Бүлэг 8
Бурхан ямар учраас зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдөг вэ?
1, 2. Хүн төрөлхтний зовлон зүдүүрийг хүмүүс гол төлөв юу гэж үздэг вэ?
БАЙГАЛИЙН гамшиг болж, замдаа тохиолдсон болгоныг сүйтгэн устгаж, үй олон хүн амьтны амийг аваад одоход, ямар учраас ийм аюултай үзэгдэл болдгийн учрыг олон хүн ойлголгүй хоцордог. Зарим хүн гэмт хэрэг, харгислал, хүчирхийллийн давлагаанд өртөн, зовлон гамшиг эдэлдэг. Та ч мөн ялгаагүй, «Бурхан ямар учраас зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдөг вэ?» хэмээн гайхан асууж болох юм.
2 Олон хүн энэ асуултад хангалттай хариулт олж чаддаггүй учраас Бурханд итгэх итгэл нь алдардаг. Тэд, Бурхан ерөөсөө хүн төрөлхтнийг хайхардаггүй гэж боддог. Зовлон зүдүүр бол амьдралд зайлшгүй байх зүйл гэж үздэг зарим хүн хүний нийгмийн бүх л муу муухайг Бурханд тохож, түүнийг буруутган, хараан зүхдэг. Хэрэв та тийн боддог бол энэ талаар Библи юу хэлдгийг мэдэх нь магад сонирхолтой байх болов уу.
БУРХАН ЗОВЛОН ЗҮДҮҮР УЧРУУЛДАГГҮЙ
3, 4. Ехова зовлон зүдүүр учруулдаггүй гэдэгт ямар учраас итгэж болох вэ?
3 Эргэн тойрондоо бидний харж үзэж байгаа энэ зовлон зүдүүрийг Ехова Бурхан учруулдаггүй гэдгийг Библи батлан хэлдэг. Жишээ нь: «Хэн ч соригдохдоо „Бурхан намайг сорьж байна“ гэж бүү яриг. Учир нь Бурхан бузар муугаар соригддоггүй бөгөөд хэнийг ч Өөрөө сорьдоггүй» гэж Христийн шавь Иаков бичжээ (Иаков 1:13). Энэ нь хүн төрөлхтөнд тохиолддог өчнөөн олон гай зовлонг Бурхан учруулдаггүй гэсэн үг юм. Тэрбээр тэнгэрийн амьдралд бэлтгэхийн тулд хүмүүсийг сорьдоггүй ба урьдах амьдралдаа үйлдсэн муу хэргийнх нь төлөө гэж шийтгэдэггүй (Ром 6:7).
4 Түүнээс гадна, хэдийгээр Бурхан ба Христийн нэрээр аймшигтай, олон үйл хийгдэж байсан ч, тийм үйлийг тэр хоёрын хэн хэн нь таашааж байсан тухай санаа төдий зүйл ч Библид байдаггүй. Бурхан ба Христэд үйлчилдэг гэж зарлачихаад хэрэг дээрээ болохоор луйварддаг, хуурч мэхэлдэг, тонон дээрэмддэг хийгээд хүмүүст өөр бусад гай зовлон учруулдаг хүмүүстэй тэд ямар ч хамаагүй юм. Үнэн хэрэгтээ, «хар санаатны зам Эзний хувьд жигшүүртэй». Бурхан «хар санаатнаас хол байдаг» (Сургаалт үгс 15:9, 29).
5. Еховагийн зарим чанар нь юу вэ? Тэрбээр бүтээлүүддээ хэрхэн ханддаг вэ?
5 Ехова бол «энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй юм» гэж Библи хэлдэг (Иаков 5:11). Мөн «[Ехова] шударга ёсыг хайрладаг» гэдгийг зарлан тунхагладаг (Дуулал 37:28; Исаиа 61:8). Тэрбээр өш хонзон санадаггүй. Бүтээлүүдээ өрөвдөн хайрладаг бөгөөд тэгш дүүрэн амьдралд нь шаардлагатай бүхнийг өгдөг (Үйлс 14:16, 17). Ехова дэлхий дээр амь бий болгосон эхний мөчөөсөө л үүнийг хийсэн.
ТӨГС ЭХЛЭЛ
6. Зарим домог ярианд хүн төрөлхтний эртний түүхийн талаар юу гэсэн байдаг вэ?
6 Бид бүгдээрээ л үзэж харсаар, амсаж эдэлсээр байгаад өвчин зовлонд дассан ажээ. Тийм болохоор амьдралыг өвчин зовлонгүйгээр төсөөлөхөд бэрхтэй. Гэхдээ хүний түүхийн хамгийн эхэн үед өвчин зовлон байгаагүй юм. Энэ тухай зарим үндэстний домог ярианд ч гардаг. Жишээ нь: Грек домогт «Хүн төрөлхтний таван үе»-ийн эхнийхийг «Алтан үе» гэж нэрлэсэн байдаг. Тэр үед хүмүүс хүнд хүчир ажил хийж, өвдөж хөгшрөхийн зовлон амсахгүй, аз жаргалтай амьдардаг байжээ. Домогт Шар эзэн хааны (Хуан-Ди) засаглалын үед хүмүүс өөр хоорондоо хийгээд хүрээлэн байгаа байгаль, ан амьтадтайгаа зохицолтойгоор амар тайван амьдарч байсан гэж хятадууд ярьдаг. Перс, египет, түвд, перу болон мексикүүдийн дунд хүн төрөлхтөн эхэн үедээ төгс төгөлдөр, аз жаргалтай амьдарч байсан тухай домог ярианууд хадгалагдан үлджээ.
7. Бурхан дэлхий болоод хүнийг бүтээсний учир юу вэ?
7 Үндэстнүүдийн домог ярианууд ерөөсөө хүний түүхийн хамгийн эртний ном болох Библид бичсэн зүйлсийг л давтсан байдаг. Анхны хүмүүн хос Адам Ева хоёрыг Бурхан Еден цэцэрлэг гэж нэрлэдэг диваажинд суулган, «Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш!» хэмээн үүрэг өгсөн тухай Библи бидэнд мэдээлдэг (Эхлэл 1:28). Бидний өвөг дээдэс төгс байсан бөгөөд дэлхий бүхлээрээ төгс хүмүүсийн амар тайван, аз жаргалтай амьдрах диваажин болон хувирахыг үзэх ирээдүй тэдний өмнө байсан юм. Энэ бол дэлхий ба хүнийг бүтээсэн Бурхны санаа зорилго байлаа (Исаиа 45:18).
ХОРОН САНААТ ХАЛДЛАГА
8. Адам Ева хоёр ямар хууль сахих ёстой байсан бэ? Гэтэл яасан бэ?
8 Адам Ева хоёр Бурхны ивээлд байхын тулд «сайн мууг мэдүүлэгч модноос» жимс идэх ёсгүй байлаа (Эхлэл 2:16, 17). Хэрэв тэд уг хуулийг сахин мөрдсөн бол хүн төрөлхтний амьдралд зовлон зүдүүр хэзээ ч тохиолдохгүй байсан юм. Бурхны хуульд захирагдсанаараа тэд Еховаг хайрлах хайраа болон түүнд чин үнэнч гэдгээ харуулах ёстой байв (1 Иохан 5:3). Гэвч бүх зүйл тэс өөрөөр эргэснийг бид энэ номын зургадугаар бүлгээс үзсэн. Сатаны хатгалгаар Ева «сайн мууг мэдүүлэгч модноос» жимс авч идсэн. Хожим Адам ч мөн адил тэрхүү хориотой жимснээс хүртсэн аж.
9. Сатан, Еховад хамаатай маргаантай ямар асуудал босгосон бэ?
9 Учир явдлын асар ноцтой болохыг та ойлгож байна уу? Ехова дээд эрх мэдэлтэй байх эрхгүй гэж Сатан батлан хэлсэн. Диавол: «Та нар ерөөсөө үхэхгүй» гэж хэлснээрээ «зайлшгүй үхнэ» гэж хэлсэн Бурхны үгийг үгүйсгэсэн юм. Сатан цааш нь хэлэхдээ, Адам Ева хоёрыг Бурхан лугаа адил болж, түүний гарыг харалгүйгээр юу нь сайн, юу нь муу гэдгийг өөрсдөө шийддэг болчихно гэдгийг Ехова тэдэнд мэдүүлэхгүй нууж байгаа юм гэж ятгав. Үнэн хэрэгтээ энэ нь Еховагийн орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн байх эрхэнд нь санаархсан Сатаны халдлага байлаа (Эхлэл 2:17; 3:1—6).
10. Сатан, хүмүүст хамаатай маргаантай ямар асуудал босгосон бэ?
10 Тэрчлэн, хүмүүс өөрсдөд нь ашигтай л бол Бурханд дуулгавартай байна гэсэн санааг Сатан Диавол хэлсэн. Өөрөөр хэлбэл, Еховад үнэнч шударга хүн байдаг гэдэгт эргэлзээ төрүүлсэн. Сорилтод орвол нэг ч хүн Бурханд үнэнч үлдэхгүй гэдэгт Сатан итгэлтэй байв. Сатаны энэхүү хорон санаатай мэдэгдэл нь Иовын тухай түүхээс тодорхой харагддаг. Тэр хүн Еховаг үнэнчээр шүтдэг байсан бөгөөд ойролцоогоор МЭӨ 1600 онд хүнд сорилтод оржээ. Хэрэв та «Иов» номын эхний хоёр бүлгийг унших аваас хүнд тохиолддог зовлон зүдүүрийн шалтгаан хийгээд Бурхан үүнийг яагаад хүлцэн зөвшөөрдгийн учрыг ойлгох болно.
11. Иов ямар хүн байсан бэ? Харин Сатан түүнд ямар ял тулгасан бэ?
11 «Гэм зэмгүй, шулуун шударга хүн» болох Иов Сатаны дайралтад өртөв. Сатан эхлээд: «Иов утга учиргүйгээр Бурхнаас эмээдэг гэж үү?» гэж асуун Иовыг муулан, яллав. Дараа нь Диавол, Ехова Иовыг хамгаалж, ивээдэгтээ л түүний итгэлийг хүлээдэг юм гэж хэлэн, Бурхан Иов хоёрын аль алиныг гүтгэв. Сатан: «Харин одоо Өөрийн мутраа сунган, түүнд байгаа бүхэнд хүрээч. Тэрээр Таны нүүрэн дээр Таныг зайлшгүй хараах болно» хэмээн Еховаг өдөн турхирав (Иов 1:8—11).
12. а) Бурхан Иовыг сорихыг Сатанд зөвшөөрсөн нь ямар ямар асуултад хариу болсон бэ? б) Иовыг сорьсон сорилт юугаар төгссөн бэ?
12 Бурхан тусалдагт нь болоод л Иов Еховаг шүтдэг байсан хэрэг үү? Сорилтын үед Иов Бурханд үнэнч байдлаа хадгалж чадах болов уу? Нөгөө талаар Ехова өөрийн үйлчлэгчийг сорилтод орохыг зөвшөөрөх хүртлээ түүнд бүрэн итгэж байсан хэрэг үү? Эдгээр асуултад хариулахын тулд Ехова Иовыг сорилтод оруулахыг Сатанд зөвшөөрөх ёстой байв. «Иов» номд өгүүлснээр Бурхан тэр бүх сорилтыг зөвшөөрсөн хэдий ч Иов үнэнч байдлаа хадгалан үлдсэн. Ингэснээрээ Ехова болон хүмүүсийн талаарх Сатаны халдлага үндэсгүй юм гэдгийг батлан харуулсан (Иов 42:1, 2, 12).
13. Еден цэцэрлэгт болсон хийгээд Иовд тохиолдсон үйл явдлууд бидэнд ямар хамаатай вэ?
13 Еден цэцэрлэгт болж өнгөрсөн хийгээд хожим Иовд тохиолдсон үйл явдлууд бол маш гүн утга учиртай юм. Сатан өнөөгийн биднийг оролцуулаад бүх хүн төрөлхтөнд хамаатай маргаантай асуудлыг босгож тавьсан. Бурхныг гүтгэн муулж, дээд эрх мэдлийг нь үгүйсгэв. Бурхны бүтээл болох хүмүүс чин сэтгэлээсээ Еховаг шүтдэг гэдэгт эргэлзээ төрүүлсэн. Эдгээр маргаантай асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон.
МАРГААНТАЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ
14. Хэн нэгэн хүн таныг худлаа гүтгээд байвал яавал зохих вэ?
14 Жишээ болгон таныг олон хүүхэдтэй, аз жаргалтай айлын эцэг гэж бодъё. Гэтэл хөрш тань таныг үр хүүхдээ асарч халамжлах үүргээ биелүүлдэггүй муу эцэг хэмээн худал цуурхал тараажээ. Тэрбээр, хүүхдүүд тань танд хайргүй бөгөөд танаас илүү сайныг мэдэхгүйдээ л тантай хамт байгаа юм. Хэрэв хэн нэгэн хүн өөр сайн юм үзүүлбэл таныг орхих болно гэж хэлжээ. «Ичгүүргүй гүтгэлэг!» гэж та юун түрүү хэлнэ байх. Харин та үүнийг хэрхэн нотлох вэ? Ийм гүтгэлэг зарим эцэг эхийн уурыг хүргэх нь лавтай. Тийнхүү уурлан бухимдах аваас асуудлыг улам хүндрүүлэхээс гадна уг худал цуурхлыг ердөө л зөвтгөсөн хэрэг болно. Энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн арга бол таныг яллан буруутгагчид үгээ нотлох, харин хүүхдүүддээ өөрийг тань хайрлах чин сэтгэлийн хайраа илэрхийлэх боломж олгох явдал юм.
15. Сатаны халдлагад Ехова яаж хариулахаар шийдсэн бэ?
15 Ехова тийм хайртай эцгийг санагдуулдаг. Адам Ева хоёрыг хүүхдүүдтэй нь, харин Сатаныг гүтгэгч хөрштэй нь зүйрлэж болно. Сатан Адам Ева гурвыг шууд устгалгүй, тэдэнд тодорхой хугацаагаар амьдрах боломж олгох хүндтэй шалтгаан Бурханд байсан. Энэ нь юу вэ гэвэл бидний өвөг дээдэст хүүхэдтэй болж, хүн төрөлхтний үндэс суурийг тавих, харин Диаволд хэлсэн үгийнхээ үнэн эсэхийг батлах боломж олгох явдал байсан бөгөөд ингэснээр маргаантай асуудал шийдэгдэх ёстой байв. Бүр анхнаасаа Бурхан зарим хүн өөрт нь үнэнч байж, Сатаны худалчийг нотлох болно гэдгийг мэдэж байсан. Ехова урьдын адил, өөрийг нь хайрладаг хүмүүсийг ивээж, тэдэнд тусалдагт нь бид хязгааргүй баяртай байдаг! (Шастирын дэд 16:9; Сургаалт үгс 15:3).
ЮУ ЮУ НОТЛОГДСОН БЭ?
16. Энэ ертөнц Сатаны эрх мэдэлд хэрхэн орсон бэ?
16 Хүн төрөлхтний бараг бүх түүхийн туршид Сатан хүмүүсийг удирдан захирах хар санаатай төлөвлөгөөгөө чөлөөтэй биелүүлсэн. Тэрбээр улс төрийн хүчнүүдэд нөлөөлж, янз бүрийн шашныг бий болгон дэлгэрүүлсэн бөгөөд тэдгээрийг шүтдэг хүмүүс өөрийн мэдэлгүй Еховаг бус, харин Сатаныг нь шүтдэг болсон байна. Тийнхүү Диавол «энэ үеийн бурхан» бөгөөд «энэ ертөнцийн захирагч» болсон байна (2 Коринт 4:4; Иохан 12:31). Үнэн хэрэгтээ эдүгээ «бүх ертөнц нь муу нэгний дотор байдаг» (1 Иохан 5:19). Энэ нь Сатан бүх хүн төрөлхтнийг Ехова Бурхнаас холдуулсныг баталж байна гэсэн үг үү? Мэдээж үгүй! Сатаны оршин байхыг зөвшөөрсөн ч Ехова санаа зорилгоо биелүүлсээр байсан. Тэгвэл Бурхан зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрснөөр юу юу нотлогдсон бэ?
17. Зовлон зүдүүрийн шалтгааны талаар юу гэж үзэх хэрэгтэй вэ?
17 Зовлон зүдүүрийг Ехова учруулдаггүй. Энэ ертөнцийн захирагч бөгөөд энэ үеийн бурхан болохын хувьд хүний нийгмийн одоогийн байдал хийгээд хүн төрөлхтний бүх гай зовлонгийн хариуцлагыг Сатан болон түүний талынхан хүлээх болно. Энэ хэрэгт Бурхныг хэн ч буруутгах эрхгүй (Ром 9:14).
18. Ехова зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрснөөр Бурхнаас хамааралгүй байхтай холбоотой юу батлагдсан бэ?
18 Ехова зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрсний ачаар Бурхнаас хамаарахгүйгээр хүний нийгэм аз жаргалтай болж чадахгүй нь батлагдсан. Түүхэнд нэг зовлонгийн араас нөгөө зовлон үргэлжилсэн байдаг нь маргашгүй үнэн билээ. Үүний шалтгаан нь хүмүүс Бурхнаас хамааралгүй байхаар шийдэж, түүний хууль хийгээд хүсэл тааллыг үл хүндэтгэх болсон явдал юм. Еховагийн эртний ард түмэн болон тэдний удирдагчид «өөрийн чиглэлээр» замнаж, Бурхны хуулийг хэрэгсэхгүй болох болгонд үр дагавар нь хор хөнөөлтэй болж байлаа. Бурхан тэдэнд өөрийн зөнч Иеремиагаар дамжуулан: «Мэргэн хүмүүс ичгүүр болж, зүрх алдан, баригджээ. Үзэгтүн, тэд Эзний [«Еховагийн», ШЕ] үгийг эсэргүүцсэн бөгөөд тэд ямар янзын мэргэн ухаантай билээ?» гэж хэлжээ (Иеремиа 8:5, 6, 9). Хүн төрөлхтөн Еховагийн хэм хэмжээг мөрдөхөө байснаараа далайн шуурганд ийш тийшээ шидэгдэн яваа жолоодлогогүй хөлөг онгоц адил болсон.
19. Сатан бүх хүн төрөлхтнийг Бурхны эсрэг босгож чадахгүйг илчлэх ямар ямар нотолгоо байна вэ?
19 Бурхан зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрснөөрөө хүн төрөлхтнийг бүгдийг Еховагаас холдуулах чадвар Сатанд үгүй гэдгийг нотолсон. Сорилт болоод гай зовлонтой учирч байсан хэдий ч Бурхандаа үнэнч хэвээрээ үлддэг хүмүүс цаг ямагт байсныг түүх гэрчилдэг. Ехова олон зуун жилийн турш агуу хүчээ илтгэн, өөрийн үйлчлэгчдийг хамгаалж, нэр алдраа дэлхий даяар дуурсган алдаршуулжээ (Египетээс гарсан нь 9:16; 1 Самуел 12:22). «Еврей» номын 11-р бүлэгт Абел, Енох, Ноа, Абрахам, Мосе болон бусад олон үнэнч үйлчлэгчдийн нэрсийг тоочсон буй. Еврей 12:1-д тэднийг «гэрчүүдийн үүл» (ШЕ) гэж нэрлэжээ. Тэд Еховад итгэх гуйвшгүй итгэлийн жишээг үзүүлсэн. Түүнчлэн орчин үед Бурханд гуйвшгүй үнэнч байдлаа хадгалан олон хүн амиа өгчээ. Сатан бүх хүнийг Бурхны эсрэг босгож чадахгүй гэдгийг тэд өөрсдийн итгэл болон хайраар төгс батлан харуулсан.
20. Ехова зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрснөөр Бурхан ба хүн төрөлхтөнд хамаатай юу батлагдсан бэ?
20 Эцэст нь Ехова зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрснөөрөө хүн төрөлхтнийг үүрд аз жаргалтай, сайн сайхан амьдруулахын тулд Бүтээгчийн хувьд тэднийг зөвхөн Ехова л удирдах эрхтэй бөгөөд чадвартай гэдгийг нотлон харуулсан. Хүн төрөлхтөн олон зууны турш засаглалын янз бүрийн хэлбэрийг туршиж үзэв. Харин үр дүн нь ямар байсан бэ? Өнөөдөр хүмүүст учирч байгаа хүндрэл бэрхшээл хийгээд хямрал нь: «Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг аж» гэж Библид бичсэний үнэн болохыг нотолдог (Номлогчийн үгс 8:9). Зөвхөн Ехова л анхны санаа зорилгоо биелүүлж, биднийг аварч чадна. Үүнийгээ хэзээ, яаж биелүүлэх вэ?
21. Сатаныг хэн яах вэ?
21 Адам Ева хоёр Сатаны хорт явуулгын золиос болсон тэр даруйд л хүн төрөлхтнийг аврах санаа зорилгоо Бурхан зарлан тунхагласан. Ехова Сатанд хандан: «Би чамайг эмэгтэйтэй дайсагнуулж, чиний үрийг эмэгтэйн үртэй дайсагнуулах болно. Эмэгтэйн үр чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно» гэж хэлэв (Эхлэл 3:15, ШЕ). Энэ нь хорон муу үйл ажиллагаагаа эцэс төгсгөлгүйгээр үргэлжлүүлэхийг Диаволд зөвшөөрөөгүйн баталгаа юм. Мессиагийн Хаанчлалын Хааны хувьд амласан Үр, Есүс Христ Сатаны «толгойг няцална». Тийм ээ, самуун дэгдээгч Сатаныг Есүс «удахгүй бяцална»! (Ром 16:20).
ТА ЯАХ ВЭ?
22. а) Таны хувьд ямар сонголт хийх шаардлагатай вэ? б) Сатан хамаг уур хилэнгээ Бурхны үнэнч үйлчлэгчдэд гаргаж байгаа хэдий ч тэд юунд итгэлтэй байж болох вэ?
22 Та одоо маргаантай асуудлын талаар мэддэг боллоо. Хэний талд оръё гэж бодож байна вэ? Та Еховагийн талынх гэдгээ үйл ажиллагаагаараа харуулах уу? Сатан өөрт нь бага хугацаа үлдсэнийг мэдэж байгаа болохоор Бурханд үнэнч байдлаа хадгалахыг хичээдэг хүмүүст хамаг уур хилэнгээ гаргах болно (Илчлэлт 12:12). Харин та Бурхны тусламжид найдаж болно. Яагаад гэвэл «бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахаа... Эзэн мэддэг» (2 Петр 2:9). Тэрбээр хирээс хэтэрсэн сорилтыг зөвшөөрдөггүй бөгөөд аливаа сорилтыг даван туулахад тань туслах болно (1 Коринт 10:13).
23. Бид юуг тэсэж ядан хүлээж болох вэ?
23 Хаан Есүс Христ, Сатан болон түүний талынхны эсрэг үйл ажиллагаагаа явуулах цагийг итгэлтэйгээр хүлээцгээе (Илчлэлт 20:1—3). Хүн төрөлхтний эдэлж буй уй гашуу, үймээн самууныг хариуцах ёстой бүх эзнийг Есүс устгана. Тэр цаг болтол ойр дотныхоо хүнийг үхэлд алдан хагацах нэгэн хэцүү гай зовлон байсаар байх болно. Дараагийн бүлгийг уншвал тэдэнд юу тохиолдохыг мэдэж болно.
МЭДЛЭГЭЭ ШАЛГАНА УУ
Ехова хүмүүст зовлон зүдүүр учруулдаггүй гэдгийг хаанаас мэдэж болох вэ?
Иовын үед тодорхой болсон маргаантай ямар ямар асуудлыг Сатан Еден цэцэрлэгт хөндөж тавьсан бэ?
Бурхан зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрснөөр юу юу нотлогдсон бэ?