Цаг хэд болж байна вэ?
ХЭДЭН цаг болж байгааг та яаж мэддэг вэ? Бугуйн эсвэл ханын цагаа хардаг байх. Хүн танаас цаг асуувал та юу гэж хариулах вэ? Цаг хэд болж байгааг хүмүүс янз янзаар хариулдаг.
Жишээ нь өдрийн 1 цаг 30 минут болж байна гэж бодъё. Үүнийг «нэг гуч» эсвэл «нэг хагас» гэж хариулж болох юм. Бас амьдардаг газрынхаа заншлаар «Арван гурав гуч» гэж хэлэх нь ч байдаг. Хоногийг 24 цагаар хэмждэг учраас тэр юм.
Та Библийг уншиж байхдаа эртний хүмүүс цаг хугацааг хэрхэн баримжаалж, юу гэж хэлдэг байсан юм бол гэж бодож байсан уу? Янз бүрээр хэлдэг байжээ. Еврей Сударт «өглөө», «үд», «гэгээн цагаан өдөр», «үдэш» гэх мэтийн цаг хугацааг баримжаалж хэлдэг үг хэллэг гардаг (Эх. 8:11; 19:27; 43:16; Д.хууль 28:29; Х.дээд 18:26). Харин заримдаа бүр тодорхой хэлдэг байв.
Библи бичигдэж байх үед харуулууд шөнийн цагаар илүү сонор сэрэмжтэй ажиллах ёстой байсан. Есүсийг төрөхөөс хэдэн зууны өмнө израйлчууд шөнийг гурван үед хуваадаг байсан бөгөөд түүнийгээ «манааны үе» гэдэг байжээ (Дуу. 119:148). Шүүгчид 17:19-т «шөнийн харуул» гэж гардаг. Есүсийн үед иудейчүүд грек, ромчуудыг дуурайж шөнийн манааны үеийг дөрөв хуваадаг болжээ.
Грек Судрын эхний дөрвөн номонд шөнийн манааны үеийн талаар олон удаа дурдсан байдаг. Жишээлбэл Есүс «шөнийн дөрөвдүгээр манааны үед» усан дээгүүр алхан, завьтай яваа шавь нар луугаа очсон (Мат. 14:25). Тэрээр нэг удаа «Эзнийгээ хоёрдугаар манаа, бүр гуравдугаар манааны үед ирэхэд бэлэн байсан боолууд жаргалтай!» гэж хэлсэн (Лук 12:38).
Есүс шавь нартаа «Тиймд сонор сэрэмжтэй бай. Яагаад гэвэл гэрийн эзэн хэзээ ирэхийг та нар мэдэхгүй. Орой юу, шөнө дунд уу, үүрээр үү эсвэл өглөө эрт үү гэдгийг та нар мэдэхгүй» гэж хэлэхдээ шөнийн манааны 4 үеийг бүгдийг нь дурджээ (Марк 13:35, зүүлт). Нэгдүгээр манааны үеийг «орой» гэдэг бөгөөд нар жаргах үеэс 21 цаг хүртэл үргэлжилдэг. Хоёрдугаар манааны үеийг «шөнө дунд» гэх бөгөөд 21 цагаас шөнө дүл хүртэл үргэлжилнэ. «Үүрээр» буюу «тахиа донгодох» үеийг гуравдугаар манааны үе гэх бөгөөд энэ нь шөнө дундаас эхлэн 3 цаг хүртэл үргэлжилдэг. Есүсийг баривчилсан тэр шөнө тахиа донгодсон нь чухамдаа шөнийн гуравдугаар манааны үе байсан бололтой (Марк 14:72). Шөнийн дөрөвдүгээр манааны үеийг «өглөө эрт» гэдэг байв. Энэ нь шөнийн 3 цагаас нар мандах хүртэл үргэлжилдэг.
Библи бичигдэж байх үед цаг хугацааг өнөөгийнхтэй адилхан хэлдэггүй байсан. Гэхдээ л хэдэн цаг болж байгааг хэлдэг өөрийн гэсэн үг хэллэгтэй байжээ.