Бурхны тухай мэдлэг биднийг баярлуулдаг
«Бурхны үгийг сонсоод сахигчид нь илүү ерөөлтэй еэ!» (ЛУК 11:28).
1. Ехова хүмүүстэй хэзээнээс харьцаж эхэлсэн бэ?
ЕХОВА хүмүүст хайртай бөгөөд тэдний сайн сайхны төлөө маш их санаа тавьдаг. Тийм учраас түүнийг хүмүүстэй харьцдаг тухайд гайхаад байх зүйл байхгүй ээ. Энэ харьцаа анх Еден цэцэрлэгт эхэлсэн. «Эхлэл» номын 3:8-д бичсэнээр нэгэн удаа Адам Ева хоёр «өдрийн сэрүүнд Эзэн [«Ехова», ШЕ] Бурхны... чимээг сонсжээ». Тэр үед Ехова Адамтай өдөр бүр шууд харьцдаг байсан байх гэж зарим хүн үздэг. Ямар ч байлаа гэсэн Бурхан анхны хүнд заавар өгдөг байсан төдийгүй өөртөө оногдсон үүрэг даалгавраа биелүүлэхийн тулд мэдвэл зохих зүйлийг нь зааж өгдөг байсныг Библи тодорхой хэлдэг (Эхлэл 1:28–30).
2. Анхны хос өөрсдийгөө Еховагийн удирдлагаас хэрхэн салгасан ба энэ нь юунд хүргэсэн бэ?
2 Ехова Адам Ева хоёрт амь өгч, ба амьтан хийгээд газар дэлхийгээ бүхэлд нь эзэмшихийг даалгасан. Харин ганцхан зүйлийг хориглосон бөгөөд энэ нь «сайн мууг мэдүүлэгч модноос» идэж болохгүй байв. Адам Ева хоёр Сатаны хатгалгаар Бурхны тушаалыг зөрчжээ (Эхлэл 2:16, 17; 3:1–6). Тэд Бурхнаас хараат бус байх замыг сонгож, юу нь сайн, юу нь муу болохыг өөрсдөө шийдэх нь дээр гэж үзсэн байна. Тийнхүү тэд хайртай Бүтээгчийнхээ удирдлагаас өөрсдийгөө салгасан нь тэнэг хэрэг болсон юм. Үүний үрээр өөрсдөө болон ирээдүйн үр удам нь аюултай учирсан. Адам Ева хоёр хөгширч, эцэстээ дахин амилах найдваргүйгээр үхсэн. Үр удам нь нүгэл болон түүний үр дагавар болох үхлийг өвлөн авчээ (Ром 5:12).
3. Ехова Каинтай харьцсаны учир юу вэ? Каин Еховагийн үгийг хэрхэн хүлээж авсан бэ?
3 Еденд самуун дэгдсэн хэдий ч Ехова хүмүүстэй харьцсаар байв. Адам Ева хоёрын ууган хүү Каинд нүглийн эрхшээлд орох аюул тулгарсан байна. Ехова гай зовлон тохиолдох гэж байгааг түүнд сануулан, «сайныг үйлдэхийг» зөвлөжээ. Каин энэхүү хайрын зөвлөгөөг хүлээж авалгүй, дүүгээ алсан (Эхлэл 4:3–8). Тийнхүү анхны гурван хүн өөрсдөд нь амь өгсөн Бурхны тов тодорхой зөвлөгөөг үл ойшоожээ. Тэрбээр ард түмнийхээ тусын тулд зөвлөгөө өгдөг билээ (Исаиа 48:17). Энэ бүхэн Еховагийн урмыг ямар их хугалсан бол оо!
Ехова эртний хүмүүст өөрийгөө илчилдэг байсан
4. Адамын үр удмын тухайд Ехова юунд итгэж байсан бэ? Үүнтэй холбоотой итгэл найдварын ямар мэдээ тунхагласан бэ?
4 Ехова хүмүүстэй тогтоосон харьцаагаа таслах бүрэн эрхтэй байсан хэдий ч тэгээгүй. Тэрбээр удирдлагыг нь ухамсартайгаар сахиж мөрдөх хүн Адамын үр удмаас гарна гэдэгт итгэлтэй байлаа. Тухайлбал: Адам Ева хоёрт шийтгэл оноохдоо Ехова «могой» буюу Сатан Диаволыг эсэргүүцэх «үр» (ШЕ) ирэх тухай зөгнөн хэлсэн. Хэсэг хугацааны дараа Сатан толгойдоо үхлийн цохилт авах ёстой байв (Эхлэл 3:15). Энэхүү зөгнөл нь «Бурхны үгийг сонсоод сахигчдад» итгэл найдварын баярт мэдээ байсан (Лук 11:28).
5, 6. МЭ I зуунаас өмнө Ехова үйлчлэгчидтэйгээ хэрхэн харьцаж байсан бэ? Энэ нь тэдэнд ямар ач холбогдолтой байсан бэ?
5 Ехова өөрийн хүсэл тааллыг Ноа Абрахам Исаак Иаков Иов зэрэг эртний үнэнч эрчүүдэд нээн илчилсэн (Эхлэл 6:13; Египетээс гарсан нь 33:1; Иов 38:1–3). Хожим Израилийн ард түмэнд Мосегоор дамжуулан бүхэл бүтэн багц хууль өгсөн. Мосегийн хууль израильчуудад олон талын ашигтай байлаа. Үүнийг сахин мөрдсөнөөр Израиль Бурхны онцгой ард түмэн болон бусад үндэстнээс ялгарсан. Хэрэв израильчууд Хуулийг сахин мөрдвөл тэднийг эд материалын талаар төдийгүй бас сүнслэг талаар ивээж, Израилийг тахилчдын хаант улс, ариун ард түмэн болгоно гэдгээ Ехова амласан. Хуульд эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой хооллож ундлах хийгээд эрүүл ахуйн ач холбогдолтой дэглэм журам хүртэл байв. Үүний зэрэгцээ Ехова дуулгаваргүй байдал эмгэнэлт үр дагаварт хүргэнэ гэдгийг мөн анхааруулсан (Египетээс гарсан нь 19:5, 6; Дэд хууль 28:1–68).
6 Яваандаа Библийн бусад ном ч бичигдсэн. Тэдгээр нь янз бүрийн улс үндэстэнтэй Ехова хэрхэн харьцаж байсан түүхийг өгүүлдэг. Мөн Бурхны чанаруудыг гайхамшигтайгаар дүрслэн илэрхийлж, яруу сайхнаар шүлэглэн бичсэн номууд ч бий. Зөгнөлийн номуудад Еховагийн хүсэл таалал ирээдүйд хэрхэн биелэх тухай зөгнөн хэлсэн байдаг. Эртний үнэнч эрчүүд Бурхны онгод оруулан бичүүлсэн эдгээр номыг нягт нямбай судалж, амьдралдаа сахин мөрддөг байлаа. Тэдний нэг нь: «Таны үг бол миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл юм» хэмээн бичжээ (Дуулал 119:105). Сонсох дуртай хүмүүсийг Ехова сургаж, гэгээрүүлсэн.
Гэрэл улам тодорч байна
7. Есүс гайхамшгуудыг үйлдэж байсан хэдий ч юуны түрүүнд юугаар алдаршсан бэ? Яагаад?
7 Нэгдүгээр зуун гэхэд иудейн шашны янз бүрийн урсгал Мосегийн хуульд хүний ёс заншлаас авч нэмсэн байлаа. Хуулийг буруу тайлбарлаж байсны дээр тэдгээр ёс заншлаас болж хууль нь гэгээрүүлэх эх булаг болохын оронд дарамт болон хувирсан (Матай 23:2–4). Гэвч МЭ 29 онд Есүс Мессиа болон тодорсон. Түүний даалгавар бол хүн төрөлхтний төлөө зөвхөн амиа өгөх төдий бус, мөн «үнэний тухай гэрчлэх» ёстой байсан юм. Хэдийгээр Есүс гайхамшгууд үйлдэж байсан боловч юуны түрүүнд «Багш» хэмээн алдаршсан. Түүний сургаал хүмүүсийн оюун ухааныг бүрхсэн сүнслэг харанхуйг нэвтэлсэн гэрэл лүгээ адил байлаа. Тийм ч учраас Есүс өөрийгөө: «Би бол ертөнцийн гэрэл мөн» гэж нүүр бардам хэлсэн билээ (Иохан 8:12; 11:28; 18:37).
8. МЭ I зуунд Бурхан онгод оруулан ямар ямар ном бичүүлсэн бэ? Тэдгээр нь эртний христиануудад ямар ач холбогдолтой байсан бэ?
8 Хожим Ариун Сударт Есүсийн амьдралын түүхээс бичсэн Евангели болон үхсэнээс нь хойш христиан шашны тархсан түүхээс бичсэн «Үйлс» ном нэмэгдсэн. Мөн түүнчлэн онгодоор хөтлүүлэн бичсэн, Есүсийн дагалдагчдын захидлууд болон зөгнөлийн «Илчлэлт» ном бичигдсэн. Эдгээр ном Еврей Судартай нийлээд Библийг гүйцээсэн. Бурхны онгод оруулан бичүүлсэн энэхүү номын сангийн тусламжтайгаар христианууд «бүх ариун хүмүүсийн хамт» үнэний «ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг ойлгодог» болсон (Ефес 3:14–18). Тэд «Христийн бодол санаатай» болж чадсан (1 Коринт 2:16, ШЕ). Гэсэн хэдий ч эртний христианууд Еховагийн санаа зорилгыг тэр бүр бүрэн дүүрэн ойлгож чаддаггүй байсан. Элч Паул итгэл нэгтнүүддээ: «Бид одоо толинд [«төмөр толинд», ШЕ] бүдэг бадаг хардаг» хэмээн бичсэн (1 Коринт 13:12). Тийм толинд ерөнхий дүрсийг харж болох боловч нарийн ширийн зүйлийг харж чаддаггүй. Бурхны Үгийг хожим илүү бүрэн ойлгох учиртай байлаа.
9. «Эцсийн өдрүүдэд» гэгээрлийн ямар үйл ажиллагаа явагдаж байна вэ?
9 Бид өнөөдөр «эцсийн өдрүүдийн хэцүү цаг» гэж нэрлэсэн цуутай үед амьдарч байна (2 Тимот 3:1). Энэ цагт «мэдлэг өсөн нэмэгдэнэ» гэдгийг зөнч Даниел зөгнөн хэлсэн (Даниел 12:4). Тэгэхлээр өнөөдөр Агуу Мэдээч Ехова Үгийнх нь утга учрыг олж ойлгоё гэсэн чин сэтгэлтэй хүмүүст тусалж байна. Христ Есүс 1914 онд тэнгэрт үл үзэгдэм байдлаар хаан суусныг өнөөдөр олон хүн ойлгож байгаа. Түүнчлэн удахгүй ёс бус бүхнийг устгаж, дэлхийг бүхэлд нь Диваажин болгон хувиргана гэдгийг тэд мэдэж байгаа. Энэ бол Хаанчлалын тухай сайн мэдээний гол зүйл нь бөгөөд үүнийг эдүгээ дэлхий даяар дэлгэрүүлж байна (Матай 24:14).
10. Олон зууны турш хүмүүс Еховагийн зөвлөгөөнд хэрхэн хандсан бэ?
10 Тийм ээ, бүхэл түүхийн турш Ехова хүмүүст хүсэл таалал болоод санаа зорилгынхоо талаар мэдүүлсэн. Бурхны мэргэн ухааныг хүлээн авч, түүнийг сахин мөрдсөнийхөө төлөө ивээл хишиг хүртсэн олон хүний тухай Библид бичсэн буй. Бурхны хайрын зөвлөгөөг үл хэрэгсэн, Адам Ева хоёрын үхлийн замаар явсан хүмүүсийн тухай мөн өгүүлсэн байдаг. Есүс үүнийг хоёр өөр замаар үлгэрлэн илэрхийлсэн. Нэг зам нь үхэлд хүргэдэг. Өргөн уудам тэр замаар Бурхны Үгийг үл тоомсорлосон олон хүн явдаг. Нөгөө зам нь мөнхийн амь уруу хөтөлдөг. Нарийхан тэр замаар Библийг Бурхны Үг хэмээн зөвшөөрч, түүний дагуу амьдардаг цөөн хүн явдаг (Матай 7:13, 14).
Бид байгаа юмаараа бахархдаг
11. Библийг мэдэж, түүнд итгэж байгаа маань юуны гэрч вэ?
11 Амь уруу хөтөлдөг замыг сонгосон хүмүүсийн тоонд та багтдаг уу? Хэрэв тийм бол та тэндээ байгаад байхыг хүсдэг нь лав. Үүний тулд юу хийх хэрэгтэй вэ? Библиэс олж авсан үнэн зөв мэдлэгийнхээ үр дүнд хүртсэн ивээл хишгүүдийнхээ талаар байнга, талархан бодож байх хэрэгтэй. Хэрэв та сайн мэдээг уриалгахан хүлээж авсан бол энэ нь Бурхны ивээлийг хүртсэний гэрч мөн. Есүс Эцэгтээ хандан: «Тэнгэр газрын Эзэн, Эцэг минь ээ, Таныгаа би магтья. Та эдгээр зүйлсийг ухаант хүмүүс, мэргэдээс нууцалж, балчир хүүхдүүдэд илчилсэн билээ» хэмээн залбирахдаа үүнийг илэрхийлсэн (Матай 11:25). Загасчид болон татвар хураагчид Есүсийн сургаалын утгыг ойлгосон байхад харин өндөр боловсролтой шашны удирдагчид ойлгоогүй. Түүнээс гадна Есүс: «Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй» гэж хэлсэн (Иохан 6:44). Хэрэв та Библийг судалж мэдэн, сургаалд нь итгэн, дагаж мөрдөхийг хичээж байгаа бол энэ нь Ехова таныг татаж байгаагийн гэрч билээ. Энэ бол баярлаж хөөрөхийн үндэс мөн.
12. Библи хэрхэн гэгээрүүлдэг вэ?
12 Бурхны Үг бол чөлөөлөх чадалтай үнэнийг агуулдаг бөгөөд гэгээрүүлдэг. Библийн мэдлэгийн дагуу амьдардаг хүн сая сая хүнийг эзэмдэн байдаг мухар сүсэг, хуурамч сургаал болон үл мэдэх явдлаас чөлөөлөгддөг. Жишээ нь: Хүний сүнсний тухай үнэнийг мэдсэнээр бид үхсэн хүн эргээд хор хөнөөл учруулдаг гэх буюу нас барсан ойр дотныхон маань зовж шаналдаг хэмээн айж ичих явдалгүй болдог (Номлогчийн үгс 9:5, 10). Харин муу сүнснүүдийн тухай үнэн зөв мэдлэг спиритизмийн аюулаас зайлсхийхэд тусална. Дахин амилах тухай сургаал ойр дотныхныгоо алдсан хүнийг тайвшруулдаг (Иохан 11:25). Библийн зөгнөлүүд нь ямар цаг үед амьдарч байгааг маань хэлж өгөхийн зэрэгцээ ирээдүйн тухай Бурхны амлалтад итгэх итгэл найдвар өгдөг. Эдгээр нь мөнх амьдрах найдварыг маань мөн бэхжүүлдэг.
13. Бурхны Үгийн зөвлөгөөг сахин мөрдөх нь бидний эрүүл мэндэд ямар ашигтай вэ?
13 Библид бичигдсэн Бурхны зарчмууд эрүүл мэндэдээ тустай хэв маягаар амьдрахад биднийг сургадаг. Жишээ нь: Биеийг бузарладаг тамхи болон бусад төрлийн мансууруулах бодис хэрэглэхээс зайлсхийхийн чухлыг бид мэддэг. Бид архины төрлийн ундаа хэтрүүлэн хэрэглэдэггүй (2 Коринт 7:1). Бурхны өгсөн ёс суртахууны холбогдолтой хуулийг сахин мөрдсөнөөр бид бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлж чаддаг (1 Коринт 6:18). Мөнгийг хайрлахаас сэргийлэх талаар өгсөн Бурхны зөвлөгөөг анхаарснаар бид эд хөрөнгөний хойноос улайран хөөцөлддөг хүмүүст байдаггүй сэтгэл санааны тайван амгалан байдлыг эдэлдэг (1 Тимот 6:10). Бурхны Үгийн зөвлөгөөг амьдралдаа сахин мөрдсөнөөр таны биеийн эрүүл мэнд хэрхэн сайжирсан бэ?
14. Бидний амьдралд ариун сүнс хэрхэн нөлөөлдөг вэ?
14 Бурхны Үгээр амьдардаг хүн Еховагийн ариун сүнсийг авдаг. Ариун сүнс авсан хүн христиан хүний онцлог шинж болох нигүүлсэл, өрөвч сэтгэл зэрэг гайхалтай чанаруудыг хөгжүүлдэг (Ефес 4:24, 32). Түүнчлэн Бурхны сүнс нь бидэнд хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал зэрэг үр жимсийг бий болгодог (Галат 5:22, 23). Эдгээр чанар нь бусад хүмүүстэй, тэр дундаа гэр бүлийн гишүүдтэйгээ зүй зохистой, сайн харьцдаг болоход тусалдаг. Мөн бид бэрхшээлтэй тулгарахад зориг мохож, хулчийхгүй байх дотоод хүчийг авдаг. Амьдралыг тань ариун сүнс хэрхэн сайжруулж байгааг та мэдэрч байна уу?
15. Амьдралаа Бурхны хүсэл таалалд нийцүүлэн өөрчлөх нь ямар ач холбогдолтой вэ?
15 Бид амьдралаа Еховагийн хүсэл таалалд нийцүүлэн өөрчилснөөрөө түүнтэй тогтоосон харьцаагаа бэхжүүлдэг. Мөн Бурхан биднийг ойлгож, хайрладаг гэдэгт итгэх итгэл маань улам нэмэгддэг. Хүнд цагт Ехова дэмждэгийг бид амьдралын туршлагаасаа мэддэг (Дуулал 18:18). Мөн залбирлыг маань анхааралтай сонсдогийг ч бас мэдэрдэг (Дуулал 65:2). Бид түүний удирдлагад найддаг бөгөөд энэ нь бидэнд тустай байх болно гэдэгт эргэлздэггүй. Цаг нь болохоор Бурхан бүх үнэнч үйлчлэгчдээ төгс болгож, мөнхийн амь бэлэглэх болно гэсэн гайхамшигтай найдвар бидэнд бас бий (Ром 6:23). Есүсийн шавь Иаков: «Бурханд ойртогтун. Тэгвэл тэр та нарт ойртоно» хэмээн бичсэн (Иаков 4:8). Та Еховад ойртсоноороо түүнтэй тогтоосон харьцаагаа бэхжүүлдэгээ мэдэрдэг үү?
Библийн үнэн бол хосгүй эрдэнэ мөн
16. Нэгдүгээр зууны христианууд яаж өөрчлөгдсөн бэ?
16 Нэгдүгээр зууны тослогдсон христиануудын зарим нь садар самуун явдалтан, завхайрагч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгч, хулгайч, шуналтан, архичин, хараал тавигч болон авилгач байсныг Паул тэдэнд сануулсан (1 Коринт 6:9–11). Библийн үнэн тэднээс маш ихээр өөрчлөгдөхийг шаардсан бөгөөд тэд «угаагдсан» юм. Библийн чөлөөлөгч үнэнийг мэдээгүй байхдаа амьдрал тань ямар байсныг төсөөлөөд үзэгтүн. Үнэн бол хосгүй эрдэнэ гэдэг нь ямар ч эргэлзээгүй. Ехова бидэнтэй харьцдаг нь юутай завшаантай хэрэг вэ!
17. Еховагийн Гэрчүүд цуглаануудаараа сүнслэг ямар хоол унд хүртсэн бэ?
17 Түүнээс гадна олон үндэстний ах дүүс бидний хүлээн авдаг ивээл хишгийн талаар бодоод үз дээ! «Итгэмжит ухаалаг боол» Библи, сэтгүүлүүд болон бусад хэвлэлийг олон хэлээр хэвлэн сүнслэг хоол ундыг цагт нь өгч байна (Матай 24:45–47). 2000 онд олон оронд Еховагийн Гэрчүүд Еврей Судрын найман том номын онцлог зүйлийг Теократ үйлчлэлийн сургуулиар авч үзсэн. Мөн тэд «Судрыг ойлгох нь»a нэвтэрхий тольд орсон Библийн 40 баатрын амьдрал, үйл ажиллагааны талаар шүүн ярилцсан. Бас «Нэгэн цагт амьдарч байсан хамгийн агуу хүн»b номын дөрөвний нэг орчмыг, мөн «Даниелын зөгнөлийг анхаарагтун!»c номыг бараг бүгдийг нь үзсэн. «Харуулын цамхаг» сэтгүүлийн судлалд зориулсан 52 өгүүллийн зэрэгцээ хоёрдугаар зэргийн ач холбогдолтой 36 өгүүллийг ярилцсан байна. Түүнээс гадна Еховагийн ард түмэн «Манай Хаанчлалын Үйлчлэлийн»d 12 дугаар болон Библийн янз бүрийн сэдвээр бэлдсэн долоо хоног тутмын нийтийн илтгэлүүдээр хооллож ундалсан. Сүнслэг мэдлэгийн ямар их баялаг вэ!
18. Христиан хурлаар бид ямар тусламж авдаг вэ?
18 Өнөөдөр дэлхий даяар 91 000 гаруй хурал, цуглаан болон хамтын ажиллагаагаараа дамжуулан бидэнд тусламж дэмжлэг үзүүлэн, урам зориг өгч байна. Түүнчлэн төлөвшсөн христианууд бусдадаа сүнслэг тусламж дуртайяа үзүүлдэг (Ефес 4:11–13). Тийм ээ, үнэний мэдлэг бидэнд асар их тус хүргэдэг. Еховаг таньж мэдээд, түүнд үйлчилдэгтээ бид баяртай байдаг. «Эзнийг [«Еховаг», ШЕ] өөрсдийн Бурхнаа болгодог ард түмэн юутай ерөөлтэй [«аз жаргалтай», ШЕ] вэ!» хэмээн бичсэн дуулалчийн үг юутай үнэн (Дуулал 144:15).
[Зүүлт]
a Монгол хэлээр байхгүй.
b Монгол хэлээр байхгүй.
c Монгол хэлээр байхгүй.
d Монгол хэлээр байхгүй.
Та санаж байна уу?
• Христиануудаас өмнө Ехова хэнтэй харьцдаг байсан бэ?
• Нэгдүгээр зуунд болон бидний үед сүнслэг гэрэл хэрхэн тодорсон бэ?
• Еховагийн тухай мэдлэгийн дагуу амьдарснаар бид ямар ивээл хишиг хүртдэг вэ?
• Бурхны тухай мэддэгтээ бидний баярладгийн учир юу вэ?