Зөв зорилго тавьж Бүтээгчээ алдаршуулаарай
«ХӨЛӨГ онгоцны ахмад аль боомтод очихоо мэдэхгүй бол салхи байгаад ч яах билээ» гэж І зууны Ромын гүн ухаантан хэлжээ. Энэ нь амьдралаа зөв залахын тулд зорилго тавих нь зайлшгүй чухал гэдэг үнэнийг онцолсон үг юм.
Тодорхой зорилго тавиад, түүндээ хүрэхийн тулд тууштай байсан олон хүний жишээ Библид гардаг. Тухайлбал, Ноа «гэрийнхнийгээ аврахын тулд» 50 жилийн турш хөвөгч авдар барьсан билээ. Харин зөнч Мосе «шагналаа анхааралтай харж байлаа» (Еврей 11:7, 26). Мосегийн дараа удирдагч болсон Иошуа Еховад дуулгавартай байсныхаа ачаар Канаан нутгийг эзлэх зорилгодоо хүрсэн (Дэд хууль 3:21, 22, 28; Иошуа 12:7–24).
І зуунд амьдарч байсан элч Паул «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана» гэж Есүсийн хэлсэн үгийг сайтар эргэцүүлэн бодоод зорилго тавьсан нь лавтай (Матай 24:14). Есүс: «Би Харь үндэстнүүд[эд] ... нэрээ тунхаглуулахаар түүнийг сонгосон юм» гэж Паулын тухай хэлжээ. Энэ үг Паулд урам зориг өгсөн нь дамжиггүй. Тийм ч учраас тэрбээр Бага Ази болон Европын орнуудаар хөндлөн гулд явж, Христийн дагалдагчдын хурлуудыг үүсгэн байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм (Үйлс 9:15; Колосай 1:23).
Бурхны үе үеийн үнэнч үйлчлэгчид өмнөө зорилго тавьснаар амжилтад хүрч, улмаар Бурхны нэрийг алдаршуулсан. Тэгвэл өнөөдөр бид Бурхандаа үйлчлэхийн тулд ямар зорилго тавьж болох вэ? Зорилгодоо хүрэхийн тулд ямар ямар бодитой алхмуудыг хийж болох вэ?
Зөв сэдэл хандлагатай байх нь чухал
Ер нь амьдралын бүх л хүрээнд зорилго тавьж болдог. Үнэхээр ч хүмүүс янз бүрийн зорилго тавьж, түүнийхээ хойноос явдаг. Гэхдээ Бурхны өмнө сайн нэртэй болох гэсэн зорилго нь энэ ертөнцөд нэр хүндтэй болох гэсэн зорилгоос тэс өөр. Энэ ертөнцөд нэр хүндтэй болох гэсэн зорилгын цаана эд баялаг, байр суурь, эрх мэдэлтэй болох гэсэн ханашгүй хүсэл нуугдаж байдаг. Хэрэв бид эрх мэдэл олж авах, бусдаас илүү болох гэсэн зорилгын араас явбал мунхаг хэрэг болно! Ехова Бурхныг алдаршуулах гэсэн зорилго нь бидний шүтлэг, Хаант төрийн үйл хэрэгтэй шууд холбоотой (Матай 6:33). Ийм зорилго Бурхан болон бусдыг хайрлах хайр, Бурханд чин үнэнч байх гэсэн хүсэл эрмэлзэлд үндэслэдэг (Матай 22:37–39; 1 Тимот 4:7).
Бурхны байгууллагад тусгай үүрэг хүлээх эсвэл Бурхантай дотно болох гэх зэргийн ямар ч зорилго тавьсан, сэдэл хандлага маань зөв байх учиртай. Гэхдээ хэчнээн зөв хандлагаар зорилго тавьсан ч хүрч чадахгүй үе байдаг. Тэгвэл зорилгодоо хүрэхийн тулд яах вэ?
Оргилуун хүсэлтэй байгаарай
Ехова орчлон ертөнцийг хэрхэн бүтээснийг бодож үзье. Тэрбээр бүтээлүүдээ үе шаттайгаар бүтээснийг «Үдэш болоод өглөө боллоо» гэдэг үг харуулдаг (Эхлэл 1:5, 8, 13, 19, 23, 31). Үе шат бүрийн эхэнд Ехова орчлон ертөнцийг бүтээх зорилгодоо хүрэхийн тулд өдөр өдрөөр зорилго тавин, нэг нэгээр нь биелүүлсэн (Илчлэл 4:11). «Сэтгэлдээ хүссэнээ [Ехова] үйлддэг билээ» гэж Иов хэлжээ (Иов 23:13). Ехова «өөрийнхөө бүтээсэн бүгдийг» хараад «Нэн сайхан» гэж хэлэхдээ хэчнээн сэтгэл хангалуун байсан бол оо! (Эхлэл 1:31).
Бид бас зорилгоо биелүүлэх оргилуун хүсэлтэй байх учиртай. Яавал ийм хүсэлтэй болох вэ? Ехова дэлхийг ямар ч хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон байхад л эцсийн үр дүнг нь урьдчилан харсан. Дэлхий өөрт нь алдар магтаалыг авчрах сансар огторгуй дахь гоёмсог эрдэнийн чулуу мэт болох гэж байлаа. Үүнтэй адилхан, бид зорилгодоо хүрэхийн тулд үр дүн, ач холбогдлыг нь эргэцүүлэн бодвол хийх хүсэл улам оргилно. 19 настай Тонид яг ийм явдал тохиолдсон юм. Тэрбээр Баруун Европ дахь Еховагийн Гэрчүүдийн байгууллагын салбарыг анх удаа үзээд сэтгэл нь ихэд хөдөлжээ. Тэр цагаас хойш «Ийм газар ажиллаж амьдардаг бол мөн ч сайхан аа!» гэсэн бодол толгойноос нь гарахаа болив. Тэгээд тэнд үйлчлэх зорилго тавьж, түүндээ хүрэхийг хичээсээр байлаа. Хэдэн жилийн дараа салбарт үйлчлэх зөвшөөрөл авсандаа ямар их баярласныг үгээр хэлэхийн аргагүй!
Хүслээ оргилуулах бас нэг арга нь зорилгодоо хүрч чадсан хүмүүстэй нөхөрлөх явдал юм. Жейсон одоо 30 настай. Тэрбээр өсвөр насандаа дэлгэрүүлэх ажилд дуртай дургүй оролцдог байжээ. Харин ахлах сургуулиа төгсөөд өөрийнхөө хүслээр эхлэгч буюу Хаант төрийн тухай сайн мэдээг бүрэн цагаар тунхагладаг хүн болжээ. Эхлэгчээр үйлчлэх хүсэлтэй болоход нь Жейсонд юу тус болсон бэ? Тэрбээр: «Би эхлэгчидтэй байнга ярилцаж, хамт дэлгэрүүлдэг байсан. Үүний ачаар дэлгэрүүлэх дуртай болсон» гэжээ.
Зорилгоо бичээрэй
Толгойд орж ирсэн эмх замбараагүй бодлыг үгээр илэрхийлбэл тодорхой болж, цэгцэрдэг. Оновчтой үг нь үхэр мал туудаг «чичүүр» мод адил амьдралыг залж чиглүүлэх хүчтэй байдгийг Соломон бичжээ (Номлогчийн үгс 12:11, ШЕ). Өөрөө бичиж тэмдэглэж авсан үг оюун ухаан, зүрх сэтгэлд хоногшдог. Тийм бишсэн бол Ехова Израйлын хаадад Мосегийн хуулийг хуулан бичиж өөртөө хадгалахыг юунд тушаах билээ? (Дэд хууль 17:18). Тэгэхээр бид ч гэсэн зорилгоо, зорилгод маань саад болох зүйлийг, даван туулах аргуудыг бичих хэрэгтэй. Түүнчлэн зорилгодоо хүрэхийн тулд юу юуг мэдэх хэрэгтэй, ямар ямар чадвар шаардлагатай, хэн хэн тусалж чадахыг тодорхойлох нь зүйтэй.
Бурханд үйлчлэх зорилго тавих нь сэтгэлээр унахгүй, хүч тэнхээгээ алдахгүй байхад тустай байдаг. Үүнийг харуулах жишээ үзье. Жеффри эхнэртэйгээ хамт Азийн нэгэн орны алслагдсан хэсэгт олон жил тусгай эхлэгчээр үйлчилжээ. Тэгтэл эмгэнэлт явдлаас болоод эхнэр нь амь насаа алдав. Жеффри тэр хэцүү үеийг даван туулж хэсэг тайвширсныхаа дараа эхлэгчийн үйлчлэлд өөрийгөө бүрэн зориулахаар шийджээ. Төлөвлөгөөгөө цаасан дээр бичээд, сарын эцэст гурван Библийн хичээлтэй болоход туслаач хэмээн залбирсан байна. Өдөр бүрийн эцэст тухайн өдөр юу хийснээ нягталж, арван хоногт нэг удаа ямар ахиц гаргаснаа дүгнэдэг байлаа. Жеффри зорилгодоо хүрсэн болов уу? Тийм ээ, бүр дөрвөн ч хичээл эхэлжээ! Зорилгодоо хүрч чадсандаа ямар их баярласан бол!
Ойрын зорилго тавиарай
Зарим зорилго эхэндээ биелэх боломжгүй юм шиг санагддаг. Дээр дурдсан Тонигийн хувьд Еховагийн Гэрчүүдийн байгууллагын салбарт үйлчлэх нь эхэндээ мөрөөдөл төдий байлаа. Учир нь тухайн үед Бурханд өөрийгөө ч зориулаагүй, амьдралын хэв маяг нь ч Еховад таалагдахааргүй байсан юм. Гэхдээ Тони амьдралаа Еховагийн хэм хэмжээнд нийцүүлэхээр шийдэж, баптисм хүртэх зорилго тавив. Энэ зорилгоо хэрэгжүүлснийхээ дараа туслах эхлэгч, байнгын эхлэгчээр үйлчлэх зорилго тавьж, хэзээнээс эхлэхээ хүртэл календарь дээр тэмдэглэсэн байна. Хэсэг хугацаанд эхлэгчээр үйлчилсний дараа байгууллагын салбарт ажиллах нь биелшгүй мөрөөдөл биш болжээ.
Бид ч бас холын зорилгодоо хүрэхийн тулд ойрын жижиг жижиг зорилго тавих хэрэгтэй. Ойрын зорилгууд нь холын зорилгодоо хүрэх замын тэмдэгтэй адил юм. Тэр замын тэмдгүүдэд хүрнэ гэж бодоод хэр ахиц дэвшил гаргаснаа тогтмол дүгнэдэг бол холын зорилгоосоо хазайхгүй байж чадна. Бас төлөвлөгөөнийхөө талаар Еховад хэлж тогтмол залбирдаг бол замаасаа гарахгүй. Элч Паул: «Тасралтгүй залбир» гэж уриалсан байдаг (1 Тесалоник 5:17).
Шийдэмгий, тууштай байгаарай
Заримдаа бид маш сайн төлөвлөөд, түүнийгээ биелүүлэх оргилуун хүсэлтэй байсан ч зорилгодоо хүрч чаддаггүй. Элч Паул Ёохан гэгддэг Маркийг миссионерын хоёр дахь аялалдаа авч явахыг хүсээгүй. Тэгэхэд Марк ямар их гутарсан бол оо! (Үйлс 15:37–40). Тэрбээр энэ явдлаас сургамж авч, Бурханд илүү сайн үйлчлэхийн тулд зорилгоо өөрчлөх хэрэгтэй байв. Хожим нь элч Паул Маркийг сайнаар дурсан ярьсныг, мөн Вавилонд байхдаа элч Петртэй сайхан нөхөрлөж явсныг бодож үзвэл Марк үнэхээр их хичээснийг мэдэж болно (2 Тимот 4:11; 1 Петр 5:13). Тэрбээр Бурхны агуу хүчээр удирдуулан Есүсийн амьдрал, үйл хэргийг тэмдэглэн үлдээснээ өөрт нь олдсон хамгийн том завшаан гэж үзсэн биз ээ.
Бурханд үйлчлэх зорилгоо биелүүлэхэд бидэнд бас саад учирч болох юм. Гэлээ ч бууж өгч болохгүй. Өдийг хүртэл хэр зэрэг ахиц гаргаснаа бодож, тавьсан зорилго маань одоо ч тохирч байна уу, үгүй юү гэдгийг шалгаж, шаардлагатай бол өөрчлөх хэрэгтэй. Тэгээд саад тотгор учирсан ч шийдэмгий, тууштай байж, зорилгодоо хүрэхийг хичээсээр байх нь чухал. Мэргэн ухаант Соломон хаан бидэнд «Ажил үйлсээ ЭЗЭНд даатга» хэмээн уриалаад, «Тэгвэл бодсон санасан чинь биелнэ» гэж батлан хэлсэн (Сургаалт үгс 16:3).
Гэхдээ нөхцөл байдлаас хамаараад тавьсан зорилго маань бүтэхгүй үе бий. Жишээлбэл, эрүүл мэнд муудах, гэр бүлд хүлээсэн үүрэг нэмэгдэх зэргээс болоод зарим нэг зорилгодоо хүрэх амаргүй болж болох юм. Тэглээ ч эцсийн шагналаа анхаарсаар байцгаая. Энэ бол тэнгэрт эсвэл диваажин болсон дэлхийд мөнх амьдрах найдвар юм (Лук 23:43; Филиппой 3:13, 14). Яавал энэ шагналыг хүртэх вэ? «Бурхны хүсэлд нийцүүлдэг хүн мөнх амьдарна» гэж элч Ёохан бичсэн байдаг (1 Ёохан 2:17). Бид нөхцөл байдлаасаа болоод зарим зорилгодоо хүрэх боломжгүй боллоо ч «Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагаж» чадна (Номлогчийн үгс 12:13). Тохиромжтой зорилго тавих нь Бурхны хүсэл тааллыг биелүүлэхэд тустай байдаг. Тиймээс зөв зорилго тавьж, Бүтээгчээ алдаршуулцгаая!
[Хавсралт]
Ямар зорилго тавьж болох вэ?
○ Библийг өдөр бүр унших
○ «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлийн дугаар бүрийг унших
○ Залбирлынхаа чанарыг сайжруулах
○ Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарыг илэрхийлж сурах
○ Бурхандаа илүү их үйлчлэх
○ Дэлгэрүүлэх, заах ажлаа илүү үр өгөөжтэй хийдэг болох
○ Утсаар, албан бусаар, албан газраар дэлгэрүүлэх чадвараа сайжруулах