ХАВСРАЛТ
Бурхны нэрний утга ба ач холбогдол
ТАНД Библи байдаг бол Дуулал 83:18-ыг яаж орчуулсныг үз дээ. 1838 оны монгол орчуулгад энэ зүйлийг «[Таны] нэрийг Ехова мөн хийгээд [та] бүх дэлхий дээр ганцхан хамгийн дээд мөн хэмээн тэд нь мэдэх болтугай» гэж хөрвүүлжээ. Үүнтэй төстэй орчуулгууд бас байдаг. Гэхдээ олон орчуулгад Ехова гэдэг нэр байдаггүй. Жишээ нь, «Ариун Библи» (АББН, 2004 он) орчуулгад Бурхны нэрийг «ЭЗЭН», «БУРХАН» гэдэг үгээр орлуулсан байна. Эдгээр нь оноосон нэр биш, «хаан», «ерөнхийлөгч» гэдэг шиг цол хэргэмийг заасан нэр юм. Тэгвэл Дуулал 83:18 - д цол хэргэм, Бурхны нэр хоёрын яг аль нь байх ёстой вэ?
Нэр нь байх ёстой. Яагаад гэвэл еврей хэлээр бичсэн эх Библийн Дуулал 83:18 - д Бурхны нэрийг бичсэн байжээ. Энэ нэрийг еврей хэлний цагаан толгойн יהוה (ЙХВХ) дөрвөн үсгээр тэмдэглэдэг. Библийн монгол орчуулгуудад «Ехова», «Ёхова», «Ёхува», «Иохова», «Яавэ» гэх зэргээр буулгасан байдаг. Тэгвэл энэ нэр ганцхан Дуулал 83:18 - д л гардаг уу? Үгүй ээ. «Хуучин Гэрээ» - ний еврей эх бичигт бараг 7000 удаа бий!
Бурхны нэрийг мэдэх нь хэр зэрэг ач холбогдолтой вэ? Есүс Христ Бурханд яаж залбирахыг шавь нартаа заахдаа залбирлын жишээ хэлж өгсөн. Тэр залбирал «Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай» гэж эхэлдэг (Матай 6:9). Хожим нь, Есүс Бурханд хандан «Эцэг минь, нэрээ алдаршуулаач» гэж залбирахад Бурхан: «Би нэрээ алдаршуулсан. Дахиж алдаршуулна» хэмээн хариулсан (Ёохан 12:28). Энэ бүхнээс үзэхэд, Бурхны нэр их ач холбогдолтой нь харагдаж байна. Тэгвэл зарим орчуулагч Бурхны нэрийг цол хэргэмээр сольсон нь ямар учиртай вэ?
Хоёр гол шалтгаан байдаг. Нэгдүгээрт, Бурхны нэрийг чухам яаж дуудах нь өнөөдөр тодорхойгүй учраас Бурхныг нэрээр нь дуудах шаардлагагүй гэж олон хүн үздэг. Эртний еврей хэлэнд эгшгийг бичдэггүй байсан. Тиймээс, Бурхны нэрийг тэмдэглэдэг ЙХВХ дөрвөн үсгийг дээр үед хүмүүс ямар эгшгээр яаж амилуулж дууддаг байсныг өнөөдөр хэн ч яг таг хэлж чадахгүй. Тэгвэл Бурхныг нэрээр нь дуудаж огт болохгүй гэсэн үг үү? Жишээ татъя. Есүсийн нэрийг дээр үед «Ешуа», эсвэл «Ехошуа» гэж дууддаг байсан бололтой. Үүнийг ч бас тодорхой мэдэх хүн өнөөдөр алга. Гэхдээ Есүсийн нэрийг дэлхий дахинд хүмүүс эх хэлэндээ тогтсон тэр л дуудлагаар дууддаг шүү дээ. Есүсийн нэрийг МЭ І зууны хүмүүс хэрхэн дууддаг байсан нь тодорхойгүй гэдгээр шалтаглан Есүс гэдэг нэрийг хэлж болохгүй гэж үздэг хүн байдаггүй. Өөр нэг жишээ татъя. Хэрэв та гадаад оронд очвол тэндхийн хүмүүс таны нэрийг эх хэлнийхээ онцлогт тохируулан өөрөөр дуудах байх. Тэглээ ч гэсэн та нэрийг тань хэлж, нэрээр тань дуудаж байна гэж ойлгоно биз дээ? Тэгэхлээр, Бурхны нэрийг эрт цагт хэрхэн дууддаг байсан нь тодорхойгүй гэдгээр шалтаглан Бурхны нэрийг хэлэхгүй байх үндэсгүй юм.
Бурхны нэрийг Библиэс хасах болсон хоёр дахь шалтгаан нь еврейчүүдийн эртний уламжлалтай холбоотой. Еврей хүмүүс Бурхныг нэрээр нь дуудаж болохгүй гэж үздэг. Ийм үзэл «Өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийг дэмий бүү дурд. Учир нь ЭЗЭН Өөрийнх нь нэрийг дэмий дурдагчийг шийтгэлгүй орхихгүй» гэсэн Бурхны хуулийг буруу ойлгосноос үүдсэн бололтой (Египетээс гарсан нь 20:7).
Гэхдээ энэ хууль нь Бурхны нэрийг зохисгүй хэрэглэхийг хориглосноос бус, Бурхнаа хүндэтгэн, нэрийг нь хэлж, нэрээр нь дуудахыг хориглоогүй юм. «Хуучин гэрээ»-г бичигчид бүгдээрээ эртний Израйлын ард түмэнд өгсөн Бурхны Хуулийг үнэнчээр сахидаг хүмүүс байв. Тэдний бичсэн номнуудад Бурхны нэр олон гардаг. Жишээ нь, Ехова Бурхныг шүтдэг хүмүүсийн олноороо чанга дуулдаг магтуу дуунуудад Бурхны нэр байсан бөгөөд дуулахдаа нэрийг нь хэлдэг байжээ. Түүнчлэн, Ехова Бурхан өөрийг нь нэрээр нь дуудаж байхыг ард түмэндээ тушааж, энэ тушаалыг нь үнэнч израйлчууд биелүүлдэг байжээ (Иоел 2:32; Үйлс 2:21). Учир иймээс, өнөөдөр Есүсийн дагалдагчид Багшаа дуурайн, Бурхнаа хүндэтгэж, нэрээр нь дуудан, нэрийг нь хэлэх эсэхдээ эргэлздэггүй (Ёохан 17:26).
Библийн орчуулагчид Бурхны нэрийг янз бүрийн цол хэргэмээр сольдог нь ноцтой алдаа юм. Үүний улмаас, Библи уншдаг хүмүүст Бурхан хол хөндий, хэн гэдэг нь тодорхойгүй болдог. Гэтэл Библи хүмүүсийг Бурхантай «дотно» харьцаа тогтоохыг уриалдаг (Сургаалт үгс 3:32). Та дотнын найзынхаа тухай бодоод үз дээ. Нэрийг нь мэдэхгүйгээр түүнтэй дотно анд болж чадах байсан уу? Үүнтэй адилаар, хүмүүс Бурхны нэрийг Ехова гэж мэдэхгүй байж яаж дотно харьцаа тогтоох билээ дээ? Түүнээс гадна, Бурхны нэрийг мэдэхгүй бол нэрнийх нь утга учрыг мэдэх аргагүй. Тэгвэл Бурхны нэр ямар утгатай вэ?
Мосе гэдэг үнэнч үйлчлэгч нь нэрнийх нь тухай асуухад Бурхан нэрнийхээ утгыг тайлбарлаж «Би бол “Би байдаг”» гэж хэлжээ (Египетээс гарсан нь 3:14). Энэ зүйлийг Библийн өөр нэг орчуулгад «Би юу л болмоор байна, тийм болно» гэж орчуулсан байдаг (Ж. Ротерхамын орчуулга, англи). Тэгэхлээр Ехова санаа зорилгоо биелүүлэхийн тулд юу л болохыг хүснэ, тийм болж чаддаг. Өөрөөр хэлбэл, хэрэгтэй бүхнийг хийж чаддаг гэсэн үг. Түүнчлэн санаа зорилгоо биелүүлэхийн тулд бүтээлээ юу л болгомоор байна, тийм болгож чаддаг.
Та юу л болмоор байна, тийм болж чаддаг болчихжээ гэж бодъё. Тэгвэл анд нөхдийнхөө төлөө юу хийх байсан бэ? Найз тань хүндээр өвдвөл, сайн эмч болоод, эмчилж эдгээх биз ээ. Эсвэл хөрөнгө мөнгөөр гачигдахад нь чинээлэг хөрөнгө оруулагч болоод, тусалж дэмжихгүй гэж үү? Харамсалтай нь, энэ бүхэнд бидний хүч хүрдэггүй. Харин Ехова бол биднээс тэс өөр. Тэрээр хэлсэндээ хүрэхийн тулд юу л болмоор байна, тийм болж чаддаг. Та үүнийг Библийн хичээл заалгах явцдаа сайн ойлгож мэдээд лав гайхах байх. Бурхан өөрт нь хайртай хүмүүсийн сайн сайхны төлөө хүч чадлаа зориулахыг хүсдэг (Шастирын дэд 16:9). Гэтэл Бурхны нэрийг мэддэггүй хүмүүс энэ бүхнийг ойлгохгүй хоцордог.
Тэгэхээр, Еховагийн нэр Библид байх ёстой нь тодорхой боллоо. Нэрнийх нь утгыг ойлгож, Бурхныг шүтэхдээ нэрээр нь дуудаж байх нь тэнгэрийн Эцэг Еховатайгаа дотно харьцаа тогтооход их чухал юм.a
a Бурхны нэрний утга болон Бурхныг нэрээр нь дуудах хэрэгтэйн учрыг «Бурхны Үгийг судлах хөтөч» товхимлын 1-р хэсгээс үзнэ үү. Мөн «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2015 оны 12-р сарын 15-ны дугаарын 11-р хуудасны 7-р догол мөрийг үзнэ үү.