Еховагийн тэвчээрийг дуурайгтун
«[Ехова] Өөрийнхөө амлалтад хойрго биш билээ. Харин ч... тэвчээртэй» (2 ПЕТР 3:9).
1. Ехова хүн төрөлхтөнд ямар хосгүй бэлэг өгөх вэ?
ЕХОВА бидэнд өөрөөс нь өөр хэн ч өгч үл чадах, нэгэн бэлэг өгөхөө амласан. Юутай ч зүйрлэмгүй тэрхүү бэлэг хэн бүхний сэтгэлд нийцэх боловч, хүч чадлаар юм уу мөнгө төгрөгөөр авч болдог эд биш ажээ. Еховагийн өгөх бэлэг бол мөнхийн амь юм. Тийм ээ, Ехова олон хүнийг диваажин дэлхийд, цөөн хүнийг тэнгэрт мөнх амьдруулна (Иохан 3:16). Тэр цагт хүмүүс баяр жаргалаар бялхана! Уй гашуу авчирдаг мөргөлдөөн, хүчирхийлэл, ядуурал, гэмт хэрэг, өвчин эмгэг, тэр байтугай, үхэл хагацал байхгүй болно. Халамжит Бурхны Хаанчлалын засаглал дор хүмүүс жинхэнэ амар тайвныг эдэлж, эв нэгдэлтэй амьдарна. Тэрхүү Диваажинг бид тэсэн ядан хүлээдэг! (Исаиа 9:6, 7; Илчлэлт 21:4, 5).
2. Ехова Сатаны ертөнцийг устгалгүй өдийг хүрсэн нь ямар учиртай вэ?
2 Ехова ч бас дэлхий дээр Диваажин байгуулах цагаа тэсэн ядан хүлээдэг. Яагаад гэвэл, «тэрээр зөв ба шударга байдлыг хайрладаг» (Дуулал 33:5). Ертөнц шударга хуулийг нь уландаа гишгэж, эрх мэдлийг нь үл хүндэтгэж, ард түмнийг нь хавчдагт Бурхан шаналдаг. Гэхдээ Сатаны ёс бус ертөнцийг устгалгүй өдийг хүрсэн нь их нарийн учиртай. Энэ бүхэн Еховагийн эрх мэдэлд хамаатай маргаантай асуудал гарсантай холбоотой. Маргааныг шийдвэрлэхийн тулд Ехова өнөөгийн олон хүнд дутагддаг нэг бишрэм, сайхан чанар илэрхийлдэг нь тэвчээр юм.
3. а) «Тэвчээр» гэдэг үг еврей болон грекээр ямар утгатай вэ? б) Энэ өгүүллээр ямар ямар асуулт авч үзэх вэ?
3 «Ариун Библи» (МБОХ, 2000 он) орчуулгад «тэвчих» гэж хөрвүүлсэн макротумиа гэдэг грек үгийг үгчлэн буулгавал «уужим сэтгэл» гэсэн утга гардаг. Энэ үгийг мөн орчуулгад бас «хүлцэн тэвчих» гэж буулгасан байдаг. «Тэвчээр» гэдэг үг еврей болон грекээр хүлцэх, уурлахдаа удаан гэсэн санаа илэрхийлдэг. Ехова тэвчээртэй байдаг нь бидэнд ямар ач тустай вэ? Еховагийн болон үнэнч үйлчлэгчдийнх нь тэвчээр бидэнд ямар сургамжтай вэ? Еховагийн тэвчээр хязгаартай гэдгийг бид хаанаас мэддэг вэ? Эдгээр асуултыг ярилцъя.
Еховагийн тэвчээр
4. Еховагийн тэвчээрийн тухай элч Петр юу бичсэн бэ?
4 Элч Петр Еховагийн тэвчээрийн тухай: «Хайртууд минь, Эзний [Еховагийн] хувьд, нэг өдөр нь мянган жил мэт, мянган жил нь нэг өдөр мэт байдаг нь та нараас бүү нууцлагдаг. Эзэн [Ехова] удаашралыг тооцдог зарим хүний боддог шиг Өөрийнхөө амлалтад хойрго биш билээ. Харин ч Тэр хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэн та нарт тэвчээртэй ханддаг» гэж бичжээ (2 Петр 3:8, 9). Петр энд, Еховагийн тэвчээртэй байдгийн учрыг ойлгоход туслах хоёр зүйлийг тэмдэглэжээ.
5. Еховагийн цаг хугацааг хэмжих арга үйл хэрэгтэй нь хэрхэн уялддаг вэ?
5 Юуны түрүүнд, Ехова цаг хугацааг биднээс өөрөөр хэмждэг. Мөнхөд байдаг түүний хувьд мянган жил нэг өдөр мэт ажээ. Ехова хэзээ ч цагт баригдаж, хавчигддаггүй. Бас удаж назгайрдаггүй. Хосгүй мэргэн ухаантай Ехова аливаа асуудлыг шийдэхдээ тухайн асуудалд хамаатай хэн бүхний тусын тулд хамгийн тохиромжтой цагийг яг таг товлож, тэр цагийг иртэл тэвчээртэй хүлээдэг. Гэхдээ тэр болтол үйлчлэгчид нь зовж шаналж буйг хайхардаггүй гэсэн үг биш ээ. Ехова тэр чигээрээ хайр бөгөөд «нигүүлсэнгүй өршөөлийн» Бурхан билээ (Лук 1:78; 1 Иохан 4:8). Түүнээс гадна, зовлон зүдүүрийг түр зуур хүлцэн зөвшөөрснөөс нь болоод үйлчлэгчдэд нь учирч болох алив хор хохирлыг бүрмөсөн арилгах чадалтай (Дуулал 37:10).
6. Бурхныг хэнтэй адилтгаж болохгүй вэ? Яагаад?
6 Хүсэхэд хясна гэж байдаг (Сургаалт үгс 13:12). Хэрэв хэн нэгэн амласнаа биелүүлэхгүй удаад байвал хүмүүс түүнийг хэлсэндээ хүрье гэсэн бодолгүй юм байна гэж дүгнэдэг. Гэхдээ Бурхныг тийм хүнтэй адилтган бодвол мунхаг хэрэг болно! Бурхны тэвчээрийг цалгар назгай байдалтай эндүүрвэл цаг хугацаа өнгөрөхийн хэрээр итгэл алдарч, урам хугарах, цаашлаад сүнслэгээр зүүрмэглэх аюултай. Бас Петрийн сэрэмжлүүлж байсан хүмүүс буюу Есүсийг ирнэ гэдэгт итгэдэггүй «элэглэн дооглогчдод» мэхлүүлж болох юм. Ингэвэл бүр ч аюултай. Тийм хүмүүс: «Түүний ирэх амлалт нь хаана байна вэ? Эцэг өвгөдийг унтсан цагаас хойш бүх юм бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ» хэмээн тохуурхдаг (2 Петр 3:4).
7. Ехова тэвчээртэй байдгийн бас нэг шалтгаан юу вэ?
7 Хоёрдугаарт, Бурхан «бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсдэг» тул тэвчээртэй ханддаг гэж Петр тайлбарлажээ. Муу замаасаа «эргэхгүй», зөрүүд зан гаргадаг хүмүүс Еховагаас шийтгэл хүлээнэ. Гэхдээ Бурхан ёс бус хүмүүсийг устгаж бах таваа хангадаггүй. Харин ч, гэмшээд муу «замаасаа эргэж, амьдрахад» нь баярладаг (Езекиел 33:11). Тийм ч учраас, Ехова хүмүүст аврагдаж, мөнх амьдрах боломж олгохын тулд тэвчиж, дэлхий даяар сайн мэдээг тунхаглуулж байна.
8. Бурхан эртний Израильтай харьцахдаа тэвчээрээ хэрхэн харуулсан бэ?
8 Бурхны тэвчээр эртний Израилийн түүхээс бас харагддаг. Тэрбээр дуулгаваргүй ард олныг хэдэн зуун жилээр тэвчиж байв. Зөнчдөөрөө дамжуулан: «Өөрсдийн бузар муу замуудаас эргэж, та нарын эцэг өвгөдөд Миний тушаасан болон Өөрийн зарц нар эш үзүүлэгчдээр дамжуулан Миний та нарт илгээсэн бүх хуулийн дагуу Миний тушаал, Миний тогтоолуудыг сахигтун» хэмээн ахин дахин уриалж байсан боловч, харамсалтай нь, израильчууд Еховаг сонсоогүй (Хаадын дэд 17:13, 14).
9. Есүс Эцгийнхээ тэвчээрийг хэрхэн дуурайсан бэ?
9 Эцэст нь, Ехова Хүүгээ илгээсэн. Хүү нь Бурхантай эвлэрэхийн чухлыг иудейчүүдэд ойлгуулахын тулд чадах бүхнээ хийн, Эцгийнхээ тэвчээрийг төгс дуурайсан. Удахгүй үхэхээ лавтай мэдэж байсан Есүс: «Иерусалим аа, Иерусалим аа, чи эш үзүүлэгчдийг алж, чам уруу илгээгдсэн хүмүүс уруу чулуу нүүлгэдэг. Тахиа дэгдээхийнүүдээ далавчин доороо бөөгнүүлдэг шиг Би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй» гэж харамсан халаглажээ (Матай 23:37). Хэрэв Есүс өрөвдөх сэтгэлгүй, өршөөж уучлахыг мэддэггүй байсан бол ингэж хэлэх байсан гэж үү? Тэрбээр тэвчээртэй, хайрлах сэтгэлтэй андын ёсоор тийн хэлсэн! Есүс тэнгэрийн Эцгийнхээ адилаар, хүмүүсийг гэмшиж, аймшигт сүйрлийг эсэн мэнд даваасай гэж хүсэж байв. Зарим хүн Есүсийн сэрэмжлүүлгийг хүлээн авч, МЭ 70 онд Иерусалимыг сүйрэхэд эсэн мэнд үлдсэн ажээ (Лук 21:20–22).
10. Бурхны тэвчээр бидэнд ямар ач тустай вэ?
10 Хүн төрөлхтөн өөрөөс нь хэтэрхий хөндийрчихөөд байгаа хэдий ч Ехова сая сая хүнд, тэр дундаа, бид бүгдэд өөрийгөө мэдүүлж, аврагдах боломж олгожээ гэж бодохлоор Бурхны тэвчээрийг гайхан бишрэх сэтгэл эрхгүй төрдөг! «Эзний тэвчээрийг аврал хэмээн тооц» гэж элч Петр итгэл нэгтнүүдэдээ бичсэн байдаг (2 Петр 3:15). Тэвчээрийнх нь ачаар аврагдах боломжтой болсон тул бид Еховад талархах учиртай. Бас өдөр бүр бидэнд тэвчээртэй хандахыг гуйж залбирах нь зүйтэй (Матай 6:12).
11. Ехова ямар учраас тэвчдэгийг ойлгодог хүн яадаг вэ?
11 Ехова ямар учраас тэвчдэгийг ойлгодог хүн аврагдах цагаа тайван хүлээж, амласнаа биелүүлэхгүй удлаа хэмээн Бурхныг хэзээ ч буруутгадаггүй (Иеремиагийн гашуудал 3:26). Бид Бурхны Хаанчлал ирээсэй гэж залбирахдаа Бурхан тэр залбиралд маань хариулах хамгийн тохиромжтой цагийг мэддэг гэдэгт итгэдгээ харуулдаг. Түүнчлэн, итгэл нэгтнүүддээ болон дэлгэрүүлж явахад таардаг хүмүүст тэвчээртэй хандан, Еховаг дуурайхыг хичээдэг. Бас, хэн ч бүү мөхөөсэй, бүгдээрээ гэмшиж, бидэн шиг мөнх амийн найдвартай болоосой гэж хүсдэг (1 Тимот 2:3, 4).
Эртний зөнчдийн тэвчээр
12, 13. Иаков 5:10-т бичсэнчлэн, зөнч Исаиа тэвчээртэй байхын жишээг хэрхэн үзүүлсэн бэ?
12 Ехова ямар учраас тэвчээртэй байдгийг бид авч үзлээ. Үүний ачаар, тэвчээр гэдэг сайхан чанарыг илүү үнэлж, илүү хөгжүүлэх хүсэл төрж байна. Тэвчээртэй байх нь төгс бус хүнд амаргүй боловч хичээвэл болдог. Бурхны эртний үйлчлэгчдээс суралцах юм их бий. Шавь Иаков: «Ах дүү нар аа, Эзэний [Еховагийн] нэрээр ярьж байсан эш үзүүлэгчдийг авч, зовлон ба тэвчээрийн жишээ болгогтун» гэж бичжээ (Иаков 5:10). Тэд өнөөгийн бидэнд тулгардаг шиг сорилт бэрхшээлийг амжилттай давж чадсан нь сэтгэл сэргээж, урам зориг нэмдэг.
13 Жишээ нь, зөнч Исаиа Бурхнаас авсан даалгавраа биелүүлэхийн тулд тэвчээртэй байх ёстой байжээ. Энэ нь Еховагийн Исаиад хэлсэн үгнээс тодорхой харагддаг. Бурхан: «Яв. Ард олонд үүнийг хэлтүгэй! „Сонссоор бай. Гэвч бүү ухамсарла. Үзсээр бай. Гэвч бүү ойлго“. Энэ ард олны зүрх сэтгэлийг хатууруулж, чихийг нь дүлий, нүдийг нь сохор болго. Эс бөгөөс тэд нүдээрээ харан, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэж буцна, эдгэрнэ» хэмээжээ (Исаиа 6:9, 10). Хүмүүс үгийг нь хүлээж авахгүй байсан ч, Исаиа Бурхны сэрэмжлүүлгийг, багаар бодоход, 46 жил тэвчээртэйгээр тунхагласан! Өнөөдөр ч гэсэн олон хүн бидний мэдээг тоодоггүй ч, дэлгэрүүлэх ажлаа орхихгүй байхад тэвчээр тусална.
14, 15. Иеремиаг хэцүү бэрхийг давж, сэтгэлээр унахгүй байхад нь юу тусалсан бэ?
14 Хүмүүсийн хайхрамжгүй байдлаас гадна өөр олон сорилтыг зөнчид тэвчих хэрэгтэй болж байсныг бид мэддэг. Тэднийг хавчдаг байсан. Жишээ нь, Иеремиаг «жанчин, гянданд хийж» «нөөцлүүрт хаяж» байжээ (Иеремиа 20:2; 37:15; 38:6). Тэд Иеремиагийн туслах гэсэн сайхан сэтгэл уруу нь ус хийж, түүнийг тийн зовоож байв. Гэлээ гээд, тэрбээр өс санаж, өшөө авалгүй, харин ч олон арван жил тэвчсэн.
15 Хүмүүсийг хавчиж хяхаж, элэглэн доромжиллоо гэж Иеремиа дуугаа хураагаагүй шиг бид ч дуугаа хураадаггүй. Мэдээж, заримдаа сэтгэлээр унах үе байдаг. Иеремиа ч тэгж байсан бөгөөд тэр тухайгаа: «ЭЗЭНий үг надад бүхэл өдрийн турш зэмлэл, доог тохуу болж байв. ...Би: „Би Түүнийг дурсахгүй, Түүний нэрээр дахин ярихгүй“ гэв» хэмээн бичжээ. Тэгээд Бурхны даалгаврыг биелүүлэхээ больсон уу? Иеремиа: «[Бурхны үг] миний сэтгэл зүрхэнд ясаар минь хаагдан хүрээлэгдсэн шатаж буй гал мэт бол[сон]. Би түүнийг дотроо хадгалахаас ядарч, би түүнийг тэсвэрлэж чад[аагүй]» хэмээжээ (Иеремиа 20:8, 9). Энд нэг зүйл анхаарал татаж байна. Тэрбээр хүмүүс өөрийг нь элэглэн шоолдог гэж бодохлоороо урам хугардаг байсан бол хүргэдэг мэдээ нь хэчнээн үнэ цэнтэй, чухал болохыг бодохлоороо баяр хөөртэй болдог байжээ. Түүнээс гадна, Ехова «хүчит нэгэн мэт» Иеремиатай хамт байж, үгийг нь хичээл зүтгэлтэй, эр зоригтой тунхаглахад тусалж байсан (Иеремиа 20:11).
16. Сайн мэдээ дэлгэрүүлэх ажлаа хэрхэн баяр хөөртэй хийх вэ?
16 Зөнч Иеремиа үүрэгт ажлаа биелүүлэхдээ сэтгэлийн баяр жаргал эдэлдэг байсан нь гарцаагүй! «Таны үгс олдсон бөгөөд би тэднийг идсэн билээ. Таны үгс надад баяр хөөр болон зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ. Учир нь түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, би Таны нэрээр дуудагдсан билээ» гэж Еховад хэлсэн байдаг (Иеремиа 15:16). Иеремиа жинхэнэ Бурхны төлөөлөгч байж, үгийг нь тунхаглах үүргээ завшаанд тооцдог байсан. Бид ч бас ийм завшаантайдаа баярладаг. Түүнээс гадна, дэлхий даяар олон хүн Хаанчлалын тухай мэдээг хүлээж аваад, гэмшиж, мөнх амийн замаар алхахад тэнгэр элчүүд баярладаг шиг бид ч баяр хөөр болдог (Лук 15:10).
«Иовын тэсвэр тэвчээр»
17, 18. Иов юуг тэвчсэн бэ? Эцэст нь яасан бэ?
17 Шавь Иаков эртний зөнчдийн тухай бичсэнийхээ дараа: «Та нар Иовын тэсвэр тэвчээрийн тухай сонсож, Эзэн [Ехова] эцэст нь юу хийснийг харсан. Яагаад гэвэл Эзэн [Ехова] энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй юм» хэмээсэн байдаг (Иаков 5:11). Энэ зүйлд «тэсвэр тэвчээр» гэж орчуулсан грек үг өмнөх зүйлийн «тэвчээр» гэдэг үгтэй ижил утгатай ажээ. Гэхдээ Библи судлаач нэгэн эрдэмтэн дээрх хоёр үгийн ялгааг тайлбарлан: «Өмнөх зүйлийн үг нь хүмүүсийн зүй бус харьцааг тэвчихийг хэлдэг бол, дараагийн зүйлийн үг нь бэрх зовлонг зориг гарган тэвчихийг хэлдэг» гэж тэмдэглэжээ.
18 Иов аймшигтай зовлонд унажээ. Эд хөрөнгө, үр хүүхдээ алдаж, эцэст нь, шаналгаат өвчин туссан. Түүнээс гадна, нүгэл үйлдэж, Еховагаас шийтгэл хүлээж байгаа мэтээр олны хэл аманд өртсөн. Тэрбээр дуугүй байж чадалгүй, зовж шаналсандаа гашуудаж, тэр ч байтугай, өөрийгөө Бурхнаас илүү зөв шударга гэж мэдэгдэж байв (Иов 35:2). Гэсэн ч, Бурханд урьдын адил итгэж, үнэнч хэвээрээ байсан. Сатаны хэлсэнчлэн Бурхныг хараагаагүй (Иов 1:11, 21). Эцэст нь юу болсон бэ? Ехова «Иовын сүүлчийн өдрүүдийг эхлэлээс нь илүүгээр» ивээжээ (Иов 42:12). Иов өвчнөөсөө салж, эд хөрөнгө нь хоёр дахин нэмэгдэж, элэг бүтэн, жаргалтай сайхан амьдрах болсон. Иов тэвчээртэй, үнэнч байсныхаа ачаар Еховагийн зан чанарыг илүү сайн мэддэг болсон.
19. Иов тэвчээртэй байсан нь бидэнд ямар сургамжтай вэ?
19 Иов тэвчээртэй байсан нь бидэнд ямар сургамжтай вэ? Бидэнд ч бас өвчин эмгэг тусч, бэрхшээл зовлон тулгарч болох юм. Ямар нэг сорилтод орохыг Ехова яагаад зөвшөөрснийг бид бүрэн гүйцэд ойлгохгүй байж ч болно. Гэхдээ, үнэнч үлдвэл Ехова ивээнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Өөрийг нь чин сэтгэлээсээ хайдаг хүнийг Ехова заавал шагнадаг (Еврей 11:6). Бас Есүс: «Эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно» гэж хэлсэн билээ (Матай 24:13; 10:22).
Еховагийн өдөр ирнэ
20. Еховагийн өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байж болохын учир юу вэ?
20 Ехова тэвчээртэй ч шударга Бурхан билээ. Тийм учраас, ёс бусыг мөнхөд хүлцэхгүй. Еховагийн тэвчээр хязгаартай. «[Бурхан] эртний ертөнцийг хэлтрүүлээгүй» гэж Петр бичсэн байдаг. Тэр үед Ноа болон түүний гэр бүлийнхэн аврагдаж, ёс бус ертөнц Усан галаваар устгагдсан. Ехова бас Содом, Гоморра хотыг хатуу шийтгэж, үнсэн товрог болгосон. Эдгээр явдал «хожмын бурханлаг бус хүмүүст жишээ болдог». Тийм ээ, Еховагийн өдөр ирнэ гэдэгт бид итгэлтэй байдаг (2 Петр 2:5, 6; 3:10).
21. Тэвчээрээ хэрхэн харуулах вэ? Дараагийн өгүүллээр юун тухай ярилцах вэ?
21 Тиймээс, хүмүүсийг гэмшиж, аврагдахад нь туслан, Еховагийн тэвчээрийг дуурайцгаая. Ихэнх хүн сайн мэдээг хүлээн авдаггүй ч, тэвчээртэй дэлгэрүүлж, эртний зөнчдийг бас дуурайцгаая. Иовын адилаар, сорилтыг тэвчиж, үнэнч байвал Ехова биднийг арвин ихээр ивээнэ гэдэгт итгэлтэй байж болно. Сайн мэдээг дэлхий дахинд дэлгэрүүлэх гэсэн ард түмнийхээ хүчин чармайлтыг Ехова хэчнээн их ивээдгийг эргэцүүлэн бодохлоор бид өөрийн эрхгүй баяр хөөр болдог. Ехова үйлчлэгчдээ хэрхэн ивээдгийг дараагийн өгүүллээр ярилцъя.
Хариулна уу
• Ехова тэвчээртэй байдгийн учир юу вэ?
• Эртний зөнчид тэвчээртэй байсан нь бидэнд ямар сургамжтай вэ?
• Иов юуг тэвчих хэрэгтэй байсан бэ? Эцэст нь яасан бэ?
• Еховагийн тэвчээр хязгаартай гэдгийг бид хаанаас мэддэг вэ?