Та Христийг хичээл зүтгэлтэй дагаж байна уу?
«Та нар үнэндээ тийнхүү явдагчлан ... улам илүү бол» (1 ТЕС. 4:1).
1, 2. а) Есүсийг дэлхийд байхад олон хүн ямар гайхамшиг үзсэн бэ? б) Бидний амьдарч буй цаг үеийг шийдвэрлэх чухал үе гэхийн учир юу вэ?
ЕСҮСИЙГ дэлхийд байх үед амьдарч байсан бол ямар сайхан байх байсан бол оо гэж та бодож байв уу? Есүсээр өвчнөө эдгээлгээд, шаналгаж зовоох өвчин хуучгүй болох байсан даа гэж бодсон байх. Эсвэл сургаалаа айлдахыг нь сонсон, ихийг сурч мэдэх юм уу гайхамшиг үйлдэхийг нь хараад, гайхан шагших байсан гэж бодсон ч байж болох (Марк 4:1, 2; Лук 5:3–9; 9:11). Энэ бүхнийг биеэрээ үзнэ гэдэг үнэхээр завшаантай хэрэг байх байсан (Лук 19:37). Тэр цагаас хойш ийм гайхамшгийг аль ч үеийнхэн үзээгүй. Есүс «Өөрийгөө тахил болгон» өгсөн нь ч дахин давтагдашгүй билээ(Евр. 9:26; Иох. 14:19).
2 Гэхдээ өнөө үеийг бас шийдвэрлэх чухал үе гэж үзэж болно. Учир нь бид «төгсгөлийн цаг үе» (ШЕ) буюу «эцсийн өдрүүд» хэмээн Библид тодорхойлсон тэр цаг үед амьдарч байна (Дан. 12:1–4, 9; 2 Тим. 3:1). Энэ л үед Сатаныг тэнгэрээс хаясан бөгөөд удахгүй түүнийг хүлж, «ёроолгүй гүнд» хаяна (Илч. 12:7–9, 12; 20:1–3). Бас ирээдүйн диваажинд амьдрах найдвар бий гэдгийг хүмүүст хэлж, дэлхий даяар «Хаанчлалын ... сайн мэдээ» тунхаглах завшаантай ажил өнөө үеийн бидэнд олдсон. Энэ ажил хэзээ ч дахин давтагдахгүй (Мат. 24:14).
3. Есүс тэнгэрт гарахаасаа өмнөхөн дагалдагчдадаа юу гэж хэлсэн бэ? Энэ нь юу гэсэн үг байсан бэ?
3 Есүс тэнгэрт гарахаасаа өмнөхөн дагалдагчдадаа: «Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно» гэжээ (Үйлс 1:8). Энэ нь дэлхий даяар сургалтын ажил явуулна гэсэн үг бөгөөд төгсгөл болохоос өмнө шавь буюу Христийн дагалдагчдыг шинээр бэлтгэх зорилготой байв (Мат. 28:19, 20). Христийн өгсөн даалгаврыг амжилттай биелүүлье гэвэл яах ёстой вэ?
4. а) 2 Петр 3:11, 12-т Петр юуг онцлон тэмдэглэсэн бэ? б) Юунаас болгоомжлох хэрэгтэй вэ?
4 Элч Петрийн: «Та нар биеэ ариунаар авч явах ба Бурханд үнэнч байдлын үйлс хийхдээ ямар хүмүүс байх ёстой вэ гэвэл, Еховагийн өдрийн байх үеийг хатуу санаж, хүлээгтүн!» гэж хэлснийг анхааръя (2 Петр 3:11, 12, ШЕ). Петрийн хэлснээр бид Бурханд үнэнч байдлын үйлс хийхийг амьдралынхаа гол зорилго болгодог эсэхээ магадлахын тулд эцсийн өдрүүдэд анхааралтай байх хэрэгтэй ажээ. Тэр үйлсийн нэг нь сайн мэдээ дэлгэрүүлэх юм. Тийм ч учраас, бид сайн мэдээ дэлгэрүүл хэмээсэн Христийн даалгаврыг дэлхийн өнцөг булан бүрд хичээл зүтгэлтэй биелүүлдэг ах дүү нараа хараад баярладаг. Нөгөөтэйгүүр, Сатаны ертөнцөөс өдөр бүр учруулдаг дарамт шахалт болон махан биеийн төрөлх хандлагаасаа болж Бурханд үйлчлэх хичээл зүтгэлээ сулруулахаас болгоомжлох хэрэгтэйгээ ойлгодог. Тиймээс Христийн өгсөн даалгаврыг хичээл зүтгэлтэй биелүүлдэг эсэхээ хэрхэн магадалж болохыг авч үзье.
Бурхны оноосон үүргийг дуртайяа биелүүлэх нь
5, 6. а) Паул Иерусалим дахь итгэл нэгтнүүдээ ямар учраас магтсан бэ? Тэднийг юунаас сэрэмжлүүлсэн бэ? б) Бурхны оноосон үүрэгт хөнгөн хуумгай хандах ёсгүйн учир юу вэ?
5 Элч Паул Иерусалим дахь еврей христиануудад бичсэн захидалдаа хавчлагыг үнэнчээр тэвчиж явсныг нь магтсан байдаг. Тэрбээр: «Та нар өнгөрсөн өдрүүдээ, гэгээрүүлэгдсэнийхээ дараа зовлонгийн үлэмж зөрчлийг тэвчсэнээ санагтун» хэмээжээ. Тэдний үнэнч үйлчилснийг Ехова ч санаж байсан (Евр. 6:10; 10:32–34). Паулын чин сэтгэлийн магтаал тэдэнд асар их урам хайрласан байж таарна. Гэхдээ Паул уг захидалдаа хүнд байдаг нэг хандлагаас сэрэмжлүүлжээ. Тэр хандлагыг хянаж байхгүй бол Бурханд хичээл зүтгэлтэй үйлчлэхээ болих аюултай. Христиан хүн Бурхны оноосон үүргийг биелүүлэхгүй байх шалтаг тоочих учиргүйг Паул анхааруулсан (Евр. 12:25).
6 Шалтаг тоочих хандлагаас сэрэмжлүүлсэн нь орчин үеийн христиануудад ч бас хамаатай. Бид христиан үүрэгтээ хөнгөн хуумгай хандаж, Бурхандаа хичээл зүтгэлтэй үйлчилнэ гэсэн шийдвэрээсээ няцах ёсгүй (Евр. 10:39). Тэгээд ч бидний амь нас Бурханд үйлчлэх эсэхээс шалтгаалдаг(1 Тим. 4:16).
7, 8. а) Бурханд үргэлж хичээл зүтгэлтэй үйлчлэхэд юу туслах вэ? б) Урьдынх шигээ хичээл зүтгэлтэй үйлчлэхээ больсон бол Ехова болон Есүсийн талаар юу санах нь зүйтэй вэ?
7 Бурхны оноосон үүргийг биелүүлэхгүй байх шалтаг тоочихгүйн тулд яах нь зүйтэй вэ? Ийм хандлагатайгаа тэмцэх нэг чухал арга бол Бурханд өөрийгөө зориулсан амлалтынхаа утга учрыг байнга эргэцүүлэн бодох явдал юм. Чухамдаа бол, бид Еховагийн хүсэл тааллыг биелүүлэх үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд тавина гэж амласан бөгөөд амласандаа хүрэхийг ч хүсдэг (Матай 16:24-ийг уншина уу). Тиймээс заримдаа цаг гаргаад, «Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрах шийдвэр минь баптисм хүртсэн үеийнх шигээ бат байна уу? Эсвэл хичээл зүтгэл минь тэр үеийнхээсээ суларсан уу?» гэж бодож үзэх хэрэгтэй.
8 Өөрийгөө шударгаар шалгаад үзтэл хичээл зүтгэл суларсан байгааг ойлговол зөнч Зефаниагийн үгийг санах нь тустай. Тэрбээр: «Гараа бүү унжуул. Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, та нарын дунд байна. Тэр та нарын дээр баясал хөөртэйгөөр баярлана» гэж бичжээ (Зеф. 3:16, 17). Урам хайрласан энэ үг Вавилоноос чөлөөлөгдөн, Иерусалимд буцаж ирсэн эртний израильчуудад хамаатай байсан. Өнөөдөр ч гэсэн Бурхны ард түмний хувьд ач холбогдолтой хэвээрээ байна. Бидний хийдэг ажил Еховагийнх учир Ехова Хүүгийнхээ хамт бидэнд хүч өгч, оногдсон үүрэг даалгавраа амжилттай биелүүлэхэд тусалдаг гэдгийг санаж явах учиртай (Мат. 28:20; Флп. 4:13). Оноосон үүргийг нь хичээл зүтгэлтэй биелүүлж байсан цагт Бурхан биднийг ивээж, сүнслэгээр ахиж дэвшихэд тусална.
«Эхлээд ... хаанчлалыг» хичээл зүтгэлтэй «хайх» нь
9, 10. Есүс оройн их зоогийн тухай ёгт үлгэрээрээ юу хэлсэн бэ? Энэ ёгт үлгэр ямар сургамжтай вэ?
9 Нэгэн удаа Есүс фарисайчуудын удирдагчийн гэрт хоолонд уригдаж ирээд, оройн их зоогийн тухай сургаалт зүйрлэл хэлжээ. Есүс энэ сургаалт зүйрлэлээрээ тэнгэрийн Хаанчлалын бүрэлдэхүүнд багтах боломж янз бүрийн хүмүүст олдоод байсныг хэлсэн төдийгүй «шалтаг хэлэх» гэж юу гэсэн үг болохыг тайлбарласан (Лук 14:16–21-ийг уншина уу). Уг жишээнд гардгаар, уригдсан зочид бүгд шалтаг тоочин, зоогт очиж чадахгүйгээ хэлдэг. Нэг нь талбай дөнгөж худалдаж авчихаад, явж үзэх хэрэгтэй байна гэсэнд, нөгөөх нь худалдаж авсан малаа үзмээр байгаагаа хэлжээ. Гурав дахь нь: «Би эхнэр авсан. ...Очиж чадахгүй» гэжээ. Тэд өчүүхэн зүйлээр шалтаглаж байлаа. Уг нь хүн талбай юм уу малыг худалдаж авахаасаа өмнө үзэж шинждэг. Тиймээс нэгэнт авсан бол үзээд байх шаардлага тэр бүр байдаггүй. Бас саяхан гэрлэсэн гэдэг нь тийм чухал урилгаас татгалзах шалтгаан мөн гэж үү? Тэгэхлээр, зоог зохион байгуулж буй хүн яагаад ихэд уурласан нь ойлгомжтой.
10 Есүсийн хэлсэн энэ жишээ Бурханд үйлчилдэг бүх хүнд сургамжтай. Бид дээрх жишээнд гардаг хүмүүс шиг хувийн хэргээ тэгтэл нь чухалд үзээд, Бурханд үйлчлэхээ хэзээ ч хойш тавих учиргүй. Хэрэв христиан хүн амин хувийнхаа асуудлыг дээгүүр тавивал яваандаа Бурханд хичээл зүтгэлтэй үйлчлэхээ болино (Лук 8:14-ийг уншина уу). Ийм алдаа гаргахгүйн тулд бид «Эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун» хэмээсэн Есүсийн сануулгыг хэрэгжүүлэхийг хичээдэг (Мат. 6:33). Бурхны үйлчлэгчид энэ чухал зөвлөгөөг хөгшин залуугүй хэрэгжүүлж байгааг харахад үнэхээр урамтай! Үнэндээ Бурханд илүү олон цагаар үйлчлэхийн тулд амьдралаа энгийн болгосон хүн олон бий. Эхлээд Хаанчлалыг хичээл зүтгэлтэй хайвал жинхэнэ ёсоор аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдардгийг тэд өөрийн биеэр үздэг.
11. Библид бичсэн ямар үйл явдал Бурханд хичээл зүтгэлтэй, чин сэтгэлээсээ үйлчлэхийн чухлыг харуулдаг вэ?
11 Израилийн хаан Иоашт тохиолдсон явдал Бурханд хичээл зүтгэлтэй үйлчлэхийн чухлыг харуулдаг. Израильчууд Арамын цэрэгт ялагдах нь нэгэнт тодорхой байгааг ойлгосон Иоаш, зөнч Елиша дээр уйлсаар иржээ. Елиша Иоаш хааныг цонхоо онгойлгож байгаад Арамын зүг нум сумаа харва гэж хэлдэг. Ингэж харвах нь Еховагийн тусламжтайгаар Арамыг ялна гэсэн бэлгэдлийн утгатай байжээ. Энэ нь хааныг зоригжуулсан нь лавтай. Дараа нь Елиша Иоашт сумаа авч газар цохь гэсэнд Иоаш газрыг гурван удаа цохижээ. Тэгтэл Елиша уурладаг. Уг нь газрыг тав юм уу зургаан удаа цохисон бол «бүрэн устгаж дуустал Арамыг цохих» байжээ. Иоаш гурван л удаа ялалт байгуулсан аж. Түүнд хичээл зүтгэл дутсан учраас дайснаа бүрэн ялж чадаагүй юм (Х.дэд 13:14–19). Энэ явдал бидэнд ямар сургамжтай вэ? Бурхны ажлыг чин сэтгэлээсээ, хичээл зүтгэлтэй хийсэн цагт л Ехова биднийг арвин ихээр ивээнэ.
12. а) Амьдралд бэрхшээл тулгарахад ч Бурханд үнэнчээр, хичээл зүтгэлтэй үйлчлэхэд юу туслах вэ? б) Бурхныхаа үйл хэрэгт үргэлж бялхахлаар ямар ач тус хүртдэг тухайгаа ярина уу.
12 Амьдралд тулгарах бэрхшээл Бурхны үйлчлэгч бидний хичээл зүтгэл, үнэнч байдлыг сорьдог. Олон Гэрчид мөнгө төгрөгний бэрхшээл тулгардаг. Зарим нь хүнд өвчний улмаас Еховад үйлчлэх боломж нь хязгаарлагдахад сэтгэлээр унадаг. Гэхдээ бид дор бүрнээ Христийн өгсөн даалгаврыг урьдынх шигээ хичээл зүтгэлтэй биелүүлж байхын тулд тодорхой алхам хийх боломжтой. «Христийн өгсөн даалгаврыг үргэлж биелүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?» гэсэн хавсралтад бичсэн зөвлөгөө, Библийн зүйлүүдийг анхааралтай үзээд, яавал чадах чинээгээрээ хэрэгжүүлж болохыг бодоорой. Эдгээрийг хэрэгжүүлэх нь үнэхээр их ач тустай. Бурхныхаа үйл хэрэгт бялхаж байвал сүнслэгээр тогтвортой байж, утга учиртай, амар тайван, аз жаргалаар дүүрэн амьдардаг (1 Кор. 15:58). Түүнээс гадна, Бурхандаа чин сэтгэлээсээ үйлчлэх нь «Бурхны өдрийн ирэхийг хатуу санахад» тустай(2 Петр 3:12, ШЕ).
Боломж бололцоогоо нарийн тооцох нь
13. Бурханд чин сэтгэлээсээ үйлчилж байгаа эсэхээ дор бүрнээ хэрхэн мэдэж болох вэ?
13 Олон цаг л дэлгэрүүлдэг бол чин сэтгэлээсээ үйлчилж байгаа хэрэг гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм. Хүн хүний нөхцөл байдал, амьдрал ахуй өөр өөр байдаг. Христиан хүн бие муутайн улмаас сард ганц хоёрхон цаг дэлгэрүүлдэг байлаа ч Еховад таалагддаг байж болох шүү дээ. Учир нь Ехова тэр хүнийг чадах бүхнээ хийсэн гэж үздэг (Марк 12:41–44-тэй харьцуулна уу). Тэгэхлээр бид Бурханд чин сэтгэлээсээ үйлчилдэг эсэхээ магадлахын тулд чадал чадвар, боломж бололцоогоо дор бүрнээ нарийн тооцох хэрэгтэй. Христийн дагалдагчид бид Христийнхтэй адилхан үзэл бодолтой байхыг хүсдэг (Ром 15:5-ыг уншина уу; 1 Кор. 2:16). Есүс юуг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг байсан бэ? Тэрбээр: «Би Бурханы хаанчлалыг ... тунхаглах ёстой. Энэ зорилгын тулд Би илгээгдсэн билээ» гэж Капернаум хотынхонд хэлжээ (Лук 4:43; Иох. 18:37). Үйлчлэлээ улам цааш нь өргөжүүлж болох эсэхээ мэдье гэвэл Есүсийн хэр их хичээл зүтгэлтэй үйлчилснийг бодож байгаад нөхцөл байдал, боломж бололцоогоо тооцож үзээрэй(1 Кор. 11:1).
14. Үйлчлэлээ улам цааш нь хэрхэн өргөжүүлж болох вэ?
14 Нөхцөл байдлаа тооцож үзээд илүү олон цагаар дэлгэрүүлэх боломжтойгоо ойлгож болох юм (Мат. 9:37, 38). Сургуулиа төгсөөд үйлчлэлээ өргөжүүлж, эдүгээ эхлэгчээр идэвх зүтгэлтэй үйлчлэхийн баяр хөөрийг үзэж байгаа залуус олон бий. Та бас тийм баяр хөөрийг амсаж мэдэрмээр байна уу? Зарим Гэрч боломж бололцоогоо тооцож үзээд, дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар үйлчлэхийн тулд өөр нутаг юм уу бүр гадаад улс руу нүүхээр шийддэг. Зарим нь гадаад хүмүүст туслахын тулд хэл сурдаг. Үйлчлэлээ өргөжүүлэхэд амаргүй боловч арвин их ивээл хүртдэг бөгөөд олон хүнийг «үнэний мэдлэг уруу ирэхэд» нь тусалж болдог (1 Тим. 2:3, 4; 2 Кор. 9:6).
Библийн жишээг дууриах нь
15, 16. Христийг хичээл зүтгэлтэй дагахын тулд хэний жишээг дууриаж болох вэ?
15 Хожим нь элч болсон зарим хүн Христийн дагалдагч болох урилгыг яаж хүлээн авсан бэ? Библид Матайг, «Хамаг юмаа ардаа орхин босож, Түүнийг дагалаа» гэж бичсэн байдаг (Лук 5:27, 28). Загасчилж байсан Петр Андрей хоёрын тухай: «Тэд тэр даруй тороо орхиж Түүнийг дагалаа» гэж бичжээ. Дараа нь Есүс, эцэгтэйгээ хамт тороо засаж байсан Иаков Иохан хоёртой тааралдаад, тэднийг бас урьсан. Тэгэхэд тэр хоёр яасан бэ? «Тэр даруй тэд эцгээ завьтайгаа орхиж Түүнийг дагалаа»(Мат. 4:18–22).
16 Өөр нэг сайхан жишээ үзүүлсэн хүн бол хожим нь элч Паул болсон Саул юм. Тэрбээр Христийн шавь нарыг харгисаар хавчдаг байсан боловч үзэл бодлоо өөрчилж, Христийн нэрийн төлөө «сонгогдсон сав» болжээ. «Тэгээд төдөлгүй [Паул] синагогуудад: „Тэр бол Бурханы хүү мөн“ хэмээн Есүсийг тунхаглаж эхлэв» (Үйлс 9:3–22). Паул асар их саадыг давж, хавчлагыг тэвчих ёстой болсон ч хэзээ ямагт хичээл зүтгэлтэй үйлчилж байсан(2 Кор. 11:23–29; 12:15).
17. а) Та Христийг дагахын тулд яахыг хүсэж байна вэ? б) Бид Еховагийн хүсэл тааллыг чин сэтгэлээсээ, хамаг чадлаараа биелүүлдэг хүн ямар ивээл хүртдэг вэ?
17 Бид Христийн дагалдагч байх урилгыг тэр даруй дуртайяа хүлээж авсан эртний христиануудын сайхан жишээг дууриахыг хүсдэг (Евр. 6:11, 12). Үргэлж хичээл зүтгэл гарган, Христийг илүү сайн дагадаг хүн ямар ивээл хүртдэг вэ? Бурхныхаа хүсэл тааллыг биелүүлдэг гэж бодохлоор жинхэнэ баяр хөөрийг мэдэрч, байгууллагад нь нэмэлт үүрэг хариуцлага хүлээдэгтээ сэтгэл хангалуун байдаг (Дуу. 40:8; 1 Тесалоник 4:1-ийг уншина уу). Тийм ээ, Христийг дагах гэж биеэ дайчилдаг хүн сэтгэл санаа амгалан тайван, өег хангалуун явах, Бурхныхаа сайшаалыг хүлээх, мөнх амийн найдвартай болох гэх зэргээр үүрдийн ивээлийг арвин ихээр хүртдэг(1 Тим. 4:10).
Санаж байна уу?
• Бидэнд ямар чухал ажил даалгасан бэ? Үүнд хэрхэн хандах нь зүйтэй вэ?
• Ямар хандлагаас сэрэмжлэх ёстой вэ? Яагаад?
• Бид юуг нарийн тооцож үзэх хэрэгтэй вэ?
• Христийг үргэлж дагахад юу туслах вэ?
[Хавсралт/27-р хуудасны зураг]
Христийн өгсөн даалгаврыг үргэлж биелүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?
▪ Бурхны Үгийг өдөр бүр уншиж, уншсанаа эргэцүүлэн бодоорой(Дуу. 1:1–3; 1 Тим. 4:15).
▪ Бурхны сүнсний удирдлага, тусламжийг гуйж залбирч байгаарай (Зех. 4:6; Лук 11:9, 13).
▪ Дэлгэрүүлэх ажилд чин сэтгэлээсээ хичээл зүтгэл гарган оролцдог хүмүүстэй нөхөрлөөрэй(Сур. 13:20; Евр. 10:24, 25).
▪ Эгзэгтэй чухал цаг үед амьдарч байгаагаа ойлгоорой(Ефес 5:15, 16).
▪ «Шалтаг» тоочих нь ноцтой үр дагавартайг ухамсарлаарай(Лук 9:59–62).
▪ Бурханд ам тангараг өгч, өөрийгөө зориулснаа болон Еховад үйлчилж, Христийг чин сэтгэлээсээ дагаад ямар их ивээл хүртдэгээ эргэцүүлэн бодож байгаарай(Дуу. 116:12–14; 133:3; Сур. 10:22).