«Еховагийн төлөө байгч хэн боловч над уруу ир!»
«ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, Түүнд зарагдан, Түүнээс зуур» (Д.ХУУЛЬ 10:20).
1, 2. а) Еховагийн талд байх нь яагаад зөв бэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?
ЕХОВАГААС «зуурах» нь маш чухал. Түүнээс илүү хүчтэй, эрх мэдэлтэй, ухаантай, хайр халамжтай нэгэн хаана ч байхгүй! Бурхны талд байхыг бид бүгдээрээ хүсдэг (Дуу. 96:4–6). Гэхдээ зарим маань Еховагаас нүүр буруулжээ.
2 Еховагийн талд байдаг гэчихээд хууль тушаалыг нь дагадаггүй хүмүүсийн талаар энэ өгүүллээр ярилцъя. Тэдний түүх сургамжтай бөгөөд Еховад үнэнч байхад маань тустай.
ЕХОВА БИДНИЙ ЗҮРХИЙГ ШАЛГАДАГ
3. Ехова яагаад Каинд туслах гэсэн бэ? Юу гэж анхааруулсан бэ?
3 Каины тухай ярилцъя. Тэрээр Еховагаас өөр бурхан шүтдэггүй байсан. Гэлээ ч Ехова өргөлийг нь хүлээж аваагүй. Учир нь Каин дотроо хорон санаа агуулж байсныг Ехова мэдэж байлаа (1 Ёох. 3:12). Тиймээс Каинд туслахыг оролдон: «Хэрэв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрэв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн, нүгэл хилэнц чамайг хүсэвч, чи түүнийг дийлэх ёстой» хэмээн анхааруулсан (Эх. 4:6, 7). Чухамдаа, Ехова Каинд «Хэрэв чи гэмшиж, миний талд орвол би чиний талд орно» гэж хэлсэн хэрэг байв.
4. Каин Еховагийн талд орох боломжтой байсан ч яасан бэ?
4 Хэрэв Каин бузар муу юм бодохоо боливол Ехова сайшаах байлаа. Харамсалтай нь тэрээр Еховагийн үгэнд ороогүй. Буруу юм бодож, хувиа хичээсний гайгаар нүгэл үйлдчихжээ (Яак. 1:14, 15). Хэзээ нэгэн цагт Еховаг эсэргүүцнэ гэж Каин бодоогүй л байх. Гэвч бодоогүй юмаа хожим хийчих нь тэр! Каин Еховад тэрслээд зогссонгүй, дүүгээ хөнөөчихөв.
5. Юуг таслан зогсоохгүй бол Ехова сайшаахаа болих вэ?
5 Бид Еховаг шүтдэг гэж хэлчихээд Каин шиг буруу замаар будаа тээдэг байж мэднэ (Юуд. 11). Жишээлбэл ёс журамгүй юм ургуулан бодох, шунах, итгэл нэгтнээ үзэн ядах гэх мэтийг дурдаж болно (1 Ёох. 2:15–17; 3:15). Үүнийгээ таслан зогсоохгүй бол нүгэл үйлдэх аюултай. Бид идэвхтэй дэлгэрүүлдэг, цуглаанд тогтмол явдаг байж болох юм. Гэхдээ дотроо юу бодож, цаагуураа юу хийж явдгийг маань бусад хүн харахгүй ч Ехова нэг бүрчлэн хардаг. Өөрийнх нь талд бат зогсож чадахгүй байгааг мэддэг (Иеремиа 17:9, 10-ыг уншина).
6. Хүсэл шуналтайгаа тэмцэхэд маань Ехова хэрхэн тусалдаг вэ?
6 Биднийг алдаа гаргангуут Ехова нүүр буруулахгүй. Замаа алдаж явааг маань хараад «Над уруу буцан ирэгтүн, Би ч та нар уруу буцан ирэх болно» гэдэг (Мал. 3:7). Ехова биднийг алдаа дутагдал гаргадаг төгс бус гэдгийг мэднэ. Гэхдээ бузар мууг эсэргүүцээсэй гэж хүсдэг (Ис. 55:7). Хүссэнийх нь дагуу байвал Ехова бидэнд тусалж, хүсэл шуналаа «дийлэх» хүч өгнө (Эх. 4:7).
«БҮҮ МЭХЛЭГД»
7. Соломон Еховагийн итгэлийг хэрхэн эвдсэн бэ?
7 Соломон хаанд тохиолдсон явдал бидэнд сургамж болдог. Тэрээр залуудаа Еховагаас удирдлага заавар авахыг хүсжээ. Бурхан түүнд мэргэн ухаан өгч, Иерусалимд сүрлэг сүм барих ажлыг даалгасан. Гэвч Соломон Еховагийн итгэлийг эвджээ (Х.дээд 3:12; 11:1, 2). Бурхны хуульд зааснаар хаан хүн «өөртөө олон эхнэр авч зүрх нь уруу татагдах ёсгүй» байсан (Д.хууль 17:17). Соломон энэ хоригийг зөрчиж 700 эхнэр авчээ. Бас 300 татвар эмтэй байв (Х.дээд 11:3). Эхнэрүүдийнх нь дунд хуурамч бурхад шүтдэг харь үндэстнүүд олон байсан. Тэгэхээр Соломон харийн бүсгүйтэй гэрлэж болохгүй гэсэн хуулийг ч бас зөрчсөн (Д.хууль 7:3, 4).
8. Соломон Еховаг хэрхэн гомдоосон бэ?
8 Соломон Еховагийн хууль тушаалыг бага багаар зөрчсөөр, эцэстээ ноцтой нүгэл үйлдсэн. Тэрээр охин тэнгэр Ашторет, хуурамч бурхан Хемошт зориулж тахилын ширээ босгон эхнэрүүдтэйгээ хамт шүтдэг болжээ. Соломон энэ тахилын ширээнүүдээ хаана тавьсан бэ? Өөрийнхөө барьсан Иерусалимын сүмийн урд талын уулан дээр тавьсан гээд бод доо! (Х.дээд 11:5–8; Х.дэд 23:13). Тэрээр: «Би одоо ч сүмд тахил өргөдөг юм чинь Ехова хийсэн хэргийг маань тоохгүй өнгөрөөнө» гэж бодоод өөрийгөө хуурсан байж болох юм.
9. Соломон Еховагийн сануулгыг хайхраагүйн гайгаар юу болсон бэ?
9 Гэвч Ехова нүглийг нүдээ аниад өнгөрөөдөггүй. Библид «ЭЗЭН Соломонд хилэгнэсэн. ЭЗЭН түүнд хоёр ч удаа үзэгдэн, өөр бурхдыг бүү дага гэж тушаасан боловч Соломон ЭЗЭНий тушаалыг сахисангүй» гэж бичжээ. Тийм учраас Бурхан түүнийг ивээж сайшаахаа болив. Соломоны үр удам Израйл үндэстнийг бүхэлд нь захирах боломжгүй болсон. Мөн олон зууны турш зовлон туулжээ (Х.дээд 11:9–13).
10. Юунаас болоод Еховатай тогтоосон харьцаанд сэв сууж мэдэх вэ?
10 Бурхны тогтоосон хэм хэмжээг ойлгодоггүй, ойшоодоггүй хүмүүстэй нөхөрлөвөл нөлөөнд нь автаж Еховатай тогтоосон харьцаандаа сэв суулгах аюултай. Тэдний тоонд Еховатай дотно биш итгэл нэгтэн орно. Бас Еховаг шүтдэггүй хамаатнууд, хөршүүд, хамт ажилладаг хүмүүс, ангийн хүүхдүүд орно. Аль нь ч байсан, Еховагийн хэм хэмжээний дагуу амьдардаггүй хүмүүстэй дотно байдаг бол Бурхантай тогтоосон харьцаандаа хэзээ нэгэн цагт сэв суулгаж магадгүй.
11. Найзаа хэрхэн зөв сонгох вэ?
11 1 Коринт 15:33-ыг уншина. Ихэнх хүн сайхан зан чанартай. Еховаг шүтдэггүй хүмүүсийн дунд муу юм хийдэггүй хүн олон бий. Хэрэв найз тань тэдний нэг бол сайн найз гэж үзэж болох уу? Тийм хүнтэй нөхөрлөвөл Еховатай тогтоосон харьцаанд тань хэрхэн нөлөөлөхийг бодоорой. Еховатай улам дотносоход туслах уу? Тэд юуг хамгийн чухал гэж үздэг вэ? Голдуу юуны тухай ярьдаг вэ? Загвар моод, мөнгө төгрөг, техник хэрэгсэл, зугаа цэнгэл гэх мэтийг ярьдаг уу? Бусдыг байнга шүүмжилдэг үү? Шалиг онигоо ярьдаг уу? Есүс: «Зүрх сэтгэл нь юугаар дүүрнэ, түүнийгээ ярьдаг» гэж оновчтой хэлсэн билээ (Мат. 12:34). Еховатай дотносоход найзууд тань саад болж байгааг анзаарсан бол шийдвэртэй арга хэмжээ аваарай! Жишээ нь тэдэнтэй хамт байх цагаа хязгаарлаарай. Хэрэв шаардлагатай бол харьцаагаа таслаарай (Сур. 13:20).
ЧИН ҮНЭНЧ БАЙГААСАЙ ГЭЖ ЕХОВА ХҮСДЭГ
12. а) Израйлчуудыг Египетээс гараад удаагүй байхад Ехова тэдэнд юу гэж хэлсэн бэ? б) Израйлчууд Бурханд юу гэж хариулсан бэ?
12 Израйлчуудыг Египетээс гараад удаагүй байхад болсон явдлаас сургамж авч болно. Ард түмэн Синаи уулын бэлд цуглажээ. Тэгтэл Ехова тэдэнд өөрийгөө үзүүлсэн. Бараан үүл гарч, аянга цахилгаан цахилан, утаа баагьж, бүрээн дуу асар хүчтэй хүнгэнэж байлаа (Ег. 19:16–19). Ехова израйлчуудад өөрийгөө ийнхүү илчилж зөвхөн өөрт нь чин үнэнч байхыг шаарддаг Бурхан гэдгээ харуулсан. Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь сахин биелүүлдэг хүмүүст үнэнч байхаа батлан хэлсэн (Египетээс гарсан нь 20:1–6-г уншина). Өөрөөр хэлбэл, «Та нар миний талд байгаа гэдгээ баталбал, би та нарын талд гэдгээ батална» гэж ард түмэндээ амласан хэрэг юм. Ехова Бурхан ингэж амлахыг та сонссон бол яах вэ? Израйлчуудтай адилхан хариулах байх. Тэд «бүгдээрээ нэгэн дуугаар: “ЭЗЭНий айлдсан бүх үгсийг бид даган биелүүлнэ” гэж хариулцгаав» (Ег. 24:3). Гэхдээ удалгүй үнэнч эсэх нь соригджээ.
13. Израйлчуудын үнэнч эсэхийг сорьсон ямар үйл явдал болсон бэ?
13 Израйлчууд нүүгэлтсэн хар үүл, аянга цахилгаан гээд Бурхны үзүүлсэн гайхамшгаас айж сүрдсэн. Тиймээс Мосе Синаи ууланд гарч, тэднийг төлөөлөн Еховатай ярихаар болжээ (Ег. 20:18–21). Тэрээр ууланд гараад бууж ирэхгүй удав. Ард түмэн нүдэнд харагддаг хүмүүн удирдагч Мосед хэтэрхий их найдсан. Тиймд бараа нь харагдахгүй болмогц эзгүй зэлүүд цөлд удирдагчгүй үлдсэн юм шиг санагджээ. Тэгээд санаа зовсондоо Ааронд «Бидний өмнө явах бурхныг бидэнд бүтээж өг. Учир нь биднийг Египетийн нутгаас гаргасан хүн болох энэ Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна» гэжээ (Ег. 32:1, 2).
14. Израйлчууд өөрсдийгөө хэрхэн хуурсан бэ? Ехова яасан бэ?
14 Шүтээн шүтэх нь буруу гэдгийг ард түмэн мэдэж байлаа (Ег. 20:3–5). Тэгсэн хэр нь тун удалгүй алтан тугал шүтсэн! Тушаалыг нь зөрчсөн атлаа Еховагийн талд байгаа гэж өөрсдийгөө хуурсан. Аарон алтан тугал шүтэх ёслолоо «ЭЗЭНд зориулсан баяр наадам» гэж нэрлэснийг яана! Ехова яасан бэ? Израйлчуудыг урвасан гэж боджээ. Тэгээд Мосед «Ард түмэн чинь өөрсдийгөө завхруулжээ. Миний тэдэнд тушаасан замаас тэд хурдан эргэжээ» гэж хэлсэн. Тэр ч бүү хэл, уурлан хилэгнэж шинэхэн бий болсон Израйл үндэстнийг устгая гэж бодсон (Ег. 32:5–10).
15, 16. Мосе Аарон хоёр Еховагийн талд гэдгээ хэрхэн баталсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).
15 Гэхдээ Ехова энэрэнгүй Бурхан учир израйлчуудыг устгахаа больж, харин өөрийнх нь талд орох боломжийг олгосон (Ег. 32:14). Ард олон хиймэл шүтээний өмнө орилж бархиран, дуулж бүжиглэн эрээ цээргүй авирлахыг Мосе хараад алтан тугалыг эвдэж, нунтаглав. Дараа нь тэрээр: «ЭЗЭНий төлөө байгч хэн боловч над уруу ир!» гэлээ. Тэгтэл «Левийн бүх хөвгүүд цугларч, түүн дээр ирэв» (Ег. 32:17–20, 26).
16 Аарон алтан тугал бүтээсэн ч гэмшээд левичүүдтэй нийлж Еховагийн талд орсон. Үнэнч левичүүд Еховагийн талд орсон төдийгүй нүгэлтнүүдийн талд биш гэдгээ баталж тэднээс холдсон. Энэ нь тун зөв хэрэг байлаа. Учир нь алтан тугал шүтсэн өчнөөн мянган хүн тэр өдөр амиа алджээ. Еховагийн талд байсан хүмүүс амьд үлдэж, ивээл хүртэхээр болсон (Ег. 32:27–29).
17. Паулын бичсэн үгнээс юу ойлгох хэрэгтэй вэ?
17 «Энэ явдлаас сургамж авч, ... тэдний зарим шиг шүтээн шүтэхгүй байцгаая. ... Тэдэнд тохиолдсон эдгээр явдал бидэнд сургамжтай бөгөөд үүнийг өнөө үеийн төгсгөлд амьдарч байгаа бидэнд сануулга болгон Сударт тэмдэглэжээ. Тиймээс зогсож байна гэж боддог хүн унахгүйн тулд болгоомжил» хэмээн элч Паул анхааруулжээ (1 Кор. 10:6, 7, 11, 12). Бурхны үйлчлэгчид ч буруу хэрэг явдалд орооцолддогийг Паулын бичсэн энэ үгнээс мэдэж болно. Хорхой хүргэм зүйлд дийлдсэн хэр нь Бурхан одоо ч намайг сайшааж байгаа гэж бодож болох юм. Гэхдээ Еховагийн найз байхыг хүсдэг эсвэл өөрийгөө Еховад үнэнч гэж ярьдаг хүн болгоныг Бурхны сайшаалыг хүлээдэг гэж ойлгож болохгүй (1 Кор. 10:1–5).
18. Юунаас болоод Еховагаас хөндийрч мэдэх вэ? Ямар үр дагавар амсах вэ?
18 Мосег Синаи уулнаас бууж ирэхгүй удахаар нь израйлчууд санаа зовж эхэлсэн шиг, Еховагийн шүүх өдөр саатаад байгаа юм шиг санагдахад Христийн дагалдагчид санаа зовж болох юм. Ирээдүйн талаарх Еховагийн амлалт биелэх цаг хол байна даа гэж бодох юм уу үнэхээр биелэх үү хэмээн эргэлзэж мэднэ. Яваандаа Еховагийн хүслийг анхаарахаа болиод өөрийнхөө хүслийг л анхаардаг болж магадгүй. Болгоомжтой байхгүй бол Еховагаас аажмаар хөндийрч мэднэ. Эцэст нь, хэзээ ч бодож байгаагүй зүйлээ хийчихэж болзошгүй.
19. Бид юуг мартах ёсгүй вэ? Яагаад?
19 Өөрт нь чин зүрхнээсээ дуулгавартай байж, зөвхөн өөрийг нь шүтэхийг Ехова биднээс хүсдэг. Үүнийг бид хэзээ ч мартах ёсгүй (Ег. 20:5). Хэрэв Еховагийн хүсэл тааллын дагуу явахгүй бол Сатаны хүслийг хангана гэсэн үг. Ингэвэл сүйрнэ. Тиймээс ч Паул: «Та нар Еховагийн аяга болон чөтгөрүүдийн аяганаас зэрэг уух аргагүй. “Еховагийн ширээ” болон чөтгөрүүдийн ширээнээс зэрэг хүртэх аргагүй» гэж анхааруулсан (1 Кор. 10:21).
ЕХОВАГААС ЗУУР!
20. Биднийг алдаа гаргахад Ехова яадаг вэ?
20 Каин, Соломон, эртний израйлчуудад тохиолдсон явдлаас нийтлэг нэг зүйл харагддаг. Юу гэвэл, «гэмшиж, Бурхан руу эргэх» боломж хэн хэнд нь байсан (Үйлс 3:19). Ехова үйлчлэгчдээ буруу юм хийнгүүт нь голоод хаячихдаггүй. Аароныг хэрхэн уучилсныг бодоорой. Өнөөдөр Еховагийн сэрэмжлүүлэг Библиэр, Библид үндэслэсэн ном хэвлэлээр, итгэл нэгтнээр дамжиж ирдэг. Сэрэмжлүүлгийг хүлээж авбал Ехова бидэнд өршөөл энэрлээ үзүүлнэ гэдэгт итгэж болно.
21. Еховад үнэнч эсэх маань соригдвол бид яах ёстой вэ?
21 Ехова биднийг нигүүлсдэг нь ямар зорилготой вэ? (2 Кор. 6:1). «Бурхны хүсэл таалалд нийцдэггүй» болон «муу муухай бүхнээс» татгалзах боломж олгодог (Тит 2:11–14-ийг уншина). «Энэ ертөнцөд байсан» цагт янз бүрийн сорилт тулгарч Еховад чин үнэнч эсэх маань соригдож магадгүй. Гэхдээ хэзээ ямагт Еховагийн талд байгаарай. «ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, Түүнд зарагдан, Түүнээс зуур»! (Д.хууль 10:20).