«Бүү ай. Би чамд тусална»
ХАРАНХУЙ шөнө гудамжаар явж байна гээд төсөөл дөө. Гэнэт таны араас хүн дагах нь тэр. Зогсоод чагнавал нөгөө хүн бас зогсчихлоо. Түргэн түргэн алхсанд тэр хүн бас алхаагаа түргэсгэв. Та гүйж эхэллээ. Ойрхон байдаг найзынх руугаа хурдлав. Найзыгаа хаалгаа онгойлгоод гэртээ оруулахад сая нэг тайвширч гүнзгий амьсгаа авав.
Танд яг ийм явдал тохиолдоогүй байж болох юм. Гэхдээ өөр зүйл таны сэтгэлийг зовоодог ч байж магадгүй. Жишээ нь та дутагдлаа засах гэж чадлаараа хичээж байгаа ч дахин дахин давтаад байна уу? Эсвэл хамаг л боломжоороо ажил хайж байгаа ч одоо болтол олдохгүй байна уу? Нас ахиж яваадаа санаа зовоод, ямар өвчин тусах бол гэхээс айж байна уу? Таны сэтгэлийг түгшээдэг өөр ямар нэг юм байна уу?
Юу ч байлаа гэсэн зовлонгоо ярихыг тань сонсдог, хэрэгтэй үед тусалдаг найз байвал сайхан биз дээ? Танд тийм дотно найз байдаг уу? Байлгүй яах вэ! Ехова бол тийм найз. Исаиа 41:8–13-ыг үзвэл Ехова Абрахамын дотны найз байсан. Бурхан үйлчлэгч нэг бүрдээ «Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална. ... Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд “Бүү ай. Би чамд тусална” гэж айлдаж байна» хэмээн амласныг Исаиа 41:10, 13-т бичжээ.
«БИ ЗААВАЛ ӨӨРИЙН ... МУТРААР ЧАМАЙГ ХАМГААЛНА»
Энэ үгийг сонсоод та тайвширч байгаа биз дээ? Ехова яг юу гэж амласныг төсөөлж бодъё. Энд таныг Еховатай хамт алхаж, гараас нь хөтлөөд явж байна гэж хэлээгүй байгаа биз? Хэрэв гар гараасаа хөтлөлцөөд явж байсан бол Ехова баруун гараараа таны зүүн гарыг барих байсан. Харин Ехова «зөв баруун мутраараа» «чиний баруун гараас атгадаг» гэсэн шүү дээ. Энэ нь таныг хүнд байдлаас татан гаргаж байгаатай адил. Тэгээд «Бүү ай. Би чамд тусална» гэж хэлэн таныг зоригжуулдаг.
Та Еховаг халамжтай Эцэг, сайн Найз гэж үздэг үү? Хэцүү юм тохиолдсон үед тусална гэж найддаг уу? Бурхан танд санаа тавьдаг, туслахыг хүсдэг, бас таны тухай боддог. Танд хайртай учраас хүнд хэцүү юм тохиолдоход битгий айж сандраасай гэж хүсдэг. Ехова үнэхээр «зовлон дундах бодит тусламж» билээ (Дуу. 46:1).
ӨМНӨХ АЛДААГАА БОДООД ШАНАЛДАГ БОЛ
Өмнөх алдаагаа мартаж чадахгүй, Бурхны өршөөлийг хүртсэн эсэхдээ эргэлздэг хүмүүс байдаг. Та тэдний нэг бол Иовын жишээг санаарай. Тэрээр залуу байхдаа алдаа гаргаж байснаа хүлээн зөвшөөрсөн (Иов 13:26). Дуулалч Давид бас «Миний залуу насны нүглийг, эсвэл алдаа зөрчлийг минь бүү санаач» хэмээн Еховагаас гуйжээ (Дуу. 25:7). Бид төгс бус, нүгэлтэй учраас «Бурханы алдарт хүрдэггүй» (Ром 3:23).
«Исаиа» номын 41-р бүлгийг Бурхны эртний ард түмэнд зориулсан байдаг. Тэд ноцтой нүгэл үйлдсэн учраас Ехова тэднийг шийтгэж Вавилон руу цөлөхөөр шийджээ (Ис. 39:6, 7). Үүний зэрэгцээ чин сэтгэлээсээ гэмшиж, өөр лүү нь эргэж ирэх хүмүүсийг вавилончуудаас чөлөөлөх цагаа ч тооцсон (Ис. 41:8, 9; 49:8). Чин сэтгэлээсээ гэмшээд тааллыг нь олохыг хүсдэг хүмүүст Ехова өнөөдөр ч хайр энэрлээ үзүүлдэг (Дуу. 51:1).
Такуяадa тохиолдсон явдлыг үзье. Тэрээр порно үздэг, гар хангалга хийдэг зуршлаа хаях гэж хичээсэн ч чаддаггүй байв. Такуяа: «Би өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн гэж боддог байсан. Харин уучлалт гуйн залбирахад Ехова намайг тэр ангалаас татаж гаргасан» гэж ярьжээ. Ехова яаж тусалсан бол? Зуршилдаа дийлдэх бүрдээ дуудаж байгаарай гэж хурлынх нь ахлагчид Такуяад хэлжээ. «Ахлагчдыг дуудах амаргүй байсан. Гэхдээ дуудах болгондоо би урам зоригтой болдог байсан» гэж тэрээр ярьсан юм. Дараа нь ахлагчид дүүргийн харгалзагчийг ирэхэд нь Такуяад хоньчны эргэлт хийлгэхээр болжээ. Дүүргийн харгалзагч түүнтэй уулзахдаа «Би танайд санамсаргүй ирсэн юм биш ээ. Чамд хоньчны эргэлт хийлгэхийг ахлагчид надаас хүссэн юм» гэж хэлжээ. Такуяа: «Би нүгэл үйлдэж байсан ч Ехова надад ахлагчдаар туслуулсан» гэж дурссан юм. Тэрээр муу зуршлаа хаяж, байнгын эхлэгч болоод одоо Бетелд үйлчилж байна. Энэ явдлаас харвал Ехова таныг ч бас ангалаас гаргаж чадна.
АЖИЛ ОЛДОХГҮЙ БАЙГАА БОЛ
Олон хүний сэтгэлийг шаналгадаг нэг зүйл бол ажилгүй болж, орлогын эх үүсвэрээсээ салах явдал юм. Ажил хайгаад албан газруудын хаалга татсан ч, хэн ч ажилд авахгүй байхлаар үнэхээр гутармаар. Ийм үед зарим хүн өөрийгөө хүндэтгэхээ больдог. Ехова танд хэрхэн туслах бол? Аятайхан ажил шууд өгөхгүй ч байж мэднэ. Гэхдээ Давид хааны хэлсэн үгийг танд сануулах байх. Тэрээр: «Би залуугаасаа хөгширтлөө зөв шударга хүн хаягдахыг, үр удам нь талх гуйж байхыг үзээгүй» хэмээн бичжээ (Дуу. 37:25). Ехова таныг үнэ цэнтэй гэж үздэг бөгөөд «зөв баруун мутраа» сунгаж зайлшгүй хэрэгцээтэй зүйлээр хангана. Үүний дүнд та Еховадаа тасралтгүй үйлчилнэ.
Ехова Колумбад амьдардаг Сарад хэрхэн тусалсныг үзье. Сара алдартай компанид ачаалал ихтэй ажилладаг байжээ. Цалин ч сайн авна. Гэхдээ Еховагийн төлөө илүү ихийг хийхийг хүсээд ажлаасаа гарч, эхлэгч болов. Тохиромжтой ажил хайсан ч олдсонгүй. Зайрмагны газартай болсон ч орлого муугаас болоод хаалгаа барьжээ. Сара: «Гурван жил маш удаан өнгөрсөн. Гэхдээ Еховагийн ачаар тэр хэцүү үеийг давсан» гэж ярьсан юм. Тэрээр зөвхөн гол хэрэгцээгээ хангаад маргаашдаа санаа зовохгүй амьдарч сурчээ (Мат. 6:33, 34). Тэгж байтал хуучин дарга нь утасдаж, эргээд ажилдаа орохыг гуйжээ. Хагас өдрөөр ажиллуулж цуглаан, дэлгэрүүлэх ажилд оролцох боломж олговол ажиллана гэдгээ Сара хэлжээ. Тэрээр өмнөх шигээ их цалин авдаггүй ч эхлэгчээр тасралтгүй үйлчилж байна. Сара хэцүү үеэ дурсан «Ехова над руу мутраа сунгаж байгааг мэдэрсэн» гэжээ.
НАС АХИЖ ЯВААДАА САНАА ЗОВДОГ БОЛ
Хүмүүсийн сэтгэлийг зовоодог бас нэг зүйл бол нас ахих юм. Тэтгэвэрт гарах нас нь дөхөөд ирэхлээр тав тухтай амьдрах хангалттай мөнгөтэй бил үү гээд санаа нь зовж эхэлдэг. Нас ахих тусам ямар өвчин тусах бол гэж түгшдэг. Тэд Давидын сэтгэлийг ойлгодог. Давид: «Хөгшрөх үед намайг бүү орхиоч. Миний хүч чадал барагдах үед намайг бүү хаяач» хэмээн Еховагаас гуйжээ (Дуу. 71:9, 18).
Тэгвэл настай хүмүүс ирээдүйдээ санаа зовохгүйн тулд яах вэ? Хэрэгтэй бүхнийг Ехова өгнө гэж найдан итгэлээ улам бэхжүүлэх хэрэгтэй. Насаараа чинээлэг амьдарсан бол амьдралаа энгийн болгож, бага юманд сэтгэл хангалуун байж сурах нь сайн. Тэгээд ч «тарган шарын мах» идсэнээс «өвсөн хоол» буюу ногоо голдуу хоол идэх нь эрүүл мэндэд тустай шүү дээ (Сур. 15:17). Та өндөр настай ч гэсэн Еховаг баярлуулахыг гол зорилгоо болгодог бол Ехова танд хэрэгтэй бүхнийг өгнө.
Еховад 65 жил бүрэн цагаар үйлчилсэн Хосе Рөүс хоёрын тухай ярилцъя. Тэр хугацаанд тэд олон бэрхшээлийг давжээ. Рөүсийн аавыг өдөр шөнөгүй асардаг байв. Бас Хосе хавдраа авхуулж, химийн эмчилгээ хийлгэжээ. Ехова үнэнч хоёр үйлчлэгчдээ тусламжийн гараа сунгасан болов уу? Тийм ээ сунгасан. Яаж? Хурлынх нь Тони Вэнди хоёр тэднийг байрандаа суулгажээ. Энэ хос бүрэн цагийн үйлчлэгчдийг байрандаа үнэгүй байлгахыг хүсдэг байв. Хосе Рөүс хоёр тогтмол дэлгэрүүлдгийг Тони олон жилийн өмнө ахлах сургуульд байхдаа ангийнхаа цонхоор хардаг байжээ. Тийм их идэвх зүтгэл гаргадагт нь Тони ихэд биширч, тэр хоёрыг өөрийн эрхгүй хайрладаг болсон аж. Тийм болохоор Еховагийн төлөө бүх амьдралаа зориулсан настай хосыг байрандаа суулгахдаа дуртай байлаа. Түүнээс хойш 15 жил өнгөрсөн бөгөөд одоо 85 хүрч байгаа Хосе Рөүс хоёр Тони Венди хоёрыг Еховагийн өгсөн бэлэг гэж боддог гэнэ.
Ехова танд бас «Бүү ай. Би чамд тусална» хэмээн амладаг. Тэгээд тан руу «зөв баруун мутраа» сунгаж байна. Та гараа өгөх үү?
a Зарим нэрийг өөрчлөв.