Матайн бичсэн сайн мэдээ
15 Тэгтэл Иерусалимаас ирсэн фарисайчууд, хуулийн багш нар Есүст 2 «Таны шавь нар яагаад өвөг дээдсийн заншлыг зөрчдөг юм бэ? Жишээ нь, хоол идэхээсээ өмнө гараа угаахгүй* юм» гэж хэлэв.
3 Есүс: «Та нар яагаад ёс заншлаасаа болж Бурхны тушаалыг зөрчдөг юм бэ? 4 Жишээ нь, “Эцэг эхээ хүндэл”, “Эцэг эхээ хараадаг хүнийг алах ёстой” гэж Бурхан тушаасан. 5 Гэтэл та нар: “Хэрэв хүн: «Байгаа бүхнээ бэлэг болгон Бурханд өргөсөн тул танд тусалж чадахгүй нь» гэж хэлбэл 6 эцэг эхээ хүндлэх хэрэггүй” гэдэг. Ингэж та нар ёс заншлаараа Бурхны үгийг хүчингүй болгосон. 7 Хоёр нүүртэй хүмүүс ээ, Исаиа та нарын талаар онож хэлжээ. 8 Исаиа: “Энэ ард түмэн намайг аман дээрээ хүндэлдэг боловч үнэндээ хайрладаггүй*. 9 Тэд хүний тушаалыг миний үг мэтээр заадаг учир намайг дэмий хоосон шүтдэг” гэж зөгнөсөн» хэмээгээд 10 ойр хавьд нь байсан хүмүүсийг өөр лүүгээ дуудаад «Сонсоод ухаарагтун. 11 Аманд ордог юм хүнийг бузарладаггүй, харин амнаас гардаг юм бузарладаг» гэлээ.
12 Тэгтэл шавь нар нь ирээд «Фарисайчууд үгийг тань сонсоод дургүйцсэнийг та анзаарав уу?» гэхэд 13 Есүс: «Тэнгэрийн Эцэг минь тариагүй бүхнээ үндэстэй нь зулгаана. 14 Тэд тэгж л байг. Тэд бол сохор газарчид. Сохор хүн сохор хүндээ газарчилбал хоёулаа нүхэнд унана» гэж хариулав. 15 Тэгэхэд нь Петр: «Түрүүн ярьсан жишээгээ бидэнд тайлбарлаж өгөөч» гэхэд 16 Есүс: «Та нар бас одоо болтол ойлгоогүй юу? 17 Идэх юм амаар орж, гэдсээр дамжаад биеэс гадагшлан муу усны хоолой руу хаягддагийг та нар мэдэхгүй гэж үү? 18 Харин амнаас гардаг юм зүрх сэтгэлээс гардаг. Ийм юм хүнийг бузарладаг. 19 Жишээ нь, хорон санаа, аллага, завхайрал, садар самуун*, хулгай, худал үг, доромжлол зүрх сэтгэлээс гардаг. 20 Эдгээр нь хүнийг бузарладаг. Харин гараа угаахгүй* идлээ гээд бузар болохгүй».
21 Есүс тэндээс явж, Тир, Сидоны нутагт очив. 22 Тэнд суудаг финики* эмэгтэй ирж «Давидын Хүү, намайг өрөвдөөч. Чөтгөр охиныг минь эзэмдэж тарчилган зовоодог юм» гэж хашхирчээ. 23 Гэвч Есүс юу ч хэлсэнгүй. Тиймээс шавь нар нь ирж «Та энэ хүнийг явуулаач. Араас хашхираад байх юм» гэхэд нь 24 Есүс: «Бурхан намайг төөрсөн хонь мэт израйлчууд руу л явуулсан» гэж хариулав. 25 Тэгтэл өнөөх эмэгтэй Есүст дөхөж очоод сөхөрч «Эзэн минь, надад туслаач!» гэж гуйлаа. 26 Есүс: «Хүүхдийнхээ талхыг гөлгөндөө хаяж өгөх нь буруу» гэж хариулахад 27 эмэгтэй: «Таны хэлдэг зөв. Гэхдээ эзнийхээ ширээнээс унасан үйрмэгийг гөлөг иддэг шүү дээ» гэлээ. 28 Есүс: «Эмэгтэй, та бат итгэлтэй хүн юм. Таны хүссэнээр болог» гэжээ. Тэр даруй охин нь эдгэсэн ажээ.
29 Есүс тэндээс явж Галил нуурын хавьд байдаг уулан дээр гарч суужээ. 30 Тэгтэл олон хүн доголон, хараагүй, хэлгүй гэх зэргийн янз бүрийн өвчтэй хүмүүсийг авчрахад Есүс эдгээв. 31 Хэлгүй нь ярьдаг, доголон нь явдаг, сохор нь хардаг болохыг үзээд олон түмэн гайхаж, Израйлын Бурхныг алдаршуулав.
32 Есүс шавь нараа дуудаад «Би энэ хүмүүсийг өрөвдөж байна. Надтай хамт гурван өдөр байлаа. Одоо идэх юмгүй болжээ. Өлөн зэлмэн явуулбал замдаа сульдах байх» гэхэд 33 шавь нар нь: «Ийм олон хүнийг цатгах талхыг энэ зэлүүд газрын хаанаас олох билээ?» гэжээ. 34 Есүс: «Та нарт хэдэн талх байна вэ?» гэж асуухад тэд: «Долоон талх бас хэдэн жижиг загас байна» гэж хариулав. 35 Есүс хүмүүсийг газар суулга гэж хэлээд 36 долоон талх, хэдэн загас авч Бурханд талархаад талхыг хуваан шавь нартаа өгч, шавь нар нь хүмүүст тараав. 37 Бүх хүн цадталаа иджээ. Үлдэгдлийг нь цуглуулахад долоон том сагс* дүүрчээ. 38 Тэнд хүүхэд эмэгтэйчүүдээс гадна 4 000 эрэгтэй байсан юм. 39 Тэгээд Есүс олон түмнийг явуулсныхаа дараа завиар явж Магаданы нутагт очжээ.