Хичээл 6
«Бурхны хаанчлал» гэж юу вэ?
Бурхны Хаанчлал хаана байдаг вэ? (1)
Бурхан хэнийг Хаанаар томилсон бэ? (2)
Хаан ганцаараа захирдаг уу? (3)
Өнөөгийн ертөнцийн «эцсийн өдрүүдэд» амьдарч байгаа маань юунаас харагддаг вэ? (4)
Бурхны Хаанчлал ирээдүйд хүн төрөлхтний төлөө юу хийх вэ? (5—7)
1. Есүс дэлхийд байхдаа Бурхны Хаанчлал ирээсэй гэж залбирахыг дагалдагчдадаа заажээ. Есүсийн хэлсэн «хаанчлал» гэдэг нь өвөрмөц ойлголт бөгөөд энэ бол Ехова Бурхны тэнгэрт байгуулсан засгийн газар юм. Бурхны Хаанчлал дэлхийг захирах бөгөөд Еховагийн нэрийг ариусгаж, хүсэл тааллыг нь дэлхий дээр биелүүлэх зорилготой (Матай 6:9, 10).
2. Бурхан Есүсийг засгийн газрынхаа тэргүүн буюу Хаанаар томилохоо амлажээ (Лук 1:30—33). Есүс сайхан сэтгэлтэй, үнэнч шударга, алдаа гаргадаггүй Хаан болно гэдгээ дэлхийд байхдаа баталсан. Гэхдээ тэнгэрт буцаж очсон даруйдаа хаан ширээнд залраагүй юм (Еврей 10:12, 13). Ехова амласан эрх мэдлээ 1914 онд өгчээ. Тэр үеэс Есүс Еховагийн томилсон тэнгэрийн Хаан болсон (Даниел 7:13, 14).
3. Ехова бас, өөрт нь үнэнч хүмүүсийг эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй, тэнгэрт амьдруулахаар сонгон авчээ. Тэд хаан, шүүгч, тахилч болж, Есүстэй хамт «дэлхийг захирах» аж (Лук 22:28—30; Илчлэлт 5:9, 10, МБОХ, 1996). Есүс Хаанчлалынх нь бүрэлдэхүүнд орох хамтран захирагчдаа «өчүүхэн сүрэг» гэж нэрлэсэн. «Өчүүхэн сүрэг» 144000 хүнээс бүрдэнэ (Лук 12:32; Илчлэлт 14:1—3).
4. Есүс Хаан болсон даруйдаа Сатан ба түүнийг дагасан муу тэнгэр элчүүдийг тэнгэрээс хөөн зайлуулж, дэлхийн орчимд хаяжээ. Үүнээс болоод 1914 оноос дэлхийн байдал туйлын муудсан (Илчлэлт 12:9, 12). Дайн, өлсгөлөн, тахал болж, ёс бус явдал газар авч байгаа зэрэг нь Есүс тэнгэрийн хаан ширээнд заларсны баталгаа бөгөөд мөн өнөөгийн ертөнцийн «эцсийн өдрүүд» болж байгааг батлах «шинж тэмдэг» юм (Матай 24:3, 7, 8, 12; Лук 21:10, 11, ШГ; 2 Тимот 3:1—5).
5. Удахгүй Есүс, хоньчин хонио ямаанаас ялгадаг шиг хүмүүсийг ялгаад, шүүнэ. «Хонь» гэдэг нь Есүст үнэнчээ баталсан хүмүүс байх юм. Тэд диваажин дэлхийд мөнх амьдарна. Харин «ямаа» нь Бурхны Хаанчлалыг үл хэрэгсэх хүмүүс (Матай 25:31—34). Ойрын ирээдүйд Есүс ямаа шиг хүмүүсийг бүгдийг нь устгана (2 Тесалоник 1:6—9). Хэрэв та Есүсийн «хонины» тоонд багтахыг хүсвэл Хаанчлалын тухай мэдээг хүлээн авч, сурч мэдсэнээ хэрэгжүүлэх хэрэгтэй (Матай 24:14).
6. Өнөөдөр дэлхий ертөнц олон улс гүрэнд хуваагджээ. Улс үндэстнүүд өөрийн гэсэн засгийн газартай бөгөөд бие биетэйгээ дайтах нь цөөнгүй. Бурхны Хаанчлал энэ бүх засгийн газрыг халж, дэлхийг бүхэлд нь захирна (Даниел 2:44). Тэр үед дайн, гэмт хэрэг, хүчирхийлэл үгүй болж, бүх хүн энх тайван, эв нэгдэлтэй амьдарна (Мика 4:3, 4).
7. Есүсийн Мянган жилийн засаглалын үед Бурханд дуулгавартай хүмүүс төгс болж, дэлхий диваажин болон хувирна. Мянган жилийн эцэс гэхэд Есүс Бурхны даалгасан бүхнийг биелүүлж дуусгана. Дараа нь хааны эрх мэдлээ Эцэгтээ буцаан өгнө (1 Коринт 15:24). Бурхны Хаанчлал юу хийх гэж байгааг та найз нөхөд, ойр дотнынхондоо ярьж болно шүү дээ.
[13-р хуудасны зураг]
Есүсийн засаглалын үед үзэн ядалт, атгаг санаа үгүй болно