БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ
«Юуны төлөө амьдарч байгаагаа нухацтай бодох болов»
ТӨРСӨН ОН: 1941
УЛС: АВСТРАЛИ
ӨМНӨ НЬ: ТАМХИ ТАТДАГ, АРХИ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭДЭГ БАЙСАН
ӨМНӨХ АМЬДРАЛ:
Би хүүхэд насаа Шинэ өмнөд Уэльсийн Вориалда гэдэг жижиг хотод өнгөрүүлсэн юм. Жижиг ч гэсэн цэвэрхэн, бас гэмт хэрэг бараг гардаггүй газар даа. Манай хотынхон хонины, тариалангийн болон бусад аж ахуй эрхэлдэг.
Дороо 9 дүүтэй би гэдэг хүн ар гэртээ нэмэр болох гэж 13 настайгаасаа ажил хийж эхлэв. Сургууль соёлын мөр хөөлгүй, аж ахуйд ажилладаг байв. 15 настайдаа эмнэг сургагч боллоо.
Ажил дээр гараад сайныг ч сурсан, саарыг ч сурсан. Сайхан байгальтай газар дуртай ажлаа хийнэ. Оройд түүдгийн дэргэд суугаад тэнгэрт мэлтийх сар, анивчин гялалзах түг түмэн одыг харах дуртай байлаа. Сэвшээ салхины аясаар бут сөөгний үнэр ханхлахад таатай санагддаг байв. Энэ олон сайхан зүйлийг хэн нэгэн бүтээсэн байж таарна гэж боддог байснаа одоо ч санадаг юм. Саар нь гэх юм бол, тамхитай «нөхөрлөхөд» ядах юмгүй байлаа. Хараал байнга сонсдог байв. Удалгүй би өөрөө ч тамхи татдаг, хараал хэлдэг болов.
18 хүрээд Сидней явсан юм. Уг нь цэргийн хүн болох санаатай байсан ч боловсролгүй гээд тэнцсэнгүй. Тэгээд ажил олж хийгээд нэг жилийг ардаа орхив. Энэ үедээ Еховагийн Гэрчүүдтэй анх холбоо тогтоож, цуглаанд нь очиж үзэж билээ. Үнэнийг заадаг юм байна гэдгийг нь шууд л ойлгосон.
Гэвч удалгүй хөдөө газар бараадахаар шийдэж, Күинсландийн Гүүндивиндид суурьшиж, ажилтай ч болов, эхнэр ч авав. Харамсалтай нь, бас уудаг болчихов.
Манайх хоёр хүүтэй боллоо. Ингээд хоёр хүүхдийн эцэг болсон би юуны төлөө амьдарч байгаагаа нухацтай бодох болов. Сиднейд байхдаа Гэрчүүдийн цуглаан дээр сонсож мэдсэндээ үндэслээд тодорхой алхам хийхээр шийдэж билээ.
«Харуулын цамхаг» сэтгүүлийн хуучин дугаараас Еховагийн Гэрчүүдийн Австрали дахь салбарын хаягийг олж аваад тусламж хүсэн захиа бичив. Тэгтэл захианы минь хариуд нэг сайхан сэтгэлтэй Гэрч манайд ирж уулзлаа. Удалгүй би тэр Гэрчээр Библийн хичээл заалгадаг болсон юм.
БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН:
Библи судлахын хэрээр амьдралаа эрс өөрчлөх хэрэгтэйг ухаарч байлаа. Надад ихийг бодогдуулсан Библийн нэг зүйл бол «өөрсдийгөө махан биеийн ... бүх л бузар булайгаас цэвэрлэе» гэж уриалдаг 2 Коринт 7:1 юм.
Тамхи татахаа, архи хэтрүүлж уухаа болихоор шийдэв. Гэвч ийм зуршилтай болоод удчихсан болохлоор хаяхад амаргүй байв. Гэхдээ л Бурхны тааллыг олж амьдрах шийдвэрээсээ няцаагүй юм. Ром 12:2-т байдаг «Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин зүрх сэтгэлээ шинэчилснээр өөрчлөгд» гэсэн зарчмыг хэрэгжүүлээд их тус хүртсэн. Муу зуршлаасаа салахын тулд өөрчлөгдөх буюу үзэл бодлоо өөрчилж, эдгээр зуршлыг минь Бурхан таалахгүй гэдгийг ойлгох хэрэгтэйг ухаарсан. Ингээд Бурхны тусламжтайгаар тамхи татах, архидан согтуурах зуршлаа хаяж чадсан.
«Муу зуршлаасаа салахын тулд үзэл бодлоо өөрчлөх хэрэгтэйг ухаарсан»
Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг хараал хэлдгээ болих хамгийн хэцүү байв. «Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг» гэж Ефес 4:29-д зөвлөснийг мэддэг байсан хэрнээ хараал гэдэг муухай юмнаас салж чадахгүй л байлаа. Исаиа 40:26-д бичсэнийг эргэцүүлж бодох нь надад их тус болсон. Тэр зүйлд «Нүдээ өндөрт өргөн тэдгээрийг хэн бүтээснийг харагтун. Тэдгээр оддын эздийг тоогоор нь авчрагч Нэгэн тэднийг бүгдийг нь нэрээр нь дууддаг юм. Түүний агуу их хүч, сүр жавхлангийн улмаас тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй» гэж байдаг. Тэгээд би, Бурхан хязгааргүй уудам сансар огторгуйг бүтээж чадсан юм чинь намайг өөрчлөгдөж, өөрт нь таалагдахад туслах нь гарцаагүй гэж боддог боллоо. Шаргуу залбирч, их мэрийсний хүчээр үг хэлээ захирч сурсан.
ОДОО:
Цөөхөн хүнтэй ферм дээр ажиллаж байсан болохлоор олон хүнтэй тэр бүр харьцаж явсангүй. Гэхдээ Еховагийн Гэрчүүдийн цуглааны сургалтын ачаар санасан бодсоноо эвтэйхэн ярьж сурсан. Хамгийн гол нь, Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг хүмүүст хүргэх чадвар эзэмшсэн (Матай 6:9, 10; 24:14).
Сүүлийн хэдэн жил христиан хуралд ахлагчаар үйлчилж байгаадаа баярлаж явдаг. Итгэл нэгтнүүддээ тус болж, юу чадахаа хийхийг завшаан гэж үздэг.
Эрдэм мэдлэггүй над шиг хүнийг голохгүй, зааж сургаж байдагт нь Еховад чин сэтгэлээсээ талархаж явдаг (Исаиа 54:13). «ЭЗЭНий ерөөл баян болгодог» гэж Сургаалт үгс 10:22-т бичсэн үгийн үнэнийг биеэрээ үзэж байна.