Бусдад өгч баяр баясгалан эдлэгтүн!
«Өгөх нь авахаас илүү жаргал авчирдаг» (ҮЙЛС 20:35, ШЕ).
1. Өгөх нь баяр баясгалан авчирдгийг Ехова хэрхэн харуулдаг вэ?
ҮНЭНИЙГ таньж мэдсэний үндсэн дээр эдлэх баяр баясгалан хийгээд энэхүү мэдлэгийн үр дүнд хүртэх ивээл зэрэг нь Бурхны үнэт бэлэг юм. Еховагийн тухай мэдлэгтэй болсон хүмүүст баярлах шалтгаан их байдаг. Гэхдээ бэлэг авах, өгөхийн аль аль нь сайхан. Ехова бол «аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлгийг» Өгөгч бөгөөд «жаргалтай Бурхан» билээ (Иаков 1:17; 1 Тимот 1:11, ШЕ). Тэрбээр өөрийг нь сонсдог хүмүүст зөв сургаал айлддаг ба хайрын сэтгэлээсээ хэлж сургасан үгийг нь хүүхдүүд нь хүлээн авахад эцэг эх нь баярладаг шиг сургаалыг нь сонсоод сахин мөрддөг хүмүүст мөн баярладаг юм (Сургаалт үгс 27:11).
2. а) Өгөх талаар Есүс юу хэлсэн бэ? б) Хүмүүст Библийн үнэнийг зааснаараа бид ямар баяр баясгалан эдэлдэг вэ?
2 Есүс дэлхийд байхдаа сургаалыг нь сонсоод хүлээж авч байгаа хүмүүст мөн баярладаг байсан. Элч Паул: «Өгөх нь авахаас илүү жаргал авчирдаг» хэмээсэн Есүсийн үгийг иш татсан (Үйлс 20:35, ШЕ). Бид хүмүүст Библийн үнэнийг заасандаа баяр баясгалан эдэлдэг бөгөөд энэ нь хэн нэгэн хүн итгэл үнэмшлийг маань хүлээн зөвшөөрснөөс зүгээр нэг сэтгэлийн ханамж авч байгаа хэрэг биш юм. Харин ч бид жинхэнэ бөгөөд мөнхийн үнэтэй зүйлийг бусдад өгч байгаадаа баяр баясгалан эдэлдэг билээ. Сүнслэг бэлэг өгснөөрөө бид хүмүүст эдүгээ цагт болоод ирээдүйд ашигтай зүйлээр тусалж байгаа юм (1 Тимот 4:8).
Өгөх нь баяр баясгалан авчирдаг
3. а) Бусдад сүнслэг тусламж үзүүлснээр ямар баяр баясгалан эдэлдгийг элч Паул Иохан хоёр хэрхэн илэрхийлсэн бэ? б) Үр хүүхдэдээ Библийн үнэнийг заах нь ямар учраас тэднийг хайрлаж байгаагийн гэрч болдог вэ?
3 Тийм ээ, христианууд Ехова Есүс хоёр шиг бусдад сүнслэг бэлэг өгөхдөө баяр баясгалан эдэлдэг. Бурхны Үгээс үнэнийг мэдэхэд нь бусдад тусалж байгаадаа элч Паул баярлаж байсан. Тэрбээр Тесалоникийн хуралд: «Хэн бидний найдвар, эсвэл баяр баясгалан, эсвэл өргөмжлөлийн титэм нь вэ? Энэ нь бидний Эзэн Есүсийг ирэхэд Түүний оршихуй доторх та нар ч гэсэн биш гэж үү? Та нар бол бидний алдар бөгөөд баяр баясгалан билээ» хэмээн бичжээ (1 Тесалоник 2:19, 20). Элч Иохан сүнслэг хүүхдүүдийнхээ талаар: «Миний хүүхдүүд үнэн дотор явж байгааг сонсохоос илүү эрхэм баяр баясгалан надад байхгүй билээ» хэмээн дээрхтэй төстэй санааг илэрхийлсэн билээ (3 Иохан 4). Түүнчлэн төрсөн үр хүүхдээ сүнслэг хүүхдүүд болоход нь туслан баяр баясгалан эдэлж байгаа эцэг эхчүүдийг бодогтун! Эцэг эхчүүд хүүхдүүдээ «Эзний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүлэн» тэдэнд хайраа илэрхийлдэг (Ефес 6:4). Энэ нь тэд хөвгүүд охидынхоо мөнхийн сайн сайхны төлөө санаа тавьдагаа харуулж байгаа хэрэг юм. Үр хүүхэд нь өөрсдийнх нь сургаснаар явах аваас эцэг эхчүүд баяр баясгалан хийгээд сэтгэлийн таашаал эдэлдэг.
4. Сүнслэг бэлэг баяр баясгалан авчирдгийг ямар жишээ харуулж байна вэ?
4 Делл гэдэг Гэрч эмэгтэй бүрэн цагаар үйлчлэхийн зэрэгцээ таван хүүхэд өсгөдөг ажээ. Тэр эмэгтэй: «Элч Иоханы үг надад их ойр дотно санагддаг. Учир нь миний дөрвөн хүүхэд „үнэний дотор явж байгаа“ бөгөөд би үүнд их баяртай байдаг. Жинхэнэ шүтлэгээр нэгдсэн гэр бүлүүд Еховад нэр төр, алдар хүндийг авчирдгийг би мэднэ. Тийм учраас хүүхдүүддээ үнэнийг ойлгуулах гэсэн хүчин чармайлтыг минь ивээж байгааг нь харахад надад их таатай байдаг. Диваажинд гэр бүлийнхэнтэйгээ хамт мөнх амьдрах гайхамшигтай ирээдүй надад итгэл найдвар өгч, саад бэрхшээл байсан ч гэсэн тэвчин давах хүч тэнхээ өгдөг» гэж хэлсэн билээ. Харамсалтай нь Деллийн охидоос нэг нь христиан бус замаар явдгаасаа болоод хурлаас хөөгдсөн юм. Тэгсэн хэдий ч Делл өөдрөг сэтгэлээ хадгалахын тулд хичээн чармайж байна. Тэрээр: «Хэзээ нэгэн цагт охин минь номхрон бууж, Еховад чин сэтгэлээсээ дахин хандана гэдэгт би найддаг. Гэхдээ бусад хүүхэд маань Бурханд үнэнчээр үйлчилсээр байгаад би Еховад талархдаг. Энэ баяр баясгалан минь надад эрч хүч өгдөг» хэмээн ярьсан юм (Нехемиа 8:10).
Үүрдийн анд нөхөдтэй болох нь
5. Шавь бэлдэх ажилд өөрсдийгөө зориулахдаа бид юунд сэтгэл дүүрэн байдаг вэ?
5 Есүс шавь нар бэлдэж, тэдэнд Еховагийн тухай мэдлэг болон түүний шаардлагуудыг зааж өгөхийг дагалдагчдадаа тушаасан (Матай 28:19, 20). Ехова Есүс хоёр хоёулаа хүмүүст үнэний замыг олоход нь сэтгэл харамгүй тусалдаг. Бид шавь бэлдэх ажилд өөрсдийгөө зориулахдаа эртний христианууд шиг Ехова Есүс хоёрыг дуурайдаг учраас сэтгэл дүүрэн байдаг юм (1 Коринт 11:1). Тийнхүү Төгс хүчит Бурхан болон түүний хайртай Хүүтэй хамтран ажилласнаар амьдрал маань жинхэнэ утга учиртай болдог. Бурхны «хамтран зүтгэгчдийн» нэг байх нь юутай их аз завшаан бэ! (1 Коринт 3:9). Сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд тэнгэр элчүүд оролцдог нь сэтгэл хөдөлгөм зүйл биш гэж үү? (Илчлэлт 14:6, 7).
6. Хэрэв бид сүнслэг бэлэг өгөх ажилд оролцвол хэн хэн анд нөхөд маань болох вэ?
6 Чухамдаа бусдад сүнслэг бэлэг өгөх энэхүү ажилд оролцсоноороо бид зөвхөн Бурхны «хамтран зүтгэгчид» болох төдийгүй түүнтэй үүрдийн анд нөхөд болно. Абрахам итгэлээрээ Еховагийн анд нөхөр хэмээн дуудагдах болсон (Иаков 2:23). Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийг хичээснээрээ бид бас Бурхны анд нөхөд болж болно. Үүний зэрэгцээ бид Есүсийн ч анд нөхөд болно. Тэрбээр дагалдагчдадаа: «Би та нарыг анд нөхөд хэмээн дуудав. Учир нь Би Эцгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ» хэмээн хэлсэн (Иохан 15:15). Нөлөө бүхий буюу өндөр албаны хүмүүстэй нөхөрлөдгөөрөө бахархдаг хүн олон байдаг. Тэгвэл бид орчлонт ертөнцийн хамгийн агуу хоёр бодгальтай анд нөхөд болсноороо бахархаж болно.
7. а) Нэгэн Гэрч эмэгтэй хэрхэн жинхэнэ анд нөхөртэй болсон бэ? б) Танд үүнтэй адил зүйл тохиолдсон уу?
7 Түүнээс гадна Бурхны анд нөхөд болоход нь хүмүүст туслахад тэд мөн адил бидний анд нөхөд болдог бөгөөд энэ нь бидэнд онцгой баяр баясгалан авчирдаг юм. АНУ-д Жоан гэдэг Гэрч эмэгтэй Тельма гэдэг өөр нэгэн эмэгтэйтэй Библи судалж эхэлсэн байна. Тельмаг гэрийнхэн нь эсэргүүцэж байсан боловч бууж өгөлгүй явсаар жилийн дараа баптисм хүртжээ. Хожим Жоан: «Бидний харьцаа үүгээр дуусгавар болоогүй ээ. Харин ч бид хоёр улам дотноссон бөгөөд эдүгээ бараг 35 дахь жилдээ нөхөрлөж байна. Бид хоёр дэлгэрүүлэх ажил болон чуулганд үргэлж хамт явдаг байлаа. Дараа нь би 800 км-ийн алс оршдог өөр газар шилжин суурьшсан юм. Тэгсэн ч гэсэн Тельма одоо хүртэл сэтгэл дулаацуулам халуун дулаан үгтэй захиа илгээсээр байна. Захиандаа намайг үргэлж дурсан санадаг тухайгаа, өөртэй нь нөхөрлөж, үлгэр дуурайл үзүүлдэг хийгээд Библийн үнэнийг мэдэхэд нь тусалсанд минь талархаж явдаг тухайгаа бичдэг юм. Тийм ойр дотно бөгөөд хайртай анд нөхөртэй байгаа минь Еховагийн тухай мэдэхэд нь тусалж, хүчин чармайлт гаргасныхаа төлөө хүртсэн гайхамшигтай шагнал юм» хэмээн бичсэн билээ.
8. Өөдрөг сэтгэл дэлгэрүүлэх ажилд маань хэрхэн тус болдог вэ?
8 Уулзаж учирдаг хүмүүсийн маань дунд Еховагийн Үгийг огт сонирхдоггүй, эсвэл бараг сонирхдоггүй хүн олон байдаг хэдий ч үнэнийг мэдэх хүсэлтэй хүн олох боломж байдаг нь биднийг тэвчээртэй байхад тусалдаг. Тиймэрхүү хайхрамжгүй хандлага итгэл болоод тэвчээрийг маань сорьдог. Гэвч өөдрөг сэтгэл бидэнд тусална. Гватемал улсын иргэн Фаусто гэгч Гэрч нэгэн эр: «Би бусдад дэлгэрүүлэхдээ уулзан ярилцаж байгаа хүн минь бидний сүнслэг ах эгч нарын нэг болчихвол мөн сайхан аа гэж боддог юм. Тэднээс ядаж нэг нь ч гэсэн Бурхны Үгийн үнэнийг хүлээн авна гэдэгт итгэл төгс байдаг. Тийм бодол надад хүч нэмж, жинхэнэ баяр баясгалан авчирдаг» хэмээн ярьсан билээ.
Тэнгэрт эд баялаг хураах нь
9. Тэнгэр дэх эд баялгийн талаар Есүс юу хэлсэн бэ? Үүнээс бид юунд суралцаж болох вэ?
9 Өөрийн үр хүүхэд болон өрөөл бусдыг шавь болгоно гэдэг тэр болгон амар хялбар ажил биш. Үүнд цаг хугацаа, тэсвэр тэвчээр, цөхрөлтгүй оролдлого шаардлагтай. Гэвч, гол төлөв баяр баясгалан авчирдаггүй бөгөөд урт удаан насгүй материал эд баялаг цуглуулахад хүчээ үл хайрладаг хүн олон байдаг. Есүс өөрийг нь сонсож байсан хүмүүст сүнслэг зүйлсийн төлөө хөдөлмөрлөх нь илүү дээр гэж хэлсэн. Тэрбээр: «Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод хулгайлан авдаг аж. Харин тэнгэрт эд баялгийг өөрсдөдөө хураа. Учир нь тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй» гэж хэлсэн (Матай 6:19, 20). Шавь бэлдэх чухал ажилд оролцох зэрэг сүнслэг зорилтуудаа дагаж мөрдсөнөөр бид сэтгэлийн таашаал эдэлдэг. Учир нь ингэснээрээ бид Бурхны хүсэл тааллыг биелүүлж байгаа хэрэг бөгөөд үүний хариуд Бурхан шагнах болно. Элч Паул: «Бурхан бол... Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш» хэмээн бичжээ (Еврей 6:10).
10. а) Есүс ямар учраас сүнслэг эд баялагтай байсан бэ? б) Есүс бусдын төлөө өөрийгөө хэрхэн өгсөн бэ? Энэ нь хүмүүст ямар агуу тус хүргэсэн бэ?
10 Хэрэв бид шавь бэлдэх ажилд идэвх зүтгэлтэй оролцох аваас Есүсийн хэлснээр «тэнгэрт эд баялгийг өөрсдөдөө хураана». Үүний дүнд хүлээн авах зүйл маань бидэнд баяр баясгалан авчирдаг. Яагад гэвэл хэрэв бид сэтгэл харамгүй өгвөл эцэстээ өөрсдөө баяжна. Есүс өөрөө Еховад тоо томшгүй олон жил үнэнч үйлчилсэн. Тэнгэрт цуглуулсан эд баялаг нь ямар болохыг бодоод үз дээ! Тэглээ ч гэсэн Есүс хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөөгүй. Элч Паул: «Бидний Бурхан ба Эцгийн хүслээр одоогийн бузар булай энэ үеэс биднийг гэтэлгэхийн тулд бидний нүглийн төлөө Есүс Христ Өөрийгөө өгсөн юм» хэмээн бичсэн (Галат 1:4). Есүс дэлгэрүүлэх ажилд өөрийгөө харамгүй зориулаад зогсоогүй, бусад хүмүүст тэнгэрт эд баялаг хураах боломж олгохын тулд амиа золиос болгон өгсөн юм.
11. Сүнслэг бэлэг эд хөрөнгөнөөс илүү байдгийн учир юу вэ?
11 Бурхны тухай зааснаараа бид мөнхийн сүнслэг эд баялгийг өөрсдөө хэрхэн хурааж болдгийг мэдэхэд нь хүмүүст тусалдаг. Та ямар агуу их бэлгийг өгч чадах вэ? Та найздаа их үнэтэй цаг юм уу машин, эсвэл бүр байшин бэлэглэлээ гэж бодъё. Тэгвэл найз тань баярлан талархах байх. Та ч бас найздаа бэлэг өгсөндөө баяр баясгалан эдлэх болно. Харин уг бэлэг 20 жилийн дараа, 200 жилийн дараа, 2000 жилийн дараа гэхэд юу болох вэ? Гэтэл, хэрэв бид Еховад үйлчлэхэд нь хүмүүст туслан, цаг хүчээ зориулах аваас үүний ашиг нь үүрдийн байх болно.
Бид үнэнийг мэдэх хүсэлтэй хүмүүсийг эрдэг
12. Бусдад сүнслэг тусламж үзүүлэхийн тулд хүмүүс хүч, цагаа хэрхэн зарцуулдаг вэ?
12 Сүнслэг бэлэг өгч баяр баясгалан эдлэхийн тулд Еховагийн ард түмэн дэлхийн хязгаар хүртэл дэлгэрүүлж байна. Олон мянган хүн өөр оронд очиж миссионерээр үйлчлэхийн тулд орон гэрээ орхин явсан бөгөөд тэндхийн ард түмний хэл, соёлыг сурч эзэмших асуудалтай тулгарсан. Зарим нь улс орныхоо дэлгэрүүлэгч шаардлагатай байгаа өөр хэсэгт нүүж очсон байна. Бас орон нутагтаа амьдардаг цагаачдад дэлгэрүүлэх гэж гадаад хэл сурсан хүмүүс ч бий. Жишээ нь: АНУ-ын Нью-Жерси мужийн нэгэн гэр бүл хос, одоо Еховагийн Гэрчүүдийн дэлхий дахины удирдах ерөнхий газарт ажиллаж буй хоёр хүүгээ өсгөж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэснийхээ дараа эхлэгчээр үйлчилж эхэлсний зэрэгцээ хятад хэл сурсан байна. Хос хоёр гурван жилийн турш коллежийн хятадаар ярьдаг 74 оюутантай Библи судалсан байна. Та шавь бэлдэх ажлаасаа илүү их баяр баясгалан эдлэхийн тулд дэлгэрүүлэх ажлаа улам өргөжүүлж болохгүй юу?
13. Хэрэв та дэлгэрүүлэх ажлаа үр өгөөжтэй болгоё гэж хүсэж байгаа бол яах хэрэгтэй вэ?
13 Та Библийн хичээл явуулахыг их хүсэж байлаа ч амжилт олохгүй байж болох юм. Зарим оронд сонирхогч хүн олох амаргүй байдаг. Тантай Библи огт сонирхдоггүй хүмүүс тааралддаг байж магадгүй. Тиймд үнэнийг мэдэх хүсэлтэй хүмүүстэй уулзуулж өгөхийг гуйж, байнга залбирах хэрэгтэй. Учир нь Ехова болон Есүс Христийн аль аль нь шавь бэлдэх ажилд их анхаардаг бөгөөд өөрийг тань хоньтой зүйрлэм хүмүүстэй уулзуулж өгнө. Мөн хурлынхаа илүү туршлагатай буюу дэлгэрүүлэх ажилдаа илүү амжилт гаргадаг итгэл нэгтнүүдээсээ зөвлөгөө авч болно. Цуглаанаар өгдөг сургалт, зөвлөгөөнүүдийг ашиглах хэрэгтэй. Явуулын харгалзагчид болон эхнэрүүдийнх нь зөвлөгөөг дагаж мөрдөх хэрэгтэй. Хамгийн гол нь хэзээ ч бууж өгч болохгүй. Мэргэн ухаант Соломон: «Өглөө тарь, үдэш ч гараа бүү буулга. Учир нь өглөө орой тариалсны аль нь үр дүнтэй болохыг чи мэдэхгүй шүү дээ» гэж бичжээ (Номлогчийн үгс 11:6). Түүнээс гадна Ноа Иеремиа зэрэг үнэнч эрчүүдийг эргэн санаарай. Дэлгэрүүлэх ажлыг нь нааштай хүлээж авсан хүн маш цөөхөн байсан хэдий ч тэд ажлаа амжилттай гүйцэтгэсэн гэж хэлж болно. Гол нь тэдний ажил Еховаг баярлуулсан ажээ.
Чадлынхаа хирээр хийгтүн
14. Өөрт нь үйлчилсээр нас өндөр болсон хүмүүст Ехова хэрхэн ханддаг вэ?
14 Та нөхцөл байдлаас болоод дэлгэрүүлэх ажилдаа хүссэн хирээрээ амжилт гаргаж чадахгүй байж болно. Жишээ нь: Өндөр нас Еховад үйлчлэх ажлыг хязгаарлаж болох юм. Гэхдээ мэргэн нэгний: «Буурал толгой бол алдрын титэм юм. Үүнийг зөв шударга амьдрал дотор олдог» хэмээн бичсэн үгийг санаарай (Сургаалт үгс 16:31). Өөрт нь үйлчилж өнгөрүүлсэн амьдрал Еховагийн нүдэнд тааламжтай байдаг. Түүнээс гадна Библид: «Тэр ч байтугай та нарыг өндөр настай болсон ч Би хэвээрээ байна. Та нарын үс буурал болсон ч Би тээх болно. Би хийсэн, Би авч явна. Би тээж, аварна» гэж байдаг (Исаиа 46:4). Бидний хайртай тэнгэрийн Эцэг маань үнэнч үйлчлэгчдэдээ туслахаа амладаг.
15. Ехова нөхцөл байдлыг тань ойлгодог гэдэгт та итгэдэг үү? Яагаад?
15 Та ямар нэгэн өвчин тусах, эсвэл Гэрч биш хань тань таныг эсэргүүцэх, эсвэл гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэгтэйгээ холбоо бүхий хүнд ачаа үүрэх юм уу өөр бусад ноцтой бэрхшээлтэй тулгарч байж болох юм. Ехова бидний хязгаарлагдмал боломж хийгээд нөхцөл байдлыг ойлгодог бөгөөд бусад хүн биднээс илүү ихээр үйлчилдэг байлаа ч өөрт нь үйлчлэх гэж чин сэтгэлээсээ хүчин чармайсны маань төлөө тэр биднийг хайрладаг юм (Галат 6:4). Биднийг төгс бус гэдгийг Ехова мэддэг бөгөөд биднээс бодитой, боломжийн зүйл шаарддаг (Дуулал 147:11). Хэрэв бид хир чадлаараа хийх аваас Бурхны нүдэнд үнэ цэнтэй харагдах бөгөөд бидний итгэлийн үйлсийг Ехова мартахгүй гэдэгт эргэлзэхгүй байж болно (Лук 21:1–4).
16. Зөвхөн ганц шавь бэлдэх ажилд хурал бүхлээрээ ямар байдлаар оролцдог вэ?
16 Түүнээс гадна шавь бэлдэх ажил бол хамтын ажил гэдгийг санаарай. Ганц мод гал болдоггүйн адилаар хэн нэгэн хүн ганцаараа шавь бэлдэх боломжгүй. Нэгэн Гэрч сонирхогч хүн олоод түүнтэй Библи судалж эхэлжээ гэж бодъё. Гэтэл мөнөөх шинэ хүн Хаанчлалын танхимд ирэхдээ үнэнийг ойлгоход нь өөрт нь хурал бүхлээрээ тусалдгийг ойлгох болно. Ахан дүүсийн халуун дулаан уур амьсгал Бурхны сүнсний нөлөөг гэрчилдэг (1 Коринт 14:24, 25). Сонирхогч хүн маань хүүхэд багачуудын урам сэргээсэн хариуг сонсоод ертөнцийн залуусаас манай залуучуудын ялгаатай болохыг ойлгоно. Хурлын өвчтэй, сул биетэй болон өндөр настай гишүүд шинэ хүнд тэсвэр тэвчээр гэж юу болохыг харуулна. Библийн үнэнд дурлах дур хүслээ гүнзгийрүүлж, баптисм хүртэхэд бэлдэхэд нь шинэ хүнд туслахын тулд бид нас сүүдэр хийгээд хязгаарлагдмал боломжоосоо хамаарахгүйгээр бүгдээрээ чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус тусад нь аваад үзвэл өчүүхэн бага юм шиг санагдавч, бидний дэлгэрүүлэх ажилд зориулж байгаа цаг болгон, давтан уулзалт болгон, Хаанчлалын танхимд сонирхогч хүнтэй өрнүүлсэн яриа болгон Еховагийн явуулж байгаа лут их ажлын хэсэг нь билээ.
17, 18. а) Шавь бэлдэх ажилд оролцохын зэрэгцээ бусдад өгч, түүгээрээ баяр баясгалан эдэлж болох өөр ямар арга зам байдаг вэ? б) Бусдад өгч баяр баясгалан эдлэхдээ бид хэнийг дуурайдаг вэ?
17 Христианууд бид шавь бэлдэх чухал ажилд оролцохын зэрэгцээ бусдад өөр бэлгүүд өгч баяр баясгалан эдэлдэг нь мэдээж хэрэг. Бид жинхэнэ шүтлэгийг дэмжин, шаардлагатай хүмүүст туслах зорилгоор хөрөнгө санхүүгийн хандив тусламж үзүүлж болно (Лук 16:9; 1 Коринт 16:1, 2). Мөн бусдыг зочлох боломж гаргаж болно (Ром 12:13). «Бүх хүмүүст, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэхээр» хичээн чармайж болно (Галат 6:10). Захиа бичих, утсаар ярих, бэлэг бэлэглэх, бодитой тусламж үзүүлэх, урамшуулсан үг хэлэх зэрэг нь энгийн зүйл мэт санагдаж болох боловч бусдад өгөх багагүй чухал арга зам юм.
18 Бусдад өгч байгаа маань тэнгэрийн Эцгээ дуурайдгаа харуулж байгаа хэрэг билээ. Тэрчлэн бид бусдад ахан дүүсэг хайраар ханддаг бөгөөд энэ бол жинхэнэ христиануудын бусдаас ялгарах шинж юм (Иохан 13:35). Хэрэв бид үүнийг санаж байх аваас бусдад харамгүй сэтгэлээр хандан, түүнээсээ баяр баясгалан эдлэх болно.
Та тайлбарлаж чадах уу?
• Ехова Есүс хоёр сүнслэг бэлэг өгөх жишээг хэрхэн үзүүлсэн бэ?
• Үүрдийн найз нөхдөө хэрхэн олж болох вэ?
• Илүү үр өгөөжтэй үйлчлэхийн тулд ямар ямар алхам хийж болох вэ?
• Хурлын бүх гишүүн өгөхийн баяр баясгаланг хэрхэн эдэлж болох вэ?