Агуу Багшаа дуурайгтун
«Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. [...] Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» (МАТАЙ 28:19, 20).
1, 2. а) Амьдрал дээр, бид бүгдээрээ яаж багш болдог вэ? б) Жинхэнэ христианууд бусдад заах ямар хосгүй үүрэгтэй вэ?
ТА багш мөн үү? Нарийн дээрээ бид бүгд багш нар юм. Төөрсөн хүнд зам заах, хамтран ажиллагчдаа зарим нэг ажлыг яаж хийхийг харуулах, эсвэл хүүхдэд гутлаа яаж үдэхийг зааж өгөх гэх зэргээр цаг тутамд багшилж байдаг. Ийнхүү бид бусдад туслахдаа сэтгэл хангалуун байдаггүй гэж үү?
2 Жинхэнэ христианууд багш байх хосгүй үүрэгтэй. Бид, хүмүүсийг «дагалдагч болгож... тэдэнд заа» гэсэн даалгавар авсан (Матай 28:19, 20). Хурал дотор ч бас заах боломж бий. Тохирсон эрчүүдийг хурлыг бэхжүүлэх «хоньчин ба багш» болгон томилдог (Ефес 4:11–13). Төлөвшсөн эгч нар өдөр тутмын христиан үйлсээрээ «юу сайн болохыг» залуу эмэгтэйчүүдэд заах ёстой (Тит 2:3–5). Бид бүгдээрээ итгэл нэгтнүүддээ урам өгөх учиртай бөгөөд бусдыг Библийн тусламжтайгаар «барьж байгуулснаараа» энэ үүргээ биелүүлдэг гэсэн үг (1 Тесалоник 5:11). Бурхны Үгийн багш байж, мөнхийн ашиг өгч чадах сүнслэг үнэт зүйлийг хуваалцана гэдэг ямар их нэр төрийн хэрэг вэ!
3. Заах ажлаа яаж илүү үр дүнтэй болгох вэ?
3 Харин заах ажлаа яаж илүү үр дүнтэй болгох вэ? Юуны түрүүнд, Агуу Багш Есүсийг дуурайх хэрэгтэй. «Гэхдээ яаж Есүсийг дуурайх юм бэ? Тэр чинь төгс байсан шүү дээ» гэж зарим хүн гайхаж магадгүй. Үнэндээ бид төгс багш болж чадахгүй л дээ. Гэлээ ч гэсэн авьяас чадвар маань ямар ч бай, бид Есүсийн хэрхэн зааж байсныг хамаг чадлаараа дуурайж чадна. Түүний энгийн заах, асуултыг үр дүнтэй ашиглах, логик тайлбар өгөх, тохиромжтой жишээ татах гэсэн дөрвөн аргыг яаж хэрэглэж болох тухай ярилцъя.
Энгийн заах нь
4, 5. а) Энгийн байдал яагаад Библийн үнэний гол онцлог болдог вэ? б) Энгийн заахын тулд яагаад үгээ анхаарах хэрэгтэй вэ?
4 Бурхны Үгийн үндсэн сургаал тийм ч хэцүү төвөгтэй биш ээ. Есүс: «Эцэг минь ээ, Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг ухаант хүмүүс, мэргэдээс нууцалж балчир хүүхдүүдэд илчилсэн билээ» хэмээн залбирсан (Матай 11:25). Ехова чин сэтгэлтэй, даруу номхон хүмүүст санаа зорилгоо илчилдэг (1 Коринт 1:26–28). Иймд энгийн байдал бол Библийн үнэний гол онцлог юм.
5 Библийн хичээл явуулахдаа, эсвэл сонирхсон хүмүүстэй давтан уулзахдаа яаж энгийн зааж болох вэ? Энэ талаар бид Агуу Багшаасаа юу сурч авдаг вэ? Есүс голдуу «эрдэм номгүй, боловсролгүй» сонсогчдынхоо зүрх сэтгэлд хүрэхийн тулд ойлгоход амархан энгийн үгээр ярьдаг байсан (Үйлс 4:13). Тэгэхлээр энгийн заахын тулд эхлээд үгээ анхаарах шаардлагатай. Бурхны Үгийн сургаалыг хүмүүст илүү үнэмшилтэй болгох гэж байна гээд сүржин гоё үг хэллэг хэрэглэх хэрэггүй. Тийм «хэт чамирхсан үг» нь, ялангуяа боловсрол, чадвар багатай хүмүүсийг айлгаж мэднэ (1 Коринт 2:1, 2, ШЕ). Хянамгай сонгож хэрэглэсэн энгийн үг Библийн үнэнийг илүү хүчтэй дамжуулдгийг Есүсийн жишээ харуулдаг.
6. Суралцагчаа хэт их мэдээллээр дарахаас хэрхэн зайлсхийж болох вэ?
6 Түүнчлэн бид энгийн заахын тулд суралцагчаа хэт их мэдээллээр булахаас болгоомжлох ёстой. Есүс шавь нарынхаа хэр хэмжээг мэддэг байсан (Иохан 16:12). Бид ч бас суралцагчийнхаа хэр хэмжээг ойлгох ёстой. Жишээ нь, «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг» номоор Библи судлал явуулж байгаа бол бүгдийг нь ширхэг дараалан тайлбарлах хэрэггүйa. Бас яарах хэрэггүй. Учир нь тодорхой хэмжээний мэдээллийг нэг амьсгаагаар өгөх нь бидний гол зорилго биш. Суралцагчийн хэрэгцээ чадвараас шалтгаалж хичээлээ хурдан явуулах уу, удаан явуулах уу гэдгээ шийдэж болно. Бидний зорилго бол суралцагчаа Христийн шавь, Еховаг шүтэгч болоход нь туслах явдал юм. Суралцагч хүндээ үзэж байгаа материалыг сайн ойлгуулахын тулд хэчнээн цаг шаардлагатай байна, төчнөөнийг гаргах хэрэгтэй. Ингэсэн цагт Библийн үнэн тэр хүний зүрх сэтгэлд орж, мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусална (Ром 12:2).
7. Цуглаан дээр үг хэлэхдээ энгийн заахад маань ямар ямар зөвлөгөө тус болох вэ?
7 Цуглаан дээр үг хэлэхдээ, ялангуяа, шинэ хүмүүст ойлгуулахын тулд яаж «тодорхой үгээр» ярьж болох вэ? (1 Коринт 14:9). Үүнд туслах гурван зөвлөгөө үзье. Эхнийх нь, хэлэх үгэнд чинь гарах мэдэхгүй нэр томьёо бүрийг тайлбарла. Бурхны Үгийг судлах явцад бидний үгийн баялаг онцлог үгсээр нэмэгдсэн билээ. Хэрэв «итгэмжит ухаалаг боол», «өөр хонинууд», «Агуу их Вавилон» гэх зэрэг нэр томьёо хэрэглэх болбол утга санааг нь энгийн үгээр тодруулж тайлбарлах хэрэгтэй байж болох юм. Хоёр дахь зөвлөгөө нь, олон үг хэлэхээс зайлсхий. Хэтэрхий олон үг болон хэцүү өгүүлбэрээс болж сонсогчдоо алдаж болзошгүй. Тодорхой байлгахын тулд хэрэггүй үг хэллэгийг хас. Гурав дахь нь, их материал оруулах гэж хичээх хэрэггүй. Үгээ бэлдэх явцад сонирхолтой нарийн ширийн зүйл олныг олж магадгүй шүү дээ. Гэхдээ хэлэх үгэндээ цөөн хэдэн гол санааг онцлох хэрэгтэй. Ийнхүү онцлохдоо тэдгээр гол санааг бататгадаг, оногдсон цагтаа багтаан тодорхой илэрхийлж болохуйц мэдээллийг л ашиглах нь илүү сайн.
Асуултыг үр дүнтэй ашиглах нь
8, 9. Гэрийн эзний сонирхолд нийцсэн асуултыг хэрхэн сонгох вэ? Жишээ татна уу.
8 Есүс шавь нараа санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болгож, сэтгэх чадварыг нь идэвхжүүлж, хөгжүүлэхийн тулд асуултыг чадварлаг ашигладаг байсныг саная. Тэрээр асуултаа эвтэйхэн асууж, шавь нарынхаа зүрх сэтгэлд хүрдэг байсан (Матай 16:13, 15; Иохан 11:26). Тэгвэл бид асуултыг яаж Есүс шиг үр дүнтэй ашиглах вэ?
9 Бид айлаар дэлгэрүүлж явахдаа сонирхол татах асуултын тусламжтайгаар Бурхны Хаанчлалын тухай ярих үндсийг тавьж болно. Яаж гэрийн эзний сонирхолд нийцсэн асуулт сонгох вэ? Гярхай ажигла. Айлын байшин уруу дөхөж явахдаа эргэн тойрныг сайтар хар. Хашаанд нь хүүхдийн тоглоом байхыг үзвэл хүүхэдтэй гэдгийг нь ойлгоод ингэж асууж болно. «Хүүхдүүд маань өсөж том болоход дэлхийн байдал ямар болох бол гэж та бодож байсан уу?» (Дуулал 37:10, 11). Хаалган дээр нь хэдэн давхар цоож юм уу, дохиоллын систем байна уу? Тэгвэл: «Хэзээ нэгэн цагт та бид бүгдээрээ гэртээ ч, гадаа ч айх аюулгүй, амар тайван байх цаг ирэх болов уу? Та энэ тухай бодож үзсэн үү?» гэж асууж болно (Мика 4:3, 4). Тахир дутуу хүний тэргэнд зориулсан замтай байна уу? «Бүх хүн эрүүл саруул амьдрах цаг ирэх болов уу?» гэж асуугаарай (Исаиа 33:24). Өөр олон зөвлөгөөг «Судраас тунгаагтун» гэдэг номоос харж болноb.
10. Суралцагчийнхаа зүрх сэтгэлээс яаж бодол санааг нь «гадагш гаргах» асуулт тавих вэ? Гэхдээ юуг санаж явах хэрэгтэй вэ?
10 Библийн хичээл хийхдээ асуултыг яаж сайн ашиглах вэ? Бид хүмүүсийн зүрх сэтгэлийг Есүс шиг харж чадахгүй. Гэсэн хэдий ч, эвтэйхэн, хэрсүү ухаалаг асуулт тавивал суралцагчийнхаа зүрх сэтгэлээс бодол санааг нь «гадагш гаргаж» чадна (Сургаалт үгс 20:5). Жишээлбэл, «Мэдлэг» номын «Бурханд таалагддаг амьдрал аз жаргал авчирдгийн учир» гэдэг бүлгийг үзэж байна гэж бодъё. Энэ бүлэгт Бурхан шударга бус явдал, садар самуун болон үүн шиг бусад зүйлд яаж ханддагийг авч үзсэн байдаг. Суралцагч хүн догол мөрийн асуултад зөв хариулчихдаг хэр нь үүнтэй санал нэг байдаг болов уу? Үүнийг мэдэхийн тулд: «Энэ асуудлаарх Еховагийн үзэл бодлыг та ухаалаг гэж үзэж байна уу? Та Библийн энэ зарчмыг амьдралдаа яаж хэрэгжүүлж болох вэ?» гэж асууж болно. Гэхдээ суралцагчаа хүн ёсоор үзэж, үзэл бодлыг нь хүндэтгэх хэрэгтэйг санаж яваарай. Санаа зовмоор, басамжилсан өнгө аястай асуулт асууж болохгүй (Сургаалт үгс 12:18).
11. Цуглаан дээр илтгэл тавих хүн асуултыг яаж үр дүнтэй ашиглаж болох вэ?
11 Цуглаан дээр илтгэл тавих хүмүүс ч бас асуултыг үр дүнтэй ашиглаж болно. Хариулт шаарддаггүй асуулт сонсогчдод эргэцүүлж бодоход нь тусалдаг. Есүс тийм асуултыг цөөнгүй ашигладаг байсан (Матай 11:7–9). Түүнээс гадна, илтгэгч оршил хэлснийхээ дараа үгийнхээ гол санааг гаргах асуултуудыг асууж болно. Тухайлбал, «Энэ илтгэлээс бүгдээрээ дараах асуултын хариуг мэдэж авъя...» гээд, үгийнхээ төгсгөлд гол санааг давтах зорилгоор дээрх асуултуудаа эргэн асууж болно.
12. Ахлагч нар итгэл нэгтнүүдээ Бурхны Үгээр тайтгаруулж туслахын тулд асуулт хэрхэн ашиглаж болохыг жишээгээр үзүүлнэ үү.
12 Хурлын ахлагч нар хоньчны үүрэг хүлээдгийн хувьд «гутарсан хүнийг» Еховагийн Үгээр тайтгаруулахдаа асуулт ашиглаж болно (1 Тесалоник 5:14, ШЕ). Жишээлбэл, сэтгэлийн дарамттай хүний анхаарлыг Дуулал 34:18-д хандуулж болох юм. Тэнд: «ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд сүнсээрээ гэмшигчдийг [«сэтгэлийн дарамттай хүмүүсийг», ШЕ] авардаг» гэж байдаг. Энэ зүйл өөрт нь хамаатай болохыг урам хугарсан хүн ойлгосон эсэхийг магадлахын тулд ахлагч: «Ехова ямар хүмүүст „ойртон байдаг“ вэ? Танд заримдаа „эмтэрсэн зүрхтэй, сэтгэлийн дарамттай“ байгаа юм шиг санагддаг уу? Ехова тийм хүмүүст „ойртон байдаг“ гэж Библид бичсэн учраас танд ч бас ойрхон байна гэсэн үг биш үү?» гэж асууж болно. Ийнхүү санаа тавин тайтгаруулбал сэтгэлээр унасан хүнийг сэргээж чадна (Исаиа 57:15).
Логик тайлбар өгөх нь
13, 14. а) Бурхан үзэгддэггүй юм чинь яаж итгэх юм бэ гэдэг хүмүүст юу хэлэх вэ? б) Бүх хүнийг итгүүлнэ гэж найдах хэрэггүйн учир юу вэ?
13 Бидний дэлгэрүүлэх ажлын зорилго бол ухаалаг тайлбарлаж, үнэмшилтэй итгүүлэн хүмүүсийн зүрх сэтгэлд хүрэх явдал юм (Үйлс 19:8; 28:23, 24). Тэгэхлээр, бусдыг Бурхны Үгийн сургаалд итгүүлэхийн тулд нарийн ухаан гаргаж сурах ёстой гэсэн үг үү? Огт тийм биш. Ухаалаг тайлбар заавал ярвигтай хэцүү байх албагүй. Энгийн хэлсэн, логик тайлбар хамгийн их үр нөлөөтэй байдаг. Жишээ авъя.
14 Бурхан үзэгддэггүй юм чинь яаж итгэх юм бэ гэдэг хүмүүст юу хэлэх вэ? Шалтгаан, үр дагаврын талаар ярилцаж болох юм. Бид үр дагаврыг хараад шалтгаан байх ёстойг ойлгодог шүү дээ. Тэгвэл: «Таныг алс бөглүү газар явж байтал замд тань хоол хүнс нөөцөлсөн нэгэн сайхан байшин (үр дагавар) тааралдвал, хэн нэг нь (шалтгаан) энэ байшинг бариад, зоорийг хоол хүнсээр дүүргэжээ гэдгийг та шууд л хүлээн зөвшөөрнө байх. Үүнтэй адил, бид байгалийн уран нарийн тогтолцоо болон хоол хүнсээр элбэг дэлбэг Дэлхийн «зоорийг» (үр дагавар) хараад үүний цаана Хэн Нэгэн (шалтгаан) байх ёстой гэсэн дүгнэлт гаргана биз дээ?» гэж хэлж болно. Библид үүнийг: «Аливаа барилга хэн нэгнээр баригддаг. Харин бүх юмсын барилгачин бол Бурхан мөн» хэмээн энгийн бөгөөд ойлгомжтой тайлбарладаг (Еврей 3:4). Гэвч бид хэчнээн ухаалаг тайлбар хэллээ ч бүх хүнийг итгүүлж чадахгүй. Библи «зөв хандлагатай» хүмүүс л итгэнэ гэж сануулдаг (Үйлс 13:48, ШЕ; 2 Тесалоник 3:2).
15. Еховагийн зан чанар болон үйлсэд хүмүүсийн анхаарлыг хандуулахдаа ямар хэллэг ашиглаж болох вэ? Яаж ашиглаж болохыг ямар хоёр жишээ харуулдаг вэ?
15 Бид дэлгэрүүлэхдээ ч, цуглаан дээр ч хүмүүсийн анхаарлыг Еховагийн зан чанар болон үйлсэд хандуулахын тулд логик тайлбар ашиглан зааж болно. Есүсийн ашигладаг байсан «тэгэх тусмаа» гэдэг хэллэгээр тайлбарлах нь гойд үр дүнтэй (Лук 11:13; 12:24). Эсрэг тэсрэг чанарт үндэслэсэн энэ хэллэг хүнд гүн сэтгэгдэл төрүүлдэг. Жишээ нь, галт тамын тухай сургаал ямар ч утгагүй хоосон зүйл гэдгийг үзүүлэхийн тулд «Хүүхдэдээ хайртай эцэг хүүхдээ шийтгэж байгаа нь энэ гээд гарыг нь гал дээр хэзээ ч барьдаггүй бол, тэгэх тусмаа бидэнд хайртай тэнгэрийн Эцэг маань галт тамын тухай санааг жигшиж таарна!» гэж хэлж болно (Иеремиа 7:31). Ехова үйлчлэгчдэдээ нэг бүрчлэн санаа тавьдаг гэдгийг заахдаа: «Ехова өчнөөн тэрбум одыг бүгдийг нэрээр нь мэддэг юм бол, тэгэх тусмаа Хүүгийнхээ үнэт цусаар зольж авсан, өөрийг нь хайрладаг хүмүүст бүр ч санаа тавих нь дамжиггүй!» гэж хэлж болно (Исаиа 40:26; Үйлс 20:28). Ингэж үнэмшилтэй тайлбарлавал хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч чадна.
Тохиромжтой жишээ татах нь
16. Заах ажилд жишээ яагаад ач холбогдолтой вэ?
16 Үр нөлөөтэй жишээ гэдэг бол зааж байгаа зүйлийг маань хүмүүст илүү амттай болгодог «амтлагч» юм. Заах ажилд жишээ ямар учраас ач холбогдолтой вэ? Нэгэн сурган хүмүүжүүлэгч: «Хийсвэрлэн сэтгэхүй бол хүнд заяасан авьяас чадваруудаас хамгийн хүндэд тооцогддог» хэмээн бичжээ. Жишээ бидний ой ухаанд утга бүхий дүр зураг буулгадаг бөгөөд энэ нь шинэ санааг бүрэн дүүрэн тогтоож авахад тусалдаг. Есүс жишээ ашиглахдаа гарамгай байлаа (Марк 4:33, 34). Тэгвэл бид энэ аргыг яаж хэрэглэж болохыг авч үзье.
17. Жишээг ямар дөрвөн хүчин зүйл үр нөлөөтэй болгодог вэ?
17 Жишээг юу үр нөлөөтэй болгодог вэ? Нэгд, энэ нь сонсогчдод тохирсон байж, сайн мэддэг, ойлгодог нөхцөл байдалд нь тэдний анхаарлыг хандуулах ёстой. Есүс сонсогчдынхоо өдөр тутмын амьдралаас санаа авч жишээ татдаг байсныг та бид санаж байгаа билээ. Хоёрт, жишээ нь дүрслэх санаатайгаа зохицох ёстой. Эс тэгвэл сонсогчдыг самууруулахаас цаашгүй. Гуравт, жишээг ямар ч хэрэггүй нуршуу зүйлээр дүүргэх ёсгүй. Есүс чухал хэрэгтэй нарийн зүйлийг аваад, онцын шаардлагагүйг нь орхидог байсныг санаарай. Дөрөвт, жишээ татахдаа сонсогчдод ойлгомжтой байгаа эсэхийг магадал. Тэгэхгүй бол зарим хүн ойлгохгүй байж мэднэ.
18. Яаж тохиромжтой жишээ олох вэ?
18 Яаж тохиромжтой жишээ олох вэ? Адармаатай, урт түүх зохиох шаардлагагүй. Богино жишээ илүү үр нөлөөтэй байдаг. Ярих зүйлдээ тохирсон жишээ зохиох гээд үз. Тухайлбал, Бурхны өршөөмтгий чанарын тухай ярилцаж байна гэж бодъё. Тэгээд Ехова бидний алдааг «балладаг» буюу арилгадаг гэж өгүүлдэг Үйлс 3:19-ийн (МАБ) санааг жишээгээр тайлбарлах боллоо. Уг нь энэ зүйлийн санаа өөрөө их тодорхой байна л даа. Гэхдээ яаж бодит зүйлээр жишээлж болох вэ? Баллуураар ч юм уу, эсвэл бамбалзуураар? «Ехова баллуураар арилгаж байгаа юм шиг бидний нүглийг уучилдаг» гэж хэлж болно. Ийм энгийн жишээний санааг ойлгоход хэцүү биш.
19, 20. а) Сайн жишээг хаанаас олж болох вэ? б) Үр нөлөөтэй ямар ямар жишээ манай Нийгэмлэгийн ном хэвлэлд нийтлэгдсэн байдаг вэ? (Мөн хүснэгт үзнэ үү.)
19 Амьдралтай жишээ хаанаас олж болох вэ? Өөрийнхөө амьдралаас юм уу, эсвэл итгэл нэгтнүүдийнхээ туршлагаас эрж болно. Мөн амьд ба амьгүй юмс, ахуйн хэрэглээний аар саар зүйл, тухайн газар оронд болж буй, олны анхаарлыг татсан үйл явдал гээд өөр олон эх сурвалжаас сонгож болно. Сайн жишээ олох үр өгөөжтэй арга бол өдөр тутмын амьдралыг «нэгд нэгэнгүй ажиглах» явдал юм (Үйлс 17:22, 23). Илтгэх урлагийн нэгэн лавлахад: «Хүмүүсийн амьдрал, үйл ажиллагааг ажигладаг, олон янзын хүнтэй ярилцдаг, янз бүрийн юмс, үзэгдлийг шимтэн сонирхдог, бүхний цаана гартал асуулт асуудаг илтгэгч хүн шаардлага гарвал дав дээр хэрэг болох өчнөөн олон материал цуглуулсан байдаг» гэж тайлбарлажээ.
20 Үр нөлөөтэй жишээний өөр нэгэн баялаг эх сурвалж бол Еховагийн Гэрчүүдийн хэвлэн гаргадаг «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүл болон бусад ном хэвлэл юм. Эдгээр хэвлэлд жишээг хэрхэн ашигласан байгааг сайн ажиглавал их зүйлийг сурч болноc. Тухайлбал, «Мэдлэг» номын 17-р бүлгийн 11-р догол мөрд татсан жишээг авч үзье. Энд хурлын янз бүрийн гишүүдийг, замаар таны яваа чиглэлд явж буй төрөл бүрийн тээврийн хэрэгсэлтэй зүйрлэсэн байгаа. Энэ жишээг юу үр нөлөөтэй болгож байна вэ? Өдөр тутмын амьдралаас авсан, дүрсэлж буй санаатайгаа зохицсон болохоор ямар зорилготой ашигласан нь сонсогчдод тодорхой байгааг ажиглаарай. Бид манай Нийгэмлэгийн хэвлэлд нийтэлсэн жишээг, заах ажилдаа, мөн шаардлагатай бол суралцагчийнхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэх юм уу, эсвэл цуглаан дээр хэлэх үгэндээ тохируулан ашиглаж болно.
21. Бурхны Үгийн сайн багш нар ямар шагнал хүртдэг вэ?
21 Сайн багш байхын шагнал их ээ. Бид хүмүүст заахдаа байгаа бүхнээ хуваалцаж, тэдэнд туслахын тулд сэтгэл зүрхээ өгдөг. Тийнхүү өгөх нь аз жаргал авчирдаг. Учир нь Библид: «Өгөх нь авахаас илүү жаргал авчирдаг» гэж байдаг шүү дээ (Үйлс 20:35, ШЕ). Бурхны Үгийн багш нар ийм жаргал эдэлдэг билээ. Учир нь тэд жинхэнэ бөгөөд үүрдийн үнэт зүйл болох Еховагийн тухай үнэнийг бусадтай хуваалцаж байгаагаа мэдрэн баяр баясгалантай байдаг юм. Бид бас Агуу Багш Есүс Христийг дуурайж байгаагаа мэдэхээр сэтгэл хангалуун байдаг.
[Зүүлт]
a Еховагийн Гэрчүүдийн хэвлэл.
b Еховагийн Гэрчүүдийн хэвлэл (англи). Уг номын 9—15-р хуудсанд байгаа «Дэлгэрүүлэх үйлчлэлд зориулсан оршил» гэсэн хэсгийг үзнэ үү.
c Еховагийн Гэрчүүдийн хэвлэсэн «1986—2000 оны Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товьёг»-ийн «Жишээ» («Illustrations») гэсэн бүлгийг үзнэ үү (англи).
Та санаж байна уу?
• Библийн хичээл хийхдээ, цуглаан дээр үг хэлэхдээ яаж энгийн заах вэ?
• Айлаар дэлгэрүүлэхдээ асуултыг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?
• Еховагийн зан чанар болон үйлсэд хүмүүсийн анхаарлыг хандуулахын тулд яаж логик тайлбар өгөх вэ?
• Тохиромжтой жишээ хаанаас олж болох вэ?
[Хавсралт/зураг]
Та эдгээр жишээг санаж байна уу?
Үр нөлөөтэй цөөн хэдэн жишээг доор дурдлаа. Заасан хэвлэлийг лавлан харж, хэлэлцэх гэсэн санааг жишээгээр хэрхэн тодруулсан байгааг ажиглаж болохгүй нь юу билээ?
• Сайн гэр бүлтэй болохыг хүсэгчид агаарын гимнастикч хос шиг, эсвэл уран гулгагч хос шиг сайн хань байх ёстой («Харуулын цамхаг», 2001 оны 5 сарын 15, хуудас 16, англи).
• Сэтгэлээ илэрхийлэх нь бөмбөг шидэхтэй адил. Энэ бөмбөгийг зөөлөн ч шидэж болно, эсвэл өвдөж хорстол хүчтэй чулуудаж ч болно («Сэрцгээ!», 2001 оны 1 сарын 8, хуудас 10, англи).
• Хайраа илэрхийлж сурах нь гадаад хэл сурахтай адил («Харуулын цамхаг», 1999 оны 2 сарын 15, хуудас 18, 22, 23, англи).
• Удам дамжсан нүглийг компьютерийн файлыг гэмтээдэг вирустай зүйрлэж болно («Халамжит Бүтээгч байдаг уу?», 156-р хуудас, англи).
• Анчин хүн ан гөрөө хийхдээ өөш хэрэглэн олз омог олдог бол спиритизм нь чөтгөрүүдэд өөшийн үүрэг гүйцэтгэдэг («Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг», 111-р хуудас).
• Есүс Адамын үр удмыг аврахаар ирснийг нэгэн баян өглөгч хүн компанийн өрийг төлж барагдуулаад үйлдвэрийг нь дахин нээж өгч, олон ажилчинд тус болж байгаатай зүйрлэж болно («Харуулын цамхаг», 1991 оны 2-р сарын 15, хуудас 13, англи).
• Дүрслэх урлаг сонирхогч хүмүүс алдарт зураачдын бүтээлүүдийг урлагийн дээжис гэж үздэг учраас тэдний хуучирч гэмтсэн зургуудыг сэргээн засварлах гэж заримдаа багагүй хүчин чармайлт гаргадаг. Түүнтэй адил Ехова бидний төгс бус байдлаас цаагуур, сайн талыг маань хардаг бөгөөд эцэстээ Адамын алдсан төгс байдлыг дахин сэргээх юм («Харуулын цамхаг», 1990 оны 2 сарын 15, хуудас 22, англи).