СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 49
Амилах найдвар баттай!
«Амилна гэж би Бурханд найддаг» (ҮЙЛС 24:15).
ДУУ 19 Бурхны амласан Диваажин
ТОЙМa
1, 2. Бурхны үйлчлэгчид ямар чухал зүйлд найддаг вэ?
ЯМАР нэг юманд найдаж явах нь маш чухал. Зарим хүн сайн хань ижилтэй болно, зарим нь үр хүүхдээ эрүүл саруул хүн болно, зарим нь хүнд өвчнөөсөө сална гэж найддаг. Христийн дагалдагч бид бас ялгаагүй. Гэхдээ үүнээс ч чухал зүйлд найддаг. Бид ирээдүйд мөнх амьдарна, нас барсан хайртай хүмүүстэйгээ уулзана гэдэгт итгэдэг.
2 Элч Паул «шударга, шударга бус хүний хэн хэн нь амилна гэж би Бурханд найддаг» хэмээн бичжээ (Үйлс 24:15). Гэхдээ тэрбээр амилах найдварын тухай анх удаа хэлсэн хүн биш юм. Урьд нь Иов хэлж байсан. Бурхан өөрийг нь санана, ирээдүйд амилуулна гэдэгт тэрбээр итгэдэг байжээ (Иов 14:7–10, 12–15).
3. «1 Коринт» номын 15-р бүлэг ямар ач холбогдолтой вэ?
3 «Үхсэн хүн амилах» тухай сургаал нь Христийн дагалдагчдын баримталдаг «суурь» буюу «үндсэн сургаал» юм (Евр. 6:1, 2). Паул энэ сургаалыг «1 Коринт» номын 15-р бүлэгт бичжээ. Түүний бичсэн захиа Христийн I зууны дагалдагчдыг урамшуулан зоригжуулсан нь лавтай. Та энэ сургаалд итгэдэг болоод удсан ч бай, үгүй ч бай, уг захидал урмыг тань сэргээж, итгэл найдварыг тань батжуулах нь дамжиггүй.
4. Нас барсан хайртай хүмүүс маань амилна гэдэгт итгэх гол шалтгаан юу вэ?
4 Бид нас барсан хайртай хүмүүсээ амилна гэдэгт итгэдэг. Ийнхүү итгэдгийн маань гол шалтгаан нь Есүс Христ амилсан явдал юм. Паулын тунхагласан «сайн мэдээ»-нд энэ мэдээ багтдаг (1 Кор. 15:1, 2). Есүс амилсан гэдэгт итгэдэггүй хүний «итгэл дэмий хоосон болно» гэж Паул хэлсэн (1 Кор. 15:17). Тэгэхээр Христийн дагалдагч хүний ирээдүйн найдварын үндэс нь Есүс амилсан тухай сургаал юм.
5, 6. 1 Коринт 15:3, 4-т бичсэн үг бидэнд яагаад чухал вэ?
5 Паул амилалтын талаар ярихдаа эхлээд дараах гурван зүйлийг дурдсан. 1) «Христ бидний нүглийн төлөө үхсэн», 2) «оршуулагдсан», 3) «Судрын дагуу гурав дахь өдөртөө амилсан» (1 Коринт 15:3, 4-ийг уншина).
6 Есүс нас барж, оршуулагдаж, амилсан нь бидэнд яагаад чухал вэ? Исаиагийн зөгнөснөөр, Мессиа «амьдын газраас таслагдах» бөгөөд «түүний булш нүгэлт хүмүүстэй хамт байх» ажээ. Түүгээр ч зогсохгүй, Мессиа «олны нүглийг өөртөө тээнэ» гэж Исаиа зөгнөжээ. Есүс амиа золиосолсноор энэ зөгнөл биелсэн (Ис. 53:8, 9, 12; Мат. 20:28; Ром 5:8). Тэгэхээр Есүс нас барж, оршуулагдаад, амилсан учраас л бид нүгэл үхлээс чөлөөлөгдөх бөгөөд нас барсан хайртай хүмүүстэйгээ эргээд уулзах найдвартай болсон.
ГЭРЧҮҮДИЙН МЭДҮҮЛЭГ
7, 8. Есүсийг амилсан гэдэгт Христийн дагалдагчид яагаад итгэлтэй байсан бэ?
7 Нас барагсад амилна гэдэгт итгэхийн тулд юуны түрүүнд Есүс амилсан гэдэгт итгэх хэрэгтэй. Ехова Есүсийг амилуулсан гэдэгт бид яагаад итгэлтэй байж болох вэ?
8 Амилсан Есүсийг нүдээрээ үзсэн хүн олон байсан (1 Кор. 15:5–7). Паулын дурдсан тэр хүмүүсийн эхнийх нь элч Петр (Кеф) юм. Петр амилсан Есүсийг харсан гэдгийг өөр шавь нар ч баталжээ (Лук 24:33, 34). Түүнээс гадна, Есүсийг амилсны дараа «арван хоёр» элч нь харсан байдаг. Дараа нь Есүс «нэг дор цугласан 500 гаруй хүнд үзэгдсэн». Энэ нь Матай 28:16–20-д дурдсан Галилд болсон баярт үйл явдал бололтой. Есүс бас өөрийн дүү «Яаковт ... үзэгдсэн». Яаков урьд нь Есүсийг Мессиа гэдэгт итгэдэггүй байв (Ёох. 7:5). Харин Есүс амилсан байгааг хараад итгэдэг болжээ. Сонирхолтой нь, Паулыг МЭ 55 оны орчим энэ захиаг бичиж байхад, амилсан Есүсийг нүдээр үзсэн олон хүн амьд сэрүүн байв. Тийм учраас эргэлзэж буй хэн боловч тэдгээр гэрчтэй уулзаж асуух боломжтой байсан.
9. Үйлс 9:3–5-ыг үзвэл Паулд тохиолдсон явдал юуг баталсан бэ?
9 Хожим нь Есүс Паулд ч үзэгджээ (1 Кор. 15:8). Паул (Саул) Дамаск руу явж байлаа. Тэгтэл Есүсийн дуу сонсогдож, тэнгэрт байгаа сүр жавхлант дүр нь үзэгдсэн (Үйлс 9:3–5-ыг уншина). Есүс үнэхээр амилсныг Паулд тохиолдсон энэ явдал улам бүр баталсан (Үйлс 26:12–15).
10. Есүс амилсан гэдэгт Паул итгэж байсан учир юу хийсэн бэ?
10 Паулын нотолгоо зарим хүнд бүр ч онцгой санагдсан биз ээ. Учир нь тэрбээр нэгэн цагт Христийн дагалдагчдыг хавчиж явсан хүн. Харин Есүс амилсан гэдэгт итгэдэг болсноосоо хойш хүмүүст үүнийг итгүүлэх гэж маш их зүтгэл гаргах болжээ. Есүс нас барсан ч амилсан гэдэг үнэнийг дэлгэрүүлж явахдаа Паул зодуур, шорон, усан онгоцны сүйрлийг ч үзсэн (1 Кор. 15:9–11; 2 Кор. 11:23–27). Есүс амилсан гэдэгт бат итгэлтэй байсан учраас итгэл үнэмшлээ хамгаалахын тулд үхэхэд ч бэлэн байв. Энэ нотолгоог бодохоор Есүс амилсан гэдэгт итгэхгүй байхын аргагүй байгаа биз? Мөн нас барагсад амилна гэсэн итгэл батжихгүй гэж үү?
БУРУУ СУРГААЛЫГ ЗАЛРУУЛСАН НЬ
11. Коринт хотынхны зарим нь амилалтын талаар яагаад буруу үзэл бодолтой байсан бэ?
11 Грекийн Коринт хотынхны зарим нь амилалтын талаар буруу үзэл бодолтой байсан. Бүр «үхсэн хүн амилахгүй» гэж ярьдаг хүмүүс ч байжээ. Яагаад? (1 Кор. 15:12). Грекийн өөр нэг хот буюу Афины гүн ухаантнууд Есүс амилсан гэсэн нотолгоог үгүйсгэхээр барахгүй шоолдог байжээ. Энэ үзэл бодол Коринтынхонд нөлөөлсөн байх (Үйлс 17:18, 31, 32). Амилалтын тухай сургаалыг зарим хүн бэлгэдлийн утгатай гэж ойлгодог байсан бололтой. Тэднийхээр бол, нүгэлтэн байсан гэдэг нь «үхсэн», Христийн дагалдагч болсон гэдэг нь «амилсан» гэсэн үг ажээ. Амилалтад итгэдэггүй нь ямар ч шалтгаантай бай, тэд хоосон юманд итгэдэг байв. Хэрэв Бурхан Есүсийг амилуулаагүй бол золиос төлөгдөөгүй, бүх хүн нүгэлтэй хэвээрээ гэсэн үг болно. Тэгэхээр амилалтыг үгүйсгэдэг тэд бүтэхгүй юманд найддаг болж таарна (1 Кор. 15:13–19; Евр. 9:12, 14).
12. 1 Петр 3:18, 22-т бичсэнийг харвал, Христийн амилалтыг яагаад онцгой гэж хэлж болох вэ?
12 Паул бол «Христ амилсныг» баараггүй мэдэх хүн юм. Энэхүү амилалтыг онцгой гэж хэлж болно. Яагаад гэвэл урьд нь амилуулагдсан хүмүүс эргээд нас барцгаасан. Харин Есүс бол «үхсэн хүмүүсийн дундаас анх амилсан нь» юм. Паул Есүсийг яагаад анх амилсан гэсэн бэ? Есүс тэнгэрийн биетэй болж амилуулагдсан бөгөөд хүн төрөлхтний дундаас тэнгэрт гарсан анхны хүн билээ (1 Кор. 15:20; Үйлс 26:23; 1 Петр 3:18, 22-ыг уншина).
АМИЛАХ ХҮМҮҮС
13. Адам Есүс хоёрын ялгааг Паул хэрхэн тайлбарласан бэ?
13 Ганц хүн үхэхэд сая сая хүн яаж амьтай болох вэ? Паул энэ асуултад тодорхой хариулжээ. Адам хүн төрөлхтөнд ямар гай тарьсныг, Христ ямар ач тус хүргэснийг харьцуулан тайлбарласан. «Нэг хүнээс болж үхдэг болсон» гэж бичихдээ Адамын тухай хэлжээ. Адам нүгэл үйлдсэнээр өөртөө төдийгүй үр удамдаа гай зовлон учруулсан. Дуулгаваргүй загнасных нь балгийг өнөөгийн бид амсаж байна. Харин Бурхан Хүүгээ амилуулсан учраас бид сайхан ирээдүйтэй болсон! «Нэг хүний [буюу Есүсийн] ачаар амилна. Учир нь Адамаас болж бүгд үхдэг шиг Христийн ачаар бүгд амилна» хэмээн Паул бичсэн (1 Кор. 15:21, 22).
14. Адам амилах уу? Тайлбарлана уу.
14 «Адамаас болж бүгд үхдэг» гэж Паул хэлэхдээ хэний тухай бодсон бол? Нүгэл, төгс бус байдлыг Адамаас өвлөж, үүний улмаас үхдэг болсон бүх үр удмынх нь тухай бодож байсан (Ром 5:12). Амилах хүмүүсийн тоонд Адам ордоггүй. Христийн золиос түүний нүглийг цайруулах боломжгүй. Учир нь тэрбээр төгс хүн байсан атлаа Бурханд санаатайгаар тэрсэлж дуулгаваргүй загнасан. «Хүний Хүүгээр» шүүгдэж, ямаанд тооцогдох хүмүүстэй адилаар Адам «бүрмөсөн устгагдана» (Мат. 25:31–33, 46; Евр. 5:9).
15. «Бүгд» гэдэгт хэн ордог вэ?
15 «Христийн ачаар бүгд амилна» гэснийг анхаараарай (1 Кор. 15:22). Паул захидлаа тэнгэрт амилах, Коринт дахь тослогдсон дагалдагчдад зориулж бичжээ. Тэднийг «Христ Есүстэй нэгдэж ариусгагдсан» гэсэн. Бас «Христийн нас барсан шавь нар» гэжээ (1 Кор. 1:2; 15:18; 2 Кор. 5:17). Паул өөр нэг захидалдаа «[Есүс] шиг үхсэн бол түүн шиг амилна. Ийнхүү бид түүнтэй нэгдэж байгаа хэрэг» гэжээ (Ром 6:3–5). Есүс тэнгэрийн биетэй болж тэнгэрт гарсан. Тэгэхээр «Есүстэй нэгдсэн» хүмүүс буюу тослогдсон дагалдагчид бүгд Есүстэй адил тэнгэрийн биетэй болж, тэнгэрт гарна гэсэн үг.
16. Паул Есүсийг яагаад «анхны ургац» гэсэн бэ?
16 Паул Есүсийг «үхсэн хүмүүсийн дундаас анх амилсан нь» буюу «анхны ургац» (зүүлт) гэж бичжээ. Лазар нарын хүмүүс амилж боссон нь үнэн. Гэхдээ Есүс тэнгэрийн биетэй, мөнхийн амьтай болж амилсан анхны хүн юм. Есүсийг израйлчуудын өргөдөг байсан ургацын дээжтэй зүйрлэж болно. Түүнээс гадна, Паул «анхны ургац» гэдэг үгийг хэлэхдээ бусад хүн Есүсийн дараа амилаад тэнгэрт амьдарна гэсэн утга илэрхийлжээ. «Есүстэй нэгдсэн» элч нар болон бусад дагалдагч цаг нь болохоор Есүсийн адил амилж, тэнгэрт гарна.
17. «Христтэй нэгдсэн» хүмүүс тэнгэрийн шагналаа хэзээ авах вэ?
17 Паулыг Коринт хотынхонд захидлаа бичиж байх үед «Есүстэй нэгдсэн» хүмүүс амилж эхлээгүй байсан. Энэ явдал ирээдүйд болохыг Паул бичихдээ «Бүгд дэс дараалан амилна. Христ бол анхных нь бөгөөд Христэд хамаатай хүмүүс түүнийг ирчихээд байх үед амилна» гэж бичжээ (1 Кор. 15:23; 1 Тес. 4:15, 16). Өнөөдөр бид Христийг «ирчихээд байх үед» амьдарч байна. Аль хэдийн нас барсан элч нар болон Христийн тослогдсон дагалдагчид тэнгэрийн шагналаа авч, «[Есүс] шиг амилахын» тулд «түүнийг ирчихээд байх үеийг» хүлээх ёстой байсан.
БИДНИЙ НАЙДВАР БАТТАЙ!
18. а) Тэнгэр дэх амилалтын дараа өөр амилалт болно гэж дүгнэхийн учир юу вэ? б) 1 Коринт 15:24–26-г үзвэл, тэнгэрт ямар үйл явдлууд өрнөх вэ?
18 Тэгвэл Христтэй хамт тэнгэрт амьдрах найдвар өвөрлөдөггүй үнэнч дагалдагчид яах вэ? Тэд ч бас амилна. Тэнгэрт гарах Паул болон бусад хүн «эхэлж амилах хүмүүсийн тоонд багтахыг» Библид бичсэн байдаг (Флп. 3:11). Тэгэхээр энэ амилалтын дараа өөр амилалт болно гэж дүгнэж болохоор байна. Энэ нь ирээдүйнхээ тухай хэлсэн Иовын үгтэй тохирдог (Иов 14:15). «Христэд хамаатай хүмүүс» Есүстэй хамтран бүх засгийн газар, эрх мэдэлтнийг устгана. «Сүүлчийн дайсан буюу үхлийг» ч устгана. Адамаас удамшсан үхэл тэнгэрт гарсан хүмүүст дахин хэзээ ч нөлөөлөхгүй. Тэгвэл бусад хүн яах вэ? (1 Коринт 15:24–26-г уншина).
19. Дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байна вэ?
19 Дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байна вэ? Тэд Паулын хэлсэн үгэнд итгэх хэрэгтэй. Паул: «Шударга, шударга бус хүний хэн хэн нь амилна гэж би ... найддаг» гэжээ (Үйлс 24:15). Шударга бус буюу Бурхныг мэддэггүй хүмүүс тэнгэрт гарахгүй. Тэд дэлхий дээрээ амилна.
20. Энэ өгүүллийг судлаад найдвар тань батажсан уу? Яаж?
20 Нас барсан хүмүүс «амилна» гэдэгт эргэлзэх юм алга! Дэлхий дээр амилах хүмүүс үүрд мөнх амьдрах ирээдүйтэй. Та Бурхны энэ амлалтад итгээрэй. Нас барсан хайртай дотнын хүмүүс амилна гэхээр сэтгэл тань уужрах нь мэдээж. Христ болон тослогдогсод «1 000 жил хаанчлах» үедээ тэднийг амилуулна (Илч. 20:6). Хэрэв та Мянган жилийн засаглал эхлэхээс өмнө нас барлаа гэхэд амилна гэдэгтээ итгэлтэй байж болно. Энэ «найдвар талаар болохгүй» (Ром 5:5). Энэхүү найдварын ачаар та Бурхандаа эрч хүчтэй, улам баяр хөөртэй үйлчилнэ. «1 Коринт» номын 15-р бүлгээс сурах юм үүгээр дуусахгүй. Дараагийн өгүүллээр үргэлжлүүлэн ярилцъя.
ДУУ 12 Бурхны амласан мөнхийн амь
a «Нэгдүгээр Коринт» номын 15-р бүлэгт амилах найдварын тухай голлон бичсэн байдаг. Энэ сургаал яагаад чухал вэ? Есүсийг амилуулсан гэдэгт яагаад итгэж болох вэ? Амилалттай холбоотой эдгээр болон бусад чухал асуултын хариуг энэ өгүүллээс мэдэж авна.
b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Эхлээд тэнгэрт гарсан нь Есүс юм (Үйлс 1:9). Тэнгэрт гарч Есүстэй нэгдэх шавь нарын тоонд Томас, Яаков, Ёохан, Мариа, Паул зэрэг хүмүүс багтдаг.
c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Олон жил хамт үйлчилсэн хайртай эхнэрээ алдсан Гэрч. Эхнэр нь амилна гэдэгт итгэдэг тэрбээр Еховад үнэнч үйлчилсээр байна.