Итгэл—Эрч хүчтэй болгодог
ИТГЭЛ гайхалтай эрч хүчтэй болгодог. Жишээлбэл Сатан биднийг Еховагаас холдуулахыг оролддог ч бидэнд итгэл байгаа учраас «хорон муу нэгний бүх галт сумыг унтрааж чаддаг» (Эф. 6:16). Бат итгэлтэй учраас уул шиг бэрхшээлийг давж чаддаг. Есүс шавь нартаа «Гичийн үрийн чинээ итгэлтэй байхад л энэ ууланд “Эндээс тийшээ нүү” гэж хэлэхэд уул нүүнэ» гэжээ (Мат. 17:20). Итгэлтэй бол Еховатай улам дотносдог учраас дараах асуултыг бодож үзэх нь зүйтэй. Итгэл гэж юу вэ? Зүрхний хандлага ямар байвал итгэдэг вэ? Итгэлээ хэрхэн батжуулах вэ? Хэнд итгэх вэ? (Ром 4:3).
ИТГЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Библид бичсэн бүхнийг үнэн гэж хүлээн зөвшөөрөхийг л итгэл гэхгүй. Учир нь «чөтгөрүүд ч [Бурхан байдагт] итгэдэг, Бурхнаас айгаад чичирдэг» (Яак. 2:19). Тэгвэл итгэл гэж юу вэ?
Итгэлийг Библид хоёр янзаар тодорхойлсон байдаг. Нэгдүгээрт, «итгэл бол найдвар биелэхийн баталгаа» юм (Евр. 11:1а). Та Еховад итгэдэг бол хэлсэн бүхэн нь үнэн, гарцаагүй биелнэ гэдэгт өчүүхэн төдий ч эргэлзэхгүй. Ехова израйлчуудад «Хэрэв та нар өдрийн тухай Миний гэрээ, шөнийн тухай Миний гэрээг зөрчиж, өдөр, шөнө хоёр тогтоосон цагтаа ирэхгүй болгож чадвал Миний зарц Давидтай байгуулсан гэрээг ч зөрчиж ... чадна» хэмээжээ (Иер. 33:20, 21). Нар мандахаа болиод өдөр шөнө солигдохгүй болчих вий гэж та айдаг уу? Мэдээж үгүй! Дэлхий тэнхлэгээ эргэнгээ нарыг тойрдог гэсэн физикийн хуульд та эргэлзэхгүй итгэдэг биз дээ? Тэгвэл энэ хуулийг Тогтоогч нь амлалтаа биелүүлж чадах болов уу гэж эргэлзэх хэрэг байна уу? Огтхон ч байхгүй (Ис. 55:10, 11; Мат. 5:18).
Хоёрдугаарт, итгэл гэдэг бол «харагдахгүй ч байдаг юмны нотолгоо» юм (Евр. 11:1б). Жишээ нь, танаас нэг хүүхэд: «Агаар байдгийг та яаж мэдсэн бэ?» гэж асуужээ. Та агаарыг харж байгаагүй ч агаар байдгийг нотлохын тулд хүн амьсгалдаг тухай эсвэл салхинд юм хийсдэг тухай ярих байх. Ийнхүү нотолбол нүдэнд харагдахгүй ч бодитойгоор оршдог зүйл байдгийг тэр хүүхэд мэдэж авна. Тэгэхээр итгэл нь нотлох баримттай байдаг байх нь ээ (Ром 1:20).
ЗҮРХНИЙ ХАНДЛАГА ЗӨВ БАЙХ НЬ ЧУХАЛ
Итгэлийн үндэс нь баримт нотолгоо учраас юуны өмнө «үнэний тухай зөв мэдлэгтэй болох» ёстой (1 Тим. 2:4). Гэхдээ дан ганц мэдлэгтэй байх нь хангалтгүй. Элч Паул: «Зүрх сэтгэлээрээ итгэ» гэж бичжээ (Ром 10:10). Библид бичсэн зүйлд итгэхээс гадна түүнийгээ үнэлж эрхэмлэх шаардлагатай. Тэгдэг бол итгэлээ үйлсээрээ батална. Өөрөөр хэлбэл Бурхны таалалд нийцүүлж амьдарна (Яак. 2:20). Хэрэв Библийн үнэнийг чин сэтгэлээсээ үнэлж эрхэмлэдэггүй бол үнэмшилтэй нотолгоо үзүүлсэн ч хүлээж авахгүй. Яагаад гэвэл тийм хүн итгэл үнэмшлээ өөрчлөхийг хүсдэггүй эсвэл хүссэнээрээ байх дуртай (2 Петр 3:3, 4; Юуд. 18). Израйлчууд янз бүрийн гайхамшгийг нүдээрээ үзсэн атлаа зарим нь л итгэсэн нь ийм учиртай (Тоол. 14:11; Ёох. 12:37). Бурхны агуу хүч зөвхөн үнэн юмыг эрхэмлэдэг хүмүүст л нөлөөлдөг. Тийм учраас тэд итгэдэг (Гал. 5:22; 2 Тес. 2:10, 11).
ДАВИД БАТ ИТГЭЛТЭЙ БОЛСНЫ УЧИР
Гайхалтай итгэлтэй байсан хүмүүсийн нэг нь Давид хаан юм (Евр. 11:32, 33). Гэвч Давидын гэрийнхэн тийм биш байсан. Жишээлбэл Давидын том ах Елиабыг бод доо. Израйлыг доромжилж байсан Голиатыг хараад Давидын дургүй хүрчээ. Тэгэхэд нь Елиаб Давидыг загнасан. Еховад итгэдэггүй байсан нь үүнээс харагддаг (1 Сам. 17:26–28). Төрөлхийн итгэл гэж байдаггүй, мөн итгэлийг эцэг эхээсээ өвлөж авдаггүй. Тэгэхээр Давидын итгэл бол Бурхантай харьцдаг байсных нь үр дүн юм.
Давид яаж тийм бат итгэлтэй болсноо 27-р дуулалд бичсэн байдаг (1-р зүйл). Өөртөө тохиолдож байсан явдлуудыг болон Ехова өстөн дайсныг нь хэрхэн номхруулсныг эргэцүүлэн бодсон (2, 3-р зүйл). Еховагийн асрыг маш их үнэлж эрхэмлэдэг байсан (4-р зүйл). Мөргөлийн асарт очиж итгэл нэгтнүүдтэйгээ хамт Бурхныг шүтдэг байсан (6-р зүйл). Еховаг шаргуу хайж залбирдаг байсан (7, 8-р зүйл). Бас Бурхнаар заалгахыг хүссэн (11-р зүйл). Итгэл үнэхээр чухал байсан учраас тэрээр: «Надад итгэл байгаагүй бол би яах байсан юм бэ?» хэмээн дуу алджээ (13-р зүйл, ШЕ).
ИТГЭЛЭЭ ХЭРХЭН БАТЖУУЛАХ ВЭ?
Та 27-р дуулалд бичсэн шиг хандлага, дадал зуршилтай болохыг хичээвэл Давид шиг бат итгэлтэй хүн болно. Итгэл нь үнэн зөв мэдлэгт үндэслэдэг. Тийм учраас Бурхны Үг болон Библид үндэслэсэн ном хэвлэлийг хэдийчинээ их судална, Бурханд итгэх итгэл төдийчинээ батажна (Дуу. 1:2, 3). Судлахдаа эргэцүүлэн бодох цаг гаргаарай. Эргэцүүлэн бодохын хэрээр Еховад улам бүр талархдаг болно. Талархахын хэрээр цуглаанд очих, ирээдүйн найдварынхаа талаар хүмүүст ярих зэргээр итгэлээ үйл хэргээрээ батлах хүсэл бадарна (Евр. 10:23–25). Түүнчлэн «байнга залбирахын зэрэгцээ шантрахгүй байвал» Бурханд итгэдгээ батална (Лук 18:1–8). Тийм учраас Ехова «санаа тавина» гэдэгт итгээд «тасралтгүй залбираарай» (1 Тес. 5:17; 1 Петр 5:7). Итгэдэг хүн зөв юм хийнэ, зөв юм хийвэл итгэл батажна (Яак. 2:22).
ЕСҮСТ ИТГЭДГЭЭ БАТЛААРАЙ
Есүс амиа алдахынхаа өмнөх шөнө шавь нартаа «Бурханд итгэ. Бас надад итгэ» гэж хэлсэн байдаг (Ёох. 14:1). Тэгэхээр бид Еховад төдийгүй Есүст итгэх хэрэгтэй. Есүст итгэдгээ үйлсээрээ батлах гурван аргыг авч үзье.
Нэгдүгээрт, та золиосыг зөвхөн надад өгсөн Бурхны бэлэг гэж үзээрэй. Элч Паул: «Одоо би, намайг хайрлаж, миний төлөө амиа өгсөн Бурхны Хүүд итгэдэг хүний ёсоор амьдарч байна» гэжээ (Гал. 2:20). Та Есүст итгэдэг бол золиос надад тустай, миний нүглийг уучлах үндэс болдог, мөнх амьдрах найдварыг надад өгдөг, Бурхан намайг хайрладгийн хамгийн том баталгаа гэж бат итгэнэ (Ром 8:32, 38, 39; Эф. 1:7). Тэгээд өөрийнхөө талаар муу юм бодохгүй, өөрийгөө буруутгахгүй (2 Тес. 2:16, 17).
Хоёрдугаарт, залбирч Еховатай дотносоорой. Есүс амиа зольсон учраас бид Еховад залбирах боломжтой болсон билээ. Тиймд «хэрэгтэй цагт өршөөл, нигүүлсэл хүртэхийн тулд ... итгэлтэйгээр» залбирч чаддаг (Евр. 4:15, 16; 10:19–22). Залбирвал хорхой хүргэм зүйлээс хол байя гэсэн шийдвэр батаждаг (Лук 22:40).
Гуравдугаарт, Есүст дуулгавартай байгаарай. Элч Ёохан: «Хүүд итгэдэг хүн мөнх амьдарна. Хүүд дуулгаваргүй хүн мөнх амьдрахгүй. Бурхан тийм хүнд уурлан хилэгнэдэг» хэмээн бичжээ (Ёох. 3:36). Итгэх, дуулгаваргүй байх хоёрыг сөргүүлэн тавьсныг анзаарав уу? Тэгэхээр, Есүст дуулгавартай байвал итгэдэг гэсэн үг. «Христийн хуулийг» буюу заасан, тушаасан бүхнийг нь биелүүлж байгаарай (Гал. 6:2). «Итгэмжит, ухаалаг боолоороо» өгүүлдэг удирдлага зааврыг нь дагаж мөрдөөрэй (Мат. 24:45). Ийнхүү Есүст дуулгавартай байдаг бол салхи шуурга мэт бэрхшээлийг давах хүчтэй болно (Мат. 7:24, 25).
«ТА БҮХЭН ХАМГИЙН АРИУН ИТГЭЛЭЭ БАТЖУУЛААРАЙ»
Нэг хүн чанга дуугаар: «Би итгэж байна! Илүү бат итгэлтэй болоход минь туслаач!» гэж Есүсээс гуйжээ (Марк 9:24). Тэрээр итгэж байсан ч итгэлээ батжуулах хэрэгтэйгээ мэдэж байсан. Бидэнд бас «илүү бат итгэлтэй» байх шаардлага хэзээ нэгэн цагт гарна. Тиймээс одооноос итгэлээ батжуулъя. Бурхны Үгийг судалж, эргэцүүлэн бодоод Еховад улам бүр талархдаг болбол итгэл батаждагийг энэ өгүүллээр үзлээ. Мөн итгэл нэгтнүүдтэйгээ хамт Еховаг шүтэж, ирээдүйн найдварынхаа талаар хүмүүст ярьж, байнга залбирдаг бол улам бат итгэлтэй болно. Итгэлээ батжуулбал хамгийн агуу шагнал авна. Бурхны Үгэнд «Хайрт ах дүү нар минь, та бүхэн хамгийн ариун итгэлээ батжуул» хэмээн уриалаад «Тэгвэл ... Бурхнаараа хайрлуулж явна» гэжээ (Юуд. 20, 21).