СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 41
Петрийн бичсэн хоёр захидлаас бид юу мэдэж авах вэ?
«Би та нарт эдгээрийг сануулахыг ямагт зорьдог» (2 ПЕТР 1:12).
ДУУ 29 Үнэнч явъя
ТОЙМa
1. Петр нас барахынхаа өмнө агуу хүчээр удирдуулан юу хийсэн бэ?
ЭЛЧ Петр удахгүй нас барахаа мэдэж байв. Тэрбээр Есүстэй хамт явж, янз бүрийн үндэстний хүмүүст дэлгэрүүлэх үүд хаалгыг нээж, Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллан олон жил үнэнчээр үйлчилсэн. Үүгээр зогсохгүй, ойролцоогоор МЭ 62–64 онд агуу хүчээр удирдуулан хоёр захидал буюу Библийн «1 Петр», «2 Петр» номыг бичжээ. Нас барсных нь дараа ч эдгээр захидал Христийн дагалдагчдад тус болоосой гэж хүссэн (2 Петр 1:12–15).
2. Петрийн захидал цагаа олсон гэхийн учир юу вэ?
2 Петрийг агуу хүчээр удирдуулан захидлуудаа бичиж байхад итгэл нэгтнүүд нь «янз бүрээр соригдож» байсан (1 Петр 1:6). Хорон муу хүмүүс хурал дотор хуурамч сургаал зааж, бузар юм хийдэг байжээ (2 Петр 2:1, 2, 14). Иерусалимд амьдарч буй Христийн дагалдагчид удахгүй Ромын цэргүүд хот болон иудейн тогтолцоог устахыг буюу «бүх юмны төгсгөлийг» харах байв (1 Петр 4:7). Христийн дагалдагчид өөрсдөд нь тулгарч байгаа, мөн цаашид ч тулгарах сорилтыг тэвчихийн тулд яах ёстойгоо Петрийн захидлаас мэдэж авсан нь дамжиггүй.b
3. Петрийн бичсэн захидлуудыг бид яагаад судлах хэрэгтэй вэ?
3 Петр 2 захидлаа I зууны Христийн дагалдагчдад зориулж бичсэн. Ехова тэдгээрийг Үгэндээ багтаасан нь өнөөгийн биднийг ч ач тус хүртээсэй гэснийх юм (Ром 15:4). Бузар муу явдал газар авсан энэ ертөнцөд амьдардаг бидэнд ч Еховад үйлчлэхэд саад болох сорилтууд тулгардаг. Түүнээс гадна Иудейн тогтолцоо устгагдсанаас ч илүү хүнд гамшиг удахгүй болно. Петр 2 захидалдаа санаж явбал зохих чухал зүйлүүдийг бичсэн. Тэдгээрийн ачаар бид Еховагийн өдрийг тод санаж, хүнээс айх айдсаа ялж, бие биеэ халуун сэтгэлээр хайрлана. Мөн ахлагчид хонин сүрэгт хэрхэн санаа тавихаа мэдэж авна.
ХҮЛЭЭГЭЭД Л БАЙ
4. 2 Петр 3:3, 4-ийг үзвэл юунаас болж итгэл маань алдарч мэдэх вэ?
4 Бидний эргэн тойронд Библийн зөгнөлд итгэдэггүй хүн олон бий. Төгсгөл ойрхон байна гэж олон жил тунхаглаж буй биднийг эсэргүүцэгчид басамжлан доромжилдог. Зарим нь бүр төгсгөл хэзээ ч болохгүй гэдэг (2 Петр 3:3, 4-ийг уншина). Хэрэв иймэрхүү үгийг дэлгэрүүлэхдээ эсвэл ажлынхан юм уу гэр бүлийнхнээсээ сонсоод байвал итгэл маань алдарч мэднэ. Ийм үед яах хэрэгтэйг Петр тайлбарласан.
5. Энэ тогтолцооны төгсгөлийн талаар зөв үзэлтэй байхад юу тус болох вэ? (2 Петр 3:8, 9).
5 Өнөөгийн ёс бус тогтолцоог Ехова устгахгүй удаад байгаа юм шиг зарим хүнд санагдаж магадгүй. Ехова цаг хугацааг биднээс огт өөрөөр үздэгийг Петрийн үг сануулж, зөв хандлагатай байхад маань тусалдаг (2 Петр 3:8, 9-ийг уншина). Еховагийн хувьд мянган жил нь нэг өдөр мэт юм. Тэрбээр тэвчээртэй бөгөөд хэнийг ч үхүүлэхийг хүсдэггүй. Гэхдээ цаг нь болохоор энэ тогтолцоог устгана. Тэр болтол бүх үндэстэнд сайн мэдээг тунхаглах нь бидний хувьд үнэхээр завшаантай хэрэг юм.
6. Еховагийн өдрийг хэрхэн «тод санах» вэ? (2 Петр 3:11, 12).
6 Петр бидэнд Еховагийн өдрийг «тод санаж байхыг» уриалсан (2 Петр 3:11, 12-ыг уншина). Хэрхэн санах вэ? Шинэ ертөнцөд хүртэх ивээлээ аль болох өдөр бүр эргэцүүлэн бодох хэрэгтэй. Цэвэр агаараар амьсгалж, шим тэжээлтэй хоол идэж, амилсан дотнын хүнээ угтан авч, олон зууны өмнө амьдарч байсан хүмүүст Библийн зөгнөлүүд хэрхэн биелснийг ярьж байгаагаар төсөөлөөрэй. Ийнхүү эргэцүүлэн бодох нь тэр өдрийг тэвчээртэй хүлээж, энэ ертөнцийн төгсгөл удахгүй гэдэгт итгэлтэй байхад тустай. Бид ирээдүйнхээ тухай «урьдаас мэддэг» учир худал сургаалыг «дагаж ... төөрөхгүй» (2 Петр 3:17).
ХҮНЭЭС АЙХ АЙДСАА ЯЛ
7. Хүнээс айхлаараа бид яадаг вэ?
7 Еховагийн өдрийг тод санадаг бол сайн мэдээг идэвхтэй тунхаглана. Гэхдээ бидэнд зориг дутах үе бий. Яагаад? Хүнээс айх айдаст автдаг. Петр яг тэгжээ. Есүсийг шүүгддэг шөнө тэрбээр шавь нь гэдгээ хэлээгүйгээр барахгүй түүнийг таньдаг гэдгээ нэг биш удаа үгүйсгэсэн (Мат. 26:69–75). Гэсэн ч хожим нь тэрбээр: «Хүний айдаг юмнаас бүү ай, бүү санаа зов» гэж итгэл төгс хэлсэн (1 Петр 3:14). Бид ч хүнээс айх айдсаа ялж чадна гэдгийг Петрийн энэ үг баталдаг.
8. Яавал хүнээс айхгүй вэ? (1 Петр 3:15).
8 Яавал хүнээс айхгүй вэ? Петр: «Христ бол Эзэн, ариун нэгэн гэдгийг зүрх сэтгэлээрээ хүлээн зөвшөөр» гэсэн (1 Петр 3:15-ыг уншина). Христ Есүс бол бидний Хаан, эрх мэдэлтэй нэгэн гэдгийг санаж явах учиртай. Сайн мэдээ дэлгэрүүлэх боломж гарахад та сандрах юм уу айвал Хаан Есүсийг бодоорой. Түүнийг тоо томшгүй тэнгэрийн элчээр хүрээлүүлэн тэнгэрт захирч байгаагаар төсөөлөөрэй. Тэрбээр «тэнгэр болон газар дээрх бүх юмыг захирах эрхтэй» бөгөөд «Энэ тогтолцооны төгсгөлийн үеийг дуустал би та нартай үргэлж хамт байх болно» гэж хэлснийг бүү мартаарай (Мат. 28:18–20). Петр итгэл үнэмшлээ хамгаалахад «бэлэн байхыг» уриалсан. Та ажил, сургууль эсвэл өөр газар албан бусаар дэлгэрүүлмээр байна уу? Дэлгэрүүлэх боломж хэзээ гарч болохыг бодоод юу ярихаа урьдчилан бэлдэж болно. Зориг гуйн залбирч, хүнээс айх айдсаа ялахад тань Ехова тусална гэдэгт итгээрэй (Үйлс 4:29).
«ХАЛУУН СЭТГЭЛЭЭР ХАЙРЛА»
9. Хайраа илэрхийлж чадаагүй ямар тохиолдол Петрт байсан бэ? (Бас зургийг үзээрэй).
9 Петр хайраа хэрхэн илэрхийлэхийг сурчээ. Есүс: «Бие биеэ хайрла гэсэн шинэ тушаалыг би өгч байна. Би та нарыг яаж хайрласны адил та нар бие биеэ тийн хайрла» гэж хэлэхэд Петр хажууд нь байсан (Ёох. 13:34). Гэсэн ч тэрбээр иудей ах дүү нараасаа айж харь үндэстний итгэл нэгтнүүдтэйгээ хамт хооллохоо больсон. Элч Паул түүнийг «хоёр нүүр» гаргалаа гэж зэмлэдэг (Гал. 2:11–14). Петр зэмлэлийг хүлээн авч, алдаагаа зассан. Тэгээд 2 захидалдаа хоёуланд нь, ах дүүсээ дотроо хайрлаад зогсохгүй хайраа илэрхийлэх ёстойг онцолжээ.
10. Яавал «чин сэтгэлээсээ ах дүү шиг хайрлах» вэ? (1 Петр 1:22).
10 Петр итгэл нэгтнүүдээ «чин сэтгэлээсээ ах дүү шиг хайрлах» ёстойг хэлсэн (1 Петр 1:22-ыг уншина). «Үнэн сургаалын дагуу дуулгавартай байвал» ийнхүү хайрлана. Энэхүү үнэн сургаалд «Бурхан хэнийг ч алаг үздэггүй» гэсэн үнэн ордог (Үйлс 10:34, 35). Хэрэв бид хурлынхаа зарим хүнийг хайрлаад бусдыг нь үгүй бол Есүсийн тушаалыг дагаагүй хэрэг. Мэдээж заримтай нь илүү дотно байх буруу биш ээ. Есүс бас тийм байсан (Ёох. 13:23; 20:2). Гэхдээ Петр хурлынхаа бүх хүнийг «ах дүү шиг хайрлахыг» бидэнд сануулсан (1 Петр 2:17).
11. «Чин зүрхнийхээ угаас хайрлана» гэж яахыг хэлэх вэ?
11 Петр бидэнд «нэг нэгнээ чин зүрхнийхээ угаас хайрлахыг» уриалсан. Энэ нь хайрлаж чадахгүй байгаа хүнийг хайрлана гэсэн үг. Жишээлбэл хурлын нэг хүн таныг гомдоовол яах вэ? Эхэндээ хайрлах нь битгий хэл өс санах байх. Петр өшөө авах нь Бурханд таалагддаггүйг Есүсээр заалгасан (Ёох. 18:10, 11). Тиймээс «Мууг муугаар, доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөө» гэж бичжээ (1 Петр 3:9). Та ах дүүгээ чин зүрхнээсээ хайрладаг болбол гомдоосон хүнд ч сайхан сэтгэл гаргаж, эвтэй байна.
12. а) Халуун сэтгэлээр хайрладаг хүн өөр яадаг вэ? б) «Хайрыг өмс» видеог үзээд та яах хүсэлтэй болсон бэ?
12 Петр эхний захидалдаа «Халуун сэтгэлээр хайрла» гэж бичсэн. Ийм хайр «[цөөн биш,] тоо томшгүй нүглийг» далдалдаг (1 Петр 4:8). Бусдыг уучлах талаар олон жилийн өмнө Есүс юу заасныг тэрбээр санасан байх. Тэр үед Петр ах дүүгээ «долоон удаа» уучилна гэж хэлэхдээ өөрийгөө өгөөмөр байна гэж бодсон бололтой. Харин Есүс түүнд, бас бидэнд «77 удаа» уучлах ёстойг заасан. Энэ нь хязгааргүй гэсэн утгатай байв (Мат. 18:21, 22). Хэрвээ ингэх нь танд хэцүү санагдвал сэтгэлээр унах хэрэггүй. Еховагийн бүх үйлчлэгч төгс бус учир заримдаа бие биеэ уучлах амаргүй. Тиймээс ах дүүгээ уучилж, эвтэй байхын тулд шаардлагатай бүх алхмыг хийх нь чухал.c
АХЛАГЧИД АА, ХОНЬДЫГ ХАРИУЛ
13. Ах дүүстээ санаа тавьж, халамжлахад ахлагчдад ямар бэрхшээл тулгарч болох вэ?
13 Есүс амилсныхаа дараа «Хургануудыг минь хариул» гэж хэлснийг Петр мартаагүй нь лавтай (Ёох. 21:16). Хэрэв та ахлагч бол энэ заавар танд ч хамаатайг ойлгодог байх. Гэхдээ энэ чухал зааврыг биелүүлэх хангалттай цаг завгүй байж болох юм. Ахлагчид эхлээд гэр бүлийнхээ материаллаг болон сэтгэл санааны хэрэгцээг хангаж, Еховатай дотно байхыг нь анхаарах үүрэгтэй. Бас дэлгэрүүлэх ажилд манлайлж, цуглаан болон чуулганд урьдчилан бэлдээд даалгавраа биелүүлдэг. Зарим нь Эмнэлэгтэй хамтран ажиллах хороонд юм уу Орон нутгийн барилга, төлөвлөлтийн хэлтэст хариуцлагатай үүрэг даалгавар биелүүлдэг. Ахлагчид маань үнэхээр завгүй хүмүүс!
14. Сүргийг хариулахад ахлагчдад юу тус болох вэ? (1 Петр 5:1–4).
14 Петр: «Бурхны сүргийг хариул» гэж ахлагчдад уриалжээ (1 Петр 5:1–4-ийг уншина). Ахлагч та нар ах дүүстээ хайртай, тэднийгээ анхаарч халамжлах хүсэлтэйг бид мэддэг. Гэсэн ч заримдаа их завгүйгээсээ эсвэл их ядарснаасаа болж энэ даалгавраа биелүүлж чадахгүй мэт санагдаж магадгүй. Тэгвэл яах вэ? Санаа зовж байгаа зүйлийнхээ талаар Еховад сэтгэлээ уудлан залбираарай. Петр: «Үйлчлэх чадвартай нь Бурхны өгдөг хүчээр үйлчил» гэсэн (1 Петр 4:11). Итгэл нэгтнүүдэд тань тулгарсан асуудал одоогийн энэ тогтолцоонд бүрэн шийдвэрлэгдэхгүй байж болох юм. Гэхдээ «ахлах хоньчин» Есүс Христ хэнээс ч илүүгээр тэдэнд тусалж чадахыг санаарай. Тэрбээр одоо ч, шинэ ертөнцөд ч тусална. Бурхан ахлагчдаас ах дүүсээ хайрлан тэдэндээ анхаарал халамж тавьж, «сүрэгтээ үлгэр дуурайл» болоосой л гэж хүсдэг.
15. Нэг ахлагч хоньдыг хэрхэн анхаарч халамжилдаг вэ? (Бас зургийг үзээрэй).
15 Олон жил ахлагчаар үйлчилж буй Виллиам хоньдыг анхаарч халамжлахын чухлыг ойлгодог. КОВИД-19 цар тахал дэгдэхэд Виллиам болон бусад ахлагч хариуцсан бүлгийнхээ хүн болгонтой 7 хоног бүр холбогдохыг чухалчилсан. Тэрбээр энэ тухайгаа «Олон ах дүү маань гэртээ ганцаараа байхдаа элдвийн, сөрөг юм бодох хандлагатай болж байсан» гэжээ. Виллиам бэрхшээл тохиолдсон итгэл нэгтнээ анхааралтай сонсож, юунд санаа зовж, юу хэрэгтэй байгааг нь мэдэхийг хичээдэг. Тэгээд яг тус болох ном хэвлэл, видеог веб сайтаас олж үзүүлдэг. Тэрбээр: «Өнөөдөр хоньдыг урьдынхаасаа ч илүү анхаарч халамжлах шаардлагатай болж байна. Бид хүмүүст Еховаг таньж мэдүүлэхийн тулд их хүчин чармайлт гаргадаг. Тэгвэл үнэнчээр үйлчилсээр байхад нь Еховагийн хоньдод туслахдаа ч ийнхүү хүчин зүтгэх хэрэгтэй» гэжээ.
ЕХОВАГААР БҮРЭН ГҮЙЦЭД ЗААЛГА
16. Петрийн захидлаас мэдэж авснаа яаж хэрэгжүүлж болох вэ?
16 Агуу хүчээр удирдуулан бичсэн Петрийн 2 захидлаас бид хэдхэн зүйлийг ярилцлаа. Та сайжруулах хэрэгтэй зүйлээ анзаарсан байж болох юм. Жишээ нь шинэ ертөнцөд хүртэх ивээлийнхээ тухай ойр ойрхон эргэцүүлэн бодмоор байна уу? Ажил, сургууль дээрээ, өөр бусад газар албан бусаар дэлгэрүүлэх зорилго тавьсан уу? Ах дүүсээ халуун сэтгэлээр хайрладгаа улам сайн харуулъя гэж бодож байна уу? Ахлагчид аа, Еховагийн хоньдыг сайн дураараа, хичээл зүтгэлтэй хариулахаар бат шийдсэн үү? Өөрийгөө шударгаар шалгаад сул талаа анзаарсан бол та сэтгэлээр бүү унаарай. «Сайхан сэтгэлтэй» Есүс ахиц гаргахад тань тусална (1 Петр 2:3). Петр: «Бурхан ... бүрэн гүйцэд сургана. Бурхан та нарыг батжуулна, үнэнч бөгөөд тууштай байхад тусална» гэж батлан хэлжээ (1 Петр 5:10).
17. Хэрэв бид тууштай байж Еховагаар заалгавал ямар үр дүнд хүрэх вэ?
17 Петр нэг удаа өөрийгөө Бурхны Хүүтэй хамт байх зохисгүй хүн гэж үзсэн (Лук 5:8). Харин Ехова Есүс хоёр хайрын сэтгэлээр тусалсны ачаар Христийг тууштай дагасан. Ингэснээрээ Петр «Аврагч Есүс Христийн үүрдийн Хаант төрд орох» шагнал хүртжээ (2 Петр 1:11). Ямар гайхалтай завшаан бэ! Хэрэв Петр шиг тууштай байж, Еховагаар дуртайяа заалгавал та ч гэсэн мөнх амьдрах шагнал хүртэнэ. «Итгэдгийнхээ ачаар аврагдана» (1 Петр 1:9).
ДУУ 25 Хайраар маань биднийг таниг
a Энэ өгүүллээр, сорилт бэрхшээлийг тэвчихэд Петрийн бичсэн 2 захидал ямар тустайг үзнэ. Мөн хоньдыг хариулах үүргээ биелүүлэхэд нь ахлагчдад хэрхэн тус болохыг авч үзье.
b Палестинд амьдарч байсан Христийн дагалдагчид МЭ 66 онд Ромын цэргүүд Иерусалим руу анх довтлохоос өмнө Петрийн 2 захидлыг хоёуланг нь хүлээж авсан бололтой.
c jw.org сайтаас «Хайрыг өмс» гэсэн видеог үзээрэй.