НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
«Итгэлтэй байснаас нь сурах юм одоо ч бий»
1. Адамын гэр бүлийг Еден цэцэрлэг рүү оруулахгүйн тулд хэрхэн сэргийлсэн бэ? Абел юуг хамгийн их хүсэж байсан бэ?
АБЕЛ уулын бэлд налгар тогтуун идээшилж буй хонин сүргээ ажин сууна. Тэртээд гэрэл сүүмэлзэн харагдана. Яг тэнд Еден цэцэрлэг рүү орох замыг хаан, галт илд зогсолтгүй эргэлддэгийг Абел сайн мэднэ. Нэгэн цагт эцэг эх нь тэр цэцэрлэгт амьдарч байв. Гэвч өдгөө тэд ч, үр хүүхэд нь ч тийшээ орох эрхгүй болжээ. Абел оройн сэвшээ салхинд зогсоод тэнгэр өөд харан Бүтээгчийнхээ талаар эргэцүүлэн бодно. Бурхан болон хүн төрөлхтний хооронд үүссэн ан цав хэзээ нэгэн цагт арилах болов уу? Арилаасай гэж Абел хамгийн их хүсэж байлаа.
2-4. Абелаас сурах юм одоо ч бий гэхийн учир юу вэ?
2 Абелаас сурах юм одоо ч их бий. Та Абелын үгийг сонсдог уу? Ингэх боломжгүй гэж та хэлэх байх. Учир нь Адамын хоёр дахь хүү Абел аль эрт, бараг 6 000 жилийн өмнө нас барсан учир цогцос нь газар шороонд шингэж, ул мөргүй алга болсон. Библид «үхэгсэд юу ч мэддэггүй» гэж байдаг шүү дээ (Ном. 9:5, 10). Түүнээс гадна, Абелын нэг ч үгийг Библид эш татаж бичээгүй. Тэгвэл Абелын үгийг яаж сонсох вэ?
3 Элч Паул: «Абел үхсэн боловч итгэлтэй байснаас нь сурах юм одоо ч бий» хэмээн Бурхнаар удирдуулан бичжээ (Еврей 11:4-ийг уншина). Итгэл гэдэг сайхан чанарыг өөртөө бий болгосон анхны хүн бол Абел юм. Итгэлийн гайхалтай жишээ болсон түүнийг дуурайх нь зүйтэй. Ингэдэг бол Абелаас сурч байна гэсэн үг.
4 Библид Абелын тухай тун бага бичсэн байдаг ч түүнээс юу сурч болохыг мэдэж авцгаая.
«Ертөнцийн суурь тавигдах» үед өсөж торнисон нь
5. Есүс «ертөнцийн суурийн» тухай ярихдаа Абелыг дурдсан нь ямар утгатай вэ? (Зүүлт үзнэ үү).
5 Абел хүн төрөлхтний түүхийн эхэн үед төрсөн. Хожим нь Есүс «ертөнцийн суурийн» тухай ярихдаа Абелыг дурджээ (Лук 11:50, 51-ийг уншина). «Ертөнц» гэдэг үгээр нүглээс чөлөөлөгдөх найдвартай хүмүүсийг хэлсэн бололтой. Хэдийгээр Абел дэлхий дээр амьдарсан хүмүүсийн дөрөв дэх нь боловч зольж авахад зохистой гэж Бурхны тооцсон анхны хүн байсан болов уу.a Тэгэхлээр, Абелыг өсөж торних үед үлгэр дуурайл болчихоор хүн эргэн тойронд нь байгаагүй аж.
6. Абелын эцэг эх ямар хүмүүс байсан бэ?
6 Хүн төрөлхтөн түүхийнхээ эхэнд гай зовлонд унажээ. Абелын эцэг эх Адам Ева нь царайлаг, эрүүл чийрэг хүмүүс байсан. Гэвч ноцтой алдаа гаргажээ. Тэд мөнх амьдрах найдвартай, төгс хүмүүс байсан ч Ехова Бурханд тэрсэлж, Еден цэцэрлэг дэх диваажин гэрээсээ хөөгджээ. Үр хүүхдийнхээ сайн сайхныг бодолгүй, хувиа хичээсний балгаар төгс бус болж, мөнх амиа алджээ (Эх. 2:15—3:24).
7, 8. Каиныг төрөхөд Ева юу гэж хэлсэн бэ? Юу бодсон байж болох вэ?
7 Адам Ева хоёр диваажингаас хөөгдөөд амьдралын хатуу хүтүүг үзсэн. Гэхдээ ууган хүүгээ төрөхөд Каин гэдэг нэр хайрласан бөгөөд Ева: «ЭЗЭНий ерөөлөөр би хүүтэй боллоо» гэж хэлдэг. Ингэж хэлэхдээ Ева юу бодсон байж болох вэ? Еден цэцэрлэгт Еховагийн хэлсэн зөгнөлийг бодсон байх. Бурхан нэгэн эмэгтэйгээс «үр» гаргаж, тэр үр нь хорон нэгнийг устгана гэж зөгнөсөн билээ (Эх. 3:15; 4:1). Ева өөрийгөө тэр эмэгтэй, Каиныг Бурхны амласан «үр» гэж бодсон юм болов уу?
8 Тэгж бодсон бол том эндүүрчээ. Түүгээр зогсохгүй тэр бодлоо Каинд итгүүлсэн бол түүнийг бардам болгосон байж таарна. Ева хоёр дахь хүүгээ төрүүлэхдээ гоё сайхан үг хэлсэн тухай Библид байдаггүй. Тэд хүүдээ Абел гэдэг нэр өгсөн. Энэ нэр нь «амьсгал» эсвэл «хоосон» гэсэн утгатай бололтой (Эх. 4:2). Абелыг Каинаас дорд үзсэн учраас ийм нэр өгсөн үү? Тийм ч байж болох юм.
9. Эцэг эхчүүд Адам Ева хоёроос ямар сургамж авах вэ?
9 Эцэг эхчүүд Адам Ева хоёроос сургамж авах хэрэгтэй. Та бүхэн үг яриа, үйл хэргээрээ хүүхдийнхээ бардам зан, аминч үзлийг дэвэргэдэг үү? Эсвэл Ехова Бурхныг хайрлаж, түүнтэй анд найз болохыг захиж сургадаг уу? Анхны эцэг эх үүргээ биелүүлж чадаагүй нь даанч тоогүй. Гэхдээ үр хүүхдэд нь найдвар байсан.
Абел бат итгэдэг болсон нь
10, 11. Каин Абел хоёр ямар ажил хийдэг байсан бэ? Абел ямар сайхан чанартай болсон бэ?
10 Адам хоёр хүүгээ өсөж томрохын хэрээр ажилд сургасан биз ээ. Гэрийнхэндээ хоол унд залгуулахын тулд Каин газар тариалан эрхэлж, Абел хоньчин болжээ.
11 Гэхдээ Абел хонь хариулахаас илүү чухал зүйлд суралцсан. Жил өнгөрөх тусам бат итгэлтэй болж байлаа. Хожим нь Паул энэ сайхан чанарынх нь талаар бичсэнийг дээр дурдсан билээ. Абелд үлгэр дуурайл болчихоор бат итгэлтэй хүн ганц ч байгаагүй. Тэгвэл чухам яаж Ехова Бурханд бат итгэдэг болсон бэ? Абелд тус болсон гурван хүчин зүйлийг авч үзье.
12, 13. Абелыг бат итгэлтэй болоход Еховагийн бүтээл хэрхэн тус болсон бэ?
12 Еховагийн бүтээл. Ехова газрыг хараасан учир зангуу, халгай ургаж, тариалан эрхлэхэд амаргүй байв. Гэсэн ч Адамын гэрийнхэн газрын шимээр гэдэс цатгалан байлаа. Абел тэнгэр огторгуй, далай тэнгис, уул толгод, гол мөрөн, ан амьтан, жигүүртэн шувууд хэчнээн үзэсгэлэнтэйг хардаг байсан. Хаашаа ч харсан, бүхнийг бүтээсэн Ехова Бурхны хувиршгүй хайр, мэргэн ухаан, сайхан сэтгэл илэрхий байв (Ром 1:20-ийг уншина). Бурхны зан чанар, бүтээлийн тухай эргэцүүлэн бодох тусам Абелын итгэл батажжээ.
13 Еховагийн талаар бодох цаг Абелд бишгүй байсан нь лавтай. Хонио хариулж явахдаа өвсний соргог, усны тунгалаг, бэлчээрийн сайныг хайн уул толгод давна, тал хөндийг туулна, гол горхи гатална. Хонь гэдэг номхон амьтанд маллагаа заавал хэрэгтэй байдаг шиг хүнд бас удирдлага заавар, анхаарал халамж зайлшгүй хэрэгтэйг Абел ингэж явахдаа ойлгосон бололтой. Бас өөрөөс нь илүү мэргэн ухаантай, хүч чадалтай Бурхнаар удирдуулж, хайрлуулж хамгаалуулахын чухлыг ухаараа биз ээ. Энэ тухайгаа Бурханд хэлж залбирдаг байсан нь гарцаагүй. Үүний ачаар бат итгэлтэй болжээ.
14, 15. Ехова юу гэж хэлснийг Абел эргэцүүлэн бодсон бэ?
14 Еховагийн үг. Адам Ева хоёр Еден цэцэрлэгт юу болсон, яагаад хөөгдснөө хөвгүүддээ ярьсан байж таарна. Тиймээс Абелд эргэцүүлэн бодох юм их байжээ.
15 Ехова газарт хараал хүрнэ гэсэн. Хэлсэн ёсоор нь зангуу, халгай ургасныг Абел үзсэн. Бас Еваг жирэмсний болон төрөхийн зовлон үзэхийг Бурхан хэлсэн. Дүү нар нь төрөхөд Абел энэ үгийн үнэнийг ойлгожээ. Еховагийн хэлснээр, Ева эр нөхрийн хайр халамжийг хүсэж, харин Адам түүнийг захирах байв. Бурхны үг үнэн болохыг эцэг эхийнх нь амьдрал батлан харуулсан. Еховагийн үг заавал биелдгийг Абел ийнхүү алхам тутамдаа мэдэрчээ. Тиймээс Еховаг «үр» бий болгож, Еденд дэгдсэн самуун явдлын үр дагаврыг арилгана гэсэн амлалтаа биелүүлнэ гэдэгт бат итгэдэг болжээ (Эх. 3:15–19).
16, 17. Абел херубуудаас юу сурсан байж болох вэ?
16 Еховагийн үйлчлэгчид. Абелд сайн үлгэр дуурайл болчихоор хүн нэг ч байгаагүй. Гэхдээ тэр үед оюун ухаант өөр бүтээл дэлхий дээр байсан. Ехова Адам Ева хоёрыг Еден цэцэрлэгээс хөөж тэднийг ч, үр хүүхдийг нь ч тийшээ оруулахгүй байхаар шийдсэн. Тэгээд херубууд буюу өндөр байр суурьтай тэнгэрийн элчүүдээр үүдийг нь мануулж, «эргэлддэг галт илдийг» байрлуулжээ (Эхлэл 3:24-ийг уншина).
17 Абел багаасаа л тэр херубуудыг харж өссөн байх. Тэдний дүр төрхөөс агуу их хүч нь илэрхий харагдаж, «илд» зогсолтгүй эргэлдэх нь сүрдмээр байсан биз ээ. Херубууд залхаж, байх ёстой газраа орхин явахыг Абел хэзээ ч үзээгүй. Оюун ухаант, хүчирхэг тэр бүтээлүүд жилийн жилд өдөр шөнөгүй үүргээ биелүүлдгийг хараад Ехова Бурханд үнэнч, тууштай үйлчлэгч байдгийг Абел мэджээ. Гэрийнхэн нь Еховад дуулгаваргүй, үнэнч бус байсан ч, тэнгэрийн элчүүдийн тэр сайхан жишээг хараад Абелын итгэл батажсан нь лавтай.
18. Итгэлээ батжуулахад тустай юу бидэнд байдаг вэ?
18 Ехова бүтээлээрээ юу илчилдгийг, хэлсэн үг нь биелдгийг эргэцүүлэн бодож, тэнгэрийн элчүүдийн жишээг тунгаасны үрээр Абелын итгэл улам батжиж байлаа. Абелаас сурах юм одоо ч бий. Ялангуяа, ар гэрийнхнээс нь сайн жишээ болчихоор хүн байхгүй байлаа ч хүүхэд залуус Еховад чин сэтгэлээсээ итгэх боломжтой. Итгэлээ батжуулахад тустай бүх юм бидэнд бий. Биднийг гайхамшигтай бүтээлүүд хүрээлж байна. Бас бүтэн Библи, итгэлийн жишээ болсон нөхөд маань байна.
Абелын тахил Бурханд таалагдсаны учир
19. Абел ямар чухал юмыг ухаарсан бэ?
19 Абел Еховад улам бүр итгэдэг болохын хэрээр итгэлээ үйл хэргээрээ харуулахыг хүсэх болжээ. Жирийн нэг төгс бус хүн орчлонт ертөнцийн Бүтээгчид юу өгч чадах билээ? Бурхан хэнээр ч, юугаар ч дутдаггүй шүү дээ. Гэхдээ Абел нэг чухал юмыг ойлгожээ. Өөрт байгаа хамгийн сайныгаа чин сэтгэлээсээ өгвөл тэнгэрийн Эцгээ баярлуулахыг ухаарчээ.
20, 21. Каин Абел хоёр Еховад юугаар тахил өргөсөн бэ? Ехова яасан бэ?
20 Абел сүргийнхээ анхны төлийг шилж аваад түүнийхээ хамгийн сайн хэсэг болох «өөх тосноос» Бурханд тахил болгон өргөхөөр бэлджээ. Каин ч бас Бурхны ивээлийг хүртэж, тааллыг нь олох гэж үр тариагаараа өргөл өргөхөөр болов. Гэвч түүний хандлага Абелынхаас өөр байв. Энэ нь тэднийг өргөл өргөхөд илэрхий болсон юм.
21 Абел Каин хоёр өргөлөө тахилын ширээн дээр шатааж өргөсөн бололтой. Тухайн үед дэлхий дээр Еховаг төлөөлж байсан херубуудад харагдахаар газар өргөлөө өргөсөн байж болох юм. Ехова яасан бол? «Абелыг болон түүний өргөлийг ойшоон хүлээн авсан» гэж Библид байдаг (Эх. 4:4). Хүлээн авснаа чухам хэрхэн мэдэгдсэнийг Библид бичээгүй.
22, 23. Ехова яагаад Абелын тахилыг таалсан бэ?
22 Бурхан ямар учраас Абелыг таалсан юм бол? Өргөлийг нь чухалд үзсэн юм болов уу? Абел амьтнаар тахил өргөж, амийг бэлгэддэг цусыг нь урсгасан. Ийм тахил ирээдүйд үнэ цэнтэй байхыг Абел мэдэж байсан уу? Абелаас хойш олон зууны дараа л Бурхан согоггүй хургаар тахил өргөхийг тушаасан. Энэ нь гэм буруугүй атлаа цусаа урсгах «Бурханы Хурга» буюу төгс Хүүгийнх нь золиосыг бэлгэддэг (Ёох. 1:29; Ег. 12:5–7). Абел энэ талаар мэдэхгүй байсан байж таарна.
23 Гэхдээ Абел байгаа бүхнээсээ хамгийн сайныг Бурханд өгсөн нь тодорхой. Ехова зөвхөн өргөлийг нь бус, Абелыг ч таалсан. Учир нь Абел Еховаг гэсэн хайр, бат итгэлдээ хөтлөгдөн өргөл өргөжээ.
24. а) Каины өргөл муу байгаагүй гэж яагаад хэлж болох вэ? б) Өнөө үед олон хүн юугаараа Каинтай төстэй вэ?
24 Харин Каин өөр байв. Ехова «Каиныг болон түүний өргөлийг ойшоосонгүй» (Эх. 4:5). Каины өргөсөн өргөл нь муу байсан юм биш ээ. Яагаад гэвэл Бурхан үр тариа зэргээр өргөл өргөхийг хожим нь Хуульдаа заажээ (Лев. 6:14, 15). Тэгвэл Каиныг яагаад таалаагүй юм бол? Тэрээр «бузар мууг үйлддэг» байсан гэж Библид бичжээ (1 Ёохан 3:12-ыг уншина). Үнэнч хүний дүр эсгэхэд л Бурханд таалагдана гэж боддог хүн өнөө үед олон бий. Каин ч бас тийм бодолтой байсан байх. Еховад чин сэтгэлээсээ итгэдэггүй, хайргүй байсан нь хийсэн хэргээс нь төд удалгүй илэрхий болсон.
25, 26. Ехова Каиныг юунаас сэрэмжлүүлсэн бэ? Каин яасан бэ?
25 Каин Еховад таалагдаагүй гэдгээ мэдээд дүүгээ дуурайя гэж бодсон уу? Үгүй, харин ч дүүдээ өширхөн хорсох болов. Ехова Каины сэтгэлийн гүнд юу болж байгааг хараад түүнийг ухааруулах гэж хүлээцтэй хандсан. Өширхөн хорсоод байвал ноцтой нүгэл үйлдэх аюултайг сэрэмжлүүлсэн. Энэ байдлаа засах л юм бол «тэргүүнээ өргөх» буюу сайшаал хүлээхийг нь хэлжээ (Эх. 4:6, 7).
26 Каин Бурхны сэрэмжлүүлгийг үл тоов. Цайлган сэтгэлтэй дүүгээ дагуулан хээр талд очоод амийг нь хөнөөдөг (Эх. 4:8). Иймд Абелыг итгэл үнэмшлийнхээ улмаас хавчлагад өртсөн анхны хүн гэж хэлж болно. Абел нас барсан ч Ехова түүнийг мартаагүй.
27. а) Абел амилна гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ? б) Яавал Абелтай уулзах вэ?
27 Абелын цус Ехова Бурхан руу «хашхирсан». Энэ нь өшөө авах буюу шударга ёс тогтоохыг шаардсан хэрэг байв. Бурхан энэ явдлыг шударга шийдэн, Каиныг шийтгэсэн (Эх. 4:9–12). Бас Абелын амьдралыг Библид бичүүлсэн учраас бат итгэлтэй түүнээс сурах юм өнөөдөр ч их бий. Абел үеийнхээ хүмүүсээс богино, зуу орчим насалсан боловч утга учиртай амьдарсан. Тэнгэрийн Эцэг Еховагийнхаа хайрыг татаж, сайшаалыг нь хүлээж эцсээ хүртэл үнэнч байсан (Евр. 11:4). Абел хамгийн аюулгүй газар буюу Еховагийн төгс ой тойнд байгаа бөгөөд диваажин дэлхийд амилна гэдэгт итгэлтэй байж болно (Ёох. 5:28, 29). Та Абелтай уулзмаар байна уу? Бат итгэлтэй байхын гайхалтай жишээ болсон түүнийг дуурайвал гарцаагүй уулзана.
a «Ертөнцийн суурь» гэдэг үг нь үр тарих, үр удам залгуулах гэсэн санаа илэрхийлж болдог. Үүнийг бодвол, анхны хүмүүн хосын ууган хүүхдэд хамаатай байж таарна. Анхны хосын ууган хүүхэд нь Каин байсан. Тэгвэл Есүс яагаад «ертөнцийн суурийн» тухай ярихдаа Каиныг бус, Абелыг дурдсан бэ? Каин Ехова Бурханд санаатайгаар тэрсэлсэн. Энэ нь гаргасан шийдвэр, хийсэн хэргээс нь харагддаг. Нүглээс чөлөөлөгдөх, амилах найдвартай хүмүүсийн тоонд эцэг эх нь ордоггүй шиг Каин бас орохгүй гэж дүгнэх нь зүйтэй.