Тайлбар
1. Агуу Вавилон гэж юу вэ?
«Агуу Вавилон» нь бүх хуурамч шашныг төлөөлдөг гэж яагаад хэлж болох вэ? (Илчлэл 17:5). Хэд хэдэн шалтгааныг Библиэс үзье.
Дэлхий даяар тархсан. Агуу Вавилоныг «ард түмэн, үндэстнүүдийн» дээр сууж «дэлхийн хаадыг захирдаг» гэж бичсэн байдаг (Илчлэл 17:15, 18).
Улс төр, худалдааны тогтолцоо байж таарахгүй. Яагаад гэвэл «хаад», «худалдаачид» Агуу Вавилоныг сүйрэхэд хамт устгагдахгүй гэж байдаг (Илчлэл 18:9, 15).
Бурхныг гутаан доромжилдог. Хуурамч шашнуудыг янхантай зүйрлэдэг. Яагаад гэвэл тэд ашиг олж, эрх ашгаа хамгаалуулахын тулд төр засгуудтай хамтран ажилладаг (Илчлэл 17:1, 2). Бас бүх үндэстнийг мэхэлж, олон хүний аминд хүрсэн (Илчлэл 18:23, 24).
Хичээл 13, дэд гарчиг 6 руу буцах
2. Мессиа хэзээ тодорсон бэ?
Мессиаг 69 долоо хоногийн дараа ирэх буюу тодорно гэж Библид зөгнөжээ (Даниел 9:25-ыг уншина уу).
69 долоо хоног хэзээ эхэлсэн бэ? МЭӨ 455 онд эхэлсэн. Тэр онд захирагч Нехемиа Иерусалим хотыг сэргээн босгохоор тэнд очжээ (Даниел 9:25; Нехемиа 2:1, 5–8).
69 долоо хоног хэр удаан үргэлжилсэн бэ? Библийн зарим зөгнөлд хоногийг жилээр тооцсон байдаг (Тооллого 14:34; Езекиел 4:6). Тэгэхээр энэ зөгнөлд долоо хоног гэдгээр долоон жилийг хэлжээ. Иймээс 69 долоо хоног нь 483 жил болно (69х7).
69 долоо хоног хэзээ дууссан бэ? МЭӨ 455 оноос эхлэн 483 жилийг тоолбол МЭ 29 он болно.a Яг тэр онд Есүс баптисм хүртэж Мессиа болсон (Лук 3:1, 2, 21, 22).
Хичээл 15, дэд гарчиг 5 руу буцах
3. Цус хэрэглэдэг эмчилгээний аргууд
Христийн дагалдагчид цус сэлбүүлдэггүй, донор болдоггүй. Бас өвчтөний цусыг өөрт нь хэрэглэдэг зарим эмчилгээний аргаас татгалздаг. Жишээлбэл ямар ч үед, тэр дундаа мэс заслаас өмнө цусаа урьдчилж хадгалуулдаггүй (Дэд хууль 15:23).
Харин зарим эмчилгээний аргыг зөвшөөрч болох юм. Үүнд цусны шинжилгээ, гемодиализ, гемодилюц зэрэг орно. Бас цус хэмнэх зорилгоор ашигладаг сел сейвер аппарат болон цусны зохиомол эргэлтийн аппараттай эмчилгээ орно.b Христийн дагалдагч бүр мэс засал, шинжилгээний үеэр эсвэл ямарваа нэг эмчилгээний аргыг хэрэглэх явцад өөрийнх нь цусыг яаж хэрэглэхийг дор бүрнээ шийдэх ёстой. Эмч болгоны арга барил бага зэрэг ялгаатай байж болох юм. Ийм учраас Христийн дагалдагч хүн өөрийнх нь цусыг яг яаж хэрэглэхийг тодорхой асууж лавласныхаа дараа л тухайн мэс засал, шинжилгээ эсвэл эмчилгээг хийлгэх эсэхээ шийдэх хэрэгтэй. Дараах асуултыг бодож үзээрэй.
Тодорхой хэмжээний цусыг биеэс минь гадагшлуулж, түр саатуулбал яах вэ? Тэр цусыг биеийнхээ нэг хэсэг гэж тооцоод сэтгэл өвдөхгүйгээр буцаагаад хийлгэж чадах уу? «Газарт ... асгах» шаардлагагүй гэж үзэх үү? (Дэд хууль 12:23, 24).
Мэс заслын үеэр эсвэл ямар нэг эмчилгээний аргыг хэрэглэх явцад өөрөөс минь авсан цусны бүтэц найрлагыг өөрчлөөд эргүүлээд биед минь хийвэл (эсвэл түрхэж хэрэглэвэл) Библиэр сургасан мөс чанар минь өвдөх үү? Эсвэл би зөвшөөрөх үү?
Хичээл 39, дэд гарчиг 3 руу буцах
4. Ханиасаа тусдаа амьдрах
Библид эхнэр нөхөр хоёрыг тусдаа амьдарч болохгүй гэсэн байдаг. Бас тусдаа амьдрахаар боллоо ч эхнэр нөхөр хоёрын хэн хэн нь өөр хүнтэй гэрлэх эрхгүйг тодорхой бичсэн байдаг (1 Коринт 7:10, 11). Христийн зарим дагалдагч дараах нөхцөлд тусдаа амьдрах талаар бодоход хүрдэг.
Санаатайгаар тэжээн тэтгэхгүй бол. Нөхөр нь гэр бүлийнхнээ тэжээн тэтгэх үүргээ зориуд биелүүлдэггүй. Үүнээс болоод гэрийнхэн нь наад захын хэрэгцээт юмаар гачигддаг (1 Тимот 5:8).
Туйлын харгис хэрцгий хандвал. Ханийнхаа эрүүл мэнд, амь насанд аюул учруулахаар харгис ширүүн ханддаг (Галат 5:19–21).
Еховаг шүтэх аргагүй болтол нь эсэргүүцвэл. Ханиа Еховаг шүтэх боломжгүй болгож, хууль тушаалыг нь зөрчүүлэх гэж оролддог (Үйлс 5:29).
5. Баяр ёслол
Христийн дагалдагчид Еховад таалагддаггүй баяр ёслолуудыг тэмдэглэдэггүй. Харин баяр ёслолтой холбоотой зарим нөхцөлд яах эсэхээ Христийн дагалдагч бүр Библиэр сургасан мөс чанараараа шийдэх ёстой. Зарим жишээг авч үзье.
Хүн танд баярын мэнд хүргэвэл яах вэ? «Баярлалаа» гэж хэлэхэд л хангалттай. Таныг яагаад баяр тэмдэглэдэггүйг асуувал тайлбарлаж өгч болно.
Гэрч биш хань тань баяраар хамаатнуудтайгаа хоол идье гэвэл яах вэ? Таны сэтгэл өвдөхгүй байгаад хамт хоол идэхээр боллоо гэж бодъё. Гэхдээ шашны ямар нэг зан үйл сахихгүй гэдгээ ханьдаа урьдаас учирлаж хэлэх хэрэгтэй.
Танай ажлын газраас баярын үеэр шагнал урамшуулал өгөхөөр болбол яах вэ? Авч ерөөсөө болохгүй гэсэн үг биш. Харин «Баярын бэлэг болгоод өгч байна уу? Эсвэл ажил хөдөлмөрийг тань үнэлээд өгч байна уу?» гэдгийг бодож үзээрэй.
Баярын үеэр хүн танд бэлэг өгвөл яах вэ? «Баяр тэмдэглэдэггүйг чинь мэднэ л дээ. Тэглээ ч гэсэн бэлэг өгмөөр байна» гэж хэллээ гэж бодъё. Тэр хүн үнэхээр өгье гээд өгч байж болох юм. Эсвэл таныг итгэл үнэмшлээсээ няцаж, баяр тэмдэглэх нь үү, үгүй юү гэдгийг шалгах гээд өгч байж магадгүй. Эдгээрийг бодож үзээд бэлэг авах эсэхээ өөрөө шийдээрэй. Бид ямар ч шийдвэр гаргасан Еховадаа үнэнч, сэтгэл өвдөх юмгүй явах нь чухал (Үйлс 23:1).
Хичээл 44, дэд гарчиг 1 руу буцах
6. Халдварт өвчин
Бид хүмүүсийг хайрладаг. Ийм учраас халдварт өвчин туссан ч бай, халдвар тээгч байх магадлалтай ч бай, бусдад халдаахгүйн тулд чадах бүхнээ хийдэг. Ийнхүү «Өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрла» гэсэн Библийн тушаалыг дагадаг (Ром 13:8–10).
Энэ тушаалыг амьдрал дээр яаж биелүүлэх вэ? Халдварт өвчин туссан хүн бусадтай ойрын зайнаас харьцах ёсгүй. Жишээлбэл тэврэх юм уу үнсэж болохгүй. Хүмүүс халдвар авахаас болгоомжлон өөрийг нь гэртээ урихгүй байсан ч гомдох ёсгүй. Бас баптисм хүртэхээсээ өмнө ахлагчдын зөвлөлийн зохицуулагчид учир байдлаа мэдэгдэх ёстой. Тэгвэл ахлагчид баптисм хүртэх бусад хүнийг хамгаалах арга хэмжээ авна. Халдвар тээгч байж болзошгүй тохиолдолд, гэрлэх зорилгоор хүнтэй үерхэхээсээ өмнө өөрийн санаачилгаар цусны шинжилгээ өгөх ёстой. Ингэдэг бол «Зөвхөн өөрийнхөө бус, бусдын эрх ашигт нийцүүлдгээ» харуулна (Филиппой 2:4).
Хичээл 56, дэд гарчиг 2 руу буцах
7. Ажил хэргийн болон хуулиар шийдэх асуудал
Бичгээр гэрээ хийвэл мөнгө төгрөг болон ажил хэрэгтэй хамаатай олон асуудлаас сэргийлж болдог. Нөгөө хүн тань Христийн дагалдагч байлаа ч бичгээр гэрээ хийх нь зүйтэй (Иеремиа 32:9–12). Гэлээ ч Христийн зарим дагалдагч мөнгө төгрөг болон бусад асуудлаар санал зөрөлдөх нь бий. Ийм тохиолдолд бусад хүнийг оролцуулахгүйгээр учир зүйгээ аль болохоор хурдан ололцож, эвээр шийдэх нь чухал.
Тэгвэл залилан, гүтгэлэг гэх мэтийн ноцтой асуудлыг яаж шийдэх вэ? (Матай 18:15–17-г уншина уу). Есүс дараах гурван алхмыг зааж өгсөн.
Бусдыг оролцуулахгүйгээр асуудлаа хоёулхнаа шийдэхийг хичээгээрэй (15-р зүйлийг үзнэ үү).
Өөрсдөө шийдэж чадахгүй бол хурлынхаа нэг юм уу хоёр төлөвшсөн Гэрчээс тусламж гуйгаарай (16-р зүйлийг үзнэ үү).
Тэгээд ч шийдэж чадахгүй байвал ахлагчдад хандаж болно (17-р зүйлийг үзнэ үү).
Бид ихэнх тохиолдолд итгэл нэгтнээ шүүхэд өгдөггүй. Яагаад гэвэл Ехова болон хурлын нэр хүндэд сэв суух аюултай (1 Коринт 6:1–8). Гэхдээ заримдаа шүүхээр шийдүүлэх шаардлагатай хэрэг гарч болох юм. Жишээ нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асран халамжлагчийг шийдэх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, даатгалын нөхөн төлбөр гаргуулах, дампуурал, гэрээслэлтэй холбоотой асуудал гэх зэргийг дурдаж болно. Христийн дагалдагч хүн иймэрхүү маргааныг тайван замаар шүүхээр шийдүүлэх нь Библийн зөвлөгөөг зөрчсөн хэрэг биш.
Хүчин, хүүхэдтэй зүй бус харьцсан, бусдын биед халдсан, хүн амины болон томоохон хэмжээний хулгай дээрэм гэх зэргийн ноцтой гэмт хэргийг хууль хяналтын байгууллагад мэдэгдвэл Библийн зөвлөгөөг зөрчсөн болохгүй.
a МЭӨ 455 оноос МЭӨ 1 он хүртэл 454 жил, МЭӨ 1 оноос МЭ 1 он хүртэл нэг жил болно (он тоололд тэг он гэж байдаггүй). МЭ 1 оноос 29 он хүртэл 28 жил болно. Бүгд нийлээд 483 жилтэй тэнцэнэ.
b Эдгээр эмчилгээний тухай «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2000 оны 10-р сарын 15-ны дугаарт нийтлэгдсэн «Уншигчдын асуулт» булангаас үзнэ үү.