Сайн мэдээг идэвхийлэн тунхаглагтун
«Эзэнд [«Еховад», ШЕ] үйлчлэн сүнс дотор шат» (РОМ 12:11).
1, 2. Сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд христианууд ямар хандлага баримтлах хэрэгтэй вэ?
ЗАЛУУ хүн анх ажилд орохдоо сэтгэл нь ихэд догдолдог. Ажлынхаа анхны өдөр даргынхаа зааврыг тэсэж ядан хүлээнэ. Эхний даалгавраа хүлээж аваад, түүндээ тун ч нямбай хандана. Тэрээр ажилдаа хамаг л зүрх сэтгэлээ зориулахад бэлэн байдаг.
2 Христианууд бид ямар нэг хэмжээгээр шинэ ажилчидтай адилхан байдаг. Бид мөнх амьдарна хэмээн найддаг учраас Еховад дөнгөж саяхнаас л хүчин зүтгэж эхлээд байна гэж хэлж болно. Бүтээгч маань биднээр үүрд мөнх гүйцэтгүүлэх олон даалгавар бэлдсэн нь лавтай. Гэвч бидэнд өгсөн хамгийн анхны даалгавар бол Хаанчлалынх нь тухай сайн мэдээг дэлгэрүүлэх явдал юм (1 Тессалоник 2:4). Бурхнаас өгсөн энэхүү үүрэг даалгаварт та хэрхэн ханддаг вэ? Энэ үйл хэрэгт дээрх залуугийн адил хамаг авьяас чадлаа гаргаж, түүнийгээ хичээл зүтгэл, баяр хөөртэйгөөр, идэвхийлэн гүйцэтгэх хэрэгтэй!
3. Сайн мэдээний үйлчлэгч ажилдаа амжилт олохын тулд яах шаардлагатай вэ?
3 Үнэндээ, тийм эерэг сэтгэлгээтэй байх нь амаргүй байж болно. Бидэнд үйлчлэлээс гадна бие бялдрын болоод сэтгэл санааны хүч шаарддаг өөр үүрэг хариуцлага олон бий. Ихэнхдээ бид эдгээр ажлаа хийж гүйцэтгэхийн зэрэгцээ үйлчлэлд хангалттай анхаарал тавьж чаддаг. Тэглээ ч үүнийг бидний хувьд анхаарлын маань төвд байнга байх ёстой зүйл гэж хэлж болно (Марк 8:34). Есүсийн онцлон тэмдэглэсэнчлэн, христиан амьдралд амжилт олохын тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй (Лук 13:24).
4. Өдөр тутмын санаа зовнил сүнслэг үзэл бодолд маань хэрхэн нөлөөлж болох вэ?
4 Тэгтлээ чөлөө завгүй байдгаасаа болоод заримдаа ядарч туйлдсанаа мэдэрдэгт гайхах зүйл үгүй. «Амьдралын санаа зовнилын» нөлөөгөөр теократ үйл хэргийн идэвх маань сулардаг бөгөөд түүний ач холбогдлыг мартаж эхэлдэг (Лук 21:34, 35; Марк 4:18, 19). Бид төгс бусаасаа болоод «анхны хайраа» алдаж болно (Илчлэлт 2:1–4). Еховад үйлчлэх үйлчлэлийн маань аль нэг тал нь бидний хувьд хэвшсэн заншил болж болно. Тасралтгүйгээр идэвх зүтгэлтэй үйлчлэхэд маань Библи бидэнд хэрхэн тусалдаг вэ?
Зүрхэнд маань «шатаж буй гал» мэт
5, 6. Паул дэлгэрүүлэх боломжоо юу гэж үзэж байсан бэ?
5 Еховагийн бидэнд даалгаж өгсөн үйлчлэлийг хэтдээ ердийн зүйл мэтээр ойлгож эхэлбэл энэ нь уг эрхэм үйлчлэлийг хэтэрхий үл тоомсролсон хэрэг болно. Элч Паул сайн мэдээ дэлгэрүүлэх боломжийг ихэд үнэлж байсан агаад харин энэ даалгаврыг биелүүлэхэд хангалтгүй нэгэн гэж өөрийгөө үзэж байв. Тэрбээр: «Бүх ариун хүмүүсээс хамгийн өчүүхэн нь болох надад энэхүү нигүүлсэл өгөгдсөний учир нь Христийн нэвтэршгүй баялгийг харь үндэстэнд тунхаглаж, бүх юмсыг бүтээсэн Бурхны дотор үеэс үед нууцлагдаж байсан нууцын үйлчлэлийн үүрэг нь юу болохыг [бүгдэд] мэдүүлэхийн тулд байлаа» гэжээ (Ефес 3:8, 9).
6 Үйлчлэлд яаж хандах тухайд Паул дээд зэргийн жишээ үзүүлсэн байдаг. Ром хотынхонд бичсэн захидалдаа: «Миний хувьд... сайн мэдээг тунхаглахыг маш их хүсэж байна» гэжээ. Сайн мэдээнээс тэр ичиж байсан удаагүй (Ром 1:15, 16). Тэрбээр зөв сэтгэлгээтэй байсан ба үйлчлэх ажлаа биелүүлэхийн тулд чармайдаг байлаа.
7. Паул Ром хотынхонд бичсэн захидалдаа юуг урьдчилан сануулсан бэ?
7 Идэвх зүтгэлээ үргэлжлүүлэх хэрэгтэйг элч Паул ухаараад, Ромын христиануудад: «Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд [«Еховад», ШЕ] үйлчлэн сүнс дотор шат» хэмээн уриалжээ (Ром 12:11). «Хойрго бай» гэж орчуулагдсан грек үг нь залхуу, үлбгэр номой гэсэн санааг илэрхийлдэг. Үйлчлэлдээ хойрго байгаагүй атал бидэнд сүнслэг залхуурлын ямар нэгэн шинж илэрч болох бөгөөд тэгвэл түүнийг тэр даруй мэдэрч, бодол санаагаа зохицуулан өөрчлөх хэрэгтэй (Сургаалт үгс 22:3).
8. а) Иеремиагийн зүрхэнд юу «шатаж буй гал мэт» болсон бэ? Яагаад? б) Иеремиад тохиолдсон явдлаас юунд суралцаж болох вэ?
8 Санаагаар унах үед маань Бурхны ариун сүнс бидэнд туслахаар ирж болно. Нэгэн удаа Иеремиа зөнч санаагаар унаж, зөгнөхөө болих тухай бодох болжээ. Тэгээд ч тэрбээр, Еховагийн талаар: «Би Түүнийг дурсахгүй, Түүний нэрээр дахин ярихгүй» гэж хэлсэн байдаг. Энэ нь, Иеремиа сүнслэг талаараа дутагдалтайн шинж байсан уу? Үгүй. Иеремиа сүнслэг талаараа хүчтэй байсан бөгөөд Еховаг хайрлах хайр, үнэнд хандах хичээл зүтгэл хоёр нь үргэлжлүүлэн зөгнөх хүчийг түүнд өгсөн. Тэрбээр: «[Еховагийн үг] миний сэтгэл зүрхэнд ясаар минь хаагдан хүрээлэгдсэн шатаж буй гал мэт болно. Би түүнийг дотроо хадгалахаас ядарч, би түүнийг тэсвэрлэж чадахгүй» гэжээ (Иеремиа 20:9). Бурхны үнэнч үйлчлэгчид хааяа санаагаар унадаг нь зүйн хэрэг. Гэхдээ тэд Еховагаас тусламж гуйн залбирвал, Бурхны үгийг зүрх сэтгэлдээ Иеремиагийн адил хадгалж байгааг нь Ехова хараад ариун сүнсээ өгөөмрөөр хайрлах болно (Лук 11:9–13; Үйлс 15:8).
«Сүнсийг бүү бөхөө»
9. Бидний тусын тулд нөлөө үзүүлдэг ариун сүнсэнд юу саад болж болох вэ?
9 Элч Паул Тессалоник хотынхонд: «Сүнсийг бүү бөхөө» хэмээн уриалсан байдаг (1 Тессалоник 5:19). Тийм ээ, Бурхны зарчимтай зөрчилддөг бодол санаа, үйл ажиллагаа нь бидний тусын тулд үйлчлэх ариун сүнсэнд саад болдог (Ефес 4:30). Өнөөдөр христианууд сайн мэдээ дэлгэрүүлэх даалгавартай. Бид энэ даалгаврыг гавьяат үйлс хэмээн үзэж, гүнээ хүндэтгэдэг. Бурхныг мэддэггүй хүмүүс дэлгэрүүлэх ажилд маань зэвүүцэнгүй хандахад бид гайхдаггүй. Харин христиан хүн үйлчлэлээ санаатайгаар эс тоомсорловол, энэ нь үйл ажиллагаа явуулахад түлхэц болдог Бурхны сүнсийг «бөхөөж» болно.
10. а) Орчин тойрны маань хүмүүсийн бодол санааны хэв маяг бидэнд яаж нөлөөлж болох вэ? б) 2 Коринт 2:17-д үйлчлэлд хандах эрхэм дээд ямар үзэл бодол тусгагдсан байна вэ?
10 Христиан хуралд хамаарагддаггүй хүмүүс манай үйлчлэлийг зөвхөн хэвлэл тараах төдийгөөр хязгаарлагддаг гэж үзэж болох юм. Зарим нь биднийг айлуудаар явж, хандив цуглуулдаг юм шигээр эндүү ойлгож ч юун магад. Хэрэв бид сэтгэлгээнд маань нөлөөлөх боломжийг тэдгээр сөрөг үзэл бодолд олговол үйлчлэлийн үр дүнг бууруулж ч мэднэ. Тийм санаа бодлын нөлөөнд орж урмаа хугалахын оронд үйлчлэлээ Ехова Есүс хоёрын хардгаар харцгаая. Тэр эрхэм үзэл элч Паулын үгэнд: «Бид Бурхны үгийг олонх шиг үүргийн худалдаа болгогч бус, харин Бурхнаас гарсан шиг, Бурхны өмнө чин сэтгэлээсээ Христ дотор ярьдаг» хэмээн тусгагджээ (2 Коринт 2:17).
11. Хяхалт хавчилттай үед ч идэвх зүтгэлээ хадгалахад нь анхны христиануудад юу тус болсон бэ? Тэдний жишээ бидэнд яаж нөлөөлж болох вэ?
11 Есүсийг нас барсны дараахан Иерусалимд шавь байдаг нар нь хэсэг хугацаанд хяхалт хавчилтанд өртсөн. Тэднийг сүрдүүлж, дэлгэрүүлэхээ зогсоохыг тушааж байлаа. Гэвч, тэд «Ариун Сүнсээр дүүрч, Бурхны үгийг зоригтойгоор ярьсан» тухай Библид бичсэн буй (Үйлс 4:17, 21, 31). Хэдэн жилийн дараа Тимотод бичсэн Паулын үг христиануудад байх ёстой эерэг сэтгэлгээг харуулдаг. «Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн. Тиймээс бидний Эзний гэрчлэлээс бүү ич. Түүний хоригдол надаас ч бүү ич. Харин Бурхны хүчээр сайн мэдээний төлөө зовлон дотор надтай холбогд» гэж Паул бичжээ (2 Тимот 1:7, 8).
Бид бусдад ямар өртэй вэ?
12. Сайн мэдээ дэлгэрүүлдэгийн маань гол шалтгаан юу вэ?
12 Үйлчлэлдээ зөв хандахын тулд зөв санаа бодолтой байх хэрэгтэй. Бид ямар учраас дэлгэрүүлдэг вэ? «Өө, Эзэн [Ехова, ШЕ] Таны бүтээл бүхэн Танд талархал өргөх бөгөөд Таны бурханлаг хүмүүс Таныг магтацгаана. Тэд Таны хаанчлалын сүр жавхлангийн тухай ярьж, Таны сүр хүчний талаар өгүүлнэ. Энэ нь хүний хөвгүүдэд Таны хүчит үйлс болон Таны хаанчлалын сүр жавхлангийн яруу алдрыг мэдүүлэхийн тулдл болой» хэмээн хэлсэн дуулалчийн үгэнд учрын гогцоо буй (Дуулал 145:10–12). Тийм ээ, дэлгэрүүлэх ажлын маань зорилго бол бүх хүнд Еховаг алдаршуулж, хүн төрөлхтний өмнө түүний нэрийг ариунаар дуурсгах явдал билээ. Бидний үгийг сонсдог хүн цөөхөн байлаа ч үнэнчээр тунхаглаж байгаа авралын тухай тэр мэдээ маань Еховаг алдаршуулдаг.
13. Аврагдах найдварын талаар хүмүүстэй ярилцахад бидэнд юу нөлөөлдөг вэ?
13 Түүнээс гадна, хүмүүсийг хайрлах хайр болон цуснаас цэвэр үлдэх гэсэн хүсэл маань биднийг дэлгэрүүлэх ажилд татан оруулдаг (Езекиел 33:8; Марк 6:34). Христиан хуралд хамааралгүй хүмүүсийн талаар: «Грекчүүд болон бусад үндэстнүүд, мэргэн болон мунхаг хүмүүсийн хэн хэнд нь би өртэй» хэмээн хэлсэн Паулын үг үүнтэй холбоотой (Ром 1:14). Бурхан «бүх хүн аврагдаасай» гэж хүсдэг тул эдгээр хүмүүст дэлгэрүүлэхийг Паул үүргээ гэж үздэг байв (1 Тимот 2:4). Өнөөдөр ч гэсэн бид хүмүүсийг тийм л хайраар хайрлаж, тэдний өмнө мөн адил тийм л үүрэгтэй. Еховагийн хайр нь Хүүгээ дэлхий уруу илгээн, түүнийг хүмүүсийн төлөө үхүүлэхэд хүргэжээ (Иохан 3:16). Энэ бол агуу тахил байлаа. Бид Есүсийн тахилын ачаар боломжтой болсон авралын тухай сайн мэдээг хүмүүст хүргэх гэж цаг зав, хүч чармайлт гаргахдаа Еховагийн хайрыг дууриадаг билээ.
14. Христиан хуралд харъяалагддаггүй ертөнцийг Библид хэрхэн дүрслэн бичсэн байдаг вэ?
14 Еховагийн Гэрчүүд бусад хүмүүсийг христиан хурлын ирээдүйн гишүүд гэж үздэг. Хэдийгээр бид зоригтойгоор дэлгэрүүлэх хэрэгтэй ч эр зориг маань дайрч давшилсан шинжтэй байдаггүй. Хүний ертөнцийн талаар Библи үндсэндээ хэтэрхий шулуун шударга хэлсэн байдаг нь үнэн. «Энэ ертөнцийн мэргэн ухаан» болон «ертөнцийн шуналын» талаар хэлэхдээ Паул «ертөнц» гэдэг уг үгийг урвуу утгаар хэрэглэсэн (1 Коринт 3:19; Тит 2:12). Тэрчлэн Паул «ертөнцийн ёс заншлын дагуу» амьдардаг байхдаа сүнслэгээр «үхсэн» байсан гэдгийг нь Ефесийн христиануудад сануулжээ (Ефес 2:1–3). Эдгээр болон үүнтэй адилхан бусад үгс нь элч Иоханы: «Бид Бурхных, харин бүх ертөнц нь муу нэгний дотор байдгийг мэднэ» хэмээн хэлсэнтэй тохирдог (1 Иохан 5:19).
15. Христиануудын хуралд харъяалагддаггүй хүмүүсийн тухайд бид байр суурь баримталдаг вэ? Ямар учраас?
15 Гэвч иймэрхүү үг хэллэгүүд нь Бурхнаас хөндийрсөн хүний ертөнцөд бүхэлд нь хамааралтай болохоос бус тодорхой хэсэг хүмүүсийн тухай хэлж байгаа юм биш гэдгийг санах хэрэгтэй. Сайн мэдээнд алив хүн хэрхэн хандахыг христианууд урьдаас мэдэх чадваргүй юм. Хэн нэгнийг «ямааны» тоонд оруулах үндэс тэдэнд байхгүй. Есүсийг «хонио ямаанаас» ялгахаар ирэхэд ямар төгсгөл болохыг бид тодорхойлж үл чадна (Матай 25:31–46). Шүүх эрхийг бидэнд бус, харин Есүст олгосон. Түүнээс гадна урьд нь самуун явдалтай байсан хүмүүс Библийн мэдээг хүлээн аваад өөрчлөгдөн, өндөр ёс суртахуунтай, христиан хүний амьдралаар амьдарч эхэлснийг туршлага харуулдаг. Иймээс хэдийгээр бид тодорхой хэсэг бүлэг хүмүүстэй харьцахыг эрхэмлэдэггүй ч боломж л гарвал тэдэнтэй Хаанчлалын найдварын талаар санаа бодлоо дуртайяа хуваалцдаг. Ариун Сударт хараахан итгэгч болоогүй ч гэсэн «мөнх амийг хүртэхээр шийдэгсэн» хүмүүсийн тухай өгүүлсэн байдаг. Дараа нь тэд итгэгч болцгоосон (Үйлс 13:48, МАБ). Бид сайн мэдээг хүнд ярихгүйгээр, магадгүй бүр хэд хэдэн удаа ярихаас нааш тэр хүн «мөнх амийг хүртэхээр шийдэгсэн» үү үгүй юү гэдгийг мэдэх боломжгүй. Үүнийг санан, авралын сайн мэдээг хараахан хүлээн аваагүй байгаа хүмүүстэй харьцахдаа ч тэдний хэн нэг нь сайн мэдээг хүлээн авна гэж найдан, «дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр» ханддаг (1 Петр 3:15, 16; 2 Тимот 2:25).
16. «Заах урлагаа» хөгжүүлэх хэрэгтэйн нэг шалтгаан нь юу вэ?
16 Хэрэв бид багшлах ур чадвараа дээшлүүлвээс сайн мэдээ дэлгэрүүлэх идэвх маань сайжирна. Тухайлбал, спортын ямар нэг тоглоом их сонирхолтой байлаа ч тоглож чаддаггүй хүнд тийм ч сонин биш байдаг. Харин тоглож чаддаг нэгэнд баяр хөөр авчирдаг. Үүнтэй адилаар христианууд «заах урлагаа» хөгжүүлэн, үйлчлэлээсээ олж авдаг баяр хөөрөө нэмэгдүүлдэг (2 Тимот 4:2, ШЕ; Тит 1:9). Паул Тимотод «Чи өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээгтүн» хэмээн зөвлөжээ (2 Тимот 2:15). Багшлах чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ?
17. Библийн мэдлэгийг хэрхэн «хүсэх» вэ? Эдгээр мэдлэг нь үйлчлэлд маань хэрхэн туслах вэ?
17 Жишээ нь: Үүний тулд нарийн зөв мэдлэгтэй болж болно. Элч Петр: «Нялх хүүхдүүд шиг үгийн цэвэр сүүг хүс. Ингэснээр та нар үүгээр авралд өсөх юм» хэмээн биднийг уриалдаг (1 Петр 2:2). Эрүүл чийрэг нялх хүүхэд эхийнхээ сүүнд зөнгөөрөө тэмүүлдэг. Харин христиан хүн Библийн мэдлэгийг «хүсэх» буюу түүнд татагдах хэрэгтэй болдог. Ингэхийн тулд чармайн хичээллэж, хянуур унших дадалтай болох хэрэгтэй (Сургаалт үгс 2:1–6). Бурхны Үгийг чадварлагаар зааж сурахын тулд хүчин чармайлт хийгээд хувийн сахилга бат хэрэгтэй ч эдгээр нь шагналтай. Бурхны Үгийг судлан баярлах нь биднийг Бурхны «сүнс дотор шатахад» нөлөөлж, сурч мэдсэнээ бусадтай хуваалцах гал халуун хүслийг маань оргилуулна.
18. Цуглаанууд үнэний үгийг идэвхийлэн дэлгэрүүлэхэд биднийг хэрхэн бэлтгэдэг вэ?
18 Бурхны Үгийг чадамгай хэрэглэхийн тулд христиануудын цуглаанд очих нь чухал. Илтгэл тавих юм уу библи судлан хэлэлцэх үеэр илтгэгчийг Судраас иш татан уншихад нь Библиэ гаргаад дагаж уншвал их сайн. Хөтөлбөрт бүхэлд нь, тэр дундаа, үйлчлэлд маань шууд хамаатай хэсгүүдэд бүх анхаарлаа хандуулах нь их чухал. Үзүүлбэр хир чухал болохыг мартаж болохгүй бөгөөд тэр үед анхаарлаа сарниулж болохгүй. Энд ч мөн ялгаагүй хувийн сахилга бат хийгээд анхаарлаа төвлөрүүлэх чадвар хэрэгтэй (1 Тимот 4:16). Цуглаанууд итгэлийг маань бэхжүүлж, Бурхны Үгэнд татагдахад тусалдаг бөгөөд сайн мэдээг идэвхийлэн тунхаглахад шаардлагатай бэлтгэлтэй болох боломж олгодог.
Бид Еховагийн дэмжлэгт найдаж болно
19. Дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцох нь ямар учраас чухал вэ?
19 «Сүнс дотор шатаж», сайн мэдээг дэлгэрүүлэх хүсэлд автсан христианууд үйлчлэлд тогтмол оролцохыг хичээдэг (Ефес 5:15, 16). Мэдээж хүн болгоны хувьд нөхцөл байдал өөр өөр байдаг болохоор хүний амь аврах ажилд бүгд адил хэмжээний цаг зориулж чаддаггүй (Галат 6:4, 5). Тэгээд ч дэлгэрүүлэх ажилд хичнээн цаг зарцуулсан нь чухал бус, харин хүмүүстэй итгэл найдвараа хэр зэрэг тогтмол хуваалцдаг вэ гэдэг нь чухал (2 Тимот 4:1, 2). Бид хэдийчинээ их дэлгэрүүлнэ, энэ ажлын чухлыг төдий чинээ сайн ухамсарлан ойлгох болно (Ром 10:14, 15). Найдваргүйн улмаас сэтгэл нь өвдөж, санаа алддаг чин сэтгэлтэй хүмүүстэй байнга учирсаар бид улам бүр өрөвчхөн бөгөөд бусдыг хайрладаг болдог (Езекиел 9:4; Ром 8:22).
20, 21. а) Бидний өмнө өөр ямар ажил байгаа вэ? б) Ехова биднийг ажилд маань хэрхэн дэмждэг вэ?
20 Ехова бидэнд сайн мэдээ дэлгэрүүлэх үүрэг өгсөн. Энэ бол түүний бидэнд буюу «хамтран зүтгэгчиддээ» өгсөн анхны даалгавар юм (1 Коринт 3:6–9). Бурхны өгсөн энэ үүрэгийг бид хамаг зүрх сэтгэлээсээ, аль болох сайн гүйцэтгэхийг хүсдэг (Марк 12:30; Ром 12:1). Үнэнээр цангаж, «мөнх амийг хүртэхээр шийдэгсэн» хүмүүс дэлхийд цөөнгүй бий. Хийх ажил их хэдий ч үйлчлэх ажилд боломжийнхоо хэрээр оролцохдоо бид Еховагийн дэмжлэгт найдаж болно (2 Тимот 4:5).
21 Ехова бидэнд сүнсээ өгч, биднийг өөрийн Үг болох Библиэр буюу «сүнсний сэлмээр» зэвсэглэдэг. Бурхны тусламжтайгаар бид «сайн мэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлж» чадна (Ефес 6:17–20). Элч Паулын: «Учир нь бидний сайн мэдээ та нарт зөвхөн үгээр очоогүй, мөн хүч ба Ариун Сүнс дотор бүрэн баталгаагаар очсон юм» хэмээн тесалоникийн христиануудад бичсэн үгс бидэнд ч бас хамаатай болог (1 Тесалоник 1:5). Сайн мэдээг идэвхийлэн дэлгэрүүлцгээе!
Товч давтлага
• Амьдралын санаа зовинол үйлчлэх ажилдаа идэвх чармайлттайгаар оролцоход маань ямар нөлөө үзүүлж болох вэ?
• Сайн мэдээг тунхаглах хүсэл ямар утгаар зүрхэнд маань «шатаж буй гал мэт» байх ёстой вэ?
• Бид үйлчлэхдээ тээнэгэлзсэн ямар үзэл бодлоос зайлсхийх хэрэгтэй вэ?
• Итгэл үнэмшлийг маань хуваалцдаггүй хүмүүст хэрхэн хандах хэрэгтэй вэ?
• Дэлгэрүүлэх ажлаа идэвх зүтгэлтэйгээр үргэлжлүүлэхэд маань Ехова хэрхэн тусалдаг вэ?