаг. Гэлээ ч Есүс Эцэг Ехова Бурхандаа захирагддаг. Яагаад тэгж хэлж болох вэ? Есүсийг Төгс хүчит Бурхантай харьцуулбал ямар байр суурьтайг ВИДЕОНООС хамт үзээрэй.
Ехова Есүс хоёрын тухай зөв ойлгоход дараах Библийн зүйлүүд тустай. Библийн зүйл бүрийг уншиж доорх асуултад нь үндэслэн ярилцаарай.
Лук 1:30–32-ыг уншина уу.
Тэнгэрийн элчийн хэлснээр Есүс «Хамгийн дээд Бурхны» юу нь вэ?
Матай 3:16, 17-г уншина уу.
Есүсийг баптисм хүртэхэд тэнгэрээс ямар дуу гарсан бэ?
Хэний дуу байсан гэж та бодож байна вэ?
Ёохан 14:28-ыг уншина уу.
Эцэг хүү хоёрын хэн нь насаар ах, эрх мэдлээр илүү вэ?
Есүс Еховаг Эцгээ гэсэн байна. Үүнээс юу гэж дүгнэж болох вэ?
Ёохан 12:49-ийг уншина уу.
Есүс өөрийгөө Эцэгтэйгээ нийлээд нэг бодгаль гэж боддог уу? Та юу гэж бодож байна вэ?
5. Есүс Мессиа гэдэг нь батлагдсан
Мессиаг танихад тус болох олон зөгнөл Библид бий. Дэлхийд байхад нь Есүс дээр биелсэн зарим зөгнөлийг ВИДЕОНООС хамт үзээрэй.
Дараах Библийн зөгнөлүүдийг уншаад доорх асуултад нь үндэслэн ярилцаарай.
Мессиаг хаана төрнө гэснийг Мика 5:2-оос уншина уу.b
Есүсийг төрөхөд энэ зөгнөл биелсэн үү? (Матай 2:1).
Мессиагийн үхлийн талаар ямар нарийн ширийн зүйл зөгнөсөн байдгийг Дуулал 34:20; Зехариа 12:10-аас уншина уу.
Эдгээр зөгнөлүүд биелсэн үү? (Ёохан 19:33–37).
Таны бодлоор Есүс өөрөө эдгээр зөгнөлийг биелүүлж чадах байсан уу?
Энэ нь Есүсийг хэн болохыг баталж байна вэ?
6. Есүсийн тухай сурч мэдэх нь ашиг тустай
Есүс болон гүйцэтгэх үүргийнх нь талаар сурч мэдэх нь хэр чухал болохыг Библид бичсэн байдаг. Ёохан 14:6; 17:3-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Есүсийн тухай сурч мэдэх нь яагаад амин чухал вэ?
ЗАРИМ ХҮН: «Еховагийн Гэрчүүд Есүст итгэдэггүй» гэдэг.
Та юу гэж хариулах вэ?
ДҮГНЭЛТ
Есүс бол хүчирхэг, үл үзэгдэх бүтээл. Бас Бурхны Хүү бөгөөд Мессиа юм.
Давтах асуулт
Есүсийг яагаад «бүх бүтээлийн анхных нь» гэдэг вэ?
Есүс дэлхийд ирэхээсээ өмнө юу хийж байсан бэ?
Есүсийг Мессиа гэдгийг юу баталдаг вэ?
МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
Мессиагийн тухай илүү ихийг мэдэж аваарай.
«Мессиагийн талаарх зөгнөлүүд Есүс дээр биелсэн үү?» (Веб өгүүлэл)
Бурхан хүний жам ёсоор хүүхэдтэй болсон уу? Библид юу гэж байдаг вэ?
Гурвалын сургаалыг Библид үндэслээгүй гэхийн учрыг мэдэж аваарай.
«Есүс Бурхан мөн үү?» («Харуулын цамхаг», 2009 оны 4-р сарын 1)
a Хүн төрөлхтнийг авруулахаар Бурхны сонгосон нэгнийг Библид Мессиа бас Христ гэдэг. Хүн төрөлхтөн яагаад аврагдах хэрэгтэй болсныг, Есүс бидэнд аврагдах боломжийг хэрхэн нээснийг 26, 27-р хичээлээр үзнэ.