Еховаг Бурхнаа болгодог ард түмэн
«ЭЗЭНийг өөрсдийн Бурханаа болгодог ард түмэн юутай ерөөлтэй вэ!» (ДУУ. 144:15).
1. Бурхныг шүтэгчдийн талаар зарим хүн ямар бодолтой явдаг вэ?
ДЭЛХИЙН гол шашнууд хүн төрөлхтөнд ач тустай юм хийсэн нь бараг үгүй гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрдөг. Бурхны тухай үнэн зөвөөр заадаггүй, бузар булай юм хийдэг учраас Бурхан эдгээр шашныг сайшаадаггүй гэж зарим хүн боддог. Гэхдээ тэднийхээр бол шашин болгонд байдаг сайн хүмүүсийг Бурхан ивээдэг ажээ. Үнэхээр тийм үү? Эсвэл Бурхныг шүтье гэвэл хуурамч шашнаас гарах ёстой юу? Энэ асуултад хариулахын тулд Еховаг жинхэнэ ёсоор шүтдэг байсан хүмүүсийн түүхийг Библиэс үзье.
БУРХАН ҮЙЛЧЛЭГЧИДТЭЙГЭЭ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН НЬ
2. Еховагийн сонгож авсан хүмүүс нь хэн байсан бэ? Тэд бусад хүнээс юугаараа ялгардаг байсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).
2 Ехова 4 000 орчим жилийн өмнө хэсэг хүнийг сонгон авч төлөөлөгчөө болгожээ. «Итгэдэг бүх хүний эцэг» гэгддэг Абрахам хэдэн зуун зарцтай өнөр гэр бүлийн тэргүүн байлаа (Ром 4:11; Эх. 14:14). Канаан нутгийн захирагчид Абрахамыг «хүчирхэг ноён» хэмээн хүндэлдэг байв (Эх. 21:22; 23:6). Ехова Абрахам болон түүний үр удамтай гэрээ байгуулжээ (Эх. 17:1, 2, 19). «Та нарын доторх эр хүйстэн болгон хөвч хөндөх ёслолыг үйлдэх ёстой. Энэ бол чи болон чамаас хойших чиний үр удмынхан сахих ёстой Миний гэрээ. ... Энэ нь Миний болон чиний хооронд байгуулсан гэрээний тэмдэг болно» гэжээ (Эх. 17:10, 11). Еховагийн тушаасан ёсоор, Абрахам гэрийнхээ бүх эрчүүдтэй хамт хөвч хөндүүлсэн (Эх. 17:24–27). Абрахамын үр удам Еховатай онцгой харьцаатай хүмүүс гэдгийг энэхүү хөвч хөндөх ёслол харуулдаг байв.
3. Абрахамын үр удам хэрхэн «үндэстэн» болсон бэ?
3 Абрахамын ач хүү Иаков буюу Израиль 12 хүүтэй байв (Эх. 35:10, 22б–26). Яваандаа тэд Израилийн 12 овгийн тэргүүн болцгоосон (Үйлс 7:8). Иаковын хүү Иосеф Египетэд хүргэгдэн очиж, хожмоо фараоны баруун гарын хүн, хоол хүнс хариуцсан захирагчаар томилогджээ. Өлсгөлөнгийн улмаас Иаков гэр бүлээ аваад Египетэд очсон (Эх. 41:39–41; 42:6). Иаковын үр удам тэнд өсөн нэмэгдэж бүхэл бүтэн «үндэстэн» болжээ (Эх. 48:4; Үйлс 7:17-г уншина уу).
ЕХОВА АРД ТҮМНЭЭ АВАРСАН НЬ
4. Египетчүүд болон Иаковын үр удам эхэндээ ямар харьцаатай байсан бэ?
4 Иаковын үр удам Нил мөрний савд байдаг Гошен нутагт 200 гаруй жил аж төрсөн (Эх. 45:9, 10). Фараон Иосефыг хүндэлдэг байсан тул израильчуудыг Египетэд ирэхэд халуун дотноор угтан авчээ (Эх. 47:1–6). Иаковын үр удам египетчүүдтэй 100 шахам жил эв найртай амьдарсан. Тэд Египетийн жижиг хотуудад мал малладаг байв. Египетчүүд хонь мал хариулдаг хүмүүст дургүй ч фараоны зарлигийг дагаж израильчуудыг нутагтаа байлгахаар болсон билээ (Эх. 46:31–34).
5, 6. а) Египетэд байсан Бурхны ард түмний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ? б) Мосе хэрхэн эсэн мэнд үлдсэн бэ? Ехова ард түмнийхээ төлөө юу хийсэн бэ?
5 Яваандаа израильчуудын амьдрал эрс өөрчлөгджээ. «Иосефыг мэдэхгүй шинэ хаан Египетэд гарч ирэв. Тэр өөрийн ард түмэнд “Үзэгтүн! Израилийн хөвгүүдийн ард түмэн биднээс олон, бас хүчтэй боллоо” [гэжээ]. Египетчүүд Израилийн хөвгүүдийг хүнд хүчир ажилд албадан шахав. Тэдэнд оноосон хүнд хүчир ажлууд болох шавар зуурах, тоосго цохих болон хээрийн янз бүрийн ажлаар египетчүүд тэдний амьдралыг гашуун зовлонтой болгов» (Ег. 1:8, 9, 13, 14).
6 Түүгээр ч барахгүй, фараон еврей хүү бүрийг төрмөгц нь алах тушаал буулгасан (Ег. 1:15, 16). Тэр үед Мосе төржээ. Эх нь түүнийг гурван сартай байхад нь Нил мөрний зэгсэн дунд нуусныг фараоны охин олоод, үрчлэн авчээ. Гэхдээ Мосе төрсөн эх Иохебедийнхээ дэргэд бага насаа өнгөрүүлж, Бурхны тухай заалгасан. Тийм учраас, Еховагийн үнэнч үйлчлэгч болжээ (Ег. 2:1–10; Евр. 11:23–25). Ехова ард түмнийхээ шаналан зовж байгааг «харж анхаараад», Мосег тэдний удирдагчаар томилж дарлагчдынх нь гараас аварчээ (Ег. 2:24, 25; 3:9, 10). Ийнхүү Ехова израильчуудыг «зольсон» буюу аварсан (Ег. 15:13; Дэд хууль 15:15-ыг уншина уу).
БУРХНЫ АРД ТҮМЭН НЭГЭН ҮНДЭСТЭН БОЛСОН НЬ
7, 8. Еховагийн ард түмэн хэрхэн ариун үндэстэн болсон бэ?
7 Ехова израильчуудыг үндэстэн болгон зохион байгуулахаасаа бүр өмнө ард түмнээ болгосон. Тийм болохоор Мосе Аарон хоёр Еховагийн тушаалаар фараонд ийн хэлжээ. «Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад баярын ёслол үйлдэг”» (Ег. 5:1).
8 Ехова израильчуудыг аврахын тулд Египетэд арван гамшиг учруулж, хожим нь фараоныг цэргүүдтэй нь Улаан тэнгисийн усанд живүүлж устгасан (Ег. 15:1–4). Түүнээс хойш гурван сар орчмын дараа Синаи уулын дэргэд израильчуудтай гэрээ байгуулж «Хэрэв та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал та нар бүх ард түмнүүдийн дундах Миний эзэмшил ... ариун үндэстэн болно» хэмээн амлажээ (Ег. 19:5, 6).
9, 10. а) Дэд хууль 4:5–8-ыг үзвэл, Мосегийн хууль израильчуудыг бусад үндэстнээс хэрхэн тусгаарладаг байсан бэ? б) Израильчууд «ЭЗЭН Бурханы ариун ард түмэн» гэдгээ хэрхэн батлах ёстой байсан бэ?
9 Еховагийн ард түмэн олон зууны турш эцгийн эрхт ёсонд захирагджээ. Овгийн тэргүүн нь удирдагч, шүүгч, тахилчийн үүрэг гүйцэтгэдэг байв. Египетэд боолчлогдож байхдаа ч израильчууд энэ л ёсоо дагаж амьдарсан (Эх. 8:20; 18:19; Иов 1:4, 5). Харин Ехова тэднийг боолчлолоос чөлөөлснийхөө дараа бусад бүх үндэстнээс тусгаарлах хуулийг Мосегоор өгүүлсэн (Дэд хууль 4:5–8-ыг уншина уу; Дуу. 147:19, 20). Уг хуулиар, ард түмний төлөө үйлчлэх тахилчид бий болсон. Мөн мэдлэг, мэргэн ухаанаараа олны хүндэтгэл хүлээсэн «ахмадууд» шүүгчээр томилогджээ (Д.хууль 25:7, 8). Шинэхэн үндэстний шүтлэг мөргөл болоод ахуй амьдралыг Мосегийн хууль зохицуулж байлаа.
10 Израильчуудыг Амласан газар луу орохын өмнөхөн Ехова хуулиа Мосегоор давтан хэлүүлжээ. Мосе ард түмэнд хандан «ЭЗЭН ... чамд амласан ёсоороо өнөөдөр чамайг Өөрийнхөө эрхэм нандин ард түмэн хэмээн зарлан, Өөрийнхөө бүх тушаалыг сахиулна гэдгийг тунхагласан. Мөн чамайг Өөрийн бүтээсэн бүх улс үндэстний дээр магтаал, алдар, хүндлэлээр дээдлэн, ... чамайг ЭЗЭН Бурханы ариун ард түмэн болгохоор тунхагласан» хэмээн уламжилжээ (Д.хууль 26:18, 19).
ХАРИЙНХАН ИЗРАИЛЬЧУУДТАЙ ХАМТ ЕХОВАГ ШҮТСЭН НЬ
11-13. а) Бурхны сонгосон ард түмэнтэй ямар хүмүүс нэгдэж эхэлсэн бэ? б) Еховаг шүтэхийг хүссэн израиль биш хүн яах ёстой байсан бэ?
11 Ехова израильчуудыг бусад үндэстнээс тусгаарлан, өөрийн гэсэн ард түмнээ болгон авсан билээ. Гэсэн хэдий ч харийнхныг тэдний дунд амьдрахыг зөвшөөрсөн. Жишээ нь, израильчуудыг Египетээс гарах үед «холилдсон үй олон хүн», түүний дотор египетчүүд хамт явсныг Библид бичжээ (Ег. 12:38). Тэдний дунд «фараоны зарц нарын зарим нь» байсан. Долоо дахь гамшгийн үеэр тэд Мосегийн сэрэмжлүүлгийг анхаарч, дуулгавартай дагажээ (Ег. 9:20).
12 Канаан нутгийг эзлэхээр Иордан голыг гатлахын өмнө Мосе израильчуудад өөрсдийнхөө дундах «харийн хүнийг хайрлахыг» тушаасан (Д.хууль 10:17–19). Бурхны сонгосон ард түмэн Мосегийн хуулийг сахих хүсэлтэй ямар ч харь хүнийг хүлээж авах ёстой байв (Лев. 24:22). Еховаг шүтдэг болсон зарим харь хүн моаб эмэгтэй Рутынх шиг сэтгэлтэй байсан. Рут: «Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан» хэмээн израиль эмэгтэй Наомид хэлсэн билээ (Рут 1:16). Еховагийн үйлчлэгч болсон харь үндэстэн эрчүүд израильчуудын нэгэн адил хөвч хөндүүлдэг байжээ (Ег. 12:48, 49). Ард түмэнтэй нь хамт амьдрахыг Ехова тэдэнд дуртайяа зөвшөөрсөн (Тоол. 15:14, 15).
13 Ехова израиль биш үйлчлэгчдээ сайшаадаг байсныг Соломоны залбирлаас мэдэж болно. Сүмийг Еховад зориулах үеэр Соломон: «Таны ард түмэн Израильд үл харьяалагдах харь хүний хувьд гэвэл, тэр Таны аугаа нэр алдар, Таны хүчит гар, Таны сунгасан мутрын төлөө хол газраас ирээд, тэд ирж, энэ өргөө уруу залбирвал, Та Өөрийн орших газар болох тэнгэрээс сонсож, тэр харь хүний Таныг дуудсан бүхний дагуу үйлдэж болгоогоорой. Ингэснээр дэлхийн бүх хүмүүс Таны нэрийг мэдэж, Таны ард түмэн Израиль шиг Танаас эмээн, миний барьсан энэ өргөө Таны нэрээр дуудагдсан болохыг тэд мэдэх болно» гэжээ (Ш.дэд 6:32, 33). Есүсийн үед ч тийм хүмүүс байжээ. Тэд израиль биш ч Еховаг шүтэхийг хүсээд, сонгосон ард түмэнтэй нь нэгддэг байв (Иох. 12:20; Үйлс 8:27).
ГЭРЧ ҮНДЭСТЭН
14-16. а) Израиль Еховаг гэрчилдэг үндэстэн байхын тулд яах ёстой байсан бэ? б) Еховагийн орчин үеийн ард түмэн ямар сэтгэлтэй байх ёстой вэ?
14 Израильчууд өөрсдийн Бурхан Еховаг, бусад үндэстнүүд өөр өөрсдийн бурхдаа шүтдэг байв. Эндээс, хэн жинхэнэ Бурхан бэ гэсэн асуулт гарч ирсэн. Ехова: «Ард түмнүүд хуран чуулж бүх үндэстэн хамт цуглалаа. Тэдний [бурхдын] дундаас хэн үүнийг зарлаж, урьдын юмсыг бидэнд тунхаглаж чадах юм бэ? Тэд зөвтгөгдөж болохоор өөрсдийн гэрч нарыг авчраг. Тэд сонсоод “Энэ бол үнэн” гэдгийг хэлэг» гэжээ (Ис. 43:9).
15 Үндэстнүүдийн бурхад жинхэнэ гэдгээ батлах чадваргүй байлаа. Ярьж чадахгүй, өргөж зөөхөөс нааш явж чадахгүй зүгээр л хиймэл шүтээн болохоор аргагүй шүү дээ (Ис. 46:5–7). Харин Ехова өөрийн ард түмэн израильчуудад «Та нар бол Миний гэрч нар. Та нар бол Миний зарц нар. Та нар мэдэж, Надад итгэж, Намайг Тэр мөн гэж таниасай гэсэндээ Би та нарыг сонгосон. Надаас өмнө бий болсон Бурхан байгаагүй бөгөөд Миний дараа ч байхгүй. Би, зөвхөн Би бол ЭЗЭН мөн бөгөөд Надаас өөр аврагч байхгүй. ... Иймээс та нар Миний гэрч мөн. ... Би бол Бурхан» гэж хэлсэн (Ис. 43:10–12).
16 Шүүх хурал дээр мэдүүлэг өгдөг гэрчүүд шиг Еховаг цорын ганц жинхэнэ Бурхан гэдгийг батлах хүндтэй завшаан Израилийн ард түмэнд олдсон юм. Ехова: «Өөрийнхөө төлөө Миний бий болгосон ард түмэн нь Миний алдрыг тунхаглана» хэмээн үйлчлэгчдийнхээ тухай хэлжээ (Ис. 43:21). Тэд Еховагаар овоглосон ард түмэн байв. Бурхан израильчуудыг Египетээс чөлөөлсөн учраас өөрт нь дуртайяа захирагдаж, орчлонт ертөнцийн хэмжээгүй эрх мэдлийг нь дэмжээсэй гэж хүссэн. Зөнч Мика: «Хэдийгээр бүх ард түмэн тус бүр өөрийн бурхны нэр дотор алхах боловч бидний хувьд, бид үүрд мөнх өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэр дотор алхана» хэмээн Еховагийн орчин үеийн ард түмэн ямар сэтгэлтэй байхыг зөгнөсөн байдаг. Эртний израильчууд ийм л сэтгэлтэй байх ёстой байлаа (Мика 4:5).
ТЭРСЛҮҮ АРД ТҮМЭН
17. Ехова Израилийг яагаад «харийн усан үзмийн муудсан нахиа» гэсэн бэ?
17 Харамсалтай нь, израильчууд Ехова Бурхандаа үнэнч байж чадаагүй. Тэд мод, чулуун бурхад шүтдэг үндэстнүүдийн нөлөөнд автсан. МЭӨ 8-р зуунд зөнч Хосеа: «Израиль бол саглагар усан үзмийн мод юм. Тэр ... илүү их тахилын ширээнүүдийг бүтээв. ... Тэдний зүрх нь итгэлгүй. Одоо тэд өөрсдийн гэм бурууг үүрэх ёстой» гэж бичжээ (Хос. 10:1, 2). Үүнээс хойш 150 орчим жилийн дараа Ехова үнэнч бус ард түмэндээ «Би чамд шилмэл усан үзэм, бүрэн итгэлтэй үрийг тарьсан юм. Тийн атал юунд чи Миний өмнө өөрийгөө харийн усан үзмийн муудсан нахиа болгов? Өөрсдөдөө зориулан бүтээсэн бурхад чинь хаана байна вэ? Зовлонгийн чинь цагт тэд чамайг аварч чадах юм бол, тэд босоцгоог. ... Миний хүмүүс Намайг ... мартсан билээ» хэмээн хэлснийг зөнч Иеремиа бичиж тэмдэглэсэн байдаг (Иер. 2:21, 28, 32).
18, 19. а) Ехова шинэ ард түмэнтэй болох тухайгаа хэрхэн зөгнөсөн бэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
18 Уг нь Израиль сайн жимс гаргах буюу Еховаг хүсэл тааллынх нь дагуу шүтэж, үнэнч гэрч нь байх ёстой байсан. Гэвч хуурамч бурхад шүтэж муудсан жимс гаргасан. Тийм учраас, Есүс тухайн үеийнхээ Иудейн шашны удирдагчдад «Бурханы хаанчлалыг та нараас авч, түүний үр жимсийг нь ургуулах үндэстэнд өгөх болно» гэж хэлжээ (Мат. 21:43). Гагцхүү «шинэ гэрээнд» багтсан хүмүүс бэлгэдлийн Израиль гэдэг шинэ үндэстэнд тооцогдохыг Ехова Иеремиагаар хэлүүлжээ. Тэгээд шинэ үндэстэнд багтах хүмүүсийн талаар зөгнөхдөө «Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно» гэжээ (Иер. 31:31–33).
19 Ехова Израиль үндэстнийг үнэнч бус болоход нэгдүгээр зуунд бэлгэдлийн Израилийг ард түмнээ болгожээ. Тэгвэл өнөөдөр ямар хүмүүс Еховагийн ард түмэнд тооцогддог вэ? Еховагийн жинхэнэ үйлчлэгчдийг хэрхэн таних вэ? Дараагийн өгүүллээр энэ тухай үзнэ.