«Амен» гэж хэлэхэд Ехова баярладаг
ӨӨРИЙГ НЬ шүтэж, магтан алдаршуулахыг хичээж байгаа биднийг Ехова хараад баярладаг. Бид хэчнээн өчүүхэн юм хийлээ ч Ехова өндөр үнэлдэг бөгөөд «анхаарал тавин сонсдог» (Мал. 3:16). Жишээлбэл маш олон удаа хэлдэг нэг үгийг бодоод үз дээ. Энэ бол «амен» гэдэг үг юм. Ганц энэ үгийг хэллээ гэхэд Ехова чих тавин сонсож өндөр үнэлдэг гэж үү? Тэгэлгүй яах вэ! Яагаад гэдгийг мэдэхийн тулд энэ үг ямар утгатайг, эрт цагт ямар үед энэ үгийг хэлдэг байсныг авч үзье.
«БҮХ АРД ТҮМЭН “АМЕН” ГЭНЭ»
«Амен» гэдэг еврей үг нь «ёсоор болтугай», «үнэн» гэсэн утгатай. Уг үгний язгуур нь «үнэнч байх», «итгэмжит байх» гэсэн утгатай үйл үг юм. Энэ үгийг заримдаа шүүх хурал дээр хэлдэг байжээ. Ам өчиг өгснийхөө дараа үнэн үг хэлсэн, хариуцлагыг нь хүлээнэ гэдгээ баталж «амен» гэж хэлдэг байв (Тоол. 5:22). Олны өмнө хэлсэн болохоороо амлалтаа заавал биелүүлдэг байжээ (Нех. 5:13).
«Амен» гэдэг үгийг ямар үед хэлснийг «Дэд хууль» номын 27 дугаар бүлгээс мэдэж болно. Израйлчууд Амласан газар луу орсныхоо дараа Мосегийн хуулийг сонсохоор Ебал, Геризим гэдэг хоёр уулын өвөрт хуран цугларчээ. Тэд хуулийг сонсоод, хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн. Зөрчвөл ямар хохирол амсахыг сонсох бүрдээ «Амен» гэж хариулж байлаа (Д.хууль 27:15–26). Олон мянган эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд чангаар хариулж байгаагаар төсөөлөөрэй! (Иош. 8:30–35). Тэр өдөр хэлсэн үгээ тэд хэзээ ч мартаагүй биз ээ. Үгэндээ ч хүрсэн. Учир нь «Израиль Иошуагийн амьдралын бүх өдрүүдэд болон Иошуагаас хойш амьд байсан ба Израильд ЭЗЭНий хийсэн бүх хэргийг мэдэж байсан настангуудын амьдралын бүх өдрүүдэд ЭЗЭНд үйлчлэв» гэж Сударт тэмдэглэжээ (Иош. 24:31).
Есүс бас үнэн үг хэлснээ батлахын тулд «амен» гэж хэлдэг байсан. Гэхдээ хүний ярихыг сонссоныхоо дараа бус, харин өөрөө ярихаасаа өмнө «амен» (монголоор «батлан хэлье» гэж орчуулсан) гэдэг үгийг хэлж баттай, үнэн юм ярих гэж байгаагаа онцолдог байжээ. Заримдаа «амен, амен» гэж давтан хэлдэг байсан (Мат. 5:18; Ёох. 1:51). Энэ нь туйлын үнэн юм ярьж байгаагаа сонсогчдодоо баталж буй хэрэг ажээ. Библид «Бурхны бүх амлалт Есүсээр дамжиж “За” болсон» гэж байдаг. Тийм учраас Есүс ийнхүү итгэл төгс ярьдаг байжээ (2 Кор. 1:20; Илч. 3:14).
«БҮХ АРД ТҮМЭН “АМЕН” ХЭМЭЭГЭЭД, ЭЗЭНИЙГ МАГТАВ»
Израйлчууд Еховаг магтахаараа, мөн залбирахаараа «амен» гэж хэлдэг байсан (Нех. 8:6; Дуу. 41:13). Олныг төлөөлөн залбирч буй хүнтэй санал нэг байгаагаа батлан энэ үгийг хэлдэг байв. Ийнхүү, хүрэлцэн ирсэн бүх хүн Еховаг шүтэх үйл явдалд оролцдог байжээ. Давид хаан Еховагийн авдрыг Иерусалимд авчирсан тухай ярилцъя. Уг үйл явдлыг тэмдэглэх үеэр Давид чин сэтгэлээсээ дуулан залбирсныг Шастирын дээд 16:8–36-д тэмдэглэжээ. Тэнд байсан бүх хүний сэтгэл хөдөлсөн учраас «бүх ард түмэн “Амен” хэмээгээд, ЭЗЭНийг магтав». Бүгдээрээ нэгэн зэрэг «Амен» гэж хэлэн, баяр дээр баяр нэмсэн.
Христийн І зууны дагалдагчид бас Еховаг магтаад «амен» гэж хэлдэг байв. Библийг бичигчид энэ үгийг олонтоо хэрэглэжээ (Ром 1:25; 16:27; 1 Петр 4:11). Тэнгэрт байдаг сүнсэн бүтээлүүд ч: «Амен! Яаг магтан алдаршуулагтун!» хэмээн Еховаг магтаж байгааг «Илчлэл» номд бичсэн байдаг (Илч. 19:1, 4). Христийн эртний дагалдагчид цуглааны үед, залбирлын төгсгөлд «Амен» гэж хэлдэг байв (1 Кор. 14:16). Гэхдээ энэ үгийг юу ч бодохгүйгээр зүгээр л давтдаг гэсэн үг биш ээ.
«АМЕН» ГЭЖ ХЭЛЭХ НЬ ЯАГААД ЧУХАЛ БЭ?
Еховагийн үйлчлэгчид «амен» гэдэг үгийг хэзээ, ямар зорилгоор хэлдэг байсныг судалж мэдвэл залбирлын төгсгөлд энэ үгийг хэлэх нь зайлшгүй чухал гэдгийг ойлгоно. Өөрөө залбирчихаад төгсгөлд нь ингэж хэлдэг нь үнэн сэтгэлээсээ залбирснаа баталж буй хэрэг юм. Өөр хүнийг залбирсны дараа «амен» гэж чанга эсвэл дотроо хэлбэл тэр хүний хэлснийг зөвшөөрч байна гэсэн үг. «Амен» гэж хэлэх нь яагаад чухал байдгийн өөр шалтгааныг авч үзье.
Шүтлэгтээ хайхрамжгүй хандах учиргүй. Залбирал бол шүтлэгийн салшгүй хэсэг учраас Еховад юу хэлж байгаа маань ч, биеэ хэрхэн авч яваа маань ч чухал байдаг. Олныг төлөөлөн залбирч буй хүний үгийг сонсохдоо зөв хандлагатай байхын зэрэгцээ анхаарлаа төвлөрүүлбэл «амен» гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлнэ.
Итгэл нэгтнүүдтэйгээ эв нэгдэлтэй байдаг. Нэг нь олныг төлөөлж залбирахад хурлынхан бүгдээрээ нэг л зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг (Үйлс 1:14; 12:5). Ах дүүтэйгээ хамт нэгэн дуугаар «амен» гэж хэлэхлээр тэдэнтэйгээ илүү эв нэгдэлтэй байна. Чанга ч хэлсэн, дотроо ч хэлсэн биднийг хамтдаа «амен» гэж хэлэхийг Ехова сонсоод залбиралд маань хариулах гэж бүр ч их хүсэн тэмүүлдэг.
Еховаг алдаршуулдаг. Бид Еховагийн төлөө шалихгүй зүйл хийсэн ч Ехова ажиглаж байдаг (Лук 21:2, 3). Ямар сэтгэл, ямар хандлагаар хийж байна гэдгийг хардаг. Цуглааны хөтөлбөрийг утсаар сонсож байхдаа «амен» гэж хэлбэл танхимд цугласан бүх хүнтэй хамт Еховаг магтаж байна гэсэн үг. Үүнийг Ехова ажиглахгүй өнгөрдөггүй.
«Амен» гэж хэлэх нь тийм ч чухал биш гэж зарим хүн бодож магадгүй. Гэвч үнэндээ асар их ач холбогдолтой байх нь ээ. Библийн нэг тайлбар тольд бичсэнээр, Бурхны үйлчлэгчид «ганцхан энэ үгээр итгэлтэй, санал нэгтэй, бат найдаж байгаагаа» илэрхийлж чаддаг. Бидний амнаас гарах «амен» гэдэг үг бүр Еховад «тааламжтай болох болтугай!» (Дуу. 19:14).