Бүлэг 6
Бид ямар учраас хөгширч, үхдэг вэ?
1. Эрдэмтэд хүний амьдралын тухайд юуг тайлбарлаж чаддаггүй вэ?
ХҮМҮҮСИЙН хөгширч, үхдэгийн учрыг эрдэмтэд мэддэггүй. Эсийн нөхөн төлжих явц тасралтгүй үргэлжилдгийг тооцвол бид үхэх ёсгүй мэт. «Эс судлалын үндэс» номд: «Эсийн хөгшрөл ба хүний хөгшрөл, үхлийн хоорондох холбоо нь тайлагдахын аргагүй оньсого юм» гэж бичжээ («Hyojun Soshikigaku»). Энд амьдралын «жам ёсны, төрөлхийн» хязгаар байдаг гэж олонх эрдэмтэд үздэг. Таны бодол тэднийхтэй нийлэх үү?
2. Зарим хүн амьдралаа уртасгахын тулд яадаг байсан бэ?
2 Хүмүүс цаг үргэлж урт наслахыг эрмэлзэж, тэр ч байтугай мөнх амьдрахыг оролдсоор ирсэн. МЭӨ IV зуунаас мөнхийн амь өгөгч гэж яригдах болсон эм Хятадын язгууртнуудын анхаарлыг татах болжээ. Хожим нь Хятадын зарим хаад мөнгөн уснаас гаргаж авсан мөнхийн рашаан гэж нэрлэсэн эм домыг хэрэглэдэг болсон. Тэглээ ч тэд үхсээр л байв. Үхлийг оршин байхын төгсгөл гэж үздэггүй хүмүүс дэлхийд хаа сайгүй л байдаг. Будда, хинди болон лалын шашинтнууд, мөн өөр олон хүн үхсэний дараа амьдрал үргэлжилдэг гэдэгт итгэдэг. Христ шашны ертөнцийн олон хүн тэнгэрийн аз жаргалтай хойд насыг хүсэн хүлээдэг.
3. а) Хүмүүс ямар учраас мөнх амьдрахыг хүсдэг вэ? б) Үхлийн тухай ямар асуултад хариу хэрэгтэй вэ?
3 Үхлийн дараах аз жаргалтай амьдралын тухай хүмүүсийн төсөөлөл нь мөнх амьдрах гэсэн хүслийг нь илэрхийлдэг. Бидэнд Бурхны өгсөн мөнх амьдрах тэр хүслийн талаар Библид: «Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг байгуулсан билээ» гэж бичжээ (Номлогчийн үгс 3:11). Бурхан анхны хүмүүсийг мөнх амьдрах ирээдүйтэйгээр бүтээсэн (Эхлэл 2:16, 17). Тэгвэл хүн ямар учраас үхдэг юм бол оо? Хүн төрөлхтнийг үхэл хэрхэн ноёлох болов? Бурхны тухай мэдлэг эдгээр асуултыг гэрэлтүүлэн тодруулах болно (Дуулал 119:105).
ХОРОН МУУ САНАА
4. Есүсийн хэлснээр хүний үхлийн хариуцлагыг хүлээх гэмт этгээд хэн бэ?
4 Гэмт хэрэгтэн гэмт үйлдлийнхээ ул мөрийг баллахыг хичээдэг. Тэгвэл олон тэрбум хүний амийг бүрэлгэсэн буруутай этгээд дээрхийн адилыг хийх нь зүйн хэрэг. Тэр этгээд үхлийн учир шалтгааныг нууц хэвээр нь байлгахын тулд бүхнийг хийдэг. Өөрийг нь алахыг завдсан хүмүүстэй ярилцахдаа Есүс Христ тэр гэмт хэрэгтний нэрийг илчлэн: «Та нар эцэг чинь болох Диаволаас гаралтай. Та нар эцгийнхээ хүслийг хийхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд үнэн дотор зогсож чадаагүй. Учир нь түүнд үнэн байдаггүй» гэж хэлсэн (Иохан 8:31, 40, 44, ШЕ).
5. а) Хожим Сатан Диавол болсон энэ бодгалийн гарал үүсэл юу вэ? б) «Сатан» ба «Диавол» гэдэг нь юу гэсэн үг вэ?
5 Тийм ээ, Диавол бол хорон санаатай «алуурчин» юм. Диавол нь зүгээр л хүний зүрх сэтгэлд хурсан муу санаа бус, бодитойгоор оршин байдаг бодгаль гэдгийг Библи нээн илчилдэг (Матай 4:1—11). Хэдийгээр түүнийг зөв тэнгэр элч болгон бүтээсэн боловч «үнэн дотор зогсож чадаагүй» юм. Түүнийг Сатан Диавол гэж нэрлэсэн нь тун тохирсон бөлгөө! (Илчлэлт 12:9). Тэрбээр Еховагийн эсрэг боссон учраас «Эсэргүүцэгч» буюу «Сатан» гэдэг нэртэй болсон. Мөн тэрчлэн энэ гэмт этгээдийг «Диавол» гэж нэрлэх болсон бөгөөд энэ нь «Гүтгэгч» гэсэн утгатай ажээ. Учир нь тэрбээр Бурхныг хараан доромжилж, гүжирдэн гүтгэсэн.
6. Сатан ямар учраас Бурхны эсрэг боссон бэ?
6 Бурхны эсрэг босоход нь Сатаныг юу хатгав аа? Хомхой сэтгэл. Тэрбээр, хүмүүс Еховаг шүтдэг шигээ өөрийг нь шүтээсэй гэсэн хүсэлд асар ихээр автсан. Диавол, зөвхөн Бүтээгчид зүй ёсоор хамаарах шүтлэгийг өөртөө олж авах хүслээ орхиогүй. (Езекиел 28:12—19-тэй харьцуулна уу.) Үүнийхээ оронд Сатан болсон тэр тэнгэр элч тэрхүү хазааргүй хүслээ улам хөөрөгдөн дэвэргэж, эцэстээ нүгэл үйлджээ (Иаков 1:14, 15).
7. а) Хүн яагаад үхдэг вэ? б) «Нүгэл» гэж юу вэ?
7 Тийнхүү бид хүний үхэлд буруутай эзнийг тогтоолоо. Гэвч хүний үхлийн чухам шалтгаан нь юу вэ? «Үхлийн хатгуур нь нүгэл» гэж Библид бичжээ (1 Коринт 15:56). Тэгвэл «нүгэл» гэж юу вэ? Энэ үгийн утгыг ойлгохын тулд Библийг бичсэн эх хэлэнд уг үг ямар утга санаа илэрхийлдгийг авч үзье. Гол төлөв «нүгэл үйлдэх» гэж орчуулагддаг энэхүү еврей болон грек үйл үг нь «алдах» буюу байгаа оноогүй гэсэн санааг илэрхийлдэг ажээ. Ямар байг бид бүгдээрээ онохгүй байгаа билээ? Энэ бол Бурханд төгс дуулгавартай байх явдал юм. Харин хүн төрөлхтнийг нүгэл хэрхэн ноёлох болов?
ХОРОН МУУ САНАА ХЭРЭГЖСЭН НЬ
8. Хүмүүсээр өөрийгөө шүтүүлэхийн тулд Сатан ямар арга хэмжээ авсан бэ?
8 Сатан хүмүүсээр өөрийгөө шүтүүлж, өөрөө тэднийг захиран удирдаж байхын тулд зальт төлөвлөгөө боловсруулсан. Тэрбээр анхны хүмүүн хос, Адам Ева хоёрыг Бурхны эсрэг нүгэл үйлдэхэд хатгахаар шийдсэн. Ехова бидний өвөг дээдэст мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг өгсөн. Бүтээгч өөрсдөд нь сайнаар ханддагийг тэд мэдэж байлаа. Яагаад гэвэл Бурхан тэднийг гайхамшигтай сайхан Еден цэцэрлэгт суулгасан билээ. Бурхан өөрт нь зориулж туслагч болгон үзэсгэлэн гоо эхнэр өгөхөд нь Адам тэнгэрийн Эцгийнхээ сайхан сэтгэлийг онцгой мэдэрсэн (Эхлэл 1:26, 29; 2:7—9, 18—23). Тэдний цаашдын амьдрал Бурханд хэр зэрэг дуулгавартай байхаас шалтгаалах байлаа.
9. Анхны хүмүүст Бурхан ямар зарлиг буулгасан бэ? Энэ нь ямар учраас зүй ёсны байсан бэ?
9 Бурхан Адамд: «Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ!» гэж зарлиг буулгасан (Эхлэл 2:16, 17). Ехова Бурхан Бүтээгчийнхээ хувьд өөрийнх нь бүтээлүүдэд юу нь сайн, юу нь муу болохыг тодорхойлж, тэдэнд ёс суртахууны хэм хэмжээг тогтоож өгөх эрхтэй. Тэрхүү зарлиг нь зүй ёсны байсан юм. Яагаад гэвэл Адам Ева хоёр цэцэрлэгийн бусад аль ч модноос жимс чөлөөтэй идэж болох байв. Тэд ёс суртахууны хэм хэмжээг өөрсдийнхөөрөө тогтоохын оронд Еховагийн хуулийг сахин биелүүлж, түүний шударга зөв засаглалыг талархалтайгаар хүлээн зөвшөөрөх ёстой байсан юм.
10. а) Хүмүүсийг өөрийнхөө талд татахын тулд Сатан ямар арга хэрэглэсэн бэ? б) Сатан Бурхныг хэрхэн муулсан бэ? в) Бурхны эсрэг явуулсан Сатаны үйл ажиллагааг та юу гэж бодож байна вэ?
10 Диавол анхны хүмүүсийг Бурхнаас холдуулах хорон санаа төлөвлөв. Тэднийг өөрийнхөө талд оруулахын тулд Сатан хуурч мэхлэх аргыг хэрэглэсэн. Диавол хүүхэлдэйн цаанаас ярьдаг жүжигчин шиг, могойг ашиглан Евагаас: «Та нарт энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү?» гэж асуухад нь Ева Бурхны зарлиг буулган хэлсэн үгийг хариу болгов. Тэгэхэд нь Сатан: «Та нар ерөөсөө үхэхгүй» гэж мэтгэв. Дараа нь Еховаг муулж: «Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ» хэмээн нэмж хэлэв (Эхлэл 3:1—5). Тийнхүү Сатан, Бурхан бүтээлүүдээсээ ямар нэгэн сайн зүйлийг нууж байна гэсэн сэтгэгдэл төрүүлсэн. Энэ бол шударга үнэнч, тэнгэрийн хайртай Эцэг, Еховаг маань жигшүүртэйгээр гүтгэсэн хэрэг байлаа!
11. Адам Ева хоёр хэрхэн Сатаны хамсаатан болсон бэ?
11 Ева тэрхүү мод уруу дахин харваас жимс нь үнэхээр хорхой хүрэм сайхан санагджээ. Тэгээд нэг жимс тасдан авч идэв. Дараа нь Бурханд дуулгаваргүй байх энэхүү нүгэлт үйл ажиллагаанд түүний нөхөр сайн дураараа нэгдэн нийлжээ (Эхлэл 3:6). Хэдийгээр Ева мэхлэгдсэн ч Адам тэр хоёр хүн төрөлхтнийг захирах гэсэн төлөвлөгөөгөө биелүүлэхэд нь Сатанд тус дэм болжээ. Тийнхүү тэр хоёр Сатаны хамсаатан болсон юм (Ром 6:16; 1 Тимот 2:14).
12. Хүмүүс Бурхны эсрэг боссон нь юунд хүргэв?
12 Адам Ева хоёр хийсэн хэргийнхээ үр дагаврыг амсав. Тэд Бурхантай адил, ер бусын мэдлэгтэй болсонгүй. Үүний оронд ичдэг болж, нуугдацгаасан. Ехова Адамыг хариуцлагад татан, шийтгэл оногдуулж: «Чи газар шороондоо эргэж очих хүртлээ духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно» гэж хэлсэн (Эхлэл 3:19). Бидний өвөг дээдэс сайн мууг мэдүүлэгч модноос жимс идсэн «тэр өдөртөө» л Бурхнаас шийтгэл хүлээн, түүний нүдэнд үхэцгээсэн. Дараа нь тэд Диваажингаас хөөгдөн, үхэлд хүргэдэг замаар замнаж эхэлсэн.
НҮГЭЛ БОЛООД ҮХЭЛ ТАРХСАН НЬ
13. Нүгэл бүх хүн төрөлхтөнд хэрхэн тархсан бэ?
13 Сатан хүмүүсээр өөрийгөө шүтүүлэх гэсэн төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлсэн нь эргэлзээгүй. Гэвч тэрбээр шүтэгчдийнхээ амийг хамгаалах чадваргүй. Анхны хүмүүн хосод нүгэл үйлчилж эхэлсэн тэр цагаас хойш тэд үр удамдаа төгс байдал дамжуулах боломжгүй болсон. Чулуун дээр сийлсэн бичээс шиг нүгэл бидний өвөг дээдсийн генд маш тодоор тамгалагдан үлджээ. Тийнхүү тэд зөвхөн төгс бус үр хүүхэд төрүүлдэг болсон. Бүх хүүхэд нь Адам Ева хоёрыг нүгэл үйлдсэний дараа төрсөн болохоор тэд нүгэл хийгээд үхлийг өвлөжээ (Дуулал 51:5; Ром 5:12).
14. а) Өөрийгөө нүгэлгүйд тооцдог хүн хэнтэй адилхан бэ? б) Израильчууд нүглээ хэрхэн мэддэг болсон бэ?
14 Гэтэл өнөөдөр ихэнх хүн өөрийгөө нүгэлгүй гэж боддог. Дэлхийн зарим хэсэгт нүгэл удамшдаг тухай ойлголт ерөөсөө ч байдаггүй. Гэвч энэ нь нүгэл байдаггүйн баталгаа биш ээ. Халтар царайтай жаал хүү өөрийгөө цэвэрхэн гэж зүтгэж болох юм. Харин зөвхөн толинд харж байж л халтар гэдгээ хүлээн зөвшөөрөх байх. Эртний израильчууд Бурхны Хуулийг зөнч Мосегоор дамжуулан хүлээн авах үедээ тэр жаал хүү лугаа адил байжээ. Нүгэл байдгийг Хууль тодорхой болгож өгсөн. «Хуулиар биш бол би нүглийг мэдэхгүй байх байсан» гэж элч Паул тайлбарласан (Ром 7:7—12). Жаал хүү өөрийгөө толинд харж байгаа шиг израильчууд Хуулийн тусламжтайгаар Еховагийн нүдэнд ариун бус байгаагаа харж чаддаг болов.
15. Бурхны Үгийн толинд харвал юу ил тод болох вэ?
15 Хэрэв бид Бурхны Үгийн толинд харж, Библийн хэм хэмжээнд анхаарлаа хандуулах аваас өөрсдийнхөө төгс бусыг мэдэх болно (Иаков 1:23—25). Жишээ нь: Матай 22:37—40-д Бурхныг болон бусдыг хайрлах талаар Есүс шавь нартаа юу гэж хэлснийг бодож үзээрэй. Энэ асуудал дээр хүмүүс ямар их алддаг билээ дээ! Тэр ч байтугай, Бурхан болоод хүмүүсийг хайрлаагүйдээ сэтгэл нь огтхон ч өвддөггүй хүн олон байдаг (Лук 10:29—37).
САТАНЫ ЗАЛЬ МЭХНЭЭС БОЛГООМЖИЛ!
16. Сатаны заль мэхэнд орохгүйн тулд бид яах ёстой вэ? Энэ нь яагаад амаргүй вэ?
16 Сатан биднээр нүгэл үйлдүүлэхийг үргэлж хичээж байдаг (1 Иохан 3:8). Ер нь түүний заль мэхний золиос болохоос зайлсхийх арга зам бий юү? Бий. Гэхдээ ингэхийн тулд бид нүгэл үйлдэх дур хүсэлтэйгээ тэмцэх шаардлагатай. Энэ нь тийм ч амаргүй. Яагаад гэвэл бид бүгдэд нүгэл үйлдэх төрөлхийн дур хүсэл их байдаг (Ефес 2:3). Паулд жинхэнэ тэмцэл явуулах шаардлага байсан. Яагаад? Яагаад гэвэл түүний дотор нүгэл хурж байсан юм. Хэрэв бид Бурханд таалагдахыг хүсвэл нүгэл үйлдэх дур хүсэлтэйгээ бас тэмцэх хэрэгтэй (Ром 7:14—24; 2 Коринт 5:10).
17. Нүгэл үйлдэх дур хүсэлтэйгээ тэмцэх тэмцлийг маань юу хүндрүүлдэг вэ?
17 Сатан цаг үргэлж биднийг хууран мэхэлж, Бурхны хуулийг зөрчүүлэх боломж болгоныг ашиглахад бэлэн байдаг учраас нүгэлтэйгээ тэмцэхэд бидэнд тийм ч амар биш (1 Петр 5:8). Паул итгэл нэгтнүүдийнхээ төлөө санаа зовон: «Могой залиараа Еваг мэхэлсэн шигээ Христ уруу хандсан цэвэр, энгийн байдлаас та нарын санаа бодлуудыг төөрүүлчих вий гэхээс би айж байна» хэмээн хэлсэн (2 Коринт 11:3). Өнөөдөр ч Сатан дээрхтэй төстэй арга хэрэглэдэг. Тэрбээр Ехова бол сайхан сэтгэлтэй хийгээд Бурхны хуульд захирагдах нь ашиг тустай гэдэгт эргэлзээ төрүүлэхийг хичээж байдаг. Диавол биднийг бардам ихэмсэг ба сувдаг шунахайн, үзэн ядагчийн ба атгаг санаа өвөрлөгчийн замаар замнуулахын тулд нүгэл үйлдэх төрөлхийн дур хүслийг маань ашиглахыг хичээдэг.
18. Биднээр нүгэл үйлдүүлэхийн тулд Сатан энэ ертөнцийг хэрхэн ашигладаг вэ?
18 Бидний эсрэг Диаволын ашигладаг нэг арга бол өөрийнх нь эрхэнд байгаа энэ ертөнц юм (1 Иохан 5:19). Хэрэв бид анхаарал болгоомжгүй байх аваас эргэн тойронд маань байгаа энэ ертөнцийн эвдэрч, хүн чанараа алдсан хүмүүс ёс суртахууны талаарх Бурхны хэм хэмжээг зөрчүүлэхийн тулд биднээр нүгэл үйлдүүлэх оролдлого хийх болно (1 Петр 4:3—5). Олон хүн Бурхны хуулийг үл тоомсорлож, тэр ч байтугай түүнийгээ юман чинээ боддоггүй бөгөөд эцсийн дүндээ энэ нь тэднийг мэдрэмжгүй болгодог (Ром 2:14, 15; 1 Тимот 4:1, 2). Зарим хүн яваандаа, урьд нь төгс бус мөс чанар нь хүртэл зөвшөөрдөггүй байсан зүйлийг хийж эхэлдэг (Ром 1:24—32; Ефес 4:17—19).
19. Зөвхөн цэвэр ариунаар амьдрах нь яагаад хангалттай бус вэ?
19 Энэхүү ертөнцөд цэвэр ариунаар амьдрах нь сайн хэрэг. Гэхдээ Бүтээгчдээ таалагдахын тулд биднээс илүү их зүйл шаардагддаг. Бид Бурханд итгэхийн зэрэгцээ түүний өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан ойлгох ёстой (Еврей 11:6). «Зөв юмыг үйлдэхийг мэддэг хэрнээ үл үйлддэг хүнд энэ нь нүгэл юм» гэж Есүсийн шавь Иаков бичжээ (Иаков 4:17). Тийм ээ, Бурхныг болон түүний зарлигуудыг санаатайгаар үл тоомсорлож байгаа тэр хүн нүгэл үйлдэж байгаа хэрэг.
20. Таны зөв алхамд Сатан хэрхэн саад хийж болох вэ? Тийм дарамт шахалтыг эсэргүүцэхэд тань юу туслах вэ?
20 Библи судалж, Бурхны тухай мэдлэгтэй болох гэсэн хичээл зүтгэлийг тань тасалдуулахаар Сатаны зүгээс хүчин чармайлт гаргах бүрэн үндэс бий. Тийм дарамт шахалт таны зөв алхамд саад болохгүй гэдэгт бид гүнээ итгэж байна (Иохан 16:2). Есүсийг үйл ажиллагаагаа явуулах хугацаанд олон удирдагч түүнд итгэсэн юм. Гэвч тэд хүрээлэл дотроо нэр хүндээ алдахаас айж байсан учраас үүнийгээ нуудаг байжээ (Иохан 12:42, 43). Бурхны тухай мэдлэг олж авахыг хичээж байгаа хэнийг ч болов айлган сүрдүүлэхийг Сатан хайр найргүйгээр оролддог. Хэдий тийм ч Еховагийн өөрт тань зориулж хийсэн гайхамшигтай юмсыг та цаг ямагт санаж, үнэлж байх хэрэгтэй. Таны хичээл зүтгэлийн ачаар эсэргүүцдэг хүмүүс ч гэсэн үүнийг ойлгодог, үнэлдэг болж болох юм.
21. Ертөнцийг болон өөрсдийнхөө нүгэл үйлдэх дур хүслийг бид хэрхэн ялан дийлж болох вэ?
21 Төгс бус байгаа цагтаа бид нүгэл үйлдсээр л байх болно (1 Иохан 1:8). Тэглээ ч бид тэмцэлдээ ганцаардахгүй. Тийм ээ, бид Сатан Диаволын эсрэг тэмцэлдээ ялан дийлэх боломжтой (Ром 5:21). Есүс дэлхий дэх үйл ажиллагааныхаа төгсгөлд шавь нартаа хандан: «Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан» хэмээн хэлж зоригжуулжээ (Иохан 16:33). Бурхны тусламжтайгаар төгс бус хүмүүс ч ертөнцийг ялж болно. Өөрийг нь эсэргүүцэж, «Бурханд захирагдсан» хүнийг Сатан яаж ч чадахгүй (Иаков 4:7; 1 Иохан 5:18). Бурхан нүгэл болоод үхлийн боолчлолоос чөлөөлөх арга замыг хэрхэн бий болгож өгснийг бид цаашид үзэх болно.
МЭДЛЭГЭЭ ШАЛГАНА УУ
Сатан Диавол гэж хэн бэ?
Хүн ямар учраас хөгширч, үхдэг вэ?
«Нүгэл» гэж юу вэ?
Сатан биднээр Бурхны эсрэг санаатайгаар нүгэл үйлдүүлэх гэж хэрхэн хичээдэг вэ?
[54-р хуудасны зураг]