Үргэлж сайныг үйлдэгтүн
«Сайныг үйлд» (ЛУК 6:35).
1, 2. Хүмүүст сайныг үйлдэхэд амаргүй байдгийн учир юу вэ?
ХҮМҮҮСТ сайныг үйлдэх тэр бүр амаргүй. Ачийг бачаар хариулдаг хүн ч байдаг. Жаргалтай Бурхан болон түүний Хүүгийн «алдарт сайн мэдээг» хүргэж, сүнслэг тусламж үзүүлэх гэхэд сонирхдоггүй, талархдаггүй хүмүүс цөөнгүй (1 Тим. 1:11). Зарим нь «Христийн загалмайн» заналт «дайснууд» болох нь ч бий (Флп. 3:18). Христианууд бид тийм хүмүүст хэрхэн хандах хэрэгтэй вэ?
2 Есүс Христ шавь нартаа: «Дайснуудаа хайрла, сайныг үйлд» хэмээн зөвлөжээ (Лук 6:35). Одоо энэ зөвлөгөөг дэлгэрэнгүй авч үзье. Бас бусдад сайныг үйлдэх талаар Есүсийн өөр юу хэлснийг ярилцаж, сургамж авцгаая.
«Дайснуудаа хайрла»
3. а) Матай 5:43–45-д бичсэн Есүсийн үгийг өөрийн үгээр товч хэлнэ үү. б) I зууны иудейн шашны удирдагчдын дунд иудей болон иудей биш хүмүүсийн тухай ямар үзэл өргөн тархсан байсан бэ?
3 Есүс Ууланд айлдсан алдарт номлолоороо дайснуудаа хайрлаж, хавчдаг хүмүүсийнхээ төлөө залбирч байхыг сонсогчдодоо уриалжээ (Матай 5:43–45-ыг уншина уу). Сонсогчид нь иудейчүүд байсан учраас «Чи өөрийнхөө ард олны хөвгүүдийн эсрэг өс хонзонг бүү ав, аливаа зэвүүцлийг ч бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла» хэмээсэн Бурхны тушаалыг мэддэг байжээ (Лев. 19:18). І зууны иудейн шашны удирдагчид зөвхөн иудей хүмүүсийг «өөрийнхөө ард олны хөвгүүд», «хөрш» гэж боддог байв. Мосегийн хуулиар, израильчууд харь үндэстнүүдээс тусгаар байх шаардлагатай байсан. Гэтэл иудей биш бүх хүн дайсан бөгөөд тэднийг үзэн ядах хэрэгтэй гэсэн үзэл шашны удирдагчдын дунд өргөн тархсан байжээ.
4. Есүсийн шавь нар дайснууддаа хэрхэн хандах ёстой вэ?
4 Харин Есүс: «Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир» гэж сургасан (Мат. 5:44). Шавь нар нь өөрсдөд нь дайсагнадаг бүх хүнд хайрын сэтгэлээр хандах ёстой байв. «Лук» номд бичсэнээр, Есүс: «Сонсогч хүмүүст Би хэлж байна. Дайснаа хайрла, та нарыг үзэн яддаг хүмүүст сайныг үйлд. Та нарыг хараадаг хүмүүсийг ерөө, та нартай буруугаар харьцдаг хүмүүсийн төлөө залбир» гэж хэлжээ (Лук 6:27, 28). Бид Есүсийн үгийг сэтгэл зүрхээрээ хүлээн авсан І зууны шавь нарын адилаар, өөрсдийг маань «үзэн яддаг хүмүүсийн» дайсагнасан харьцааг сайхан сэтгэлээр хариулж, «сайныг үйлддэг». Биднийг «хараадаг хүмүүсийг ерөөдөг» буюу тэдэнтэй эелдэг харьцдаг. Бас хүч хэрэглэх зэргээр «буруугаар харьцаж», «хавчдаг хүмүүсийн төлөө залбирдаг». Тэднийг зүрх сэтгэлээ өөрчилж, Бурхны сайшаалыг хүртэх үйл хийгээсэй гэж Еховад залбирдаг маань дайснуудаа хайрлаж байгаагийн илрэл юм.
5, 6. Дайснуудаа яагаад хайрлах хэрэгтэй вэ?
5 Дайснуудаа яагаад хайрлах хэрэгтэй вэ? «Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцгийнхээ хүүхдүүд болно» гэж Есүс хэлсэн (Мат. 5:45). Тэр зөвлөгөөг хэрэгжүүлбэл «Өөрийнхөө нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулж, зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороо оруулдаг» Еховаг дуурайж байгаа хэрэг учраас Бурхны «хүүхдүүд» болно. «Лук» номд бичсэнээр, Бурхан «үл талархагсдад болоод бузар хүмүүст ч нигүүлсэнгүй ханддаг» (Лук 6:35).
6 «Дайснуудаа хайрлах» нь шавь нарынх нь хувьд хэр зэрэг чухал болохыг Есүс онцолж: «Хэрэв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал, та нарт ямар шагнал байх вэ? Татвар хураагчид ч хүртэл үүнтэй адилыг хийдэг бус уу? Хэрэв та нар зөвхөн ах дүүстэйгээ мэндэлбэл, бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Харь үндэстнүүд ч хүртэл мөн ингэдэг бус уу?» хэмээн хэлжээ (Мат. 5:46, 47). Хэрэв бид өөрсдийг маань хайрладаг хүмүүсийг л хайрладаг бол Бурхнаас «шагнал» авах буюу сайшаал хүлээх аргагүй. Бусдад ад үзэгддэг татвар хураагчид хүртэл өөрсдөд нь хайртай хүмүүсийг хайрладаг байсан шүү дээ (Лук 5:30; 7:34).
7. Зөвхөн «ах дүүстэйгээ» мэндэлбэл бусдаас илүү гараад байх юм байхгүй гэж хэлэхийн учир юу вэ?
7 Иудейчүүд мэндлэхдээ, их төлөв, «амар тайван байх болтугай» гэж хэлдэг байжээ (Лук 10:5; Иох. 20:19). Энэ нь мэндийг нь мэдэж байгаа хүндээ эрүүл энх, сайн сайхан амьдарч, дэвжин дээшилж явахыг хүсэн ерөөж байгаа хэрэг байв. Хэрэв бид зөвхөн «ах дүү» гэж үздэг хүмүүстэйгээ л мэндэлдэг бол «бусдаас илүү» гараад байх юм байхгүй. Есүсийн хэлснээр, «харь үндэстнүүд» ч мөн ах дүүстэйгээ мэндэлдэг.
8. Есүсийн «төгс бай» гэж хэлсэн нь юу гэсэн үг вэ?
8 Христийн шавь нар төрөлхийн нүгэлтэй учраас өөгүй, төгс байх боломжгүй нь ойлгомжтой (Ром 5:12). Гэхдээ Есүс: «Тэнгэрлэг Эцэг тань төгс байдаг шиг та нар мөн төгс бай» гэжээ (Мат. 5:48). Энэ нь, сонсогчдоо «тэнгэрлэг Эцэг» Еховагаа дуурайж, төгс хайр илэрхийлэхийг уриалсан хэрэг юм. Өөрөөр хэлбэл, дайснуудаа хүртэл хайрлах ёстой ажээ. Бид ч бас тийм байх ёстой.
Уучлах хэрэгтэйн учир
9. «Бидний өрийг... уучлаач» гэдэг нь юу гэсэн үг вэ?
9 Өөрсдийн маань эсрэг нүгэл үйлдсэн хүнийг өгөөмрөөр уучилдаг бол сайныг үйлдэж байна гэсэн үг. Есүсийн хэлсэн жишээ залбиралд: «Бид өртөнгүүдээ уучилсны адил бидний өрийг мөн уучлаач» гэж байдаг (Мат. 6:12). Энд мөнгө төгрөгний өрийн тухай хэлээгүй. «Лук» номоос үзвэл, Есүс «өр» гэж хэлэхдээ нүглийн тухай бодож байжээ. Тэнд: «Бидний нүглийг уучлаач. Учир нь бид ч мөн бидэнд өртэй алив нэгнийг уучилдаг» гэж бичжээ (Лук 11:4).
10. Бусдыг уучлах тухайд Бурхныг хэрхэн дуурайж болох вэ?
10 Нүглээ гэмшсэн хүнийг дуртайяа уучилдаг Бурхныг дуурайх хэрэгтэй. Элч Паул: «Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биеэ уучлан, нэг нэгнээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр ханд» гэж уриалсан байдаг (Еф. 4:32). Дуулалч Давид: «ЭЗЭН бол өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан болоод хайр энэрлээр элбэг баян. ...Тэр бидний үйлдсэн нүглийн дагуу бидэнд хандаагүй, бидний гэм буруугийн дагуу бидэнд хариу өгөөгүй. ...Өрнө дорноос хол байдаг шиг Тэр бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан. Эцэг хүн үр хүүхдээ өрөвддөгийн адил ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг. Учир нь Тэр Өөрөө бидний хэрхэн бүтсэнийг мэддэг. Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг» гэж дуулжээ (Дуу. 103:8–14).
11. Бурхан ямар хүнийг уучилдаг вэ?
11 Өөрсдийн маань эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсийг уучилсан цагт л Бурхан биднийг уучилна (Марк 11:25). Есүс энэ санааг онцолж: «Хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг тань та нарыг мөн уучилна. Харин хэрэв та нар хүмүүсийг уучлахгүй бол Эцэг тань мөн та нарын алдааг уучлахгүй» гэж хэлсэн (Мат. 6:14, 15). Тийм ээ, Бурхан бусдыгаа дуртайяа уучилдаг хүмүүсийг л уучилна. Түүнээс гадна, «Та нарыг [Ехова] уучилсны адил та нар бас уучил» хэмээсэн Паулын зөвлөгөөг хэрэгжүүлэх нь сайныг үйлдэх нэг арга юм (Кол. 3:13).
«Бүү шүү»
12. Есүс бусдыг шүүмжлэх талаар юу гэж хэлсэн бэ?
12 Ууланд айлдсан номлолд сайныг үйлдэх бас нэг аргыг заасан байдаг. Есүс сонсогчдодоо бусдыг шүүмжлэхгүй байхыг захиад, үүнийг сайн ойлгуулахын тулд сэтгэлд хоногшим жишээ татжээ (Матай 7:1–5-ыг уншина уу). Есүсийн «бүү шүү» гэж хэлсний учрыг ярилцъя.
13. Есүсийн үгийг сонссон хүмүүс яах хэрэгтэй байсан бэ?
13 Есүсийн хэлсэн үгийг «Матай» номд: «Шүүгдэхгүйн тулд чи бүү шүү» гэж бичжээ (Мат. 7:1). Харин «Лук» номд: «Шүүгдэхгүйн тулд бусдыг бүү шүү. Яллагдахгүйн тулд бусдыг бүү ялла. Уучлагтун, тэгвэл та нар ч мөн уучлагдана» гэж бичсэн байна (Лук 6:37). І зууны фарисайчууд Судартай зөрчилддөг ёс заншлынхаа дагуу, хүмүүсийг хатуу шүүмжилдэг байжээ. Есүсийн сургаалыг сонсогчдын дунд ч бас ийм зуршилтай хүмүүс байсан нь лавтай. Тэд Есүсийн «бүү шүү» гэсэн үгийг даган, шүүмжлэхээ больж, бусдын алдаа дутагдлыг «уучлах» ёстой байв. Дээр дурдсанчлан, элч Паул ч бас бусдыг уучлах талаар адилхан зөвлөгөө өгчээ.
14. Есүсийн шавь нар бусдыг уучилбал, уучлуулсан хүмүүст ямар хүсэл төрөх вэ?
14 Есүсийн шавь нар бусдыг уучилбал, уучлуулсан тэр хүмүүст ч бас шавь нарыг уучлах хүсэл төрөх байлаа. Есүс: «Та нар яаж шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Та нарын хэмжүүрийн жишиг өөрсдийг чинь хэмжинэ» гэж хэлжээ (Мат. 7:2). Бид хүмүүст хүндэтгэлтэй хандвал тэд ч бас бдиэнд хүндэтгэлтэй хандана (Гал. 6:7).
15. Есүс өөнтөгч байх нь буруу гэдгийг хэрхэн онцолсон бэ?
15 Есүс өөнтөгч байх нь хэр зэрэг буруу болохыг онцолж: «Чи ах дүүсийнхээ нүдэн дэх үртсийг хардаг атал яагаад өөрийн нүдэн дэх дүнзийг анзаардаггүй юм бэ? Эсвэл, өөрийн чинь нүдэнд дүнз байх атал ах дүүстээ „Нүднээс чинь тэр үртсийг аваад өгье“ гэж хэлнэ гэж үү?» хэмээн асуусныг саная (Мат. 7:3, 4). Бусдаас өө сэв хайх дуртай хүн ах дүүсийнхээ «нүдэн дэх» ялихгүй дутагдлыг анхаардаг. Тийм өөнтөгч хүн үнэндээ ах дүүсээ ухаан муутай гэж боддог гэсэн үг юм. Алдаа дутагдал нь үртэс шиг жижигхэн ч гэсэн «нүднээс чинь тэр үртсийг аваад өгье» гэж хэлдэг нь юмыг илүү сайн ойлгоход нь ах дүүдээ тусалсан дүр эсгэж байгаа хэрэг юм.
16. Фарисайчууд нүдэндээ «дүнзтэй» байсан гэж хэлэхийн учир юу вэ?
16 Ялангуяа, иудейн шашны удирдагчид бусдаас цаг үргэлж өө сэв хайдаг хүмүүс байжээ. Жишээ нь, Христийн ачаар хараа орсон нэг эрэгтэйг Есүс бол Бурхнаас ирсэн хүн гэж хэлэхэд фарисайчууд зэвүүцэн: «Чи нүглүүд дотроо төрсөн атлаа бас биднийг сургана уу?» гэж хариулжээ (Иох. 9:30–34). Сүнслэг хараа болон юмыг зөв шүүн тунгаах чадварын тухайд гэвэл, фарисайчууд нүдэндээ «дүнзтэй», таг сохор хүмүүс байлаа. Тийм учраас, Есүс дуугаа өндөрсгөн: «Хоёр нүүрт хүн чи, эхлээд нүднээсээ дүнзээ авч хая, тэгвэл чи ах дүүгийнхээ нүднээс үртсийг авч хаяхдаа сайн харах болно» гэж хэлжээ (Мат. 7:5; Лук 6:42). Бусдад сайныг үйлдэж, сайнаар хандахаар бат шийдсэн хүн ах дүүсийнхээ нүдэн дэх «үртсийг» байнга олж харж, өөнтөгч зан гаргадаггүй. Харин төгс бус гэдгээ хүлээн зөвшөөрч, итгэл нэгтнээсээ өө сэв хайн шүүмжлэхээс зайлсхийдэг.
Хүмүүстэй хэрхэн харьцах нь
17. Матай 7:12-оос үзвэл, бид хүмүүстэй хэрхэн харьцах хэрэгтэй вэ?
17 Есүс Ууланд айлдсан номлолдоо, Бурхан үйлчлэгчдийнхээ залбиралд хариулж, эцгийн сэтгэлээр ханддагийг онцолсон (Матай 7:7–12-ыг уншина уу). Есүс: «Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд» хэмээн хэлж, биеэ хэрхэн авч явах дүрэм журам өгснийг анхааръя (Мат. 7:12). Хүмүүст тийн хандаж байж л Есүс Христийн жинхэнэ дагалдагч гэдгээ батлах болно.
18. Хүмүүсийг өөрсдөдөө яаж хандаасай гэж хүснэ, тэдэнд мөн тэгж хандах ёстой гэдгийг «Хуулиас» хэрхэн мэдэж болох вэ?
18 Есүс хүмүүсийг өөрсдөдөө яаж хандаасай гэж хүснэ, өөрсдөө мөн тэгж ханд гэж хэлснийхээ дараа: «Энэ бол Хууль болоод Эш үзүүлэгчид мөн» гэж хэлжээ. Есүсийн хэлсний дагуу хүмүүстэй харьцдаг маань Библийн «Эхлэл»-ээс «Дэд хууль» хүртэлх таван номд бичсэн «Хуулийн» зорилгод нийцүүлж байгаа хэрэг юм. Эдгээр номд ёс бусыг устгах үр бий болгоно гэсэн Бурхны санаа зорилго илчлэгдсэнээс гадна МЭӨ 1513 онд Бурхны Мосегоор дамжуулан Израилийн ард түмэнд өгсөн Хууль бичигджээ (Эх. 3:15). Олон заалт бүхий тэр Хуульд шударга байж, нүүр тал харалгүй, нутгийнхаа ядууст болон гаднынханд сайныг үйлдэх ёстойг тодорхой зааж өгсөн байдаг (Лев. 19:9, 10, 15, 34).
19. Бид сайныг үйлдэх ёстой гэдгийг «Эш үзүүлэгчдээс» хэрхэн мэдэж болох вэ?
19 Есүс «Эш үзүүлэгчид» гэсэн нь Еврей сударт байгаа зөгнөлийн номуудыг хэлсэн хэрэг юм. Тэдгээр номд Христ дээр биелсэн Мессиагийн тухай зөгнөл бичигджээ. Мөн Бурхан ард түмнээ өөрийнх нь нүдэнд зөв юм хийж, бусадтай зохистой харьцвал ивээдэг тухай бичсэн. Тухайлбал, «Исаиа» номд израильчуудад зориулж дараах зөвлөгөөг бичсэн байдаг. Тэнд: «ЭЗЭН үүнийг айлдаж байна. „Шударга ёсыг сахин, зөвийг үйлдэгтүн. ...Үүнийг үйлдэгч хүн, үүнээс зуурагч хүний хөвгүүн, ...аливаа мууг үйлдэхээс гараа татагчид ерөөлтэй еэ!“» гэжээ (Ис. 56:1, 2). Эндээс, Бурхан үйлчлэгчдээсээ сайныг үйлдээсэй гэж хүсдэг нь тодорхой харагдаж байна.
Үргэлж сайныг үйлдэгтүн
20, 21. Есүсийн Ууланд айлдсан номлолыг сонссон хүмүүст ямар сэтгэгдэл төрсөн бэ? Уг номлолыг бид эргэцүүлэн бодох ёстойн учир юу вэ?
20 Есүсийн Ууланд айлдсан хосгүй номлолын олон чухал сургаалаас цөөн хэдийг авч үзлээ. Тэр үед уг номлолыг сонссон хүмүүст ямар сэтгэгдэл төрснийг төсөөлөхөд төвөггүй. Библид: «Есүсийг үгээ хэлж гүйцмэгц олон түмэн Түүний сургаалыг гайхаж байлаа. Тэр хуулийн багш нар шиг нь бус, эрх мэдэлтэй нэгэн шиг тэдэнд зааж байв» гэж байдаг (Мат. 7:28, 29).
21 Зөгнөсөн ёсоор Есүс Христ «Гайхамшигт Зөвлөгч» гэдгээ хөдөлшгүй нотолсон (Ис. 9:6). Есүс тэнгэрийн Эцгийнхээ аливаа зүйлийг үзэх үзлийг сайн мэддэг байсны тодоос тод жишээ бол Ууланд айлдсан номлол юм. Уг номлолоос сая ярилцсан сургаал зөвлөмжөөс гадна, жинхэнэ аз жаргалтай амьдрах, садар самуунаас зайлсхийх, зөв юм хийх, сайхан ирээдүйд хүрэх гэх зэрэг олон зүйлийн талаар ихийг мэдэж болно. Залбирч байгаад, «Матай» номын 5–7-р бүлгийг дахин нэг анхааралтай уншаарай. Есүсийн гайхамшигтай зөвлөгөөг эргэцүүлэн бодож, амьдралдаа хэрэгжүүлээрэй. Тэгвэл та Еховад илүү их таалагдаж, бусадтай зөв харьцаж, сайныг үргэлж үйлдэнэ.
Хариулна уу
• Бид дайснууддаа хэрхэн хандах ёстой вэ?
• Бусдыг яагаад уучлах хэрэгтэй вэ?
• Бусдыг шүүмжлэх тухайд Есүс юу хэлсэн бэ?
• Матай 7:12-т бичсэнээр, бусдад хэрхэн хандах хэрэгтэй вэ?
[10-р хуудасны товчлол]
Есүсийн «бүү шүү» гэж хэлсэн нь ямар учиртай вэ?
[8-р хуудасны зураг]
Өөрсдийг маань хавчдаг хүмүүсийн төлөө залбирах хэрэгтэйн учир юу вэ?
[10-р хуудасны зураг]
Та хүмүүсийг өөртөө яаж хандаасай гэж хүссэнээрээ тэдэнд тийн ханддаг уу?