Мэргэн байж, Бурхнаас эмээгтүн!
«ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл мөн» (СУРГААЛТ ҮГС 9:10).
1. Бурхнаас эмээх гэдэг санаа олон хүнд яагаад ойлгомжгүй байдаг вэ?
ЭРТ ЦАГТ Бурхнаас эмээдэг хүнийг сайн хүн гэдэг байжээ. Харин орчин үед энэ санаа олон хүнд ойлгомжгүй, этгээд санагддаг. Тийм болохлоор, «Бурхан хайр юм бол түүнээс айх ямар хэрэгтэй юм бэ?» гэж асууж болох юм. Тэд айж эмээх гэдгийг сэтгэл тавгүйтэх, балмагдан хөших гэж ойлгодог. Гэвч Бурхнаас жинхэнэ ёсоор эмээх гэдэг нь зүгээр нэг сэтгэл мэдрэмж төдий зүйл биш, илүү өргөн ойлголт болохыг одоо ярилцана.
2, 3. Бурхнаас жинхэнэ ёсоор эмээнэ гэж юу гэсэн үг вэ?
2 Библид Бурхнаас айж эмээх гэдэг үгийг эерэг утгаар хэрэглэсэн байдаг (Исаиа 11:3). Бурхныг гүнээ хүндэтгэн, бишрэн сүсэглэж, тааллыг нь алдчихгүй байхыг чин сэтгэлээсээ хүсэх гэдгийг энэ үгээр илэрхийлдэг (Дуулал 115:11). Бурхны тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг хүлээн зөвшөөрч, чанд баримтлах, зөв буруугийн талаарх Бурхны хэмжүүрээр амьдрах хүсэл бас үүнд багтана. Библийн нэгэн тайлбар тольд Бурхнаас эмээх гэдгийг «Бурханд таалагдахын тулд биеэ зөв авч яван, ёс бус бүхнээс зайлсхийх сэтгэлгээ» гэж тодорхойлжээ. Тэгэхлээр, Бурхны Үгэнд: «ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл мөн» хэмээн бичсэн байдаг нь тун оновчтой юм (Сургаалт үгс 9:10).
3 Хүн амьдралынхаа бүх л хүрээнд Бурхнаас эмээдгээ харуулах учиртай. Бурхнаас эмээвэл мэргэн ухаантай болохоос гадна, баяр хөөрөөр бялхаж, амар тайван амьдарч, өөдлөн дэвжиж, урт насалж, итгэл найдвар дүүрэн болдог (Дуулал 2:11; Сургаалт үгс 1:7; 10:27; 14:26; 22:4; 23:17, 18; Үйлс 9:31). Бурхнаас эмээхүй нь итгэл, хайртай нягт холбоотой. Ер нь, тухайн хүний Бурхантай болон бусадтай харьцах харьцаанд тэр чигээрээ хамаатай (Дэд хууль 10:12; Иов 6:14; Еврей 11:7). Бурхнаас эмээнэ гэдэг бол тэнгэрийн Эцэг маань бидэнд биечлэн санаа тавьдаг бөгөөд бидний алдаа дутагдлыг уучлахад бэлэн байдаг гэдэгт бат итгэнэ гэсэн үг юм (Дуулал 130:4). Зөвхөн хийсэн хэрэгтээ гэмшдэггүй ёс бус хүмүүс л Бурхнаас айн чичирдэгa (Еврей 10:26—31).
Еховагаас эмээж сурах нь
4. Еховагаас эмээж сурахад юу туслах вэ?
4 Ухаалаг шийдвэр гаргаж, Бурхны ивээлийг хүртье гэвэл Бурхнаас эмээх нь туйлаас чухал. Тиймд, Еховагаас хэрхэн зөв зохистой «айн эмээж» «сурах» вэ? (Дэд хууль 17:19). «Биднийг сургахын тулд» Бурхнаас эмээдэг хүмүүсийн үзүүлсэн олон жишээг Библид тэмдэглэн үлдээжээ (Ром 15:4). Бурхнаас эмээнэ гэж чухам юу болохыг ойлгохын тулд тэр хүмүүсийн нэг, эртний Израилийн хаан Давидын амьдралыг авч үзье.
5. Давид хонь хариулж явсны ачаар Еховагаас хэрхэн эмээж сурсан бэ?
5 Израилийн анхны хаан Саул Бурхнаас бус, хүмүүсээс айдаг болсны учир Еховад гологджээ (1 Самуел 15:24–26). Харин Давид жинхэнэ ёсоор Бурхнаас эмээдэг хүн байсан нь түүний амьдрал болон Еховатай тогтоосон дотно харьцаанаас нь тодорхой харагддаг. Давид бага залуудаа эцгийнхээ хонийг хариулдаг байжээ (1 Самуел 16:11). Еховагаас эмээх гэж юу гэсэн үг болохыг Давид олон шөнө хонь манаж хонохдоо ойлгосон нь лавтай. Тэрбээр орчлонт ертөнцийн хязгааргүй уудмын ердөө өчүүхэн хэсгийг харсан хэр нь, Бурхныг бишрэн хүндэтгэвэл зохилтой гэсэн зөв дүгнэлтэд хүрсэн байдаг. Хожим нь тэрбээр: «Таны мутрын бүтээл болох Таны тэнгэрүүдийг, Таны цогцлон байгуулсан сар, оддыг би тунгаан бодохдоо хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ?» хэмээн бичжээ (Дуулал 8:3, 4).
6. Еховагийн хэчнээн агуу болохыг ухаарсан нь Давидад ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?
6 Давид өчүүхэн биеэ тэнгэрийн уудамтай харьцуулаад сэтгэл нь ихэд хөдөлсөн буй заа. Тэрбээр айж дагжихын оронд харин ч Еховаг магтаж, «Тэнгэр нь Бурхны сүр жавхланг зарлаж, огторгуй нь түүний гарын бүтээлийг тунхаглаж байна» хэмээн хэлсэн байдаг (Дуулал 19:1). Бурхныг ийнхүү сүслэн биширсэн Давид Еховад улам ойртож, төгс замуудыг нь ойлгож, тэр дагуу амьдрах хүсэлтэй болжээ. Тэрбээр Еховад: «Та бол агуу бөгөөд гайхамшигт үйлсийг үйлддэг. Та ганцаараа л Бурхан юм. Өө, ЭЗЭН, Өөрийн замыг надад зааж өгөөч. Би Таны үнэнээр явах болно. Таны нэрээс эмээхээр зүрхийг нэгтгээч» хэмээн дуулахдаа ямар сэтгэгдэлтэй байсныг төсөөлөөд үзээрэй (Дуулал 86:10, 11).
7. Давидыг Голиаттай тулалдахад Бурхнаас эмээдэг чанар нь хэрхэн тусалсан бэ?
7 Филистчүүд Израилийн газар нутагт халдан орсон тэр үед, гурван метр орчим өндөр нуруутай Голиат хэмээх ирүүл дайчин нь израильчуудыг доромжлон тохуурхаж, «Надтай халз тулалдах нэг хүнийг гаргаад ир! Тэр хүн чинь ялбал бид танай боол болъё» гэж хэлж байлаа (1 Самуел 17:4–10). Саул болон түүний арми тэр чигээрээ айж байхад Давид огтхон ч айгаагүй юм. Хэчнээн хүчтэй байсан ч хүнээс бус, зөвхөн Еховагаас айж эмээх ёстойг тэр мэдэж байсан. Тэгээд Голиатад: «Би... түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр чам руу ирж байна... Энэ цугласан олон ч ЭЗЭН илд, жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй заа. Энэ тулалдаан бол ЭЗЭНийх» гэж хэлээд өөртөө байсан дүүгүүр, ганц чулуугаар аварга биетнийг цохиж унагасан. Нэг ёсондоо, Еховагийн тусламжтайгаар дайснаа даржээ (1 Самуел 17:45–47).
8. Библид дурдсан, Бурхнаас эмээдэг хүмүүсийн жишээ бидэнд юу заадаг вэ?
8 Бид ч бас Давидынхаас дутахгүй бэрхшээл зовлон амсаж, дайсагнасан хүмүүстэй учирч болох юм. Тэгвэл яах вэ? Тийм саадыг Бурхнаас эмээдгийнхээ ачаар даван туулж чадсан Давид болон Бурхны эрт цагийн үнэнч үйлчлэгчдийг дуурайх хэрэгтэй. Бурхнаас эмээвэл хүнээс айх айдсаа ялж чадна. Бурхны үнэнч үйлчлэгч Нехемиа эсэргүүцэгчдэдээ дарамтлагдан байсан израиль ахан дүүстээ: «Тэднээс бүү айцгаагтун. Аугаа, аймшигт ЭЗЭНийг санагтун» гэж уриалсан байдаг (Нехемиа 4:14). Давид, Нехемиа болон бусад үнэнч хүмүүс үүрэг даалгавраа Ехова Бурхныхаа дэмжлэгтэйгээр амжилттай биелүүлдэг байжээ. Бурхнаас эмээдэг бол бид ч бас чадна.
Бэрхшээлтэй тулгарахдаа Бурхнаас эмээдгээ батлах нь
9. Давид Бурхнаас эмээдгээ ямар нөхцөлд байхдаа батлан харуулсан бэ?
9 Голиатыг алснаас нь хойш Ехова Давидад олон удаа ялалт байгуулахад нь тусалжээ. Гэтэл атаач хаан Саул Давидыг эхэндээ өөрийн мэдэлгүй алахыг оролддог байсан бол, дараа нь зальжин аргаар, эцэстээ цэрэг армитайгаа амь насанд нь заналхийлэх болжээ. Хэдийгээр, Ехова хаан болгоно гэж батлан хэлж байсан ч, Давид олон жил оргон зугтаж, тулалдан тэмцэлдэж, хаан болох цагаа хүлээхэд хүрчээ. Энэ бүхнийг амсаж туулж байхдаа жинхэнэ Бурхнаас эмээдгээ батлан харуулсан (1 Самуел 18:9, 11, 17; 24:2).
10. Давид Бурхнаас эмээдэг хүн гэдгээ аюул тулгарахад хэрхэн харуулсан бэ?
10 Нэг удаа Давид филистчүүдийн Гат хэмээх хот-улсын хаан Ахишаас орогнол хүсжээ (1 Самуел 21:10–15). Хааны албатууд Давидыг улс үндэстнийх нь дайсан болохыг илчилдэг. Ийм аюултай байдалд ороод байхдаа Давид яасан бэ? Еховад зүрх сэтгэлээ уудлан залбирсан (Дуулал 56:1–4, 11–13). Хэдийгээр, галзуу солиотой хүний дүр эсгэж байж амь мултарсан ч, Ехова хичээл зүтгэлийг нь ивээж, хамгаалаагүй бол аврагдах арга байгаагүйг тэрбээр ойлгож байв. Еховад чин зүрхнээсээ итгэж, найдаж байсан нь үнэхээр Бурхнаас эмээдэг болохыг нь харуулсан (Дуулал 34:4–6, 9–11).
11. Давидын адилаар, Бурхнаас эмээдгээ зовлон бэрхшээлтэй үедээ хэрхэн харуулж болох вэ?
11 Бид ч бас Давидын нэгэн адил, бэрхшээлээ давахад тусална гэсэн амлалтад нь итгэж Бурхнаас эмээдгээ харуулж болно. Давид: «Өөрийн замыг ЭЗЭНд даатга, мөн Түүнд итгэж найд. Тэгвэл Тэр биелүүлж өгнө» хэмээн хэлсэн байдаг (Дуулал 37:5). Энэ нь, хамаг бэрхшээлээ зүгээр л Еховад даатгачихаад, өөрөө юу ч хийхгүй, Еховагийн юу хийхийг хүлээгээд сууна гэсэн үг биш юм. Давид Еховагаас тусламж гуйн залбирчихаад, өөрөө юу ч хийхгүй зүгээр суугаагүй. Тэрбээр Еховагаас авсан авьяас чадвараа ашиглаж, ухаан бодлоо хөвчлөн, хүнд бэрх асуудлаа шийдвэрлэдэг байсан. Гэлээ ч, хүн ганцаараа хэчнээн мэрийгээд амжилт олохгүй гэдгийг мэдэж байв. Бид ч бас тийм байх ёстой. Чадахыгаа хийгээд, чадахгүйгээ Еховад даатгах учиртай. Еховад найдахаас өөр юу ч хийж чадахгүй үе байдаг шүү дээ. Тийм үед бид Бурхнаас эмээдгээ дор бүрнээ харуулах ёстой. «Еховагаас эмээдэг хүмүүс түүнтэй дотно харьцаатай байдаг» хэмээн чин сэтгэлээсээ хэлсэн Давидын үг биднийг тайвшруулдаг (Дуулал 25:14, ШЕ).
12. Залбиралд яагаад хөнгөн хуумгай хандах ёсгүй вэ? Бурхны талаар ямар үзэлтэй байж болохгүй вэ?
12 Тийм учраас, залбирал болон Бурхантай тогтоосон харьцаагаа чухал асуудал гэж үзэх хэрэгтэй. Еховад залбирахдаа, «Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх» ёстой (Еврей 11:6; Иаков 1:5–8). Тэгээд Бурхны тусламжийг авсан бол, Паулын зөвлөснөөр, «талархах» хэрэгтэй (Колоссай 3:15, 17). Нэгэн туршлагатай тослогдсон христиан: «Хүмүүс Бурхныг тэнгэрт байдаг үйлчлэгч шиг л санадаг. Ямар нэг юм хэрэгтэй болбол хуруугаа инчдээд л, хурдан бүтээлгэхийг хүсдэг. Тэгээд хүссэн юм нь бүтчихлээр Бурхан тэдэнд хэрэггүй болдог» гэж хэлжээ. Ийм хандлага нь Бурхнаас эмээхгүй байгааг харуулдаг. Бид хэзээ ч тийм хүмүүс шиг байж болохгүй.
Бурхнаас эмээхээ умартвал...
13. Давид хэзээ Бурхны Хуулийг үл хүндэтгэсэн бэ?
13 Зовох цагтаа Еховагийн тусламжийг авсны ачаар Давид Бурхнаас улам эмээдэг болж, итгэл нь бэхэжсэн билээ (Дуулал 31:22–24). Гэвч гурван удаа Бурхнаас эмээхээ умартаж, улмаар ноцтой үр дагавар амссан байдаг. Эхний удаа Давид Еховагийн гэрээний авдрыг Иерусалимд аваачихдаа Бурхны хуулийг зөрчсөн. Хуульд зааснаар, Авдрыг левичүүд мөрөндөө тэгнэн авч явах ёстой атал тэргэнд ачжээ. Тэргийг хөтөлж явсан Узза Авдрыг унагахгүй гэж гараараа бариад, «хүндэтгэлгүй байдлаасаа» болж тэр дороо үхжээ. Узза ноцтой нүгэл үйлдсэн ч, угтаа, Давид Бурхны Хуулийг зохих ёсоор хүндэтгэн үзээгүйгээс ийм эмгэнэлт үр дагаварт хүрсэн байна. Бурхнаас эмээнэ гэдэг нь өгсөн зааврыг нь сахиж мөрдөнө гэсэн үг юм (2 Самуел 6:2–9; Тооллого 4:15; 7:9).
14. Давид Израильд тооллого явуулсан нь ямар үр дагавартай байсан бэ?
14 Дараа нь, Давид Сатаны турхиралтаар Израилийн цэргийг тоолсон (Шастирын дээд 21:1). Ийнхүү Бурхнаас эмээхээ умартсаны харгайгаар Израиль 70 000 хүнээ алдсан. Хэдийгээр, Давид Еховагийн өмнө гэмшсэн ч, өөртөө болон өрөөл бусдадаа ихээхэн гай тарьсан билээ (2 Самуел 24:1–16).
15. Давид юунаас болж садар самуун үйлдсэн бэ?
15 Бас нэг удаа, Давид Бурхнаас эмээхээ умартсаны балгаар Уриагийн эхнэр Батшебатай садарласан. Завхайрах нь бүү хэл, өөр хүний эхнэрт шунан тачаадах нь ч буруу гэдгийг тэрбээр мэдэж байсан (Египетээс гарсан нь 20:14, 17). Угаал үйлдэж байсан Батшебаг харснаас л бүх юм эхэлжээ. Хэрэв Бурхнаас зүй ёсоор эмээж байсан бол Батшебагаас харцаа салгаж, өөр юм бодох байсан. Гэвч, Бурхнаас эмээлгүй, хүсэл тачаалдаа автталаа «тачаадан харж» байсан нь тодорхой (Матай 5:28; 2 Самуел 11:1–4). Бурхантай тогтоосон харьцаа нь амьдралынх нь бүх хүрээнд хамаатай гэдгийг Давид хэсэгхэн зуур мартжээ (Дуулал 139:1–7).
16. Давид үйлдсэн нүглийнхээ гайгаар хэрхэн зовсон бэ?
16 Давид Батшеба хоёр садарласны улмаас хүүхэдтэй болжээ. Дараахан нь Ехова нүглийг нь илчлүүлэхээр зөнч Натаныг явуулсанд Давид сэхээ орон Бурхнаас дахин эмээх болж, гэмшсэн. Тэрбээр өөрийг нь орхиж, ариун сүнсээ авахгүй байхыг Еховагаас гуйсан (Дуулал 51:7, 11). Ехова Давидыг уучилж, ялыг нь хөнгөрүүлсэн ч, хийсэн хэргийнх нь муу үр дагавраас хамгаалаагүй. Тийм учраас, Давидын хүү нас барж, гэр бүлийнхэн нь сэтгэлийн шаналал, гай зовлонгоос салахаа больсон. Бурхнаас эмээхээ умартсаны төлөө ямар их үнэ төлөө вэ!
17. Ноцтой нүгэл ямар их зовлон шаналал дагуулдгийг жишээгээр хэлнэ үү.
17 Өнөөдөр ч бас ёс суртахууны асуудлаар Бурхнаас эмээхээ боливол ноцтой үр дагавар амсаж, удаан хугацаагаар зовох болно. Христиан нөхөр нь хилийн чанадад ажиллаж байхдаа араар нь тавьж байсныг мэдээд залуухан бүсгүйн сэтгэл хэчнээн их шархалсныг төсөөлөөд үз дээ. Тэр бүсгүй цочирдсондоо эвхрэн суугаад, нүүрээ даран, мэгшин уйлжээ. Нөхөр нь эхнэрийнхээ итгэл, хүндэтгэлийг олж авахад хэчнээн хугацаа хэрэгтэй бол оо? Хэрэв Бурхнаас үнэхээр эмээдэг байсан бол ийм гашуун үр дагавар амсахгүй л байхсан (1 Коринт 6:18).
Бурхнаас эмээхүй нь нүгэл үйлдэхээс хамгаалдаг
18. Сатаны зорилго юу вэ? Зорилгодоо хүрэхийн тулд ямар арга хэрэглэдэг вэ?
18 Сатан энэ ертөнцийн ёс суртахууны хэм хэмжээг маш хурдан доройтуулж байна. Тэрбээр жинхэнэ христиануудын замыг алдуулахыг бүр ч их хүсдэг. Энэ хүслээ гүйцээхийн тулд бидний мэдрэхүй, тэр дундаа, харах, сонсох мэдрэхүйг ашиглаж бодол санаа, зүрх сэтгэлд шууд нөлөөлөхийг хичээдэг (Ефес 4:17–19). Хэрэв та санаандгүй, садар самуунтай холбоотой зураг харах ч юм уу үг яриа сонсож, эсвэл садар явдалтай хүнтэй тааралдвал яах вэ?
19. Нэг христиан Бурхнаас эмээдгийнхээ ачаар сорилтыг хэрхэн давсан бэ?
19 Европын нэг оронд амьдардаг Андрей гэдэг хүний тухай ярилцъя.b Тэрбээр хурлын ахлагч, хүүхдийн эцэг, эмч хүн. Андрейг эмнэлэгтээ жижүүр хийж хонох үед хамт ажилладаг эмэгтэйчүүд нь эр эмийн ажил хийхийг хүсэн, зүрх зурж чимэглэсэн зурвас бичээд, дэрэн дээр нь орхисон явдал нэг бус удаа гарчээ. Андрей тийм явдлыг сэтгэлдээ төсөөлөхийг ч хүсээгүй аж. Тэгээд муу нөлөөтэй орчноос салахын тулд өөр ажилд орсон байна. Тэрбээр Бурхнаас эмээдэг байсныхаа ачаар мэргэн ухаалаг байж чадсан бөгөөд их ч ивээл хүртжээ. Одоо Андрей нутгийнхаа Еховагийн Гэрчүүдийн салбарт бүрэн бус цагаар үйлчилж байна.
20, 21. а) Бурхнаас эмээх нь нүгэл үйлдэхгүй байхад хэрхэн туслах вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
20 Олиггүй бодлоо толгойноосоо авч хаяхгүй бол хүсэл тачаалдаа дийлдэж, Еховатай тогтоосон эрхэм харьцаагаа золиослоод ч хамаагүй, нүгэл үйлдэнэ (Иаков 1:14, 15). Харин Еховагаас эмээдэг бол цэвэр ариун байдлыг маань бусниулж болзошгүй хүмүүсээс зайлсхийнэ. Түүнчлэн, ёс суртахуунгүй үйл хэрэг, зугаа цэнгэлээс хол байж, тийм үйл ажиллагаа явуулдаг газар очихгүй. Энэ бүхнээс зайлсхийгээд зогсохгүй, зугтаж чадна (Сургаалт үгс 22:3). Хэчнээн ичгэвтэр байлаа ч, эсвэл их юм золиослох хэрэгтэй болсон ч энэ нь Бурхны сайшаалыг алдахын хажууд юу ч биш ээ (Матай 5:29, 30). Бурхнаас эмээдэг бол порно материал үзэх гэх зэргээр садар самууны урхинд санаатайгаар явж орохгүй. Харин үүний оронд «хоосон юмсыг харахаас» нүдээ «эргүүлнэ». Ингэвэл, Ехова биднийг «сэргээх» буюу амьд байлгаж, зайлшгүй хэрэгтэй бүхнээр маань хангана гэдэгт итгэлтэй байж болно (Дуулал 84:11; 119:37).
21 Бурхнаас жинхэнэ ёсоор эмээдэг бол амьдралынхаа бүх л хүрээнд мэргэн ухаалаг байхаас гадна үнэхээр жаргалтай амьдардаг (Дуулал 34:9). Энэ талаар дараагийн өгүүллээр дэлгэрэнгүй үзье.
[Зүүлт]
a «Сэрцгээ!» сэтгүүлийн 1998 оны нэгдүгээр сарын 8-ны дугаараас «Библийн үзэл санаа: Хайрын Бурхнаас та хэрхэн эмээдэг вэ?» гэсэн гарчигтай өгүүллийг үзнэ үү (англи).
b Нэрийг өөрчлөв.
Тайлбарлана уу
• Бурхнаас эмээдэг хүн ямар ямар христиан чанар илэрхийлдэг вэ?
• Бурхнаас эмээхүй нь хүнээс айх айдсыг хэрхэн ялж чадах вэ?
• Залбирлын талаар зөв үзэлтэй гэдгээ хэрхэн харуулах вэ?
• Бурхнаас эмээхүй нь нүгэл үйлдэхгүй байхад хэрхэн тусалдаг вэ?