Айлаар дэлгэрүүлэхэд гардаг бэрхшээлийг давах нь
«Маш хүчтэй эсэргүүцлийн дунд Бурхны сайн мэдээг та нарт ярих зориг Бурхны минь дотор бидэнд байсан юм» (1 ТЕС. 2:2).
1. Иеремиа ямар бэрхшээлтэй тулгарсан бэ? Яаж даван туулсан бэ?
ИЕРЕМИА бидэнтэй л адилхан жирийн хүн байсан. Ехова түүнд: «Чамайг үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон томилсон» гэж хэлэхэд Иеремиа: «Аяа, Эзэн БУРХАН! Харагтун, би залуу тул хэрхэн ярихыг мэдэхгүй» хэмээн хэлжээ. Гэсэн ч Еховад найдаж, өгсөн даалгаврыг нь биелүүлэхээр болсон (Иер. 1:4–10). Хүмүүс өөрийг нь үл тоомсорлон, дооглож тохуурхан, тэр байтугай зодож жанчин, үгийг нь хүлээн авахгүй байсан ч Иеремиа 40 гаруй жил Бурхны зөнчөөр үйлчилсэн (Иер. 20:1, 2). Буугаад өгчихмөөр санагдах үе ч түүнд байжээ. Гэвч найрсаг бус хүмүүст сонсох дургүй мэдээг нь цөхрөлтгүй тунхагладаг байв. Иеремиа өөрийнхөө хүчээр хэзээ ч хийж чадахааргүй энэ ажлыг Бурхны хүчээр хийж чадсан (Иеремиа 20:7–9-ийг уншина уу).
2, 3. Бурхны орчин үеийн үйлчлэгчид Иеремиагийн нэгэн адил, ямар ямар бэрхшээлтэй тулгардаг вэ?
2 Бурхны орчин үеийн үйлчлэгчдэд ч бас Иеремиагийнхтай адилхан сэтгэгдэл төрдөг. Дэлгэрүүлэгч болбол айлаар дэлгэрүүлнэ гэдгээ ойлгоод, «Миний хүч хүрэх ажил биш байна» гэж бодож байсан хүн бидний дунд цөөнгүй бий. Гэхдээ Ехова биднийг айлаар дэлгэрүүлээсэй гэж хүсдэгийг мэдээд айдсаа ялж, идэвхтэй дэлгэрүүлдэг болсон. Тэглээ ч гэсэн, дэлгэрүүлэх ажлаа үргэлжлүүлэхэд хэцүү нөхцөл байдалд орж байсан хүн олон. Үнэндээ, айлаар дэлгэрүүлэх ажлыг эхлэхэд ч, энэ ажлаа эцэс хүртэл үргэлжлүүлэхэд ч амаргүй байдгийг үгүйсгэх аргагүй (Мат. 24:13).
3 Хэрэв хүн Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгаж, цуглаанд очдог болоод удаж байгаа ч айлаар дэлгэрүүлэхээс цааргалдаг бол яах вэ? Эсвэл баптисм хүртсэн бөгөөд айлаар дэлгэрүүлэх чадвартай хэр нь энэ ажилд оролцоход хэцүү санагддаг бол яах вэ? Айлаар дэлгэрүүлэхэд гардаг бэрхшээлийг ямар ч хүн давж чаддаг. Та ч бас Еховагийн тусламжтайгаар давж чадна.
Зоригтой байх нь
4. Элч Паул юуны ачаар сайн мэдээг зоригтой ярьж чаддаг байсан бэ?
4 Дэлхий даяар дэлгэрүүлэх ажил хүний хүч, ухаанаар бус, харин Бурхны сүнсээр явагддагийг та ойлгодог нь лавтай (Зех. 4:6). Бурхан бас үйлчлэгч бүрийнхээ христиан үйл хэргийг ч ариун сүнсээрээ дэмждэг (2 Кор. 4:7). Элч Паулын жишээг авч үзье. Тэрбээр нэгэн нөхрийнхөө хамт миссионерийн ажил хийж явахдаа эсэргүүцэлтэй тулгарсан тухайгаа дурсан: «Биднийг Филиппойд хэдийнээ зовоож, бидэнтэй зүй бусаар харьцсан. Үүний дараа маш хүчтэй эсэргүүцлийн дунд Бурхны сайн мэдээг та нарт ярих зориг Бурхны минь дотор бидэнд байсан юм» хэмээн бичжээ (1 Тес. 2:2; Үйлс 16:22–24). Паул шиг идэвх зүтгэлтэй дэлгэрүүлэгч хүртэл сайн мэдээ тунхаглахын тулд зориг гаргах хэрэгтэй байсныг төсөөлөхөд бэрх. Гэвч тэрбээр зоригтой ярихын тулд бидэн шиг, Еховад найдах хэрэгтэй байсан (Ефес 6:18–20-ийг уншина уу). Паулын жишээг хэрхэн дуурайх вэ?
5. Зоригтой дэлгэрүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?
5 Зоригтой дэлгэрүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ? Юуны түрүүнд, залбирах хэрэгтэй. Нэг эхлэгч: «Би итгэлтэй ярьж, хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч, баяр жаргалтай дэлгэрүүлдэг байхын тулд Бурхнаас тусламж гуйн залбирдаг. Тэгээд ч энэ бол бидний ажил биш, Еховагийн ажил шүү дээ. Тийм учраас, бид Бурхны тусламжгүйгээр юу ч хийж чадахгүй» гэж ярьжээ (1 Тес. 5:17). Зоригтой дэлгэрүүлдэг байхын тулд Бурхны ариун сүнсний тусламжийг байнга гуйж залбирах зайлшгүй шаардлагатай (Лук 11:9–13).
6, 7. а) Езекиел ямар үзэгдэл үзсэн бэ? Ямар утгатай байсан бэ? б) Езекиелийн үзсэн үзэгдэл Бурхны орчин үеийн үйлчлэгчдэд ямар сургамжтай вэ?
6 Зоригтой ярихын тулд өөр яах хэрэгтэйг «Езекиел» номд бичсэн байдаг. Езекиел үзэгдэл үзжээ. Уг үзэгдэлд, Ехова түүнд ар өвөргүй «гашуудал, уйлаан, зовлонгууд» бичсэн хуйлмал ном өгөөд, идэхийг тушааж: «Хүний хүү, Миний чамд өгч буй энэ хуйлмал номоор гэдсээ тэжээж, биеэ дүүргэгтүн» хэмээн айлджээ. Энэ үзэгдэл ямар утгатай байсан бэ? Езекиел хүмүүст тунхаглах мэдээгээ тэр чигээр нь өөрийн болгох ёстой байсан. Өөрөөр хэлбэл, тэр мэдээг өөрийнхөө нэг салшгүй хэсэг болгож, сэтгэл зүрхнийхээ гүнд шингээх учиртай байлаа. Тэрбээр: «Тэгээд би түүнийг идсэнд, тэр нь миний аманд бал мэт чихэрлэг байв» гэж бичжээ. Бурхны мэдээг олон түмэнд тунхаглана гэдэг бол Езекиелийн хувьд амтат зөгийн бал идэхтэй адил таатай хэрэг байлаа. Хэдийгээр энэ нь найрсаг бус хүмүүст сонсох дургүй мэдээг нь тунхаглана гэсэн үг байсан ч тэрбээр Еховад үйлчилж, өгсөн даалгаврыг нь биелүүлэхийг завшаан гэж өндөр үнэлжээ (Езекиел 2:8—3:4, 7–9-ийг уншина уу).
7 Энэ үзэгдэл Бурхны орчин үеийн үйлчлэгчдэд чухал сургамжтай. Бид ч гэсэн хүчин чармайлтыг маань тэр бүр үнэлдэггүй хүмүүст сонсох дургүй мэдээг нь тунхаглах хэрэгтэй болдог. Бурхны даалгасан дэлгэрүүлэх ажлыг завшаан гэж үргэлж үнэлдэг байхын тулд өөрийгөө сүнслэгээр сайн тэжээх хэрэгтэй. Бурхны Үгийг өнгөцхөн юм уу хааяа судалдаг бол бүрэн дүүрэн өөрийн болгож чадахгүй. Бие даан Библи уншиж, судлах ажлаа чанаржуулж, тогтмолжуулах боломж танд бий юү? Уншсан зүйлээ эргэцүүлэн бодоход илүү их цаг зав гаргаж чадах уу? (Дуу. 1:2, 3).
Библийн сэдвээр яриа эхлэх нь
8. Зарим дэлгэрүүлэгч айлаар дэлгэрүүлж яваад, гэрийн эзэнтэй Библийн сэдвээр яриа эхлэхийн тулд ямар аргыг амжилттай хэрэглэдэг вэ?
8 Анх уулзсан хүнтэйгээ яриа эхлэхийг айлаар дэлгэрүүлэх ажлын хамгийн хэцүү нь гэж үздэг дэлгэрүүлэгч олон бий. Бас зарим хэсэгт хүмүүстэй уулзаж ярилцахад үнэндээ амаргүй байдаг. Гэсэн ч, доорх хавсралтад үзүүлсэнчлэн, оновчтой үг хэлээд, танилцуулга өгвөл яриа эхлэхэд тийм ч хэцүү биш байдгийг дэлгэрүүлэгчид анзаарчээ. Танилцуулгын гарчиг, сонирхолтой зураг хүний анхаарлыг татдаг бөгөөд ирсэн зорилгоо товч хэлж, асуулт тавих боломжийг бидэнд олгодог. Энэ аргыг янз янзаар хэрэглэж болдгийн нэг нь гурав, дөрвөн танилцуулга үзүүлээд, аль сонирхож байгааг нь сонгуулах юм. Мэдээж, бидний зорилго бол айл бүрд танилцуулга өгөх юм уу үзүүлээд зогсохгүй, Библийн сэдвээр яриа эхэлж, улмаар Библийн хичээл заах явдал билээ.
9. Сайн бэлдэх нь яагаад чухал бэ?
9 Ямар ч арга хэрэглэдэг бай, сандрахгүй, урам зоригтой дэлгэрүүлэхийн тулд сайн бэлдэх хэрэгтэй. Нэг эхлэгч: «Би сайн бэлдсэн үедээ илүү баяр баясгалантай байдаг. Сайн бэлдчихлээр оршил үгээ хүмүүст өөрийн эрхгүй хэлмээр санагддаг» гэж туршлагаасаа хуваалцсан юм. Өөр нэг эхлэгч: «Тараах гэж байгаа ном хэвлэлтэйгээ сайн танилцвал гэрийн эзэнд өгөхдөө ч зоригтой байдаг» гэж хэлжээ. Хэлэх гэсэн үгээ дотроо давтах нь сайн ч, чанга хэлж бэлдвэл бүр тустай байдгийг олон дэлгэрүүлэгч анзаарчээ. Ийнхүү сайн бэлдвэл Еховад хамгийн сайныгаа өгч чадна (Кол. 3:23; 2 Тим. 2:15).
10. Дэлгэрүүлэх ажлын цуглааныг практик ач холбогдолтой, үр өгөөжтэй болгохын тулд яах хэрэгтэй вэ?
10 Дэлгэрүүлэх ажлын цуглаан дээр практик ач холбогдолтой зөвлөгөө өгвөл дэлгэрүүлэгчид айлаар илүү үр өгөөжтэй, баяр баясгалантай дэлгэрүүлж чаддаг. Өдөр тутмын зүйл дэлгэрүүлэх ажилтай шууд холбоотой байвал уншиж, товч ярилцаж болно. Гэхдээ дэлгэрүүлэх ажлын цуглаан удирдаж байгаа хүн дэлгэрүүлэх хэсэгт хамгийн тохиромжтой, энгийн оршил үгийг хэлэлцүүлэх юм уу үзүүлбэр маягаар үзүүлэх, эсвэл тэр өдөр шууд хэрэглэж болох ач холбогдолтой санааг ярилцах хангалттай цаг гаргах хэрэгтэй. Тэгвэл цуглаанд ирсэн хүмүүс үр өгөөжтэй дэлгэрүүлэх бэлтгэлтэй болно. Цуглаан удирдах ахлагч болон бусад хүн урьдчилж сайн бэлдвэл дээрх зорилгод хүрэхийн зэрэгцээ цуглаан ч цагтаа багтана (Ром 12:8).
Сонсохын ач тус
11, 12. Гэрийн эзний сэтгэлийг ойлгохыг хичээн, анхааралтай сонсох нь сайн мэдээ хүргэхэд ямар ач тустай вэ? Жишээ хэлнэ үү.
11 Дэлгэрүүлж явахдаа гэрийн эзэнтэй Библийн сэдвээр яриа эхэлж, зүрх сэтгэлд нь хүрэхийн тулд сайн бэлдэхээс гадна, тэр хүнд чин сэтгэлээсээ санаа тавих шаардлагатай. Санаа тавьж байгаагаа харуулах нэг арга нь тэднийг сонсох явдал юм. Ялангуяа, яаж сонсох нь чухал. Нэгэн явуулын харгалзагч: «Тэвчээртэй байж, хэлэх үгийг нь дуртайяа сонсох нь хүмүүсийн анхаарлыг сайн мэдээнд хандуулахад үнэхээр ач тустай юм билээ. Бас хайрын үүднээс санаа тавьж байгаагаа харуулах хамгийн сайн арга юм» гэж хэлжээ. Гэрийн эзний сэтгэлийг ойлгохыг хичээн, анхааралтай сонсох нь зүрхнийх нь оньсыг тайлах түлхүүр болдгийг дараах жишээ харуулдаг.
12 Францын Сен-Этьен хотын «Прогре» сонинд нэгэн эмэгтэйн захидал нийтлэгдсэн байна. Тэр эмэгтэйг гурван сартай охиноо алдаад удаагүй байхад нь хоёр хүн хаалгыг нь тогшжээ. Захидалд: «Би тэднийг Еховагийн Гэрчүүд гэдгийг шууд л мэдсэн. Уг нь, эвтэйхэн татгалзаад, явуулъя гэж бодож байлаа. Гэтэл тэдний тарааж байсан товхимол нүдэнд туссан юм. Тэнд, Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг тухай бичсэн байв. Тэгээд тэдний яриаг няцаая гэж бодоод, гэртээ оруулахаар шийдлээ. ...Гэрчүүд манайд цаг гаруй суусан. Тэд намайг ойлгохыг хичээн, миний яриаг их анхааралтай сонсож байв. Дараа нь тэднийг явах болоход сэтгэл минь уужран, урьдынхаасаа илүү дээр болсон байж билээ. Тэгээд би тэднийг дахин ирэхийг зөвшөөрсөн юм» гэжээ (Ром 12:15). Дараа нь тэр эмэгтэй Библийн хичээл хийдэг болсон. Энэ явдлаас дүгнэхэд, Гэрчүүд тэднийд анх ирээд юу ярьсан нь бус, харин өөрийг нь яаж сонссон нь эмэгтэйн сэтгэлд үлдсэн байна.
13. Уулзсан хүн болгондоо сайн мэдээг хэрхэн тохируулан хүргэж болох вэ?
13 Хүмүүсийн сэтгэлийг ойлгохыг хичээн, анхааралтай сонсвол тэдний үгнээс Хаанчлал хэрэгтэй байна гэж хэлээд байгааг мэдэж болно. Энэ нь бидний хувьд сайн мэдээгээ хүргэх сайхан боломж болдог. Ер нь, үр өгөөжтэй дэлгэрүүлдэг хүмүүс сайн сонсогч байдгийг та лав анзаарсан биз ээ (Сур. 20:5). Тэд дэлгэрүүлж яваад уулзсан хүмүүстээ үнэн сэтгэлээсээ санаа тавьж, нэр, хаягийг нь төдийгүй юу сонирхдог, юу хэрэгтэй байгааг нь анхааран, тэмдэглэж авдаг. Хэрэв хүн юунд санаа зовдгоо ярьсан бол тэр сэдвээр судалгаа хийж, олж мэдсэн зүйлээ хуваалцахын тулд даруйхан дахин уулздаг. Тэд элч Паулыг дуурайн, уулзсан хүн болгондоо тохируулан Хаанчлалын мэдээг хүргэдэг (1 Коринт 9:19–23-ыг уншина уу). Ийнхүү чин сэтгэлээсээ санаа тавьдаг бол хүмүүс сайн мэдээг дуртайяа сонсоно. Бид өөрсдөө ч «Бурхны нигүүлсэнгүй өршөөлийг» тусган харуулна (Лук 1:78).
Өөдрөг байх нь
14. Дэлгэрүүлж явахдаа Еховагийн зан чанарыг хэрхэн дуурайж болох вэ?
14 Ехова хүн нэг бүрийг эрхэмлэн үнэлдэг учраас сонгох эрх чөлөө өгсөн билээ. Бурхан хэдийгээр төгс хүчтэй ч хүмүүсийг өөртөө үйлчлүүлэх гэж албаддаггүй, харин хайраараа татдаг бөгөөд өөрийнх нь өгсөн бүхэнд талархдаг хүмүүсийг ивээдэг (Ром 2:4). Бурхны үйлчлэгчид бид сайн мэдээ дэлгэрүүлэх бүрдээ Бурхнаа дуурайн, хэзээд энэрэнгүй байх учиртай (2 Кор. 5:20, 21; 6:3–6). Үүний тулд дэлгэрүүлж байгаа хэсгийнхээ хүмүүст өөдрөг сэтгэлээр ханддаг байх хэрэгтэй. Өөдрөг байхад юу туслах вэ?
15. а) Хүмүүс мэдээг нь хүлээж авахгүй бол, Есүсийн хэлснээр, элч нар яах ёстой байсан бэ? б) Зохистой хүнийг хайж олоход юу туслах вэ?
15 Хэрэв хүмүүс мэдээг нь хүлээж авахгүй бол хэтэрхий санаа зовохын оронд өөр зохистой хүн хайхыг Есүс дагалдагчдадаа захижээ (Матай 10:11–15-ыг уншина уу). Хүрч болох жижиг зорилго тавивал өөдрөг байхад тустай. Өөрийгөө алтны эрэлчинтэй зүйрлэдэг нэгэн Гэрч: «Өнөөдөр алт олдоосой» гэж хэлэх дуртай ажээ. Өөр нэг Гэрч «долоо хоног бүр нэг сайн хүнтэй уулзаж, сонирхлыг нь улам татахын тулд даруйхан давтан уулзалт хийх» зорилго тавьдаг байна. Зарим дэлгэрүүлэгч уулзсан хүн болгондоо, ядаж нэг Библийн зүйл үзүүлэхийг хичээдэг. Та ямар зорилго тавих вэ?
16. Тасралтгүй дэлгэрүүлэх ямар ямар шалтгаан байдаг вэ?
16 Хүмүүс бидний хүргэж буй мэдээг хэрхэн хүлээж авч байгаагаас айлаар дэлгэрүүлэх ажлын амжилт шалтгаалдаггүй. Чин сэтгэлтэй хүмүүсийг аврахад дэлгэрүүлэх ажил чухал үүрэгтэй нь үнэн. Гэхдээ энэ ажил өөр олон чухал зорилготой. Дэлгэрүүлэх ажил бидэнд Еховад хайртайгаа харуулах боломж олгодог (1 Иох. 5:3). Энэ ажлыг хийвэл цусны буруутан болохгүй (Үйлс 20:26, 27). Бид Бурхнаас эмээдэггүй хүмүүст Бурхны «шүүх цаг ирчихээд» байгааг сануулдаг (Илч. 14:6, 7). Хамгийн гол нь, сайн мэдээ дэлгэрүүлсний үр дүнд Еховагийн нэр бүх дэлхий даяар алдаршиж байна (Дуу. 113:3). Тийм учраас, хүмүүс сонсох ч бай, үгүй ч бай, бид Хаанчлалын тухай мэдээгээ тунхагласаар байх ёстой. Сайн мэдээ тунхаглахын тулд гаргадаг бүх хүчин чармайлтыг маань Ехова өндөр үнэлдэг (Ром 10:13–15).
17. Хүмүүс удахгүй юуг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрөх вэ?
17 Өнөөдөр олон хүн бидний дэлгэрүүлэх ажлыг үл тоомсорлодог ч бодлоо өөрчлөх цаг удахгүй ирнэ (Мат. 24:37–39). Ехова Езекиелд, өөрийнх нь тунхаглаж байсан тэр шүүх цаг ирэхэд тэрслүү Израилийн гэр «тэдний дунд эш үзүүлэгч байсан гэдгийг ...мэдэх болно» хэмээн батлан хэлжээ (Езек. 2:5). Түүнтэй адил, Еховаг өнөөгийн ертөнцийг шүүх үед хүмүүс Еховагийн Гэрчүүдийн, олон нийтийн газар болон айлаар дэлгэрүүлдэг байсан мэдээг цорын ганц жинхэнэ Бурхан Еховагаас ирдэг байсныг, мөн Гэрчүүдийг Еховагийн төлөөлөгчид үнэхээр мөн байсныг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрнө. Ийм чухал үед Бурхны нэрийг өндөрт өргөн, Хаанчлалын тухай мэдээ тунхаглана гэдэг ямар их завшаан бэ! Айлаар дэлгэрүүлэхэд гардаг бэрхшээлийг даван туулахын тулд Бурхны тусламжийг ямагт авцгаая.
Хариулна уу
• Яавал зоригтой дэлгэрүүлэх вэ?
• Айлаар дэлгэрүүлж яваад, гэрийн эзэнтэй Библийн сэдвээр яриа эхлэхэд юу туслах вэ?
• Хүмүүст чин сэтгэлээсээ санаа тавьж байгаагаа хэрхэн харуулах вэ?
• Дэлгэрүүлж байгаа хэсгийнхээ хүмүүст өөдрөг сэтгэлээр ханддаг байхад юу туслах вэ?
[9-р хуудасны хавсралт/зураг]
Библийн сэдвээр яриа эхлэхийн тулд...
Эхлээд:
◼ Мэндэлснийхээ дараа танилцуулга өгөөд: «Би тантай энэ чухал сэдвээр ярилцах гэсэн юм» гэж хэлж болно.
◼ Эсвэл танилцуулгаа үзүүлээд, «Тантай жаахан ярилцаж, энэ талаар таны бодлыг сонсох гэсэн юм» гэж хэлж болно.
Танилцуулга авбал:
◼ Тухайн хүний үзэл бодлыг мэдэх зорилгоор танилцуулгын гарчигт үндэслэн, амархан асуулт шууд асуугаарай.
◼ Үзэл бодлыг нь ойлгохыг хичээн, анхааралтай сонсоорой. Асуултад хариулсанд нь талархлаа илэрхийлээрэй.
Яриагаа үргэлжлүүлэхийн тулд:
◼ Библиэс ганц хоёр зүйл уншиж, ярилцахдаа тэр хүний хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад тохируулаарай.
◼ Хэрэв сонирхож байгаа нь мэдэгдвэл хэвлэл өгч, боломжтой бол, Библийн хичээл яаж хийдгийг үзүүлээрэй. Дараа хэзээ уулзахаа тохироорой.