БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ
Дэлхий диваажин болно гэж мэдсэн миний амьдрал өөрчлөгдсөн!
ТӨРСӨН ОН: 1974
УЛС: ЛАТВИ
ӨМНӨ НЬ: АЮУЛТАЙ МОТОЦИКЛЫН СПОРТЫН ТАМИРЧИН
ӨМНӨХ АМЬДРАЛ:
Би Латви улсын нийслэл Рига хотод төрсөн. Ээж, эгч бид хоёрыг өсгөсөн. Ээж маань католик шашинтай байсан ч зөвхөн баярын өдрүүдэд л эгч бид хоёрыг сүм рүү дагуулж явдаг байлаа. Хүнээс хүчээр давуу нэгэн байдаг гэдэгт итгэдэг байсан ч өсвөр насандаа юм юм сонирхоод Бурхны тухай нэг их бодохоо больсон.
Юм задалж, эвлүүлж нийлүүлэх гарын дүйтэйг ээж бага байхаас минь мэдсэн юм. Гэрт задалчихаар юм их байсан болохоор ээж намайг гэртээ ганцаараа үлдэхэд санаа зовдог байсан. Тэгээд надад угсардаг төмөр тоглоом авч өглөө. Би ч тэр тоглоомдоо дуртай байсан. Ийм юм сонирхохын хажуугаар мотоцикл сонирхдог болсон юм. Ээж намайг «Зелта мопед» (Алтан моторт дугуй) гэдэг моторт дугуйн тэмцээнд орууллаа. Би эхлээд моторт дугуйгаар, дараа нь мотоциклоор уралддаг болов.
Би юмыг хурдан сурдаг болохоор энэ хурд сорьсон, аюултай спортод хөл тавиад л амжилт олов. Улсын аварга шалгаруулах тэмцээнд мотоциклийн хэд хэдэн төрөлд гурван удаа, Балтийн тэнгисийн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлэв.
БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН:
Нэр алдрын оргилд ид хүрч явахад найз бүсгүй Ээвиа маань (одоо миний эхнэр) Еховагийн Гэрчүүдтэй уулздаг болсон юм. Ээвиад Гэрчүүдийн ном байсан юм билээ. Тэр номд нь Библийн хичээл хийх хүсэлт гаргах маягт байхлаар нь бөглөөд шуудангаар илгээсэн гэсэн. Удалгүй хоёр Гэрч Ээвиатай уулзаж, Библийн хичээл хийдэг болсон байв. Би ч энийг нь дургүйцээгүй л дээ. Гэхдээ би өөрөө тэр үед шашныг нэг их сонирхоогүй юм.
Нэг удаа Гэрчүүд намайг Ээвиагийн хичээлд хамт суугаад зүгээр сонсохгүй юу гэхээр нь зөвшөөрлөө. Сонссон юмандаа сэтгэл татагдаж билээ. Дэлхий диваажин болно гэсэн амлалт сэтгэлийг минь хамгийн их татсан. Жишээ нь, «Тун удахгүй хорон санаатан үгүй болно. Чи түүний байх газрыг анхааралтай хайх боловч тэр байхгүй байх болно. Харин даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана» гэсэн Дуулал 37:10, 11-д бичсэн амлалтыг Гэрчүүд үзүүлсэн юм. Энэ амлалт үнэхээр сэтгэлийг минь хөдөлгөсөн.
Би Библийг улам их сонирхдог болов. Бас шашны олон сургаал хуурамч гэдгийг ойлгодог боллоо. Харин Библийн сургаалын учир холбогдолтой, ойлгомжтой нь миний сэтгэлийг хөдөлгөсөн юм.
Библи судлах явцдаа Еховагийн хувьд амь үнэ цэнэтэй болохыг ойлголоо (Дуулал 36:9). Тэгээд амь насанд аюултай мотоциклын уралдаанд оролцохоо больсон. Харин амь амьдралаа Еховаг алдаршуулахад зориулахыг хүссэн юм. Тэгээд нэр алдар, бахархал, мотоцикл унахлаар догдолдог сэтгэл минь чухал биш болсон.
Амь өгөгч Еховагийн өмнө хариуцлага хүлээдгээ
1996 онд Эстони улсын Таллин хотод, өмнө нь уралдаж байсан мотоциклийн талбайгаас холгүйхэн газар Еховагийн Гэрчүүдийн олон улсын чуулганд очлоо. Чуулганд янз бүрийн орноос ирсэн хүмүүс эв нэгдэлтэйгээр цугласныг харлаа. Жишээ нь, нэг Гэрч эмэгтэй цүнхээ гээснийг би сонсоод олдохоосоо өнгөрсөн байх гэж бодож байлаа. Гэтэл удалгүй нэг Гэрч цүнхийг нь олоод эзэнд нь буцааж өгөв. Дотор нь байсан юуг нь ч аваагүй байв. Би бүр гайхаж билээ. Тэгэхэд л би Еховагийн Гэрчүүд яг Библийн хэм хэмжээний дагуу амьдардгийг ойлгосон юм. Эхнэр бид хоёр Библиэ үргэлжлүүлэн судалж 1997 онд хоёул баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон.
ОДОО:
Найзуудаас маань зарим нь мотоциклийн уралдаанд амиа алдсан. Би Библи судлаад Амь өгөгч Еховагийн өмнө хариуцлага хүлээдгээ ойлгосон юм. Ингэж ойлгосныхоо ачаар одоо амьд явж байна гэж боддог.
Ээвиа бид хоёр Рига дахь Еховагийн Гэрчүүдийн салбарт бүрэн цагаар үйлчлэх завшаан дөрвөн жил эдэлсэн. Одоо бид хоёр охин Алисэгээ Еховаг хайрладаг хүн болгож өсгөхийн жаргал эдэлж байна. Би бас долоо хоногт нэг удаа Орчуулгын офист очиж машин, эсвэл зарим нэг эвдэрсэн юм засах ажил хийдэг. Бага байхдаа олж авсан чадвараа зөв юманд зориулж байгаадаа үнэхээр баяртай байдаг шүү! Тийм ээ, би одоо ч гэсэн юм задалж, эвлүүлж нийлүүлдэг.
Би гэр бүлийнхээ хамт цорын ганц жинхэнэ Бурхны тухай гэрчлэх завшаанаа өндөр үнэлдэг. Энэ бүхэн Библи судалсны ач гавъяа юм. Дэлхийг диваажин болно гэж мэдсэн миний амьдрал үнэхээр өөрчлөгдсөн!